Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00500

 

                            “,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

                                                                    

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 779 дүгээр шийдвэртэй,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны  12 дугаар сарын 09-ний өдрийн 226/МА2020/00026 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,, д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 11,715,944.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, ы гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 11,715,944.32 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь үндсэн зээл болон зээлийн хүүг төлнө, нэмэгдүүлсэн  хүү 695,799 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.  

2. Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 779 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, аас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11,715,944 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” -д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,405 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, аас улсын тэмдэгтийн хураамж 202,405 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” -д олгож шийдвэрлэжээ.

3. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны  12 дугаар сарын 09-ний өдрийн 226/МА2020/00026 дугаар магадлалаар Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ШШ2020/00779 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,249 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 2019 оны 8 дугаар сард “,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас зээл авч Гашуун сухайт боомтод явдаг машиндаа засвар хийсэн. Уг машинаараа нүүрс тээвэр хийдэг. Тухайн үед цар тахал (ковид-19) дэгдэн хил хаагдаж машинаараа явахаа больж, орлогогүй болсны улмаас зээлээ төлж чадаагүй. “,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь намайг шүүхэд өгч зээлийн хүү, үндсэн зээлээс гадна, 600 гаруй мянган төгрөг нэхсэн. Тухайн үед Засгийн газраас зээл зээлийн хүүг түр хойшлуулах шийдвэр гарсан байсан. Би зээл, зээлийн хүүг төлнө гэдгээ 2 шатны шүүхэд илэрхийлсэн, харин алдангийг төлж чадахгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,715,944.32 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

7. Хариуцагч нь шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч хяналтын шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед буюу 2022.04.18-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,оос “...хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,  нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,715,944.32 төгрөгийг сайн дураар хүлээн зөвшөөрч, төлж барагдуулсан тул дээрх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгч талыг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж, хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн хүсэлтийг гаргажээ.

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу тус байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байх бөгөөд түүний гаргасан дээрх хүсэлт нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-ийн дагуу “хяналтын журмаар гомдол гаргасны дараа ... нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ... бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй”.

10. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 779 дүгээр шийдвэр, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны  12 дугаар сарын 09-ний өдрийн 226/МА2020/00026 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, ,,,,,,,,,,,,,,,,,, д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,715,944.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,249.17 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД