Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2021/03008

 

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2021/03008

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

*******,*******,*******,*******,*******,

хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,,

гэрээний үүрэгт 70.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнгүүн, хариуцагч Ж.Энхбат, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр /ӨҮ-2859/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч 2020-11-05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Энхбат нь миний танил Д.Түмэнбаяраар дамжуулан надтай 2020 оны 03-р сарын 19-ний өдөр уулзаж, БНХАУ-аас нэг удаагийн хэрэглэл, уут, сав баглаа зэргийг импортолдог компанитай гэдгээ хэлж байсан. Тухайн үед Ковид-19 цар тахлын улмаас манай улсад нэг удаагийн амны хаалтны эрэлт ихэссэнтэй холбогдуулан Ж.Энхбат нь нэг удаагийн амны хаалт импортлох шаардлагатай байна, нийлүүлэх байгууллагууд бэлэн байгаа, харин захиалга хийхэд мөнгө дутаад байна гэж хэлээд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахыг надад санал болгосон. Би Ж.Энхбатад надад БНХАУ-аас нэг удаагийн амны хаалт импортлох шаардлага байхгүй, хамтран ажиллахгүй гэдгээ хэлэхэд, тэрээр тэгвэл 70.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээч, би танд оруулсан үнийн дүнгийн 10 хувь буюу 7.000.000 төгрөгийн ашгийг өгнө гэсэн саналыг тавьсан. Ийнхүү Ж.Энхбатын саналыг хүлээн авч түүнд 70.000.000 төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр өгсөн.

Бид 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 01 дугаартай хэлцэл хийж, Ж.Энхбатын хэлсний дагуу Их монгол кредит ББСБ-ын Төрийн банкин дахь 346900135760 тоот дансанд 70.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн энэхүү хэлцэлээр 2 долоо хоног буюу 14 хоногийн дараа Ж.Энхбат нь миний оруулсан. 70.000.000 төгрөгийг 100 хувь буцааж төлөхөөр, оруулсан хөрөнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгийг надад хувиарлахаар тус тус харилцан тохиролцсон байдаг. Мөн дээрх хэлцлийн 10 дугаар зүйлд А тал давагдашгүй хүчин зүйлийн улмаас хэлцэлээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд хэлцлийн 3-т заасан ашиг хувиарлалтаас чөлөөлөгдөж болох ч энэ нь оруулсан хөрөнгө оруулалтыг эргүүлэн төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж Ж.Энхбаттай харилцан тохиролцсон.

Ийнхүү хэлцэл байгуулагдсан өдрөөс хойш 14 хоногийн хуацаа өнгөрсөн хэдий ч Ж.Энхбат нь хэлцэлээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй миний оруулсан хөрөнгө болох 70.000.000 төгрөгийг буцааж өгөөгүй юм. Тэгээд Ж.Энхбатаас удаа дараа шаардаж, өмгөөлөгчөө түүнтэй уулзуулахад тэрээр удахгүй өгнө, орлогогүй байна гэх мэт шалтаг, шалтгаан хэлдэг байсан. Мөн миний шилжүүлсэн 70.000.000 төгрөгийг хэрхэн зарцуулсан талаарх мэдээллийг Их монгол кредит ББСБ ХХК-иас гаргуулахаар хүсэлт гаргахад тус компаниас 2020 оны 5-р сарын 11-ний өдрийн А11/20 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн. Гэтэл Ж.Энхбат нь миний оруулсан 70.000.000 төгрөгийг БНХАУ-ын иргэн Li Zhan Hai /Ли Жан Хай/, Ао Ri Ge Le /Ариунгэрэл/ гэх хүмүүс рүү 4 удаагийн үйлдлээр шилжүүлсэн байдаг. Би тухайн үедээ Ж.Энхбат нь намайг залилан мэхэлсэн байна хэмээн үзэж Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж байсан боловч цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын гэрээний маргаан байна хэмээн үзэж, миний гаргасан гомдолыг хэрэгсэхгүй болгосон.

