Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 156/шш2020/00779

 

 

156/ШШ2020/00779

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

156/2020/00727/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны зам 20, А төв 407 тоотод байрлах, А финанс ББСБ (РД:5950074 )-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт оршин суух, Ю.Т-д холбогдох 11,715,944.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Ю.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А финанс ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр А финанс ББСБ иргэн Ю.Т нар харилцан тохиролцсоны дагуу 19/296 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 8,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 14 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлдэгч Ю.Т нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 6/296 дугаартай зээлийн эргэн төлөх үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар 17-38 УБК улсын дугаартай LBZ446DB9BA029042 арлын дугаартай BEIBEN ND4251 маркийн цагаан өнгөтэй автомашин барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээл авсан сараасаа эхлэн төлөлтөө хийхгүй удаа дараалан зөрчсөн. Утсаар холбогдох болгонд утсаа авахгүй, 2019 оны 10 дугаар сараас хойш зээл төлөлт хийгээгүй, утас нь холбогдох боломжгүй, мөн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гэрт нь очиж зээлийн өр төлбөрийг барагдуулах шаардлага өөрийн биеэр хүргүүлсэн боловч арга хэмжээ аваагүй эргэж холбоо барьдаггүй зэрэг хүндрэлүүд гарч байна. Хариуцагч нь дэлхий нийтийг хамарсан цар тахалын улмаас эдийн засгийн хүндрэлд орсон гэж зээлийг төлөхгүй байгаа шалтгаанаа тайлбарлаад байгаа боловч цар тахал нь Монгол улсад 2020 оны 1 дүгээр сард дэгдсэн. Гэтэл тэр үүнээс өмнөх хугацааны зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй. Иймд Ю.Таас зээл, зээлийн хүү, алданги, нийт 11,715,944.32 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ю.Т нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 8 сард А финанс ББСБ-аас машин барьцаалж 8,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Цар тахлын улмаас ажил зогсож зээлээ төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. Одоо ажил эхэлж хэвийн үргэлжилж байгаа. Нэхэмжилж байгаа 11,715,944.32 төгрөгөөс алданги 695,799.08 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Үндсэн төлбөр, хүү нийт 11,020,145.24 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А финанс ББСБ нь хариуцагч Ю.Тд холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11,715,944.32 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчид шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, үүний дагуу хариуцагч Ю.Т нь нэхэмжлэгч А финанс ББСБ-аас 8,000,000 төгрөгийн зээлийг авсан болох нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 19/296 тоот зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Энэхүү зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ. Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний дагуу 8,000,000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй боловч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ажил зогсож зээлээ төлж чадалгүй хугацаа хэтрүүлсэн тул нэмэгдүүлсэн хүү 695,799 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэж тайлбарлалаа.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлбөрт 834,310 төгрөгийг төлсөн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч А финанс ББСБ нь хариуцагч Ю.Таас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагчийн зээлийн эргэн төлөлт хийгдээгүй гэх хугацаанаас эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хугацааны зээлийн үлдэгдэл 7,541,156 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,478,988 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 695,799 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.2, 2.1.3-д зааснаар тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэсэн зохицуулалтад нийцэж байна.

Түүнчлэн зээлдэгч гэрээнд заасан сар бүрийн хүү төлөх үүргээ зөрчснөөс хүү хуримтлагдсан байгаа нь уг хүүгийн хэмжээг багасгах үндэслэл болохгүй бөгөөд хариуцагчийг зээлийн нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Мөн хариуцагч Ю.Т нь шүүх хуралдаанд ...дэлхий нийтийг хамарсан цар тахалын улмаас иргэд эдийн засгийн хүндрэлд орсон тул зээлийг төлөх боломжгүй болсон гэж тайлбарласан бөгөөд түүний энэхүү тайлбар нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...хариуцагч Ю.Т нь зээлийн төлбөрөө дэлхий нийтийг хамарсан короновирус гарахаас өмнө, Монгол улс хилээ хаахаас өмнө ч төлөөгүй байсан тул түүний зээлээ төлөхгүй байгаа шалтгаан нь цар тахалтай хамааралгүй байсан. Мөн тэрээр энэ талаар зээлдэгч байгууллагатай биечлэн ирж уулзаагүй гэх тайлбараар няцаагдаж байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ю.Таас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11,715,944 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А финанс ББСБ-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ю.Таас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11,715,944 /арван нэгэн сая долоон зуун арван таван мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А финанс ББСБ-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,405 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Таас улсын тэмдэгтийн хураамж 202,405 /хоёр зуун хоёр мянга дөрвөн зуун тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А финанс ББСБолгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАРИНА