Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2022/00984

 

2022 03 04 101/ШШ2022/00984

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч-  Чингэлтэй дүүрэг,*******,*******,*******,

хариуцагч- Баянгол дүүрэг,*******,*******,*******,*******,,,,

хариуцагч- Баянзүрх дүүрэг, 1-р хороо,, Боржгон овогт Базар Тамир /ХИ80031890/ нарт холбогдох,

гэрээний үүрэгт 18,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ганбат нь Ж.Сод-Оюун, Б.Тамир нарт холбогдуулан 2021-9-09-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 18,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Баянзүрх дүүргийн*******,, Нарны зам гудамж 98/1 байрны 24 тоотод байрлах 93,20 м.кв талбайтай орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч Ж.Сод-Оюуны өмчлөлд шилжүүлсэн, уг орон сууцыг 203.500.000 төгрөгөөр худалдсан бөгөөд гэрээ байгуулсан өдрөө надад 180,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 23.500.000 төгрөгийг тухайн өдөртөө надад шилжүүлэхээр тохиролцож хариуцагч Ж.Сод-Оюун гараараар бичиж өгсөн боловч шилжүүлээгүй, удаа дараа шаардснаар 2021 оны 09 сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг талууд ярилцаад 100,000,000 төгрөгийн дүнгээр байгуулсан. Хариуцагч нар 4 удаа ирж үзэж байрыг сонгож худалдан авсан, тайлбартаа 10,000,000 төгрөгт тооцон алтан гинж өгсөн гэж бичсэн атлаа сая хариуцагч Тамир тайлбарлахдаа 5,000,000 төгрөгт тооцон алтан гинж өгсөн гэж тайлбарлаад байна. Хариуцагч нараас надад алтан гинж өгсөн, би авсан гэх нотлох баримт байхгүй. Сая үзлэг хийсэн мессежинд үлдэгдэл төлбөрөө төлвөл 5,000,000 төгрөгт тооцож авья гэж хариулсан байгаа гэв.

Хариуцагч нар хариу тайлбартаа иргэн Б.Ганбатаас Баянзүрх дүүргийн*******,, Нарны зам гудамж 98/1 байрны 24 тоотод байрлах 93,20 м.кв байрыг 203,000,000 төгрөгөөр худалдан авах тохиролцоо хийж худалдан авсан. Гэтэл уг орон сууц нь метр квадратын хэмжилтээр зөрүүтэй буюу 92,02 м.кв талбайн хэмжээтэй гарсан. Б.Ганбат анх тохиролцохдоо орон сууцанд засвар хийх шаардлаггүй гэж итгүүлсэн учир худалдан авсан боловч үүдний хэсгийн ариун цэврийн өрөөний шүршүүрийн хэсгийг ашиглах боломжгүй ус алддаг, пилта, холигч, шалыг бүтэн солих шаардлагатай эдгээр нь 3,000,000 орчим төгрөг болно.

Мөн унтлагын өрөөний ариун цэврийн өрөөний тосгуур, шүүгээ, холигчийг бүгдийг авчихсан, шинээр худалдан авч тавихад 1,500,000 төгрөг зарцуулагдана /хана мөөгөнцөрдсөн, хаалга цөмөрсөн, паар харсан зэрэг асуудлыг огт дурьдалгүй өнгөрөөж өөрийн мөнгөөр зассан болно. Б.Ганбатад дансны гүйлгээгээр 2021-9-9-ний өдөр 180,000,000 төгрөг, 2021-9-11-ний өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн, өөрийн гарт нь нэмж 10,000,000 төгрөгийн үнэ бүхий 39,75 грамм алтан гинжийг хүлээлгэж өгсөн. Гэтэл Ганбат нь алтан гинж огт аваагүй болж нэхэмжлэл гаргаж байгаа нь эхнээсээ залилан мэхлэх шинжтэй хэрэг үйлдэх төлөвлөгөөтэй гэж хардаж байна.

Ийнхүү өндөр өртөгтэй засвар хийх шаардлагатай байгааг мэдээд Б.Ганбатад үүнийг утсаар ярьж хэлээд байраа буцааж мөнгөө авахыг хүсэхэд өөдөөс хэл амаар доромжилон ойлголцож чадаагүй.

