Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2021/03382

 

2021 10 26 101/ШШ2021/03382

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

*******,*******,*******,*******,*******,

хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,,

орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Эрдэнэбилэг, хариуцагч Б.Сарангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянзүрх дүүргийн 5-р хороонд Тарвалин хотхоны 48Д байрны 29 тоотын орон сууцыг 2015 онд өөрийн хөрөнгөөр худалдан авч өмчилж байгаа. Би Багануур ХК-ийн нүүрсийг жижиглэн савлан худалдаалах зорилгоор 2018-1-26-ны өдөр Хаан банктай гэрээ байгуулан, өөрийн өмчлөлийн энэхүү орон сууцыг барьцаалан бизнесийн зориулалтаар зээл авсан. Энэхүү бизнесээ амжилттай явуулахын тулд УБТЗ-ын АБТЭМА-тай гэрээ байгуулан 400 квм нүүрс ачиж буулган ангилах талбайг 2022 оныг дуустал ашиглахаар болж, талайн тохижуулалт, нүүрс шигших шүүлтүүрэн төхөөрөмж зэрэгт нэмэлт хөрөнгө оруулалт хийж, нүүрс худалдаалах бизнес маань амжилттай явж, зээлээ тасралтгүй цаг тухайд нь төлж байсан. Гэтэл Монгол Улсын засгийн газрын 2018 оны 62-р тогтоолын дагуу Утаагүй Улаанбаатар төсөл хэрэгжиж эхэлснээр миний бизнес бүрэн зогсож, зээл төлөлт доголдож, дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас бусад төрлийн бизнесүүд маань зогсолтын байдалд орж, зээлийн хар дансанд орсон. Иймээс Хаан банкнаас удаа дараа хүсэлт, шаардлага ирж зээлийг албадан төлүүлэх арга хэмжээ авах талаар мэдэгдээд байгаа тул өөрийн өмчлөлийн байраа зарахын тулд хариуцагч Б.Сарангоогоос байраа чөлөөлүүлэхээр шаардсан.

Б.Сарангоо нь байрыг худалдан авахаар мөнгө төлсөн гээд байна. Хэрэв төлсөн бол эсхүл эдгээр хүмүүст энэ байрыг өгөх байсан бол нэрийг нь шилжүүлээд өгчих байсан. Анхнаасаа би энэ байрыг өөрийн хөрөнгөөрөө 100 хувь төлөлтийг төлж худалдан аваад Э.Батул, Б.Сарангоо нарыг өөрсдөө байртай болтлоо амьдар гэж оруулсан. Хэрэв энэ хоёрт өгөх байсан бол аль хэдийн шилжүүлэх цаг хугацаа хангалттай байсан. Б.Сарангоо нь энэ байрыг чөлөөлнө гэж олон удаа ярьж, 2021-07-02-ны өдөр хүүхдүүдээ манайд орхиод гэрийнхээ тавилгыг зөөнө гээд явсан боловч 2021-07-18-нд ирж хүүхдүүдээ авахдаа нүүгээгүй байсан. Хамгийн гол нь энэ хүний ярьж байгаа болгон нь худлаа байдаг. Б.Сарангоо нь миний хүү Э.Батултай хамт амьдарч байсан. Энэ хоёр хүн 2021 оны 04 сарын сүүлээс тусдаа амьдарч байгаа. Тиймээс Б.Сарангоогоос өөрийн өмчлөлийн байрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э.Батул гэх хүнтэй амьдарч эхэлснээс хойш нэхэмжлэгч Ж.Эрдэнэбилэг гэдэг хүний бэр болсон. Энэ хүний худлаа худлаа гэдэг үг нь өөрөө худлаа. Миний ярьсан бүх зүйл баримт нотолгоотой байгаа. Би Э.Батултай 2013-8-14-ний өдрөөс хойш үерхэн нөхөрлөж 2015 оны 10-р сараас өрх тусгаарлан хамт амьдарсан. Энэ хугацаанд Батулын Хабул, Батулын Хулан нарыг төрүүлсэн бөгөөд одоо хүүхдүүд 2-6 настай. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Тарвалин хотхоны 48Д байрны 29 тоотын орон сууцыг 2015 оны 10-р сард худалдан авснаас хойш Э.Батул, Б.Сарангоо, дагавар хүү Даваадорж, Б.Хабул, Б.Хулан бид ам бүл 5-уулаа амьдарч байгаа. Энэхүү орон сууцыг бидний хамтын амьдралд зориулж худалдан авч өгсөн мөртлөө өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан. Нөхөр Батулын цалингаас сар бүр 600.000 төгрөг авч, одоо өөрсдийн амьдарч байгаа Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 57-р байрны 19 тоот байрны зээлээ төлдөг эсхүл байр авч өгсөн мөнгөө нөхөр Батулаас бэлэн бусаар дансаар авч өөрөө хувьдаа захиран зарцуулдаг байсан. Гэтэл Ж.Эрдэнэбилэг нь энэхүү орон сууцыг 2018 онд Хаан банкинд зээлийн барьцаанд тавьж өөрөө зээл авч бизнес хийсэн боловч энэхүү зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүсмэгц өр зээлээ дарахын тулд бэр Б.Сарангоо намайг түр оршин суугч гэж гүтгэн газар дээрх хоёрхон ач хүүхдүүдээ хорооллын өвөө, эмээ дээрээ очиж амьдар гэж хөөж туун орох, оронгүй гудамжинд гаргахаар энэхүү нэхэмжлэлийг гаргасанд маш их гомдолтой байна.

