Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2020/00441

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын ..  дугаар багт оршин суух, Б овогт Ж-ы Аы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын .. дугаар багт оршин суух, Х овогт О-ийн Нд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.А, хариуцагч О.Н, хариуцагчийн өмгөөлөгч А.С, орчуулагч Ж.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.А 2016 онд О.Нтой танилцаж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2016 онд хүү Н.Е маань төрсөн. Бид 2016-2018 оны хооронд өрх тусгаарлан амьдраагүй бөгөөд хадам аав ээж, нөхрийн дүү нартай хамт нэг гэрт амьдарсан. Тэр хугацаанд байнгын гэр бүлийн хүчирхийлэл дарамтад байсан. Нөхөр маань архи уух, РС тоглох, бильярд тоглох зэрэг хоногоор гэрээсээ явж ирэхгүй байх, ирсэн үедээ согтуу ирж зодох, хэрэлдэх, танхайрах гэх мэт зүй бус тохиолдол их гардаг. Гэр бүлийн бусад гишүүд болох хадам аав, ээж, дүү нар нь нөхрийн маань талд орж хамтдаа загнаж, гадаа хөөгөөд гаргаж оруулдаггүй байсан. Энэ нь хүүхдийн цаашдын хүмүүжил эрүүл бойжиход хүндрэлтэй, ажиллахад хүртэл саадтай байсан тул цаашид ажил хөдөлмөр эрхлэх, тусдаа амьдрах зорилгоор Улаанбаатар хотод ирсэн. Нөхөр маань хамт ажил хийнэ гээд ирсэн боловч олсон бүх мөнгөө хадам ээжид өгдөг. Хотод нэг удаа хүүгээ авхуулсан ч нөхөр маань хамт өсгөж хүмүүжүүлэх үүргээсээ татгалзаж хэрүүл маргаан үүсгэсэн тул түр хугацаагаар буцаад өөрийнхөө ээжид явуулсан байхад хадам ээж хүүхдийг маань хүчээр аваад явсан. Тэрнээс хойш хүүхдийг маань өгөхгүй байгаа. Хадам ээж хүүхдийг маань авсны дараа нөхөр маань хамт ажиллаж, амьдрахгүй гээд гэр лүүгээ яваад өгсөн. Тэрнээс хойш хэд хэдэн удаа хүүхдийг маань уйлуулаад дууг нь утсаар сонсгож дарамталдаг байсан. Тэрнээс хойш тус тусын амьдралтай болсон. Цаашид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Н.Ейг миний асрамжид үлдээж, тэтгэлгийг хуулийг дагуу эцэг О.Ноос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эхнэр болох Ж.Ааас надад холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдэд асрамж тогтоолгох, тэтгэлэг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

 

Нэхэмжлэгч Ж.А бид хоёр бие биендээ дурлаж, хайртай болж 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Б суманд гэр бүл болсон. Ж.А бид хоёр гэр бүл болохоосоо өмнө би аав ээжээсээ тавуулаа бөгөөд намайг айлын том хүү нь гэдгийг Ж.А сайн мэдэж байсан. Эхнэр бид хоёр гэр бүл болоод удаагүй байхад эхнэр маань тусдаа амьдарна, хөдөө амьдрахгүй гэж байнга үглэхээр нь аймгийн төв бараадаж амьдрахаар болсон. Эхнэр бид хоёр мөнгөгүй байсан тул миний аав ээжийн зүгээс биднийг дэмжиж аймгийн төвөөс 2 өрөө бүхий орон сууцыг нэг жилийн хугацаатайгаар хөлсөлж авч өгсөн. Миний бие 2016 оны 5 дугаар сараас эхэлж машин угаалгын газарт ажилд орсон. Харин эхнэр маань тухайн жилийн намар хүртэл ажил хийгээгүй гэртээ байсан. 2016 оны 10 дугаар сарын үед хадам аав маань барилгын талбайд ажиллаж байхдаа өндрөөс унаж хөлөө хүндээр гэмтээж хот руу авч явж эмчлүүлэхээр болсон. Тухайн үед хадам аавыг Улаанбаатар хотод надаас өөр авч явах хүн олдоогүй тул би авч явж нэг сар гаруй сахисан. Улаанбаатар хотоос ирсний дараа миний бие угаалгын газарт 2017 оны 01 дүгээр сар хүртэл ажилласан.

