Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2021/03162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг,*******,*******,*******,*******,*******, 7-р хороо,*******,*******,,

хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,,,,

6.655.900 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Энхбаяр, хариуцагч Ж.Гэгээрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 7-р сарын 20-нд приус-30 маркийн автомашиныг 12.700.000 төгрөгөөр худалдан авахаар болж урьдчилгаанд 4.500.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлөхөөр зээл хүсэхэд миний нэрээр зээл гарах боломжгүй байсан тул нөхөрийн танилцуулсан хариуцагч Гэгээрэлийн нэр дээр зээл гаргуулж, автомашин авахаар болсон.

Ингээд Есөн шижир инвест ББСБ-с Ж.Гэгээрлийн нэрээр зээл хүсэхэд зээл гарахыг зөвшөөрч, түүний нэр дээр 9.700.000 төгрөгийн зээлийг 2020-7-22-нд олгосноор би худалдан авсан автомашины төлбөрөө бүрэн төлсөн. Ж.Гэгээрлийн нэрээр гарсан зээлийг би 2020 оны 8, 9, 10 сарын үндсэн болон хүүгийн төлбөрийг төлсөн боловч коронавирус цар тахалтай холбоотой, хөл хорио тогтоосноор 2020 оны 12-р сараас хойш зээлийн төлбөрийг төлж чадаагүй, орлоггүй болсон.

Энэ талаараа банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эдийн засагчид хүсэлт гаргасан боловч эдийн засагч нь машинаа авчирж зургийг нь авахуулаарай гэсний дагуу нөхөртөө машиныг өгч явуулахад тухайн эдийн засаг автомашиныг авч үлдсэн байдаг. Ингэж авсан үлдсэн шалтгаанаа захирал байхгүй байна, маргааш ирж аваарай гэж хэлээд авч үлдсэн. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа хариуцагч Ж.Гэгээрэл нь төлөгдөөгүй байсан зээлийн төлбөрийг төлж автомашиныг авч явсан талаар банк бус санхүүгийн байгууллагаас мэдэгдсэн.

Тэр машин дотор миний өөрийн болон гэр хүүхдүүдийн хэрэглэдэг эд зүйлс бүгд байсан, түүнийг ч авчирж өгөөгүй, түүнээс хойш сураггүй болсон тул шүүхэд хандсан.

Одоо хариуцагч Ж.Гэгээрэл нь миний худалдан авсан автомашиныг авсан байгаа тул уг машиныг авахаар урьдчилгаа төлбөрт төлсөн 4.500.000 төгрөг болон банк бус санхүүгийн байгууллагад төлсөн зээлийн 1.695.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн автомашиныг анх худалдан аваад цаф сольж, тос хийсэн бөгөө эдгээр зардлыг нэхэмжлээгүй байгаа гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх Энхбаяр гэдэг хүнтэй танилцаагүй. Тулга гэх нөхөртэй нь 6-р сарын 28-нд таксинд анх танилцаж байсан. Энэ үед жолоонд суух нөхцөл байдлын талаар ярьж байсан бөгөөд сарын дараа Тулга нь над руу утсаар залгаж ахад нь нэг гуйлга байна гээд уулзсан. Тэгээд надад банк бус санхүүгийн байгууллагаас 9.700.000 төгрөгийн зээл аваад өгөөч ах нь 2 сарын дараа төлнө гэж хэлсэн тул би зөвшөөрч зээлийг гаргуулж өгсөн. Тэр өдөр приус 30 машиныг очиж үзэж, нотариатаар баталгаажуулж гэрээ байгуулж, номер авсан. Ингээд 9-р сарын 23-нд машиныг авч банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эдийн засагчид танилцуулж байхад будаг замасктай гээд 9.700.000 төгрөгийг машин зарсан хүнд шилжүүлсэн. Үүнээс хойш 3 сарын зээлийн төлөлт хийсэн. Үүнээс хойш 1 удаа уулзахад зээл төлөх боломжгүй болж хүү төлөх нөхцөлтэйгээр хүсэлт бичээд өгөөч гэхээр нь би банк бус санхүүгийн байгууллагад хүсэлт бичиж өгсөн. Түүнээс хойш надтай холбогдоогүй, холбогдох боломжгүй болсон байсан. Гэтэл 2021-3-01-нд банк бус санхүүгийн байгууллагаас шүүхэд дуудсан шаардах хуудас явуулсан тул Энхбаяр, Тулга нарыг зээлээ төлөөд өгөөч гэсээр 4-р сарын 1-ний өдөр болсон. Ингээд миний нэр зээлийн хар дансанд орсон, Энхбаяр, Тулга нар зээлээ төлөх боломжгүй боллоо гэсэн зүйл хэлэхэд нь банк бус санхүүгийн байгууллагаас надад хохирол үүсэх талаар тайлбарласан тул тухайн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, засаж сэлбэж бусдад зарсан.

