Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01781

 

 

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01781

 

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2021/03162 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Г-д холбогдох 6 655 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э хариуцагч Ж.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр приус-30 маркийн автомашиныг 12 700 000 төгрөгөөр худалдан авахаар болж урьдчилгаанд 4 500 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлөхөөр зээл хүсэхэд миний нэрээр зээл гарах боломжгүй байсан тул нөхрийн танилцуулсан Ж.Г-ийн нэр дээр зээл гаргуулж, автомашин авахаар болсон. Ингээд Е ББСБ ХХК-аас Ж.Г-ийн нэрээр зээл хүсэхэд зээл гарахыг зөвшөөрч, түүний нэр дээр 9 700 000 төгрөгийн зээлийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр олгосноор би худалдан авсан автомашины төлбөрөө бүрэн төлсөн. Ж.Г-ийн нэрээр гарсан зээлийг би 2020 оны 8, 9, 10 сарын үндсэн болон хүүгийн төлбөрийг төлсөн боловч коронавирус цар тахалтай холбоотой, хөл хорио тогтоосноор 2020 оны 12 дугаар сараас хойш зээлийн төлбөрийг төлж чадаагүй, орлоггүй болсон. Энэ талаараа банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эдийн засагчид хүсэлт гаргасан боловч эдийн засагч нь автомашинаа авчирж зургийг нь авахуулаарай гэсний дагуу нөхөртөө автомашиныг өгч явуулахад тухайн эдийн засаг автомашиныг авч үлдсэн байдаг. Ингэж авсан үлдсэн шалтгаанаа захирал байхгүй байна, маргааш ирж аваарай гэж хэлээд авч үлдсэн. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа хариуцагч Ж.Г нь төлөгдөөгүй байсан зээлийн төлбөрийг төлж автомашиныг авч явсан талаар банк бус санхүүгийн байгууллагаас мэдэгдсэн. Тэр автомашин дотор миний өөрийн болон гэр хүүхдүүдийн хэрэглэдэг эд зүйлс бүгд байсан, түүнийг ч авчирж өгөөгүй, түүнээс хойш сураггүй болсон тул шүүхэд хандсан. Одоо хариуцагч Ж.Г нь миний худалдан авсан автомашиныг авсан байгаа тул уг автомашиныг авахаар урьдчилгаа төлбөрт төлсөн 4 500 000 төгрөг болон банк бус санхүүгийн байгууллагад төлсөн зээлийн 1 695 000 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн автомашиныг анх худалдан аваад цаф сольж, тос хийсэн бөгөөд эдгээр зардлыг нэхэмжлээгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх Д.Э гэдэг хүнтэй танилцаагүй. н.Т гэх нөхөртэй нь 6 дугаар сарын 28-ны өдөр таксинд анх танилцаж байсан. Энэ үед жолоонд суух нөхцөл байдлын талаар ярьж байсан бөгөөд сарын дараа н.Т нь над руу утсаар залгаж ахад нь нэг гуйлга байна гээд уулзсан. Тэгээд надад банк бус санхүүгийн байгууллагаас 9 700 000 төгрөгийн зээл аваад өгөөч ах нь 2 сарын дараа төлнө гэж хэлсэн тул би зөвшөөрч зээлийг гаргуулж өгсөн. Тэр өдөр приус 30 атвомашиныг очиж үзэж, нотариатаар баталгаажуулж гэрээ байгуулж, номер авсан. Ингээд 9 дүгээр сарын 23-ны өдөр автомашиныг авч банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эдийн засагчид танилцуулж байхад будаг замасктай гээд 9 700 000 төгрөгийг автомашин зарсан хүнд шилжүүлсэн. Үүнээс хойш 3 сарын зээлийн төлөлт хийсэн. Үүнээс хойш 1 удаа уулзахад зээл төлөх боломжгүй болж хүү төлөх нөхцөлтэйгээр хүсэлт бичээд өгөөч гэхээр нь би банк бус санхүүгийн байгууллагад хүсэлт бичиж өгсөн. Түүнээс хойш надтай холбогдоогүй, холбогдох боломжгүй болсон байсан. Гэтэл 2021 оны 3 дугаар сарын 01-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас шүүхэд дуудсан шаардах хуудас явуулсан тул Б.