 

Эхнэр маань 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эсэн мэнд амаржиж хүүтэй болсон ба бидний амьдарч байсан байр өвөл маш их хүйтэн байсан учраас Б сум руу аав ээжийн гэрт буцаж очиж амьдарсан. Миний бие сумын төвд эрхэлсэн тодорхой ажилгүй байсан тул хадам аав маань биднийг дэмжиж 2017 оны 3 дугаар сараас эхэлж хажуудаа туслах ажилтнаар авч ажиллуулсан. Ингэхдээ аав ээж маань дахиад биднийг дэмжиж аймгийн төвөөс орон сууц хөлсөлж авч өгсөн. 2017 оны 12 дугаар сар дуустал миний бие барилгын салбарт ажилласан. Дараа нь 2018 он гараад Б сум руу явсан.

 

Энэ удаад миний хадам ээж маань надад та нар хэдий болтол ингэж амьдрах юм бэ, тусдаа амьдрах цаг нь болсон. Бусдын адил амьдрах хэрэгтэй байна гэж үглэдэг болсон. Түүнчлэн хадам аав маань надад ингэж яваад байх юм уу, машинтай болоорой гэж хэлдэг байсан. Эхнэр бид хоёрт ямар ч мөнгө байхгүй байсан тул хадам аав ээж нарын эдгээр үгс надад маш их дарамттай байдаг байсан.

 

Нөгөө талдаа эхнэр маань гал дээр тос асгасан мэтээр чиний аав ээж чинь боломжтой хүмүүс яагаад бид хоёрт аймгийн төвөөс байр авч өгч тусдаа гаргаж өгөхгүй байгаа юм бэ, чи машинтай болооч гэж үгээр дарамталдаг байсан. Тэгэхээр нь би эхнэртээ заавал яагаад манай аав ээж хоёр байр авч өгөх ёстой гэж, чиний аав ээж хоёр санхүүгийн хувьд боломжтой, тэд ч гэсэн байр авахад тусалж болно шүү дээ гэж үг хэлэхэд Ж.А нь огцом уурлаж агсарч будаа агшаагчийн залгуурыг савж гэр доторх эд зүйлийг эвдсэн. Тэгэхээр нь аав ээж хоёр маань болиулсан.

 

Маргааш нь эхнэр маань хүүгээ авч таксигаар аймгийн төвд төрхөм рүүгээ яваад өгсөн. Араас нь би аавыгаа дагуулж бас хэд хэдэн хамаатны хүмүүсийн хамт аймгийн төвд байдаг хадам аав ээжийн гэрт очиж хэдийгээр бидэнд хийсэн гэм буруу байхгүй ч гэсэн уучлалт гуйсан. Тэгтэл хадам аав ээж бидэнд хандаж Бт биш, аймгийн төвд биш Улаанбаатар хот руу явж ажиллаж амьдраарай гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын үед бид хүүгээ аав ээж дээрээ үлдээж Улаанбаатар хот руу явсан. Миний бие Улаанбаатар барилга болон зам засварын компанид ажилласан. Би тухайн үед сарын 600000 төгрөгийн цалин хөлс авдаг байсан ба цалингаасаа ойр зуурын хэрэгцээндээ зориулж 100-150 гаруй мянган төгрөгийг өөртөө авч үлдээд бусдыг нь эхнэртээ сар бүр тушаадаг байсан. 2018 оны 10 дугаар сард жолооны үнэмлэхийн төлбөр болох 300,000 төгрөгийг тушаах гэтэл эхнэр маань уурлаж чи уг мөнгийг хөдөө ээж рүүгээ явуулах гэж байна уу, ээж чинь үхэж далд ороосой гэж үндэслэлгүйгээр хардаж сэрдэж дарамталж дүүгийнхээ хамт намайг зодож гэрээс хөөсөн.

 

