Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2022/01460

 

2022 03 31 101/ШШ2022/01460

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

*******,*******,*******,*******,*******,*******,

хариуцагч- Сүхбаатар дүүрэг,*******,*******,,,

зээлийн гэрээний үүрэгт 5,247,722,860 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Пүрэвдагва. 

 

Хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Yang Jinguang нь хариуцагч Жи Пи Эф ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5.171.790.125 төгрөг, зээлийн хүүд 75.928.736 төгрөг, нийт 5,247,722,860 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлон тайлбарлаж байна. Үүнд: Жи Пи эф ХХК-тай Хятад улсын иргэн Yang Jinguang нь 7 удаагийн зээлийн гэрээ байгуулсан.

1.1 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5.000.000 юаныг 12 сарын хугацаатай, нэг жилд 4.9 хувийн хүүтэй, зээлийн гэрээ байгуулж, зээлийн хүү 108.112 юань байхаар тохиролцсон. Энэ гэрээг банкны гадаад зээлийг бүртгэх маягтыг бөглөж Монгол банкинд бүртгүүлсэн.

1.2 2017 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 35.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг жилд 4.9 хувийн хүүтэй, зээлийн гэрээ байгуулж, зээлийн хүү 1.477.533 төгрөг байхаар тохиролцсон.

1.3 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 138.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг жилд 4.9 хувийн хүүтэй, зээлийн гэрээ байгуулж, зээлийн хүү 3.019.632 төгрөг байхаар тохиролцсон.

1.4 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 200.000 юаныг 12 сарын хугацаатай, нэг жилд 4.9 хувийн хүүтэй, зээлийн гэрээ байгуулж, зээлийн хүү 4.375 юань байхаар тохиролцсон.

1.5 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 юаныг 12 сарын хугацаатай, нэг жилд 4.9 хувийн хүүтэй, зээлийн гэрээ байгуулж, зээлийн хүү 21.816 юань байхаар тохиролцсон.

1.6 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 86.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг жилд 4.9 хувийн хүүтэй, зээлийн гэрээ байгуулж, зээлийн хүү нь 1.876.102 төгрөг байхаар тохиролцсон.

1.7 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1.000.000 юаныг 12 сарын хугацаатай, нэг жилд 4.9 хувийн хүүтэй, зээлийн гэрээ байгуулж, зээлийн хүү нь 21.862 юань байхаар тохиролцсон.

Үүнээс гадна Жи Пи эф ХХК-нд бэлэн мөнгөөр зээл олгож, гэрээг Хятад хэл дээр үйлдэж, мөнгө зээлсэн баримтуудыг албан ёсны орчуулгын товчоогоор Монгол хэл дээр орчуулж нэхэмжлэлд хавсаргасан тул бэлэн мөнгөөр олгосон зээлэнд хүү болон хугацаа байхгүй тул хүүгийн төлбөр нэхэмжлээгүй. Мөнгө зээлсэн баримт, Голомт банкны дансаар

1.8 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 30.000.000 төгрөгийг бэлнээр,

1.9 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2.500 юаныг бэлнээр,

1.10 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 2.000.000 юаныг Жи Пи эф ХХК-ийн Голомт банкны 2105016267 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн.

1.11 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 350.000 долларыг бэлнээр зээлдүүлсэн.

1.12 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 60.000 долларыг бэлнээр зээлдүүлснээр нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа Ян жингуан гэх этгээд манай компанид холбогдуулан зээлийн хэлцэл байгуулсан мэтээр мэдүүлэн улмаар хариуцагч гэж тодорхойлон нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлд дурдсан асуудлыг шүүн үзэхэд тус компани нь БНХАУ иргэн гэх Ян жингуан гэх этгээдтэй зээлийн эрх зүйн харилцаанд оролцож байсан гэх гэрээ хэлцэл бичиг баримт байхгүй бөгөөд санхүүгийн анхан шатны баримт гэрээ ба хэлцэл бүртгэгдээгүй байна. Ян жингуан гэх этгээдээс мөнгө орсон даруй буцаан өөр этгээдийн данс руу шилжүүлж байсан баримт илэрсэн бөгөөд нэхэмжлэл гаргасан Ян жингуан нь тодорхой хугацаанд тус компаний захиралаар ажиллаж байсан байна. Өөрийгөө нэхэмжлэгч гэх Ян жингуан нь тус компанийн дансыг ашиглан мөнгө оруулан буцаан гаргаж байсан үйлдэл нь эрүүгийн хуульд заасан мөнгө угаах гэмт хэрэг байх бөгөөд энэ хүн гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай бөгөөд хүрэлцээтэй баримтаар нотлогдож байх тул энэ асуудал нь иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх асуудал биш байна. Иймд энэхүү нэхэмжлэлийг тус компани хариуцахгүй болно гэжээ /1-р хх-58/.

 

3. Нэхэмжлэгч талаас 2013-12-08-ны өдрийн 750,000 юань шилжүүлэг, Голомт банкны мемориалын 201407115090030199 дугаартай баримт, 2015-4-19-ний өдрийн өнөөдөр Ян жин гуан-аас 30,000,000 төгрөг зээлж авсан, зээлсэн хүн Т.Гансүх гэх мөнгө зээлсэн баримт, 2017-03-31-ний өдрийн огноотой зээлдэгч JPF, 14 тоот байрны мөнгийг төлсөн, 35,000,000 төгрөг гэж бичигдсэн мөнгө зээлсэн баримт, 2017-4-18-ны өдрийн огноотой зээлдэгч JPF, ян эмчээс бэлнээр зээлсэн, 200,000 юань гэж бичигдсэн мөнгө зээлсэн баримт, 2017-4-18-ны өдрийн огноотой зээлдэгч JPF, компани ян эмчээс зээлсэн, 68,000,000 төгрөг гэж бичигдсэн мөнгө зээлсэн баримт, 2017-04-25-ны өдрийн огноотой зээлдэгч JPF, зарлага, 70,000,000 төгрөг гэж бичигдсэн мөнгө зээлсэн баримт, 2017-5-1-ний өдрийн огноотой, зээлдэгч JPF, зээл, 1,000,000 юань, 58,000,000 төгрөг гэж бичигдсэн мөнгө зээлсэн баримт, 2017-06-29-ний өдрийн Голомт банкны 2,000,000 юань Жи пи Эф ХХК-д зээлдүүлэх гэж төлбөрийн зориулалт бичигдсэн төлбөрийн баримт, 2017-06-05-ны өдрийн Голомт банкны 1,000,000 юань зээл авав гэж төлбөрийн зориулалт бичигдсэн төлбөрийн баримт, 2017-7-6-ны өдрийн Си Си Эм икс компани Ян эмчээс бэлнээр 20,000,000 төгрөг зээлж авсан гэ бичигдсэн мөнгө хүлээн авсан баримт, Голомт банкны 2017-7-21-ний өдрийн 100,000,000 төгрөг ССМХ компанид зээлэв гэж бичигдсэн төлбөрийн баримт, Голомт банкны 2017-7-26-ны өдрийн 25,650,000 төгрөг ССМХ-д зээлдүүлэв гэж бичигдсэн төлбөрийн баримт, Голомт банкны 2017-7-26-ны өдрийн 24,350,000 төгрөг ССМХ компанид зээлдүүлэв гэж бичигдсэн төлбөрийн баримт, 2017-7-5-ны өдрийн огноотой Жи пи эф компани Ян эмчээс бэлнээр 2500 юань зээлж авсан, баяжуулах үйлдвэрийн Ван шиэн шин 11 хүний замын зардалд хэрэглэсэн гэж бичигдсэн мөнгө хүлээж авсан тухай баримт, Ц.Оюунтуяа гэх иргэний гарын үсгийн үнэн зөв гэрчлэгдсэн тодорхойлолт, Монгол банкны өмгөөлөгч С.Отгонжаргал танаа гэж хаягласан ...БНХАУ-ын иргэн Ян жингуан, Жи пи эф ХХК хооронд байгуулсан зээлийн Монголбанканд байхгүй... тухай албан бичиг, 2017-4-24-ний өдрийн Жи пи эф ХХК-ийн захирал Jin Jianmin, БНХАУ-ын иргэн Yang jin guang нарын хооронд байгуулагдсан 41/2017 дугаартай 200,000 юань зээлийн гэрээ, зээл хүү төлөх төлбөрийн хуваарь, 2017-5-1-ний өдрийн 17/42 дугаартай 1,000,000 юань зээлийн гэрээ, зээл, хүү төлөх төлбөрийн хуваарь, 2017-6-5-ны өдрийн 17/45 дугаартай, 1,000,000 юань зээлийн гэрээ, зээл, хүү төлөх төлбөрийн хуваарь, 2017-01-20-ны өдрийн 17/35 дугаартай 5,000,000 юаны зээлийн гэрээ, зээл, хүү төлөх төлбөрийн хуваарь, банкны гадаад зээлийг бүртгэх маягт, 2017-5-1-ний 17/43 дугаартай 86,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, зээл, хүү төлөх төлбөрийн хуваарь, 2017-3-30-ны өдрийн 17/36 дугаартай, 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, зээл, хүү төлөх төлбөрийн хуваарь, 2017-4-18-ны өдрийн 17/37 дугаартай 138,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, зээл, хүү төлөх төлбөрийн хуваарь, Х.Батзулын үйлдлийн үнэн зөвийг гэрчилсэн тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Голомт банк ХХК-иас Си Си Эм икс ХХК-ийн 1405006144 дугаартай дансны хуулга, 1165010023 дугаартай Yang Jinguang дансны хуулга, Дундговь аймгийн засаг даргын тамгын газраас Жи пи эф ХХК-ийн 2017 оны санхүүгийн цахимаар баталгаажсан тайлан, Монгол банкнаас гадаад зээлийн бүртгэлийн маягт, Голомт банк ХХК-иас Жи Пи Эф ХХК-ийн 2105016267 дугаартай дансны хуулга, Yang Jinguang-y 1165010023 дугаартай дансны хуулга, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Нарлаг өргөө /13312/ нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 723-р байрны 1 тоот хаягт байршилтай 259,7 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн лавлагаа, Х.Батзул гэх иргэний [email protected] хаягт үзлэг хийсэн тэмдэглэл,