Иймд Ж.Энхбаттай байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1 дугаартай хэлцэлийн дагуу хийгдсэн хөрөнгө оруулалт болох 70.000.000 төгрөгийг Ж.Энхбатаас гаргуулан өгч надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ /хх-1-2/.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020-3-21-ний өдөр хариуцагчтай байгуулсан хэлцлийн дагуу хариуцагчийн оруулж ирэх байсан бараа материалд зориулж 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, уг төлбөрийг хэлцлийн 10-т зааснаар нэхэмжилж байгаа. Анх тохиролцохдоо нэхэмжлэгч 70 сая төгрөг гаргаад ашгийн 10 хувийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхөөр тохирсон. 2020-4-27-нд төлбөр төлөх үүрэг дуусгавар болсон байгаа. Хариуцагчийн зүгээс 70 сая төгрөгийг төлж барагдуулаагүй тул нэхэмжлэгчийн зүгээс залилуулсан гэж цагдаагийн байгууллагад хандахад хариуцагч Ж.Энхбат нь захиалсан маскны үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр амны хаалт орж ирээгүй талаар тайлбар, хэлж баримт үзүүлснээр эрүүгийн хэрэг хаагдсан байгаа. Зохигчийн хооронд байгуулсан хэлцлийн дагуу хариуцагч үүргээ биелүүлээгүй тул оруулсан хөрөнгө оруулалтыг эргүүлэн төлөхөөр шаардаж байгаа. Хариуцагчийн тайлбар үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Д.Охиноогийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Д.Охиноогоос 70.000.000 төгрөг зээлж авахаар тохиролцоогүй. Энэ хүн эрүүл мэндийн эм ханганы чиглэлээр ажилладаг учраас Д.Охиноо, Д.Охиноогийн дүү Д.Түмэнбаяр бид 4 БНХАУ-аас нэг удаагийн амны хаалт хамтарч захиалахаар тохиролцсон. Гэвч Д.Түмэнбаяр шилжүүлэх ёстой мөнгөө шилжүүлээгүй учраас амны хаалт ирээгүй, өнөөдрийг хүртэлх бараа ирээгүй би мөн 35.000.000 төгрөгийн хохиролтой байна. Тийм учраас би энэ мөнгийг төлөхгүй, төлөх ёсгүй. Дэлгэрэнгүй тайлбарыг шүүх хуралдаанд хэлж оролцох болно гэжээ /хх-22/.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, хамтарч амны хаалт оруулж ирэхээр Хятад улс руу мөнгөө шилжүүлсэн, би бас мөнгөө шилжүүлээд хохирсон байгаа. Бид хамтран ажиллахаар санал гаргаснаар хэн аль нь 10 хувь ашигтай байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хураладанд гаргасан тайлбартаа: Хамтын ажиллагааны хөрөнгө оруулалт гэж үзэж байгаа, зохигчийн хэн аль нь мөнгөө шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулсан ямар хэлцлийг үндэслэн уг төлбөрийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч мөнгөө шилжүүлээд амны хаалт авья гээд л байгаа. Тухайн үед 700 төгрөг үнэтэй байсан амны хаалт одоо 40 төгрөг болж зардлаа нөхөх ч боломжгүй болсон. Захиалсан амны хаалт нь ирж зарагдаад ч ачааны мөнгөө ч олж авч чадахгүй болоод байгаа тул оруулсан хөрөнгө оруулалтаа бие биенээсээ нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Охиноо нь хариуцагчаар Ж.Энхбатыг тодорхойлон татаж, түүнд холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хэлцлийн дагуу шилжүүлсэн 70.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-2/.

 

Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хэлцлийн дагуу 70.000.000 төгрөгийг Ж.Энхбат нь БНХАУ-с бараа бүтээгдэхүүний захиалга хийн Монгол Улс руу импортлон, нийлүүлэх үүрэгт, Их монгол кредит ББСБ-д шилжүүлсэн, уг мөнгийг Ж.Энхбат нь БНХАУ-н тодорхой иргэд рүү шилжүүлж зарлагдсан, оруулсан хөрөнгө оруулалтыг Ж.Энхбат нь буцаан төлөх үүрэг хүлээсэн тул уг мөнгийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон.

