Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01780

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Оогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2021/03008 дугаар шийдвэртэй,

Д.Оогийн нэхэмжлэлтэй Ж.Эад холбогдох

гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнгүүн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Э нь Д.Траар дамжуулан надтай 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр уулзаж, БНХАУ-аас нэг удаагийн хэрэглэл, уут, сав баглаа зэргийг импортолдог компанитай, Ковид-19 цар тахалтай холбоотой нэг удаагийн амны хаалт импортлох шаардлагатай байна, захиалга хийхэд мөнгө дутаад байна, хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах санал гаргасан. Би Ж.Эад надад БНХАУ-аас нэг удаагийн амны хаалт импортлох шаардлага байхгүй, хамтран ажиллахгүй гэдгээ хэлэхэд тэрээр 70,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээч, би танд оруулсан үнийн дүнгийн 10 хувь буюу 7,000,000 төгрөгийн ашиг өгнө гэсэн санал гаргасан ба Ж.Эын саналыг хүлээн авч түүнд 70,000,000 төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр өгсөн.

Бид 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 01 дугаар хэлцэл хийж, Ж.Эын хэлсний дагуу “И” ХХК-ийн Төрийн банкин дахь 346900135760 тоот дансанд 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн энэхүү хэлцлээр 2 долоо хоног буюу 14 хоногийн дараа Ж.Э нь миний оруулсан 70,000,000 төгрөгийг 100 хувь буцааж төлөхөөр, оруулсан хөрөнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгийг надад хуваарилахаар тус тус харилцан тохиролцсон байдаг. Мөн дээрх хэлцлийн 10 дугаар зүйлд А тал давагдашгүй хүчин зүйлийн улмаас хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд хэлцлийн 3-т заасан ашиг хуваарилалтаас чөлөөлөгдөж болох ч энэ нь оруулсан хөрөнгө оруулалтыг эргүүлэн төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж талууд тохиролцсон.

Хэлцэл байгуулагдсан өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн боловч Ж.Э нь хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй миний оруулсан хөрөнгө болох 70,000,000 төгрөгийг буцааж өгөөгүй. Миний шилжүүлсэн 70,000,000 төгрөгийг хэрхэн зарцуулсан талаар мэдээллийг “И” ХХК-иас гаргуулахаар хүсэлт гаргахад тус компаниас 2020 оны 5-р сарын 11-ний өдрийн А11/20 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн ба Ж.Э нь 70,000,000 төгрөгийг БНХАУ-ын иргэн Ли Жан Хай /Li Zhan Hai/, н.Ариунгэрэл /Ао Ri Ge Le/ гэх хүмүүс рүү 4 удаагийн үйлдлээр шилжүүлсэн байдаг.

Иймд Ж.Эаас 70,000,000 төгрөгийг гаргуулж, надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Оогийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Д.Оогоос 70,000,000 төгрөг зээлж авахаар тохиролцоогүй. Д.Оо, Д.Оогийн дүү Д.Тр бид нар БНХАУ-аас нэг удаагийн амны хаалт хамтарч захиалахаар тохиролцсон. Гэвч Д.Тр шилжүүлэх ёстой мөнгөө шилжүүлээгүй учраас амны хаалт ирээгүй, өнөөдрийг хүртэлх бараа ирээгүй би мөн 35,000,000 төгрөгийн хохиролтой байна.

Бид хамтран ажиллахаар санал гаргаснаар хэн аль нь 10 хувь ашигтай байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Эаас 70,000,000 /далан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Оод олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Эаас 507,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Оод олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн үйл байдал болон талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг бүрэн тодорхойлж чадаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Д.Оо нь шаардлагын үндэслэлээ “Ж.Этай байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1 дугаартай хэлцлийн дагуу хийгдсэн хөрөнгө оруулалт болох 70,000,000 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү” гэж тодорхойлсон. Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1 дугаартай хэлцлээр Д.Оо нь 70,000,000 төгрөгөөр хөрөнгө оруулах, гарсан ашгийн 10 хувийг авахаар тус тус харилцан тохиролцсон.

Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1 дугаартай хэлцэл болон талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг иргэний хуульд заасан ямар эрхзүйн харилцаа үүссэн талаар хангалттай тодорхойлоогүй бөгөөд хариуцагчийн зүгээс хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн. Учир нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “...ашиг олох болон бусад...” гэж заасан.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт “хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна “ гэж заасны дагуу хариуцагч Ж.Эын зүгээс мөн энэхүү хэлцлийн дагуу оруулсан 32,500,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж мөн хохирч үлдсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримталж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэлийн шаардлага болох 70,000,000 төгрөгийг Ж.Э нь хувьдаа аваагүй, хувьдаа захиран зарцуулаагүй бөгөөд талуудын захиалсан маск нь өнөөдрийг хүртэл хугацаанд Монгол Улсад ирээгүй, энэ талаар БНХАУ-аас илрүүлсэн и-мэйл хаяг болон үзлэг хийсэн тэмдэглэлээр тодорхой нотлогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Харин анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдолд дурдаагүй үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд зарим дүгнэлтийг залруулах нь зүйтэй үзлээ.

 Нэхэмжлэгч Д.Оо нь хариуцагч Ж.Эад холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хэлцлийн дагуу шилжүүлсэн 70,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-1-2/.

 

Анхан шатны шүүх гэрээний үүрэгт хамаарах маргааныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийн хүрээнд нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн гэж дүгнэсэн нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэнэ.

 

Д.Оо, Ж.Э нар 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хэлцэл хийж, уг хэлцлээр Ж.Э нь БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн захиалга хийн Монгол Улс руу импортлон, нийлүүлэх, Д.Оо нь шаардлагатай хөрөнгө оруулалтын 50 хувь болох 70,000,000 төгрөгийг гаргах үүргийг тус тус хүлээж, хэлцлийн хэрэгжих хугацааг 2 долоо хоног буюу 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болгохоор тус тус тохиролцсон байна. /хх8-9/

 

Гэрээнд 4 этгээд оролцсон гэх тайлбараа хариуцагч Ж.Э Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

Энэ хэлцлийн агуулгаас дүгнэвэл Д.Оо, Ж.Э нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Д.Оо нь хамтран ажиллах гэрээнд заасан 70,000,000 төгрөгийг Ж.Эын хүсэлтийн дагуу “И” ХХК-ийн эзэмшлийн, Төрийн банкин дахь 346900135760 тоот дансанд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй тул /хх9, 10/ түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж дүгнэх юм.

 

“И” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А07/21 тоот албан бичигтЭ.Энхбат нь 2018 оны 08 дугаар сараас эхлэн “И” ХХК-ийн мөнгөн гуйвуулгын үйлчилгээний харилцагч болсон, тэрээр  2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тус байгууллагын харилцах дансуудад нийт 87,700,000 төгрөг/-ийг төрийн  банкны дансанд 70,000,000 төгрөг, хаан банкны дансанд 17,700,000 төгрөг/ шилжүүлж БНХАУ-руу 221,113 юанийн гуйвуулгыг хийсэн” гэж тодорхойлжээ. /хх83-84/

Иймд Ж.Эыг хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон хураамж буюу өөрийн оруулах 50 хувийн хөрөнгийг оруулаагүй гэж дүгнэнэ.

 Гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон боловч Ж.Э 50 хувийн хөрөнгө оруулах үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан бараа бүтээгдэхүүн БНХАУ-аас орж ирээгүй гэх нөхцөл байдлыг дүгнэвэл нэхэмжлэгч Д.Оо нь хариуцагч Ж.Эын үүргийн зөрчилтэй холбоотой гэрээнээс татгалзах эрхийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хэрэгжүүлсэн, үүргийн зөрчлийг арилгах боломжгүй байх тул тэрээр хариуцагчаас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсаны үр дагавар болох гэрээний дагуу шилжүүлсэн 70,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

 Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2021/03008 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг” гэснийг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД

 

                                          ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА