Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00907

 

2022.05.13                                                 №  907                                                                       Төсөл

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/00984 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.С, Б.Т нарт холбогдох гэрээний үүрэгт 18,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч Б.Тын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г-, хариуцагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн агуулга: Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол, Нарны зам гудамж 98/1 байрны 24 тоотод байрлах 93,20 м.кв талбайтай орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч Ж.Сы өмчлөлд шилжүүлсэн, уг орон сууцыг 203,500,000 төгрөгөөр худалдсан бөгөөд гэрээ байгуулсан өдрөө надад 180,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 23,500,000 төгрөгийг тухайн өдөртөө надад шилжүүлэхээр тохиролцож хариуцагч Ж.С гараараар бичиж өгсөн боловч шилжүүлээгүй, удаа дараа шаардснаар 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг талууд ярилцаад 100,000,000 төгрөгийн дүнгээр байгуулсан. Хариуцагч нар 4 удаа ирж үзэж байрыг сонгож худалдан авсан, тайлбартаа 10,000,000 төгрөгт тооцон алтан гинж өгсөн гэж бичсэн атлаа сая хариуцагч Т тайлбарлахдаа 5,000,000 төгрөгт тооцон алтан гинж өгсөн гэж тайлбарлаад байна. Хариуцагч нараас надад алтан гинж өгсөн, би авсан гэх нотлох баримт байхгүй. Сая үзлэг хийсэн мессежинд үлдэгдэл төлбөрөө төлвөл 5,000,000 төгрөгт тооцож авья гэж хариулсан байгаа.

 

  1. Хариуцагч нарын хариу тайлбарын агуулга: Иргэн Б.Г-аас Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол, Нарны зам гудамж 98/1 байрны 24 тоотод байрлах 93,20 м.кв байрыг 203,000,000 төгрөгөөр худалдан авах тохиролцоо хийж худалдан авсан. Гэтэл уг орон сууц нь метр квадратын хэмжилтээр зөрүүтэй буюу 92,02 м.кв талбайн хэмжээтэй гарсан. Б.Г- анх тохиролцохдоо орон сууцанд засвар хийх шаардлаггүй гэж итгүүлсэн учир худалдан авсан боловч үүдний хэсгийн ариун цэврийн өрөөний шүршүүрийн хэсгийг ашиглах боломжгүй ус алддаг, пилта, холигч, шалыг бүтэн солих шаардлагатай эдгээр нь 3,000,000 орчим төгрөг болно.

          Мөн унтлагын өрөөний ариун цэврийн өрөөний тосгуур, шүүгээ, холигчийг бүгдийг авчихсан, шинээр худалдан авч тавихад 1,500,000 төгрөг зарцуулагдана /хана мөөгөнцөрдсөн, хаалга цөмөрсөн, паар харсан зэрэг асуудлыг огт дурьдалгүй өнгөрөөж өөрийн мөнгөөр зассан болно. Б.Г-ад дансны гүйлгээгээр 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 180,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр 11-ний өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн, өөрийн гарт нь нэмж 10,000,000 төгрөгийн үнэ бүхий 39,75 грамм алтан гинжийг хүлээлгэж өгсөн. Гэтэл Б.Г- нь алтан гинж огт аваагүй болж нэхэмжлэл гаргаж байгаа нь эхнээсээ залилан мэхлэх шинжтэй хэрэг үйлдэх төлөвлөгөөтэй гэж хардаж байна.

          Ийнхүү өндөр өртөгтэй засвар хийх шаардлагатай байгааг мэдээд Б.Г-ад үүнийг утсаар ярьж хэлээд байраа буцааж мөнгөө авахыг хүсэхэд өөдөөс хэл амаар доромжилон ойлголцож чадаагүй. Надаас авсан алтан гинжийг аваагүй мэт ярьж, төлөх үндэслэлгүй төлбөрийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй бөгөөд Ж.С миний эхнэр уг орон сууцыг зөвхөн өөрийн нэр дээр шилжүүлэн авахад оролцсон бөгөөд Б.Г-тай ямар нэгэн тохиролцоо хийгээгүй. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан хүсэлт дээрх гарын үсэг Ж.Сы гарын үсэг мөн. Б.Г- миний алтан гинжийг авья гэж хэлээд миний машинаас авсан, сая үзсэн мессеж дээр байгаа авчихья гэдэг нь авсан гэсэн үг.

          Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хариуцагч Ж.С, Б.Т нараас 18,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.С, Б.Т нараас 250,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-ад олгож шийдвэрлэжээ.

 

  1. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс 18,500,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр нэхэмжлэгч талд гарсан буюу Б.Тын өгсөн 10,000,000 төгрөгийн үнэ бүхий алтан гинжийг 5,000,000 төгрөгөөр тооцсон. Мөн худалдан авсан орон сууц нь заагдсан хэмжээнээсээ 1,18 м2 дутуу байсан. Энэ нь нийт 2,500,000 төгрөг буюу нийт 7,500,000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцоогүйд гомдолтой байна.