 

Харин хариуцагч Ж.Энхбат нь Д.Охиноо болон түүний дүү, Д.Түмэнбаяр бид 4 БНХАУ-с нэг удаагийн амны хаалт захиалахаар тохиролцсон боловч Д.Түмэнбаяр нь шилжүүлэх ёстой мөнгөө шилжүүлээгүй учраас захиалсан амны хаалт товлосон хугацаанд ирээгүй, өөрөө ч гэсэн 35.000.000 төгрөгийг БНХАУлс руу шилжүүлсэнээр хохирсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.

 

Зохигч талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан хэлцлийг нотариатч 2020-04-06-ны өдөр гэрээний үнэн зөвийг гэрчилсэн /хх-8-9/ байх ба уг хэлцлээр хариуцагч Ж.Энхбат нь БНХАУ-аас бараа бүтээгдэхүүний захиалга хийн Монгол Улс руу импортлон, нийлүүлэх, нэхэмжлэгч Д.Охиноо нь хөрөнгө оруулалтын 50 хувь болох 70.000.000 төгрөгийг гаргах, оруулсан хөрөнгийн 10 хувьтай тэнцэх ашгийг Ж.Энхбат нь Д.Охиноод өгөх, Ж.Энхбат нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас хэлцэлээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд хэлцэлийн 3-т заасан ашиг хуваарилалтаас чөлөөлөгдөж болох ч оруулсан хөрөнгө оруулалтыг эргүүлэн төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж тохиролцжээ /хх-8-9/.

 

Талууд тус хэлцлийг коронавирусын цар тахалтай холбогдуулан хөл хорио тогтоосноор Улаанбаатар хотод нэг удаагийн амны хаалтны эрэлт ихэссэнтэй холбогдуулан БНХАУ-аас нэг удаагийн амны хаалт захиалахад нэхэмжлэгч хөрөнгө оруулалт хийх, хариуцагч нь хамтран амны хаалт захиалж, худалдан борлуулж ашиг олох зорилгоор хийгдсэн гэж тус тус тайлбарласан.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж, хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж тус тус заасан.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээгээр хариуцагч Ж.Энхбат нь БНХАУ-аас бараа бүтээгдэхүүний захиалга хийх, Монгол Улс руу импортлон, нийлүүлэх, Д.Охиноо нь хөрөнгө оруулалтын 50 хувь болох 70.000.000 төгрөгийг гаргах, оруулсан хөрөнгийн 10 хувьтай тэнцэх ашгийг Ж.Энхбат нь Д.Охиноод өгөх, Ж.Энхбат нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас хэлцэлээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд ашиг хуваарилалтаас чөлөөлөгдөж, оруулсан хөрөнгө оруулалтыг эргүүлэн төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тохиролцсон нь тус хэлцэл агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан, субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах үеийн талуудын дотоод хүсэл зорилго, илэрхийлсэн хүсэл зориг нь нийцсэн, энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.

 

