Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01785

 

 

 

 

                                  Ж.Энэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2021/03382 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Эхариуцагч Б.Схолбогдуулан гаргасан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Моломжамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Эшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2015 онд .... 48Д байрны 29 тоот орон сууцыг 2015 онд худалдан авсан. “Багануур” ХК-ийн нүүрсийг жижиглэж савлан худалдаалах зорилгоор 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Хаан банкнаас орон сууцаа барьцаалж бизнесийн зориулалтаар зээл авсан. Утаагүй Улаанбаатар төслийн хэрэгжилт, цар тахлын улмаас бизнес зогсолтод орж зээл төлөхөд доголдол үүссэн. Хаан банкнаас зээлээ төлөх шаардлагыг удаа дараа тавьж, албадан төлүүлэх арга хэмжээ авах талаар мэдэгдсэн тул өөрийн өмчлөлийн байраа худалдах шаардлага гарсан. Уг орон сууцыг өөрийн хөрөнгөөрөө 100 хувь төлөлт хийж худалдан аваад Э.Б, Б.С нарыг байртай болох хүртэл нь амьдруулсан. Б.С 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гэрийнхээ тавилгыг зөөнө гэсэн боловч нүүгээгүй. Б.С, Э.Б нар 2021 оны 04 сарын сүүлээр тусдаа амьдарч байгаа. Иймд Б.Сгийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн тайлбарт: Э.Бтай 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс хойш нөхөрлөж 2015 оны 10 дугаар сараас өрх тусгаарлан хамт амьдарсан. Энэ хугацаанд Б.Х, Б.Хнарыг төрүүлсэн, хүүхдүүд 2-6 настай. ..... 29 тоотын орон сууцыг 2015 оны 10 дугаар сард худалдан авснаас хойш Э.Б, Б.С, дагавар хүү н.Д, Б.Х, Б.Хнар амьдарч байгаа. Нэхэмжлэгч уг орон сууцыг бидний хамтын амьдралд зориулж худалдаж авч өгсөн атлаа өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан. Э.Бын цалингаас сар бүр 600 000 төгрөг авч, өөрсдийн амьдарч байгаа ... 19 тоот орон сууцны зээлээ төлдөг эсвэл байр авч өгсөн мөнгөө Э.Баас бэлэн бусаар дансаар авч хувьдаа захиран зарцуулдаг байсан. Гэтэл Ж.Э нь уг орон сууцыг 2018 онд Хаан банкнаас зээл авахдаа барьцаанд тавьж бизнес хийсэн боловч зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүсмэгц өр зээлээ дарахын тул Б.Сг түр оршин суугч гэж гүтгэн, 2 хүүхдийг хөөж орох оронгүй гудамжинд гаргахаар нэхэмжлэл гаргасанд маш их гомдолтой байна. Э.Быг байхгүй байхад хариуцагчийг гурван хүүхдийн хамт хөөж байна. Э.Бтай ярилцаж шийдсэний дараа байрыг чөлөөлж өгч болно. Өвлийн хүйтэнд гурван хүүхэдтэйгээ байрнаас гарч чадахгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Эөмчлөлийн .... 29 тоотод байрлах орон сууцыг хариуцагч Б.Сгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Сгоос 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Эт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Сгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзаж, гомдол гаргах эрхгүй захирамж гаргасанд гомдолтой байна. Э.Б нь хэсэг хугацаанд тусдаа амьдарч байгаа хэдий ч орон сууцны эзэмшлээс татгалзаагүй, өмчлөгчийн зүгээс шаардлага гаргаагүй, маргаан бүхий орон сууцны хамтран эзэмшигч нь хэвээрээ байгаа тул Э.Быг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулах шаардлагатай байсан. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ж.Э нь 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Хаан банктай барьцааны гэрээ байгуулж маргаан бүхий орон сууцыг 49 000 000 төгрөгөөр үнэлүүлсэн ба хэдэн төгрөгийн зээлийг ямар хугацаатай, ямар нөхцөлтэй зээлдэн авсан, одоо зээлийн үлдэгдэл хэдэн төгрөг байгаа, зээл буцаан төлүүлэх болон барьцааны зүйлийг худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийг хангуулах талаар банкнаас ямар үйл ажиллагаа явуулж байгаа, уг орон сууцыг худалдан борлуулах зайлшгүй шаардлагыг нэхэмжлэгч тал нотолж чадаагүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага тодорхой, албадан чөлөөлүүлэх орон сууц нь эрх бүхий байгууллагаас олгосон эрхийн гэрчилгээтэй, улсын бүртгэл үнэн зөв гэж харагдаж байгаа ч нэхэмжлэгч Ж.Этодорхойлсон хариуцагч болох нэхэмжлэгчийн төрсөн хүү Э. Б эхнэр  уг орон сууцанд нөхөр, хүүхдийн хамт 2015 оны 10 дугаар сараас хойш одоог хүртэл амьдарч байна. Э.Б нь архины хамааралтай, өнгөрсөн хугацаанд гэр бүлийн гишүүдээ байнгын хүчирхийлэл дарамтанд байлгаж, уул уурхайн компанид хөдөө орон нутагт ажилладаг нэрийдлээр 2021 оны 6 дугаар сард гэрээсээ яваад холбоо барихгүй хэл сураггүй болсон байх үед нь хүү Э.Бын эхнэрийг, ач хүүхдүүдийн хамт гудамжинд гаргахаар элдэв арга заль хэрэглэн хөөж байна. Уг орон сууцыг нэхэмжлэгч хүүхдүүдийнхээ ирээдүйн амьдралд зориулж хамт явж сонгож аваад, улмаар 2 талын хамаатан садан, найз нөхөд, ажлын хамт олны хүрээнд цайллага хийж "сайн сайхан амьдраарай" гэж хадаг уяж өгсөн. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох зайлшгүй шалтгаант холбоотой. Хариуцагч татгалзлаа нотлохоор 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өмгөөлөгч авах, гэрч асуулгах хүсэлт гаргаснаас гэрч асуулгах хүсэлтийг шийдвэрлээгүй, хуульд зааснаар өөрөө цуглуулах боломжтой баримтуудыг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд хавсаргасан, өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг хуульд зааснаар холбогдох этгээдээс гаргуулах хүсэлт гаргасан байтал хүсэлтийг хүлээн авалгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийг өмгөөлөгч авах эрхээр хангаж шүүх хуралдаан хойшилсон боловч 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанд даргалагчаас: хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргах хүсэлт, шинээр гаргах нотлох баримт байна уу гэхэд, хариуцагч: Сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа гэснээр ... энэ тухай хэлэлцэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан болохыг тайлбарлаж, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн. Хариуцагчид өмгөөлөгч авах талаар тайлбарлах боломж гараагүй бөгөөд энэ тухай асууж тодруулаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. Шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт " сөрөг нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр, 63.1.6-д үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно" гэж зааснаар дүгнэсэн нь буруу. Сөрөг нэхэмжлэл гаргахдаа бүрдүүлбэрийг хангаж, улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн. Сөрөг нэхэмжлэл нь тухайн маргаж буй орон сууцны үнийг гаргуулах тухай нэхэмжлэл биш. Учир нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн эрх буюу өмчлөх эрх, өөрөөр хэлбэл дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгчийн хүү, түүний эхнэр, ач хүүхдүүдийн хамт нэмж бүртгүүлэхтэй холбоотой.  Маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлснээр хариуцагчийн асрамжинд байгаа 02-14 насны 3 хүүхдийн хувьд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн зорилт биелэгдэхгүйд хүрч хүүхэд хамгааллын зарчмууд алдагдан, хуульд заасан хүүхдийн үндсэн эрхүүд ноцтой зөрчигдөх нь тодорхой байхад шүүх эдгээр бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, харгалзан үзээгүй. Хүүхдүүдэд холбогдох эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.  

