Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00937

 

 

 

 

 

 

 

 

 

Г.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/01345 дугаартай шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Б-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 13,580,000 төгрөгийг буцаан гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хохиролд 5,470,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.О-ээс гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О-, түүний өмгөөлөгч Г.Буянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Н.Б-йтай автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, **-** *** улсын дугаартай, KIA К5 маркийн, цагаан өнгийн суудлын авто машиныг 17,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 6,000,000 төгрөгийг тухайн өдөр нь төлснөөр үлдэх төлбөрийг 22 сарын хугацаанд хуваан төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан.

Дээрх гэрээний үүрэгт 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 13,580,000 төгрөгийг өөрийн найз Г.Г-ын Хаан банкны *******8 тоот данснаас шилжүүлсэн боловч хариуцагч Н.Б-й нь 2020 оны 07 дугаар сард Г.Г-ын хашаанаас надад худалдсан автомашиныг авч явсан байсан. Энэ талаар би 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн. Тухайн үед наадмын үер найз Г.Г- нь миний машиныг хэрэглэхээр 7 хоногийн хугацаатай надаас гуйж авсан байсан гэж тодорхойлсон гэжээ.

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Г.О-тэй**-** *** улсын дугаартай, KIA К5 маркийн, цагаан өнгийн суудлын авто машиныг 17,000,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 6,000,000 төгрөгийг авснаар үлдэх төлбөрийг хувааж төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй, иргэн Г-аас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд төлбөр төлөгдөж байсан бөгөөд Г.Г- нь 2020 оны 07 дугаар сард залгаж машинаа ав гэж хэлснээр заасан хаягаас очиж автомашинаа авахад эвдрэлтэй, асахгүй байсан тул чирж авч явсан, үүнээс хойш Г.О-ийг нэг жил гаруй хугацаанд хүлээгээд ирээгүй тул машины эвдрэлийг засварлаж 2021 оны 08 дугаар сард машинаа бусдад зарсан. Мөн нэхэмжлэгч Г.О-ээс дээрх машины төлбөрт мөнгө аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн тайлбарын агуулга: 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдсан**-** *** улсын дугаартай, автомашиныг 2020 оны 07 дугаар сард очиж авахад эвдэрсэн байсан тул чирж авчирсан, тухайн машины эвдрэл гэмтлийг засварлахад гарсан зардал 5,470,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга: Н.Б-й нь худалдсан автомашинаа надад мэдэгдэлгүйгээр айлын хашаанаас машиныг авч явсан байдаг. Тухайн үед автомашинд эвдрэл, гэмтэл байгаагүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Б-йгаас 13,580,000 төгрөгийг гаруулж, нэхэмжлэгч Г.О-д олгож, Иргэний хуулийн 264 дүгээр 264.1, 264.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.О-ээс 5,470,00 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Н.Б-йн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,850 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 102,470 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-йгаас 225,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.О-д олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Г.О-тэй хамт автомашиныг хүлээлцэж авсан н.Гын Хаан банкны *******8 дугаар данснаас хариуцагчийн 5065267179 тоот 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 ны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 13,580,000 төгрөгийг төлсөн гэдэг нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогддог. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй гарсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг гэрээний дагуу 13,580,000 төгрөгийг төлөхдөө н.Г гэх хүний данснаас мөнгө төлсөн. Анхан шатны шүүх хуралдаанд н.Гыг гэрчээр оролцуулсан бөгөөд Г.О- нь зээлтэй байсан учраас би дансаа ашиглуулсан гэж мэдүүлгийг өгсөн. Гэрээнээс татгалзаад өгсөн зүйлээ нэхэмжилсний дагуу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсгийг баримтлан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтуудыг хэлэлцсэн. 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр автомашин шилжсэн. Анхан шатны шүүх хариуцагч талын гаргаж өгсөн баримтыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Г.О- нь хариуцагч Н.Б-йд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 13,580,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.Хариуцагч эс зөвшөөрч, Г.О-ээс машины төлбөр аваагүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан маргаж, автомашины хохиролд 5,470,000 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаардсан байна.