Учир нь, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус зохицуулсан тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан 2020-03-21-ний өдрийн гэрээгээр Ж.Энхбат нь БНХАУ-аас бараа бүтээгдэхүүний захиалга хийх, Монгол Улс руу импортлон, нийлүүлэх, Д.Охиноо нь хөрөнгө оруулалтын 50 хувь болох 70.000.000 төгрөгийг гаргах, оруулсан хөрөнгийн 10 хувьтай тэнцэх ашгийг Ж.Энхбат нь Д.Охиноод өгөх, Ж.Энхбат нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас хэлцэлээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд оруулсан хөрөнгө оруулалтыг эргүүлэн төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж талууд тохиролцсон байх тул тухайн хэлцлийн агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл зэргээс Иргэний хуульд заасан ямар гэрээний үүргийг үүсгэхээр илэрхийлснийг шүүх тодорхойлж, тус гэрээний үүргийг харилцан шаардах эрхтэй эсэхэд нь дүгнэлт өгөх шаардлагатай.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Их монгол кредит ББСБ ХХК-иас ирүүлсэн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга баримтаар иргэн Охиноо 70.000.000 төгрөгийг 2020-3-21-ний өдөр тухайн байгууллагад шилжүүлсэн /хх-157/, Б.Зулаагийн дансанд 2020-03-21-ний өдөр 17.700.000 төгрөгийг 5005828104 тоот данснаас шилжүүлэг гэх утгаар шилжүүлсэн /хх-156/ байх бөгөөд Их Монгол кредит ББСБ ХХК-иас манай дансанд орж ирсэн дээрх хоёр гүйлгээний нийлбэр дүн болох 87.700.000 төгрөгийн зарлагын гүйлгээг харилцагч Ж.Энхбатын хүсэлтээр 2020-3-21-ний өдөр юанийн гүйлгээ болгон БНХАУ-н иргэд рүү шилжүүлсэн гэж албан бичгээр тодорхойлж /хх-5, 83-84/ түүний иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргаж ирүүлсэн /хх-85/.

 

Дээрх тодорхойлолт, мөнгөн гуйвуулгын баримт зэргийг шүүх шинжлэн судалснаар тодорхойлолт гаргасан Их монгол кредит ББСБ ХХК-ийн цахим гүйлгээ хийсэн гэх Баянзүрх дүүрэг, 26-р хороо, 907-р байр, Их монгол үйлчилгээний төвийн 1-р давхарт байрлах Их монгол кредит ББСБ-н ажлын байранд байрлах 4 номерийн компьютерт хийсэн үзлэгээр IDEnkhee0726 гэх хаягнаас тухайн компьютерийг эзэмшигч, тус салбарын захирал Д.Жаргалсүрэнтэй харилцсан цахим захиа буюу чат байх бөгөөд харилцагч IDEnkhee0726 гэх хаягнаас мөнгө шилжүүлэх болон дансны дугаар бичигдсэн зурган файлыг илгээж, хүлээн авагчийн нэрийг бичсэн /хх-137-154/ байх бөгөөд түүний хүсэлтийн дагуу Li Zhan Hai-6228481269125121574 тоот дансанд 40.525 юань, Ao Ri Ge Le-6228485050791455819 тоот дансанд 99.950, 36.029, 44.609 юань буюу нийт 221.113 юань шилжүүлж, дээрх 4 гүйлгээний шимтгэлд 60.000 төгрөг суутгасан талаарх баримтыг Их монгол кредит ББСБ ХХК-иас ирүүлсэн /хх-155-158, 86-89/ бөгөөд хариуцагч Ж.Энхбат дээрх үйл баримтад маргаагүй, үгүйсгэсэн тайлбар, баримтыг шүүхэд гаргаагүй.

 

Түүнчлэн Баянзүрх дүүргийн прокурорын газраас ирүүлсэн гэрч Ж.Энхбатын мэдүүлэгт ...хятадаас амны хаалт захиалахаар болж, Охиноо эгчийн 70 сая төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдлийг бараа материал эрээн дээр ирэхэд шилжүүлж өгөхөөр тохиролцсон бүгд зөвшөөрсөн, ...би хятадад байгаа амны хаалтыг зарж борлуулж байгаад 70 сая төгрөгийг төлж барагдуулна... /хх-188-189/ гэж, ...70 сая төгрөгийг хоёр өөр данс руу шилжүүлсэн ба эдгээр дансууд нь хятадын банкны данс байсан, одоо Д.Охиноо нь надаас 70 сая төгрөг нэхээд байгаа ба эрээнд байгаа 200.000 ширхэг амны хаалтны үлдэгдэл 70 сая төгрөгийг эрээн хотоос Оргил гэдэг өвөрмонгол хүн надаас нэхээд байгаа. Энэхүү 200.000 ширхэг амны хаалт нь эрээн хотод байгаа, Д.Түмэнбаяр нь 35 сая төгрөгөө өгөхгүй байгаа /хх-190-191/ гэж,