Үүнээс хойш эдгээр хүмүүс утсаар залгаж дарамталсан, ярих болгонд үнийн дүн нэмэгдэж байсан. Банк бус санхүүгийн байгууллагаас надад санал тавихдаа машинаа хурааж авья, чи өөрөө аваад зар гэсэн тул 5-р сарын 1-нд шилжүүлж аваад хүүгийн төлөлтөд 2.000.000 төрөг төлж, 800.000 төгрөгөөр засвар хийж, 6-р сард зарсан. Надаас энэ машиныг худалдан авч байгаа хүн нь зээл авах боломжгүй гэж хэлсэн тул би өөрийн нэр дээр дахин зээл гаргуулж миний нэр дээрх зээлийг энэ хүн бас төлж байгаа.

Энхбаярын автомашин худалдан авсан хүнд шилжүүлсэн 4.500.000 төгрөгөөс тухайн хүн буцаагаад 2.000.000 төгрөгийг нь шилжүүлсэн байсан тул 2.500.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Мөн зээл төлсөн хугацаандаа энэ машиныг унаж хэрэглэж байсан тул төлөгдсөн зээлийн төлбөрийг би хариуцахгүй гэв.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энхбаяр нь хариуцагч Ж.Гэгээрэлд холбогдуулан 6.655.9000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлийг ...автомашин худалдан авахын тулд хариуцагч Ж.Гэгээрэлийн нэр дээр банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахуулж, зээлийг тодорхой хугацаанд төлж короноавирусын цар тахалтай холбоотой зээлийг төлж чадаагүй учир банк бус санхүүгийн байгууллагаас автомашиныг хураан авч Ж.Гэгээрэлд шилжүүлсэн тул автомашины урьдчилгаа төлбөрт төлсөн төлбөр болон хариуцагчийн өмнөөс төлсөн зээлийн төлбөрийг гаргуулна гэж тодорхойлон тайлбарласан.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас автомашины урьдчилгаа төлбөрт төлсөн 2.500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг автомашины нэхэмжлэгч өөрөө тодорхой хугацаанд унаж, ашигласан тул бусад төлбөрийг төлөхгүй гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.

 

Хэрэгт авагдсан болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

Хариуцагч Ж.Гэгээрэл нь Есөн шижир инвест ББСБ ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1660402904 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 9.700.000 төгрөгийн зээлийг авто лизингийн зээлийн төрлөөр 24 сарын хугацаатай, зээлийн баталгаа болгож 99-37 УАН улсын дугаартай Тоёота приус хар өнгийн автомашиныг барьцаалан зээл авсан байна /хх-11-12/.

 

Ж.Гэгээрлийн Хаан банкны 5077526493 тоот дансанд 2020-7-23-ны өдөр 9.700.000 төгрөгийг Есөн шижир инвест зээл олгов гэх утгаар орж ирснийг /хх-38/ тухайн хугацаанд 5037259263 тоот данс руу 9.700.000 дүнгээр зарлага гарсан /хх-38/ нь нэхэмжлэгч Б.Энхбаярын Хаан банкны 5037259263 тоот данс руу 9.700.000 төгрөгийн дүнгээр орлого гэх утгаар орж ирсэн байна /хх-23/.

 

Мөн Ж.Гэгээрлийн Хаан банкны 5077526493 тоот дансанд 2020-7-23-ны өдөр нэхэмжлэгч Б.Энхбаярын Хаан банкны 5037259263 тоот данснаас 350.000 төгрөг о гэх гүйлгээний утгаар орж ирсэн /хх-23, 38/.

 

Б.Энхбаярын Хаан банкны 5037259263 тоот данснаас 9.400.000 төгрөгийн дүнгээр 2020-7-23-ны өдрөө 5017303444 тоот данс руу о гэх гүйлгээний утгаар зарлага гарсан /хх-23/ байх бөгөөд 5017303444 дугаарын данс нь Алтангэрэлийн Мягмарсүрэн гэх иргэний данс байна /хх-45/.

 

Мөн Б.Энхбаярын Хаан банкны 5037259263 тоот данснаас 4.500.000 төгрөгөөр 2020-07-22-ны өдөр 5017303444 тоот А.Мягмарсүрэнгийн данс руу приус30 хар өнгөтэй урьдчилгаа гэх утгаар шилжүүлсэн /хх-23, 45/ байх боловч А.Мягмарсүрэн нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5021399242 тоот данснаас нэхэмжлэгч Б.Энхбаярын дээрх данс руу тухайн өдрөө 2.000.000 төгрөгийг машин гэх гүйлгээний утгаар буцаан шилжүүлсэн байна /хх-23, 46/.

 

Хариуцагч Ж.Гэгээрэлийн Есөн шижир инвест ББСБ ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 1660402904 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийг гэрээний 1.2.2-т зааснаар ББСБ-ны Хаан банкны 5447125288 тоот дансанд төлөхөөр тохирсон /хх-11/ байх бөгөөд тухайн дансанд Б.Энхбаярын Хаан банкны 5037259263 тоот данснаас 2020-8-20-нд 565.400 төгрөгөөр /24/, 2020-9-21-нд 565.500 төгрөгөөр /хх-25/, 2020-10-20-нд 565.000 төгрөгөөр /хх-26/ приус хар 9937 УАН Энхбаяр гэх гүйлгээний утгаар тус тус зарлага гарсан байна.