4.Талууд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээ нэртэй гэрээ байгуулж, худалдагч Н.Б-йгийн өмчлөлийн 7118 УНҮ улсын дугаартай, Киа К-5 маркийн суудлын автомашиныг худалдан авагч Г.О- 17,000,000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа 6,000,000 төгрөгийг нь гэрээ байгуулсан өдрөө төлж, үлдэх 11,000,000 төгрөгийг 22 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөг төлөх нөхцлийг харилцан тохиролцжээ. /хх 4-5/ Гэрээний дагуу худалдагч нь худалдан авагчийн эзэмшилд автомашиныг шилжүүлсэн байна. Энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлжээ. Учир нь талууд гэрээгээр бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ болон автомашины үнийг 22 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хэмжээ тогтоосон нөхцлийг тусгасан байгаа боловч хүүгийн хэмжээ болон үнэ, үнийг тодорхойлох журмын талаар гэрээнд тусгаагүй, энэ талаар тохиролцоогүй байна. Г.О-, Н.Б-й нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан харилцаа үүссэн гэж буруу дүгнэжээ.

5.Гэрээний дагуу худалдагч буюу хариуцагч Н.Б-й нь автомашиныг худалдан авагч буюу нэхэмжлэгч Г.О-ийн эзэмшилд шилжүүлсэн, Г.Г-ын дансаар дамжуулан автомашины үнэд 13,580,000 төгрөгийг хариуцагч хүлээн авсан үйл баримтыг хэрэгт авагдсан ХААН банк дахь дансны хуулга, гэрч Г.Г-ын мэдүүлэг, зохигчдын тайлбар зэрэг баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болохоор заасан тул гэрээнд төлбөрийн үүргийг худалдан авагч биечлэн гүйцэтгэх талаар заагаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ. Иймээс Г.О- төлбөр төлөөгүй, Г.Г- төлж байсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Хэргийн нотлох баримтаар нэхэмжлэгч Г.О- 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс хойш автомашины үнэ төлөх үүргээ гүйцэтгээгүй, хариуцагч Н.Б-й автомашиныг 2020 оны 7 дугаар сард гэрч Г.Г-ын хашаанаас очиж авсан нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон, талууд маргаангүй байна. /хх-12, 100-102/

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас хариуцагч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсан байна. Иймд хариуцагч Н.Б-й нь автомашины үнэд шилжүүлэн авсан 13,580,000 төгрөгийг хариуцагч Г.О-д буцаан шилжүүлэх үрэг мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар үүсчээ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоосон атлаа Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн учир шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

6.Хариуцагч Н.Б-й нь учирсан хохиролд 5,470,000 төгрөг нэхэмжлэгч Г.О-ээс гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

7.Анхан шатны шүүх хохирол шаардах эрхийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2, 227 дугаар зүйлийн 227.2, 227.3 дахь хэсгийг буруу хэрэглэсэн боловч сөрөг шаардлагаа нотлохоор гаргаж өгсөн баримтуудыг үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан дүгнэх боломжтой.

Хариуцагч Н.Б-й нь нэхэмжлэгч Г.О-ээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо шаардах эрхтэй. Харин нэхэмжилж буй хэмжээний бодит хохирол учирсан гэдгээ баримтаар нотлох үүрэгтэй. Түүний шүүхэд гаргаж өгсөн зарлагын баримтууд нь 2021 оны 08 дугаар сарын 17, мөн оны 09 дүгээр сарын 17, 10 дугаар сарын 30-ны өдрөөр тус тус огноологдсон байна. Мөн автомашины 2 жилийн оношилгоонд 280,000 төгрөг, татвар 80,000 төгрөг, торгууль 480,000 төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс хариуцагч төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч Г.О-ээс автомашиныг 2020 оны 07 дугаар сард авсан, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Н.Б-йгаас иргэн Р.Батхүрэлийн өмчлөлд автомашин шилжсэн үйл баримт зохигчдын тайлбар, Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогджээ.

8.Анхан шатны шүүх эдгээр баримтуудыг харьцуулан үзээд хариуцагч Н.Б-йд 5,470,000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж боломжгүй гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/01345 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 262 дугаар зүйлийн 262.1 гэснийг, 2 дахь заалтаас 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 гэснийг тус тус хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ч.ЦЭНД