хариуцагчийн хүсэлтээр Хил хамгаалах ерөнхий газраас БНХАУ-ын иргэн Zhou Wenjuan улсын хилээр гарсан лавлагаа, Jin Nianmin улсын хилээр гарсан лавлагаа,

шүүх Си Си Эм Икс ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Хил хамгаалах ерөнхий газраас БНХАУ-ын иргэн Jin Jianmin улсын хилээр гарсан лавлагаа, Гадаадын иргэн харьяатын газраас Си Си Эм Икс компаний захирал Jin Jian min-н оршин суух зөвшөөрлийн талаарх баримт, Х.Батзул гэх иргэний цахим шууданд хийсэн үзлээр хэвлэж авсан хятад хэлээр бичигдсэн баримтад орчуулагч томилсон баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

5. Шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2022/07925 дугаар захирамжаар хариуцагч Си Си Эм Икс ХХК-нд холбогдох шаардлагыг тусгаарлаж, хариуцагч Жи пи эф ХХК-нд холбогдох шаардлагыг шийдвэрлэсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Yang Jinguang-н нэхэмжлэлээс 3.232.806.838 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 2.014.916.022 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн тодруулсан шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгаланд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр /2-р хх-94/, мөн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгаланд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр /2-р хх-218, 219/ тус тус гардуулж, хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлсан байх боловч хариуцагчаас тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Тиймээс мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус зохицуулсан.

 

Дээрх хуульд зааснаар хариуцагч тал нэхэмжлэлийн тодруулж, нэмэгдүүлсэн шаардлагыг гардан авч, хариу тайлбар нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож болох хэдий ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн эсэхийг шүүх дүгнэнэ.

 

1. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ хэрэгт авагдсан зээлийн гэрээ, мөнгө зээлсэн баримт гэж орчуулагдсан баримт, Голомт банкны дансны хуулга, Х.Батзулаас нэхэмжлэгчтэй харилцсан захианд үзлэг хийлгэж орчуулагдсан баримт зэргийг үндэслэн хариуцагч Жи Пи Эф ХХК нь зээлийн төлбөрөөс эргэн төлөлт хийгдээгүй гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч Жи пи эф ХХК нь нэхэмжлэлийг үгүйсгэж, Ян жингуан гэх этгээд манай компанид холбогдуулан зээлийн хэлцэл байгуулсан мэтээр мэдүүлэн улмаар хариуцагч гэж тодорхойлон нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлд дурдсан асуудлыг шүүн үзэхэд тус компани нь БНХАУ иргэн гэх Ян жингуан гэх этгээдтэй зээлийн эрх зүйн харилцаанд оролцож байсан гэх гэрээ хэлцэл бичиг баримт байхгүй бөгөөд санхүүгийн анхан шатны баримт гэрээ ба хэлцэл бүртгэгдээгүй байна. Ян жингуан гэх этгээдээс мөнгө орсон даруй буцаан өөр этгээдийн данс руу шилжүүлж байсан баримт илэрсэн бөгөөд нэхэмжлэл гаргасан Ян жингуан нь тодорхой хугацаанд тус компаний захиралаар ажиллаж байсан байна. Өөрийгөө нэхэмжлэгч гэх Ян жингуан нь тус компанийн дансыг ашиглан мөнгө оруулан буцаан гаргаж байсан үйлдэл нь эрүүгийн хуульд заасан мөнгө угаах гэмт хэрэг байх бөгөөд энэ хүн гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай бөгөөд хүрэлцээтэй баримтаар нотлогдож байх тул энэ асуудал нь иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх асуудал биш байна. Иймд энэхүү нэхэмжлэлийг тус компани хариуцахгүй болно гэх тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон мөнгө зээлсэн, мөнгө хүлээж авсан гэж орчуулагдсан баримтуудад

2013-12-08-ны өдрийн огноотой 750,000 юаны шилжүүлэг бүхий Голомт банкны мемориалын 201407115090030199 дугаартай баримтад Jinguang-с шилжүүлэг гэж /1-р хх-14/,

2015-4-19-ний өдрийн баримтад өнөөдөр Ян жин гуан-аас 30,000,000 төгрөг зээлж авсан, зээлсэн хүн Т.Гансүх гэж /1-р хх-15/,

2017-03-31-ний өдрийн баримтад зээлдэгч JPF, 14 тоот байрны мөнгийг төлсөн, 35,000,000 төгрөг, хариуцагч нягтлан Жао Чүн Нин, нярав Ма Чүн Мэй гэж /1-р хх-16/,

2017-4-18-ны өдрийн баримтад зээлдэгч JPF, ян эмчээс бэлнээр зээлсэн, 200,000 юань, хариуцагч нягтлан Жао Чүн Нин, нярав Ма Чүн Мэй гэж /1-р хх-17/,

2017-4-18-ны өдрийн баримтад зээлдэгч JPF, компани ян эмчээс зээлсэн, 68,000,000 төгрөг, хариуцагч нягтлан Жао Чүн Нин, нярав Ма Чүн Мэй гэж /1-р хх-18/,

2017-04-25-ны өдрийн баримтад зээлдэгч JPF, зарлага, 70,000,000 төгрөг, хариуцагч нягтлан Жао Чүн Нин, нярав Ма Чүн Мэй гэж /1-р хх-19/,

2017-5-1-ний өдрийн баримтад зээлдэгч JPF, зээл, 1,000,000 юань, 58,000,000 төгрөг, хариуцагч нягтлан Жао Чүн Нин, нярав Ма Чүн Мэй гэж /1-р хх-20/,

2017-7-5-ны өдрийн баримтад Жи пи эф компани Ян эмчээс бэлнээр 2500 юань зээлж авсан, баяжуулах үйлдвэрийн Ван шиэн шин 11 хүний замын зардалд хэрэглэсэн, хүлээн авагч Жи пи эф компаний санхүүгийн албаны Жао Чүн Нин гэж /1-р хх-27/ тус тус бичигдсэн байна.

 

Мөн Голомт банкны төлбөрийн баримтад 2017-06-29-ний өдөр Yang jin guang-с Жи Пи Эф ХХК-нд 2,000,000 юань, төлбөрийн зориулалт зээлдүүлэх гэж /1-р хх-21/,

2017-06-05-ны өдөр Yang jin guang-с Жи Пи Эф ХХК-нд 1,000,000 юань, төлбөрийн зориулалт зээл авав гэж /1-р хх-22/ гэж бичигдсэн байна.