Нөхөр Батулыг байхгүй эзгүй байхад намайг гурван хүүхэдтэй минь хамт хөөж байна. Нөхрийг байхгүй байхад зөвхөн намайг энэ байранд амьдарсан юм шиг, гурван хүүхэдтэйгээ хаана очихоо шийдээгүй байхад, нөхөр маань намайг хаяад явчихаад байхад, 6 сараас хойш гурван хүүхдээ хоолгүй хонуулж байхад, гурван хүүхдээ түгжээд таксинд явж, халтуур хийж байхад хөөж байна. Би нөхрөө хаяад явснаас нь хойш гурван хүүхдээ хоолтой байлгахын тулд сургууль, цэцэрлэгт нь зөөж завсар зайгаар нь халтуурт явж байсан. Би энэ хүний бэр байсан нь үнэн. Тийм учир би нөхрөө ирэхээр ямар гаргалгаа байгаа талаар ярилцаж шийдсэний дараа байрыг нь чөлөөлж өгч болно.

Ж.Эрдэнэбилэг нь 06 дугаар сарын 30-нд ирээд байрыг барьцаанд тавьсан байгаа, үлдэгдэл 26 сая төгрөг үлдсэн гэж хэлэхэд манай ээж надад 14 хоногийн дараа 20 сая төгрөг өгөх боломжтой гэж хэлэхэд хадам аав өөрийнхөө авсан зээлийг чамаар төлүүлэхгүй гэсэн. Ээж маань 20 сая төгрөгийг нь өгчихөөд гэр оронтой нь үлдээе гэхэд хадам аав нөхөр бид хоёрыг салгана, салгахаас өөр арга байхгүй гэж хэлсэн. Үнэхээр байраа чөлөөлүүлэхийг хүсэж байгаа бол байрыг барьцаанд тавьсан байгаа, байр хураагдах гэж байгаа гэдгийг анхааруулж хэлэх ёстой байсан. Би нөхрөө ирэхээр гурван хүүхэдтэйгээ хаана амьдрахаа шийдэж байж гарна. Түүнээс биш өвлийн хүйтэнд гурван хүүхдээ аваад гарч чадахгүй гэв.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэбилэг нь хариуцагч Б.Сарангоод холбогдуулан Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, 48Д байрны 29 тоотод байрлах орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-2/.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Э.Батул, Б.Сарангоо нарыг өөрсдөө байртай болтлоо амьдар гэж энэ байранд оруулсан боловч энэ хоёр хүн 2021 оны 04 сарын сүүлээс тусдаа амьдарч байгаа. Би Хаан банкнаас авсан зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийн тулд тухайн орон сууцыг худалдан борлуулах шаардлагатай болсон гэж тайлбарласан.

 

Харин хариуцагч Б.Сарангоо нь нэхэмжлэгчийн хүү Э.Батул нь гэр бүл үр хүүхдээ орхиж явсан, тэр хүнийг ирэхээр хаана амьдрахаа шийдсний дараа байрыг чөлөөлнө гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, 48Д байрны 29 тоотод байрлах 43,5 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр Жанчивын Эрдэнэбилэг бүртгэлтэй болох нь улсын бүртгэлийн Ү-2204075667 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байх /хх-4/ бөгөөд тухайн орон сууцыг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Ж.Эрдэнэбилэг нь Хаан банк ХХК-тай байгуулсан барьцааны гэрээнд барьцаалсан байна /хх-5-6/.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан бөгөөд дээрх орон сууцны өмчлөгч нь Ж.Эрдэнэбилэг болох нь нотлогдож байх тул өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой шаардлага гаргах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.Сарангоогийн иргэний үнэмлэхний хаягийн шилжилт хөдөлгөөн 2016 оны 04-р сарын 18-ны өдөр хийгдсэн байх боловч /хх-40/ тэрээр нэхэмжлэгчийн хүү Э.Батултай хамтын амьдралтай байсан болон тухайн байранд 3 хүүхдийн хамт амьдарч байгаа үйл баримтад нэхэмжлэгч тал маргаагүй.

 

Тиймээс Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд тус тус зааснаар эрх бүхий байгууллагад тийнхүү бүртүүлснээр шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүсэх учиртай.

 

Хариуцагчийн нэхэмжлэгчийн хүү Э.Батултай хамтын амьдралтай байсан, бидний хамтын амьдралд зориулж уг байрыг хадам аав Эрдэнэбилэг худалдан авч өөрийн нэрээр өмчлөх эрхийн гэрчилгээг авсан гэх тайлбарын хувьд өмчлөх эрхийг хуульд заасны дагуу шилжүүлээгүй тохиолдолд хууль ёсны өмчлөгч нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр Ж.Эрдэнэбилэг байх тул хариуцагчийг шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй.

 

Учир нь, Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухай эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж заасан боловч хуулийн 91.2.1-д эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол хамаарахгүй гэж хязгаарласан байна.

 

Үүнээс үзэхэд хэн нэгэн этгээд үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа тохиолдолд түүнийг өмчлөгч гэж үзэхгүй бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд гагцхүү улсын бүртгэлд бүртгэгдсэн этгээдийг өмчлөгч гэж тооцно.

 

Иймд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бусаар орон сууц эзэмшиж байгаа үйлдлийн улмаас өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасан эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр шаардлага гаргасан нь үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Харин зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох, нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч хариуцагчийн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт болон хэрэгт нотлох баримтаар гаргасан баримтууд нь хариуцагч Б.Сарангоогийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, иргэн Э.Батултай холбоотой, тэдгээрийн хүүхдүүдийн эрх зөрчигдсөн талаарх баримтууд байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлөхгүй гэх татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн урьдчилан 2021-07-6-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Эрдэнэбилэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075667 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, 48Д байрны 29 тоотод байрлах орон сууцыг хариуцагч Б.Сарангоогийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Сарангоо-с 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Эрдэнэбилэгт олгосугай.

 

3Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