 

 

  1. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Орон сууцны талбайн хэмжээний талаар хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Мөн засвар хийсэн талаараа шаардлага гаргаагүй, хэрэгт засвар хийсэн талаар ямар нэгэн баримт авагдаагүй. Хариуцагч нь алтан гинж өгсөн гэх тайлбараа нотлох үүрэгтэй, надад алтан гинж өгөөгүй. Харин миний хувьд өөрийн гар утсанд үзлэг хийлгэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгч хариуцагчаас алтан гинжийг хэзээ өгсөн талаар асуухад 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс өмнө өгсөн гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хэрвээ 13,000,000 төгрөг өгвөл алтан гинжийг 5,000,000 төгрөгт тооцож авч болно гэж мессеж бичсэн байдаг боловч хариу өгөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.

 

 

ХЯНАВАЛ:

 

                 1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч Ж.Сы итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу Б.Тын гаргасан давж заалдах гомдлын хүрээд хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

                 2. Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч Ж.С, Б.Т нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 18,500,000 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “.. Ж.С нь гэрээний дагуу төлбөл зохих төлбөрөө дутуу төлсөн, орон сууцны өмчлөх эрх нэг хүний нэр дээр бүртгэгдсэн  ч гэр бүлийн гишүүний хувьд тухайн хөрөнгө гэр бүлийн дундын хөрөнгө тул түүний нөхөр Б.Т мөн нэхэмжлэлийг хариуцах ёстой” гэсэн агуулгаар тайлбарлажээ. /хх-1, 22/

 

                 Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...биет байдлын доголдолтой хөрөнгө байсан, 185,000,000 төгрөгөөс гадна 10,000,000 төгрөгийн үнэ бүхий алтан шинжийг төлбөртөө тооцож төлсөн” гэж тайлбарласан байна. /хх-28/

 

                 3. Нэхэмжлэгч Б.Г-, хариуцагч Ж.С нарын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Б.Г- нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 хороолол /13374/ Нарны зам гудамж, 98/1 байр, 24 тоот хаягт байрлах 9320 м.кв 3 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Ж.С нь орон сууцны үнэд 100,000,000 төгрөгийг мөн өдөр Б.Г-ын 5027892448 тоот дансанд шилжүүлэх талаар заасан байна. /хх-4/

 

                 Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. 

 

                 4.а. Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчдын тайлбараар гэрээний үнийг талууд 203,500,000 төгрөгөөр тохиролцсон боловч гэрээнд “100,000,000” төгрөг гэж тусгасан, орон сууцны өмчлөх эрх Ж.Сд шилжсэн, гэрээний үнэд нийт 185,000,000 төгрөг төлөгдсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаангүй байна. /хх6-7, 30, 52-57/

 

                 4.б. Дээр дурьдсанаар талууд гэрээний үнийг 203,500,000 төгрөг байхаар тохиролцсон, хариуцагч Ж.С нь гэрээний үлдэгдэл төлбөрт “23,500,000 төгрөгийг төлж дуусгавар болгох” агуулгатай тайлбарыг бичгээр гаргаж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй болохоо зөвшөөрсөн байна. /хх 4 дэх хуудасны ар тал, 49/ Иймд нэхэмжлэгч Б.Г- нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх буюу үлдэгдэл төлбөрийг хариуцагч Ж.Саас шаардах эрхтэй.

 

                 Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан “гэрээний зүйл болох орон сууцыг биет байдлын доголдолтой,” 10,000,000 төгрөгт тооцож алтан гинж өгсөн” гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар  нотолж чадаагүй байна.

 

                 5. Хариуцагч нар нь орон сууцны хэмжээг гэрээнд заасан хэмжээнээс дутуу гэж маргаж байх боловч талууд гэрээ байгуулахдаа орон сууцны үнийг зөвхөн талбайн хэмжээг харгалзан тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

                 Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд уг орон сууцны хэмжээ талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан 93.20 м.кв хэмжээгээр бүртгэгдсэн бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт нийцжээ. Бодит хэмжилтээр тодорхойлж буй орон сууцны талбайн хэмжээ улсын бүртгэл болон гэрээнд зааснаас бага байгаа нь уг орон сууц гэрээнд зааснаас бага байгаа нь уг орон сууцыг ашиглах боломжгүй гэж үзэх, үнийг бууруулах Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан эрхийг үүсгэхгүй. Уг орон сууц нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдсон, худалдан авагч уг орон сууцыг үзэж танилцсаны үндсэн дээр худалдан авсан байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Мөн хариуцагч нь гэрээний үнэд алтан гинж тооцож өгсөн гэж тайлбар гаргасан боловч тайлбарыг харьцуулан үзэхэд тооцсон гэх үнийн дүн зөрүүтэйгээс гадна, н.Алтанчимэгт хүлээлгэн өгсөн гэх баримтгүй байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг мөн хангах үндэслэлгүй байна.

 

                 Дээр дурьдсан  үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Сы итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч Б.Тын гаргасан  давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

                 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

                 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар  сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/00984 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

                 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО    

                          

 

                                           ШҮҮГЧИД                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ    

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