гэрч Д.Түмэнбаярын мэдүүлэгт ...БНХАУ-с амны хаалт худалдан аван гэж би өөрөөсөө мөнгө гаргаагүй ба энэхүү асуудлаас өмнө би 2020-3-07-ны өдөр Ж.Энхбатад комбинзон захиалах гээд олон удаагийн гүйлгээгээр 35 сая төгрөгийг өгч байсан, өмнө нь захиалсан комбинзоноо Ж.Энхбатаас хүлээж аваагүй байсан тул мөнгө гаргаж өгөхгүй гэж Ж.Энхбат болон Д.Охиноо түүний дүү гэх залууд хандан хэлсэн, ...миний захиалсан комбинзоныг Ж.Энхбат нь надад өгөлгүйгээр өөрөө зарж борлуулан өөртөө ашиг гаргаж аваад надад одоогоор мөнгө өгөөгүй байгаа /хх-192-193/ гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Мөн Ж.Энхбатын Хаан банкны 5035467446 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар 2020-03-20-ны өдөр 15.000.000 төгрөгийн зарлага гарч, уг мөнгийг 5926198083 тоот данс руу шилжүүлсэн байх бөгөөд түүний цахим шууданд хийсэн үзлэгээр 2021-8-02-ны өдөр [email protected] гэх хаягнаас ирсэн захиа нь Хятад хэлээр бичигдсэн, Их монгол кредит ББСБ-д дамжуулан хийгдсэн юанийн гүйлгээний утга нь 89527377 гэсэн тоо бичигдсэн байна.

 

Хариуцагч дээрх харилцааг хамтран ажиллах гэрээ гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж, хуулийн 476.2-т хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, хамтран ажиллах гэрээгээр талууд ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг тул гэрээний талууд хөрөнгө нийлүүлэх буюу хураамж төлөхөөс гадна Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1, 478.4-т зааснаар хамтын ажиллагааг хэрхэн явуулахыг тохиролцох ёстой ба талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, эсхүл хамтын үйл ажиллагааг аль нэг тал нь эрхлэн явуулахаар талууд тохиролцсон буюу хамтран ажиллах гэрээнд оролцогч нарын баримтлах зарчмын талаар тохиролцоо хийгдсэн, хүсэл зоригоо илэрхийлэн хэлэлцэн тохиролцсон гэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй, гэрч Д.Түмэнбаяр 2021-03-16-ны өдрийн шүүх хуралдаанд хамтран ажиллах асуудал яригдаагүй болохыг мэдүүлсэн.

 

Түүнчлэн Их монгол кредит ББСБ-р дамжуулан хийгдсэн гүйлгээгээр нэг удаагийн амны хаалт захиалсан гэх байдал, хариуцагч Ж.Энхбатын зүгээс 35.000.000 төгрөгийг мөн БНХАУ руу шилжүүлсэн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдоогүй, талуудын хооронд хамтран ажиллах тохиролцоо хийгдсэн гэх хариуцагчийн татгалзсан тайлбар нотлогдоогүй.

 

Харин хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтаар хариуцагч Ж.Энхбат нь БНХАУ-аас бараа материал захиалах, нэхэмжлэгч Д.Охиноо нь мөнгөн хөрөнгөө шилжүүлж, захиалсан бараа материал ирсний дараа тухайн мөнгийг болон бараа, материалыг худалдан борлуулснаар оруулсан хөрөнгийн 10 хувьтай тэнцэх ашгийг нэхэмжлэгчид буцаан төлөхөөр талууд хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

 

Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь уг зүйлийг олж авсан этгээд болон тэдний хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон тохиолдолд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан  шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан тул нэхэмжлэгчийн Их монгол кредит ББСБ-д шилжүүлсэн 70.000.000 төгрөгийг хариуцагч БНХАУ-н иргэд рүү шилжүүлэг хийснээр захиран зарцуулагдсан болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 507.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 507.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Энхбатаас 70.000.000 /далан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Охиноод олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Энхбатаас 5017.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Охиноод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