Э н.Т нарыг зээлээ төлөөд өгөөч гэсээр 4 дүгээр сарын 01-ний өдөр болсон. Ингээд миний нэр зээлийн хар дансанд орсон, Б.Э н.Т нар зээлээ төлөх боломжгүй боллоо гэсэн зүйл хэлэхэд нь банк бус санхүүгийн байгууллагаас надад хохирол үүсэх талаар тайлбарласан тул тухайн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, засаж сэлбэж бусдад зарсан. Үүнээс хойш эдгээр хүмүүс утсаар залгаж дарамталсан, ярих болгонд үнийн дүн нэмэгдэж байсан. Банк бус санхүүгийн байгууллагаас надад санал тавихдаа машинаа хурааж авья, чи өөрөө аваад зар гэсэн тул 5-р сарын 1-нд шилжүүлж аваад хүүгийн төлөлтөд 2 000 000 төрөг төлж, 800 000 төгрөгөөр засвар хийж, 6-р сард зарсан. Надаас энэ машиныг худалдан авч байгаа хүн нь зээл авах боломжгүй гэж хэлсэн тул би өөрийн нэр дээр дахин зээл гаргуулж миний нэр дээрх зээлийг энэ хүн бас төлж байгаа. Б.Э-ын автомашин худалдан авсан хүнд шилжүүлсэн 4 500 000 төгрөгөөс тухайн хүн буцаагаад 2 000 000 төгрөгийг нь шилжүүлсэн байсан тул 2 500 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Мөн зээл төлсөн хугацаандаа энэ автомашиныг унаж хэрэглэж байсан тул төлөгдсөн зээлийн төлбөрийг би хариуцахгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Г ээс 4 195 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 460 900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 121 445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангасан шаардлагад ногдох хураамжид 82 070 төгрөгийг хариуцагч Ж.Г ээс гаргуулж нэхэмжлэгч Б.Э-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс тухайн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж үзэж тус шийдвэрийг гаргасан ч энэ нь 99-37 УАН дугаартай автомашины урьдчилгаа төлбөрт төлсөн 2 500 000 төгрөгтэй холбоотой болохоос нэхэмжлэгчийн нэгэнт төлсөн дээрх зээлийн төлбөрийг буцаан гаргуулах эрхтэй эсэх талаар үндэслэл бүхий тайлбар бичээгүй. Нэхэмжлэгч Б.Э түүний нөхөр н.Т нь анх зээл авахуулахдаа 2 сарын дараа төлнө гэж хэлж байсан атлаа 3 сарын зээлийн төлөлт хийснээс хойш нэг ч төлөөгүй бөгөөд энэхүү хариуцлагагүй үйлдлээс болж миний эрх ашиг зөрчигдөж, хохирч байгаа ба хугацаанд нь зээлээ төлөөгүйгээс миний нэр зээлийн хар дансанд орсон. Түүнчлэн нэхэмжлэгч тухайн автомашиныг зээл төлөх хугацаанд унаж, эдэлж хэрэглэж байсан бөгөөд төлөгдсөн зээлийн төлбөрийг хариуцах үндэслэлгүй. Гэтэл шүүхээс нэгэнт төлөгдсөн зээлийн төлбөрийг гаргуулах гэж байгаа нь хариуцагч миний эрх ашиг хөндөгдөж байгаа ба шүүхээс үүнийг харгалзан үзээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Е ББСБ ХХК-д зээлийн төлбөрт төлсөн 1 695 900 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хэрэгсэхгүй болгож, өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ж.Г-д холбогдуулан 6 655 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ж.Г нь Е ББСБ ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 1660402904 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 9 700 000 төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар, сарын 2.90 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 99-37 УАН улсын дугаартай Тоёота приус хар өнгийн автомашиныг барьцаалан зээл авсан болох нь хэргийн 11-12 дахь талд авагдсан 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдсон байна.