 

Харин зээлийн гэрээнд зээлдэгч нь Жи пи эф ХХК-ийн ерөнхий захирал Jin Jianmin гэж, зээлдүүлэгч БНХАУ-ын иргэн Yang jin guang гэж бичигдсэн байх бөгөөд

2017-4-24-ний өдрийн 41/2017 дугаартай зээлийн гэрээнд зээлийн дүнг 200,000 юань, зээлийн хүүгийн жилийн хувь 4,9, 12 сарын хугацаатай гэж /2-р хх-157-160/,

2017-5-1-ний өдрийн 17/42 дугаартай зээлийн гэрээнд зээлийн дүнг 1,000,000 юань, зээлийн хүүгийн жилийн хувь 4,9, 12 сарын хугацаатай гэж /2-р хх-161-164/,

2017-6-5-ны өдрийн 17/45 дугаартай зээлийн гэрээнд зээлийн дүнг 1,000,000 юань, зээлийн хүүгийн жилийн хувь 4,9, 12 сарын хугацаатай гэж /2-р хх-165-168/,

2017-01-20-ны өдрийн 17/35 дугаартай, зээлийн гэрээнд зээлийн дүн 5,000,000 юаны, зээлийн хүүгийн хувь 4,9, 12 сарын хугацаатай гэж /2-р хх-169-172/,

2017-5-1-ний өдрийн 17/43 дугаартай зээлийн гэрээнд зээлийн дүнг 86,000,000 төгрөг, зээлийн хүүгийн жилийн хувь 4,9, 12 сарын хугацаатай гэж /2-р хх-174-177/,

2017-3-30-ны өдрийн 17/36 дугаартай зээлийн гэрээнд зээлийн дүнг 35,000,000 төгрөг, зээлийн хүүгийн жилийн хувь 4,9, 12 сарын хугацаатай гэж /2-р хх-178-181/,

2017-4-18-ны өдрийн 17/37 дугаартай зээлийн гэрээнд, зээлийн дүн 138,000,000 төгрөг, зээлийн хүүгийн жилийн хувь 4,9, 12 сарын хугацаатай гэж /2-р хх-182-185/ гэж бичигдсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн болон нэхэмжлэгчийн нотариатаар баталгаажуулан гаргасан Монгол Банкны гадаад зээлийг бүртгэх маягтад зээлдэгчийн мэдээлэлд 0811004067 улсын бүртгэлийн дугаартай, нябо Ц.Оюунтуяа гэж, зээлдүүлэгч БНХАУ-ын иргэн Yang jin guang гэж, дүн 5,000,000 юань гэж, 2017-02-20-2018-01-20 төлбөр гүйцэтгэх хугацаа, бүртгэлийг мэдүүлэгч хэсэгт Ц.Оюунтуяа, нябо, 2017-06-16 гээд Жи пи эф ХХК-ийн тамга дарсан /1-р хх-187, 2-р хх-173/ байх бөгөөд Х.Батзул гэх иргэний цахим шууданд хийсэн үзлэгээр [email protected] хаягнаас [email protected] хаяг руу илгээсэн файл дотор 2017-01-20-ны өдрийн 17/35 дугаартай 5,000,000 юаны дүн бүхий зээлийн гэрээг явуулсан байх бөгөөд уг зээлийн гэрээнд зээлдэгч Жи пи эф ХХК-ийн ерөнхий захирал Jin Jianmin, зээлдүүлэгч БНАХУ-ын иргэн Yang Jing uang гэж гарын үсэг зурсан байна /3-р хх-54-61/.

 

5. Хариуцагч Жи пи эф ХХК нь нэхэмжлэлийг үгүйсгэж буй үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд бичгээр гаргасан тайлбартай холбогдуулан нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч Жи Пи Эф ХХК-ийн Голомт банкны дансны хуулгийг шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулсан.