Надаас авсан алтан гинжийг аваагүй мэт ярьж, төлөх үндэслэлгүй төлбөрийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй бөгөөд Ж.Сод-Оюун миний эхнэр уг орон сууцыг зөвхөн өөрийн нэр дээр шилжүүлэн авахад оролцсон бөгөөд Б.Ганбаттай ямар нэгэн тохиролцоо хийгээгүй. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан хүсэлт дээрх гарын үсэг Ж.Сод-оюуны гарын үсэг мөн.

Б.Ганбат миний алтан гинжийг авья гэж хэлээд миний машинаас авсан, сая үзсэн мессеж дээр байгаа авчихья гэдэг нь авсан гэсэн үг.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс 2021-9-9-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-4/, Б.Ганбатын Хаан банкны 5027892448 дугаартай дансны хуулга /хх-6-7/, Б.Ганбатад 98/1 байр 1 тоотын төлбөрийн үлдэгдэл болох 23 сая 523 мянган төгрөгийг 2021 оны 9-р сарын 10-ны өдөр төлнө гэсэн бичвэр /хх-49/,

хариуцагч нараас Баянзүрх дүүргийн*******,, Нарны зам гудамж 98/1 байрны 24 тоот хаягт байршилтай 93,20 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ж.Сод-Оюун нэг иргэний өмчөөр 2021-9-10-ны өдөр бүртгэгдсэн 000917766 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ /хх-30/, Эй Би Эн Дизайн ХХК-ийн сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл 2022-01-09-ний өдрийн огноотой /хх-31-36/, огноо, дугаар, тайлбаргүй 5 ширхэг фото зураг /хх-37-41/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний самсунг галакси S8 pius маркийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл шүүх бүрдүүлсэн /хх-51-57/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дүн 100,000,000 төгрөгөөр бичигдсэн байгаа боловч хариуцагч нар гэрээний үүрэгт 185,000,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл төлбөрийг төлөхөөр хариуцагч Ж.Сод-Оюун гараараа тайлбар бичиж өгсөн, хариуцагч Б.Тамиртай түүний 99101157 дугаарын утсаар харилцсан мессежэнд үзлэг хийснээр төлбөрийн үлдэгдэлтэй болох нь нотлогдож байгаа. Харин надад 5 болон 10 сая төгрөгийн үнэтэй гэх алтан гинжийг өгсөн, би авсан болох нь нотлогдохгүй байгаа гэж тодорхойлсон.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг үгүйсгэсэн үндэслэлээ худалдсан орон сууцны метр квадратын хэмжээ зөрүүтэй буюу бодит хэмжилтээр 92,02 м.кв талбайтай байсан. Орон сууцны үүдний хэсгийн ариун цэврийн өрөөний шүршүүрийн хэсгийг ашиглах боломжгүй ус алддаг, пилта, холигч, шалыг бүтэн солих шаардлагатай эдгээр нь 3,000,000 орчим төгрөг, унтлагын өрөөний ариун цэврийн өрөөний тосгуур, шүүгээ, холигчийг бүгдийг авчихсан учир шинээр худалдан авч суурилуулахад 1,500,000 төгрөг тус тус зарцуулагдана. Б.Ганбатад 10,000,000 /шүүх хуралдаанд 5,000,000 төгрөгийн үнэ бүхий гэж тайлбарласан/ төгрөгийн үнэ бүхий 39,75 грамм алтан гинжийг хүлээлгэж өгсөн гэж тайлбарласан.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

Нэхэмжлэгч Б.Ганбат, хариуцагч Ж.Сод-Оюун нарын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр худалдагч тал буюу нэхэмжлэгч Б.Ганбат нь худалдан авагч буюу хариуцагч Ж.Сод-Оюунд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн*******,, Нарны зам гудамж 98/1 байрны 24 тоотод байрлах 93,20 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байх боловч бодит байдалд дээрх орон сууцыг 203,500,000 төгрөгөөр худалдсан үйл баримтын тухайд зохигчид харилцан маргаагүй.