Нэхэмжлэгч Ж.Э хариуцагч Б.Сгийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... өөрийн өмчлөлийн орон сууцандаа хүү Э.Б, түүний эхнэр Б.С нарыг байртай болтол нь амьдрахыг зөвшөөрсөн .., Б.С, Э.Б нар одоогоор тусдаа амьдарч байгаа. .., орон сууцыг худалдаж Хаан банкнаас авсан зээлээ төлнө .., ” гэж тайлбарлаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн тул хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.

Баянзүрх дүүргийн .... 2 өрөө орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Ж.Э байх ба уг орон сууцыг “Х банк” ХХК-тай 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалжээ. /хх4-6/

Өмчлөгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй боловч мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заасан. Хэрэв хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний дагуу ашиглаж байсан бол уг гэрээг хуулиар тогтоосон журмын дагуу цуцласан эсэх нөхцөл байдал тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.С, Э.Б нарын хувьд Иргэний хуулийн 93 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч болсон тохиолдолд орон сууцыг өмчлөгчид нь хэзээ буцааж өгөхөөр тохиролцсон хугацааг тодруулах нь шүүхээс маргааны үйл баримтад хамаарах эрх зүйн харилцааг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

          Нэхэмжлэгч нь хариуцагчаар Б.Сг татсан боловч тус орон сууцанд насанд хүрээгүй 3 хүүхэд, нөхөр Э.Бын хамт оршин суудаг болох нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн 5-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. /хх41/ Насанд хүрээгүй этгээдүүдийн хууль ёсны төлөөлөгч нь Б.С, Э.Б нар байхад шүүхээс энэ талаар Э.Бд мэдэгдэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай эсэхийг талуудаас тодруулах зэрэг ажиллагааг хийгээгүй байна.

Шүүх хариуцагчийн Ж.Э, Э.Б нарт холбогдуулан гаргасан маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг  улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн, хэргийн оролцогч бус этгээдэд холбогдуулан гаргасан, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2, 73 дугаар зүйлийн 73.1, 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ. /98-100, 126-128/

Дээр дурьдсан ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2021/03382 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

                                      

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ  

                                              ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН                                                                                                   

                                                                                              А.МӨНХЗУЛ