 

Хэрэгт авагдсан хариуцагч Жи пи эф ХХК-ийн Голомт банкны 2105016267 дугаартай дансанд 2017-6-5-ны өдөр 1,000,000 валют буюу 351,360,000 төгрөг, зээл авав гэх гүйлгээний утгаар орлого орсон /1-р хх-196, 2-р хх-33-р хуудас арын нүүр/ ч мөн өдөртөө 512568560 Е38332417 гүйлгээний утгаар зарлага гарсан,

2017-6-29-ний өдөр 2,000,000 валют буюу 691,280,000 төгрөг, JINGUANG YANG-с зээлдүүлэв гэх гүйлгээний утгаар орлого орсон /1-р хх-196, 2-р хх-33-р хуудас арын нүүр/ ч 2017-6-30-ны өдөр 512568789 Е68641592 гэх гүйлгээний утгаар зарлага гарсан болох нь баримтаар тогтоогдож байна.

 

6. Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

 

Тиймээс нэхэмжлэгчийн зээлийн гэрээний зүйл болох 5,247,722,860 төгрөгийг зээлдүүлсэн гэх тайлбарыг хариуцагчаас эс зөвшөөрч маргаж байх тул энэ харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн зохицуулалт, тус гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл, талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийх нь зүйтэй.

 

7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

 

Дээрх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдахад тавих гол шаардлага нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар шаардлагын үндэслэл болсон мөнгө зээлсэн баримт, мөнгө хүлээж авсан баримт, зээлийн гэрээ зэрэгт дурдагдаж буй мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэн өгсөн байх ёстой.

 

8. Тиймээс хуульд зааснаар, гэрээний гол нөхцөл тохиролцоог зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг үүсгэх харилцан хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн байхыг ойлгоно.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар хэлцэл нь тодорхой зорилго бүхий этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд тус илэрхийлэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох зохицуулалттай тул тодорхой төрлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талуудын чөлөөтэй хүсэл зоригийн үндсэн дээр эрх, үүргээ тодорхойлох агуулгатай хийгдэх тул нэхэмжлэгч нь шаардлагын зүйл болох мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн болохоо нотлох үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримтаар нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардах эрх үүссэн эсэхэд шүүх дүгнэлт өгнө.

 

9. Тиймээс хэрэгт авагдсан мөнгө зээлсэн баримт, мөнгө хүлээж авсан баримт гэж орчуулагдсан баримтад бичигдсэн зээлсэн хүн Т.Гансүх, 14 тоот байрны мөнгийг төлсөн, ян эмчээс бэлнээр зээлсэн, компани ян эмчээс зээлсэн, зээлдэгч JPF, зарлага, зээлдэгч JPF, зээл, Жи пи эф компани Ян эмчээс бэлнээр зээлж авсан, баяжуулах үйлдвэрийн Ван шиэн шин 11 хүний замын зардалд хэрэглэсэн гэж бичигдсэн баримтуудаар зээлдүүлэгч мөнгө шилжүүлсэн, зээлдэгч мөнгийг буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн хүсэл зориг харилцан илэрхийлсэн гэдгийг тодорхойлохгүйгээс гадна гүйлгээний утгаас үзэхэд дээрх баримтад бичигдсэн мөнгөн хөрөнгийг хариуцагчид зээлдүүлэх зорилгоор шилжүүлсэн гэж шууд дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

10. Мөн зээлийн гэрээнд Жи пи эф ХХК нь зээлдэгч гээд ерөнхий захирал Jin Jianmin гэж, БНХАУ-ын иргэн Yang jin guang зээлдүүлэгч гэж оролцсон бичгийн нотлох баримтыг харьцуулан үзэхэд тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх боловч шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг хариуцагчид зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс шилжүүлсэн гэж тайлбарласан боловч тус тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Өөрөөр хэлбэл, мөнгө шилжүүлсэн гэх нэг талын хүсэл зориг бүхий баримтаар хоёр тал тохиролцсон гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч нь мөнгө зээлсэн баримт, мөнгөн хүлээж авсан баримт гэж орчуулагдсан баримтад дурдсан мөнгөн дүнг хариуцагчид зээлдүүлсэн гэж шууд эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

 

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Yang jin guang-н зөвшөөрлийн үндсэн дээр хийгдсэн түүний БНХАУ-н иргэн Zhou Wenjuan-тай харилцсан цахим шууданд үзлэг хийхэд 2018-12-29-ний өдрийн 16 цаг 28 минутад ирсэн PDF файл байх бөгөөд түүнийг нээхэд хятад хэлээр бичигдсэн хүснэгт бүхий бичвэр байсан бөгөөд орчуулгын товчоогоор орчуулга хийлгэхэд Yang Jinguang /Ян жингуан/-с авсан зээлийн дэлгэрэнгүй мэдээлэл гэх хүснэгт байв /3-р хх-100-103/.