 

Худалдагч Б.Ганбат нь гэрээгээр хүлээсэн Баянзүрх дүүргийн*******,, Нарны зам гудамж 98/1 байрны 24 тоотод байрлах 93,20 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан авагч Ж.Сод-Оюунд шилжүүлэх үүргээ биелүүлснээр хариуцагч Ж.Сод-Оюун 2021-9-10-ны өдөр тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан 000917766 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ баримтаар тогтоогдсон.

 

Харин нэхэмжлэгч Б.Ганбатын Хаан банкны 5027892448 тоот дансанд 2021-9-9-ний өдөр 180,000,000 төгрөг 98/1 24 байр төлбөр гүйлгээний утгаар, 2021-9-11-ний өдөр 5,000,000 төгрөг bair 98/1 гүйлгээний утгаар шилжүүлсэн баримт хэргийн 6, 7-р талд нотлох баримтаар авагдаж хариуцагч тал маргаагүй.

 

Дээрх гэрээний нэр, агуулга зэргээс дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэстэй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

 

Өөрөөр хэлбэл, тус гэрээний агуулга нь хуульд зааснаар нэг талаас худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг, нөгөө талаас худалдан авагч нь худалдан авсан хөрөнгийн үнийг төлөх үүргийг тус тус илэрхийлсэн худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Б.Ганбат нь Баянзүрх дүүргийн*******,, Нарны зам гудамж 98/1 байрны 24 тоотод байрлах 93,20 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Ж.Сод-Оюуны өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагчаас 185,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж, үлдэх төлбөрийг төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлж байсан болох нь хариуцагч Б.Тамиртай нэхэмжлэгч Б.Ганбатын харилцсан мессежийн үзлэгийн тэмдэглэл, зохигчийн тайлбар, хэргийн 49-р талд авагдсан хариуцагч Ж.Сод-Оюуны гарын үсэг бүхий баримтаар тогтоогдож байна.

 

Худалдан авагч буюу хариуцагч нар хэлэлцэн тохирсон үнийг бүрэн төлөхгүй гэж татгалзсан үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй буюу шүүхээс хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, тэдгээрт хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Харин худалдан авсан орон сууцны талбайн хэмжилтийг тогтоосон Эй Би Эн Дизайн ХХК-ийн сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэлийг нотлох баримтаар гаргасан боловч зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлын талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлагыг нэхэмжлэгчид гаргаагүй, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

 

Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т ...иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, ...гэрээний эрх чөлөө, ...шүүхээр хамгаалуулах... зарчмыг шүүх хөндөх эрхгүй гэж заасан ба зохигчийн байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд орон сууцны үнийг 100,000,000 төгрөг гэж тохирсон байх бөгөөд нэг метр квадратын үнэ болон худалдан авагч нь биет байдлын доголдлын талаар шаардлага гаргаагүй байхад шүүх гэрээний эрх чөлөөг зөрчих эрхгүй.

 

Харин талуудын байгуулсан гэрээнд худалдах орон сууцны талбайн хэмжээг тодорхой тусгасан байхад тухайн орон сууцыг хүлээж авахаас өмнө, эсхүл хүлээж авах үедээ хэмжилт хийлгэх буюу эд хөрөнгийн доголдлын талаар эд хөрөнгийг хүлээж авах үедээ мэдэх боломжтой байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй оролцдог тул хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлага, татгалзлааа өөрөө нотлох, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Ж.Сод-Оюун, Б.Тамира нараас худалдах худалдан авах гэрээний төлбөрт 18,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ганбатад олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Харин хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхийн өмнө нэхэмжлэгчээс өөрийн гар утсанд хариуцагч Б.Тамирын 99101157 дугаартай харилцсан мессеж бүхий захианд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэснээр үзлэг хийхэд хариуцагч Б.Тамираас зарим захиа дутуу байна гэх саналыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргах хүсэлт, нотлох баримт байхгүй гэснээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн бөгөөд шүүх зохигчоос нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэх санал байгаа эсэхийг тодруулахад эвлэрэх боломжгүй гэсэн тул шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан 2021-10-20-ны өдөр төлсөн 250,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 250,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хариуцагч Ж.Сод-Оюун, Б.Тамир нараас 18,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ганбатад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Сод-Оюун, Б.Тамир нараас 250,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ганбатад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