 

Иймд зохигч талуудын тайлбар, дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Энхбаяр нь автомашин худалдан авах хүсэлттэй байгаад урьдчилгаа төлбөрт 4.500.000 төгрөгийг иргэн А.Мягмарсүрэнгийн дансанд шилжүүлж, хариуцагч Ж.Гэгээрлийн нэр дээр гарсан зээлийг нэхэмжлэгч өөрийн данс руу шилжүүлэн авч буцаан А.Мягмарсүрэнгийн данс руу 9.400.000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагчийн нэрээр гарсан зээлийн гэрээний 2020 оны 8, 9, 10-р сарын үүргийг нэхэмжлэгч Б.Энхбаяр гүйцэтгэсэн болох нь тогтоогдож, талууд маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч дээрх зээлийн гэрээний үүргийг 2020 оны 11-р сараас хойш гүйцэтгээгүй болохыг тайлбарлаж, хариуцагч Ж.Гэгээрэлд Есөн шижир инвест ББСБ-аас 2021-5-17, 2021-5-24-ний өдрүүдэд мэдэгдэх хуудас, шаардах хуудас ирснээр /хх-29-31/ нэхэмжлэгчийн худалдан авсан 9937 УАН улсын дугаартай, хар өнгийн приус-30 маркийн автомашиныг хариуцагч Ж.Гэгээрэл нь зээлийн хуримтлагдсан хүүг банк бус санхүүгийн байгууллагад төлснөөр автомашиныг өөрийн өмчлөлдөө буцаан авсан болохыг тайлбарлаж зохигчид маргаагүй тул.

 

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зохицуулсан тул талуудын хүсэл зоригийн илэрхийлэлээс Иргэний хуульд заасан ямар гэрээний үүргийг үүсгэхээр илэрхийлснийг шүүх тодорхойлж, тус гэрээний үүргийг харилцан шаардах эрхтэй эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

 

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч Б.Энхбаяр нь 9937 УАН улсын дугаартай, приус-30 маркийн автомашины худалдан авах хүсэл зоригоо илэрхийлснийг хариуцагч хүлээн зөвшөөрч, тухайн автомашины худалдан авахад төлөх төлбөрийг хариуцагч Ж.Гэгээрэл өөрийн нэрээр банк бус санхүүгийн байгууллагаас авч автомашин худалдсан этгээдэд төлснөөр Б.Энхбаярын худалдан авсан автомашины төлбөр төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, Б.Энхбаяр, А.Мягмарсүрэн нарын хооронд үүссэн худалдах худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болсон байна.

 

Харин хариуцагч Ж.Гэгээрлийн авсан зээлийг нэхэмжлэгч төлөх үүргийг хүлээсэн боловч тодорхой хугацаанд уг үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад байсан буюу хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан автомашиныг банк бус санхүүгийн байгууллага хураан авч уг автомашиныг барьцаалж зээл авсан хариуцагчид шилжүүлэн өгсөн буюу Ж.Гэгээрэл, Есөншижир инвест ББСБ ХХК нарын хооронд автомшин барьцаалсан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дуусгавар болоогүй байна.

 

Ийм Б.Энхбаяр, Ж.Гэгээрэл нарын хооронд үүрэг үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Тиймээс нэхэмжлэгч Б.Энхбаяр нь автомашины урьдчилгаа төлбөрт 4.500.000 төгрөгийг шилжүүлсэн боловч А.Мягмарсүрэнгээс буцаан 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тухайн иргэдийн дансны хуулгаар нотлогдож байх тул хариуцагчийн өмчлөлд шилжсэн 9937 УАН улсын дугаартай автомашины урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгч нь 2.500.000 төгрөгийг, хариуцагч Ж.Гэгээрлийн авсан зээлийн төлбөрт Есөн шижир инвест ББСБ-ны Хаан банкны 5447125288 тоот дансанд 2020-8-20-нд 565.400 төгрөг, 2020-9-21-нд 565.500 төгрөг, 2020-10-20-нд 565.000 төгрөг, нийт 1.695.900 төгрөгийг нэхэмжлэгч Б.Энхбаяр приус хар 9937 УАН гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь мөн хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан тул хариуцагчаас 9937 УАН улсын дугаартай автомашины урьдчилгаа төлбөрт төлсөн 2.500.000 төгрөг, түүний өмнөөс Есөн шижир инвест ББСБ-д зээлийн төлбөрт төлсөн 1.695.900 төгрөг, нийт 4.195.900 төгрөгийг нэхэмжлэгч буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ж.Гэгээрэлээс 4.195.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.460.900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Гэгээрэлээс 4.195.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.460.900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 121.445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангасан шаардлагад ногдох хураамжид 82.070 төгрөгийг хариуцагч Ж.Гэгээрлээс гаргуулж нэхэмжлэгч Б.Энхбаярт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