 

Тухайн хүснэгтэд бичигдсэн цаг хугацаа 2015-04-19-ний өдрөөс 2017-07-26-ны өдрийг хүртэлх байх бөгөөд энэхүү үзлэгийн ажиллагаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан нь 2017-7-10-с хойш үйлдэгдсэн баримт байх тул манай компанид хамааралгүй гэж тайлбарласан /3-р хх-61/.

 

Хэрэгт авагдсан баримтаар Жи пи эф ХХК-ийн гүйцэтгэх захиралаар С.Оюунбатыг томилсон бүртгэл 2017-7-27-ны өдөр хийгдсэн байх боловч Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.6-д зааснаар гүйцэтгэх удирдлага нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах бөгөөд төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал-тай байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж, компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж мөн хуулийн 83.8-д заажээ.

 

Нэхэмжлэгч тал гэрчээр Ц.Оюунтуяаг оролцуулах хүсэлтээсээ шүүх хуралдаанд татгалзсан, Жи Пи эф ХХК-ийн 2017 оны 2 дугаар улиралын санхүүгийн байдлын тайланд бусад богино хугацаат өр төлбөр хэсэгт эхний үлдэгдэл 1,050,926.4, эцсийн үлдэгдэл 9,488,278.9 гэж, богино хугацаат өр төлбөрийн дүн хэсэгт эхний үлдэгдэл 4,457,872.4, эцсийн үлдэгдэл 13,016,657.9 гэж бичигдсэн байна /1-р хх-126/.

 

12. Нэхэмжлэгчээс шаардлагаа зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой гэж тодорхойлсон тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх журамтай тул дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс зээлийн гэрээ болон мөнгө зээлсэн баримт, мөнгө хүлээн авсан баримт гэж орчуулагдсан баримтаар дурдсан мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн гэх үйл баримт нотлогдохгүй байна.

 

13. Харин хариуцагч Жи пи эф ХХК-ийн Голомт банкны дансны хуулгаар нэхэмжлэгч Yang jin guang-с 2017-6-5-ны өдрийн 17/45 дугаартай гэрээний зүйл 1,000,000 юаныг шилжүүлсэн, 2017-06-29-ний өдөр 2,000,000 юаныг тус тус шилжүүлсэн, 2017-01-20-ны өдрийн зээлийн гэрээний 5,000,000 юань нь Монгол банкны гадаад зээлийг бүртгэх маягтад 2017-06-19-ний өдөр бүртгэгдсэн байх бөгөөд уг бүртгэлийн мэдүүлгийг Жи пи эф ХХК-ийн нягтлан бодогч Ц.Оюунтуяа гэж мэдүүлсэн байх тул уг мөнгөө хариуцагчаас буцаан шаардах эрхтэй байна.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар гадаад валютын ханшийг нэхэмжлэл гаргах үеийн Монголбанкны зарласан ханшаар тооцох бөгөөд нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул энэ өдрийн ханш 397,64 төгрөгөөр тооцоход 3,232,806.838 төгрөг /2,000,000х397,64=795,280,000 төгрөг, үндсэн зээл 1,000,000 юань, хүү 21,862 юаньх397,64=406,333,206 төгрөг, үндсэн зээл 5,000,000 юань, хүү 108,122 юань х397,64=2,031,193,632/-г хариуцагч Жи пи эф ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Yang jin guang-д олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

15. Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч Жи пи эф ХХК-иас 3,232,806.838 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Yang jin guang-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,014,916,022 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан 2020-06-10-ны өдөр төлсөн 28,355,558.13 төгрөг, 2021-11-02-ны өдөр төлсөн 537,595 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,321,984 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Жи пи эф ХХК-иас 3,232,806.838 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Yang jin guang-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,014,916,022 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,893,153.13 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Жи пи эф ХХК-иас 16,321,984 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Yang jin guang-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