 

Е ББСБ ХХК-аас Ж.Г-ийн Хаан банкны 50А.М77526493 тоот дансанд 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зээлийн 9 700 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд уг зээлийн мөнгөн хөрөнгийг Ж.Г нь 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Б.Э-ын Хаан банкны 5037259263 тоот данс руу шилжүүлсэн болох нь хэргийн 6, 23, 38 дахь талд авагдсан Б.Э Ж.Г нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогджээ.

 

Мөн Б.Э нь өөрийн Хаан банкны 5037259263 тоот данснаас 4 500 000 төгрөгийг 5017303444 тоот А.М-ийн данс руу гүйлгээний утга дээр приус 30 хар өнгөтэй урьдчилгаа гэж шилжүүлсэн байна. Энэ мөнгөнөөс өөрийн эзэмшлийн Хаан банкны 5021399242 тоот данснаас нь Б.Э-ын дээрх данс руу гүйлгээний утга дээр 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөгийг буцаахдаа машин гэж шилжүүлсэн нь хэргийн 23, 45-46 дахь талд авагдсан баримтаар нотлогдсон байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь 99-37 УАН улсын дугаартай Тоёота приус хар өнгийн автомашиныг худалдан авахаар Ж.Г ээр Е ББСБ ХХК-аас 9 700 000 төгрөгний зээл авахуулж, уг зээлийн мөнгөн хөрөнгөөр автомашин худалдан авч энэ зээлийн барьцаанд А.Мгээс худалдан авсан Б.Э-ын автомашиныг Е ББСБ ХХК-ийн барьцаанд бариулсан үйл баримт тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл зээлийн барьцааны гэрээний зүйл болох автомашиныг нэхэмжлэгч Б.Э нь А.Мгээс худалдан авахдаа урьдчилгаа төлбөрт 4 500 000 төгрөг төлснөөс тэрээр 2 000 000 төгрөгийг түүнд буцаан шилжүүлсэн, хариуцагч Ж.Г ээс өөрийн данс руу шилжиж ирсэн зээлийн мөнгөн хөрөнгөөс 9 400 000 төгрөгийг А.Мд шилжүүлсэн байна. Мөн хариуцагч Ж.Г-ийн зээлсэн зээлийн гэрээний 2020 оны 8, 9, 10 дугаар сарын үүргийг нэхэмжлэгч Б.Э гүйцэтгэсэн үйл баримтууд тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь нэхэмжлэгч Ж.Г-ийн авсан зээлийг түүний өмнөөс банк бус санхүүгийн байгууллагад төлөх үүрэг хүлээхээр тохиролцсон боловч уг тохиролцоог зөрчиж зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйгээс Б.Э-ын эзэмшил, ашиглалтад байсан Ж.Г-ийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан автомашиныг банк бус санхүүгийн байгууллага хураан авч Ж.Г-д шилжүүлэн өгсөн, тус автомашиныг Ж.Г худалдан борлуулсан байна.

 

Хариуцагч Ж.Г нь нэхэмжлэгч Б.Э-ын худалдан авсан автомашиныг худалдан борлуулж банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн мөнгөн хөрөнгө болох 9 700 000 төгрөгийг тооцон авсан атлаа Б.Э-ын урьдчилгаанд төлсөн 2 500 000 төгрөгийг буцаан өгөөгүй 2 500 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна.

 

Мөн хариуцагч Ж.Г-ийн авсан зээлийн төлбөрт Е ББСБ ХХК-ийн Хаан банкны 5447125288 тоот дансанд 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 565 400 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 565 500 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 565 000 төгрөг, нийт 1 695 900 төгрөгийг Б.Э төлсөн болох нь хэргийн 5-9 дэх талд авагдсан Хаан банкны дансны хуулгаар тогтоогдсон тул энэ мөнгөн дүнгээр хариуцагч Ж.Г ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх Б.Э Ж.Г нарын хооронд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн нь зөв байв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар 99-37 УАН улсын дугаартай автомашины урьдчилгаа төлбөрт төлсөн 2 500 000 төгрөг, Б.Э нь Ж.Г-ийн өмнөөс Е ББСБ ХХК-д зээлийн төлбөрт төлсөн 1 695 900 төгрөг, нийт 4 195 900 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд шүүх хариуцагч Ж.Г ээс 4 195 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 460 900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасантай нийцжээ. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2021/03162 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 093 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