Өөрөөр хэлбэл Ж.А бид хоёр 2018 оны 10 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байна. Хүү маань одоо 3 нас 2 сартай ба Ж.А бид хоёрыг аав ээж нь гэж мэдэхгүй, харин миний аав Оралбек ээж Г нарыг төрсөн аав ээж нь гэж ойлгодог, тэд нарт дассан байгаа. Тийм учраас төрсөн эхийн хайр халамжийг олигтой хүртээгүй бага насны хүүхэд Егийн эрх ашгийг дордуулж Ж.Аы асрамжид өгөхгүй байхыг эрхэм шүүхээс хүсье. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулахаас бусдыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ талаар тайлбарлахдаа: Би О.Нтой 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсон ба гэрлэснээс хойш О.Н байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дарамталдаг байсан. О.Н нь ажилгүй мөртлөө байнга ууж ирээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гар хүрч зоддог байсан. О.Н нь одоо хүртэл ажилгүй. О.Н бие даан шийдвэр гаргах чадваргүй, гэр бүлийнхээ төлөө хариуцлага хүлээх ямар ч сонирхолгүй. Би О.Ныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, намайг зодсон үед цагдаа дуудах гэхээр миний гар утсыг булааж аваад шидсэн. Миний гар утас хагарч эвдэрсний дараа гар утсыг минь өгөөд одоо ингээд цагдаа дууд гэж хэлээд инээдэг. Би О.Нтой хамт амьдарч байхдаа сэтгэл санааны хувьд дарамттай байсан. О.Н байнга архи уудаг. Бидний гэрлэлт цуцлуулах болсон нэг шалтгаан нь хадам ээжтэй холбоотой. Хадам ээж О.Н бидний дунд яс хаяж, хэрүүл гаргаж, намайг юм болгонд буруутгаж, гүтгэж байдаг. О.Н нь ээжийнхээ үгнээс гардаггүй, өөрөө бие даан шийдвэр гаргаж чаддаггүй. О.Н миний хүүг булааж авч яваад 1 жил болж байна. Энэ 1 жилийн хугацаанд намайг хүүтэй минь уулзуулаагүй, утсаар яриулаагүй. О.Нын дээрх үйлдэл нь бага насны хүүхдийн сэтгэл зүйд муугаар нөлөөлнө. О.Н хүчээр миний хүүг булааж авсны дараа хүүг минь харуулахгүй, намайг буруутгаж байна. Надад гар утсаар ярих ямар ч боломж байгаагүй. О.Н гар утасныхаа дугаарыг сольсон. Би гар утасныхаа дугаараа солиогүй. Би О.Н руу өөр гар утасны дугаараас залгахаар намайг гэдгийг мэдээд утсаар ярьдаггүй. О.Н нь намайг дарамталдаг тул түүнтэй хамт амьдрах боломжгүй. О.Нтой хамт амьдраад ажил хийх, үр хүүхдээ хүмүүжүүлэхэд хүндрэлтэй байна. Би О.Нтой эвлэрэх боломжгүй, түүнтэй цаашид хамт амьдарч чадахгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүг миний асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлж, хүүхдийн тэтгэлэг гаргаж, миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна. Надад эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч О.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ж.Атай 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэрлэсэн. Бид гэрлэснээс хойш 1 долоо хоногийн дараа Ж.А Өгөөс орон сууц авч өгөөрэй, би байшинд амьдрахгүй гэж хэлсэн. Тэрээр байнга төрхөм рүүгээ явдаг байсан. Би хүмүүсээс санаа зовж, эхнэрээ төрхөм рүүгээ явсны дараа гуйгаад гэртээ авчирдаг байсан. Улмаар бид Б аймагт байр түрээсэлж амьдардаг байсан. 2016 оны 12 дугаар сарын 17-ний өдөр миний хүү мэндэлсэн. Хүүхэд төрсний дараа ээж бид нарыг түргэний машинаар авхуулсан. Гэтэл тэр үед хадам ээж та нар өөрсдөө ирээд яагаад хүүхдүүдээ авдаггүй юм бэ гэж дарамталсан. Ж.А нь 2 хоногийн 1 өдөрт гэр лүүгээ зугтаад явдаг байсан. Би хадам ээжид учир байдлыг ойлгуулах гэхээр намайг чи авгай шиг битгий олон юм яриад байгаарай гэж хэлдэг. Би дуугүй байж байгаад Ж.Аыг дагуулаад гэр лүүгээ явдаг байсан. Ж.А надад чиний хүүхдээр яах юм бэ, чи хүүхдээ өөрөө аваарай гэж хэлсэн.

 

2017 оны сүүлээр бид Улаанбаатар хотод очиж ажил хийсэн. Тэр үед эхнэр ээж рүү хэл амаар доромжилсон мессеж явуулсан байна. Ж.Аы ээж рүү бичсэн мессежийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэг өдөр шөнийн 02 цагт би гэрээсээ хөөгдсөн. Тэр үед Ж.А нь намайг олсон мөнгөө эцэг эхдээ өгдөг гэж хэрүүл гаргаж, намайг гэрээс хөөсөн. Би олсон мөнгөө Ж.Ад өгдөг байсан. Миний түүнд өгсөн мөнгө 3 сая төгрөг болсон. Би шөнийн 02 цагт гэрээсээ хөөгдөх үед надад мөнгө байгаагүй ба би тухайн үед найзынхаа гэрт очсон. Намайг найзынхаа гэрт очих хооронд Ж.А миний найз руу залгаад Нг гэртээ битгий оруулаарай, гудамжинд гараг гэж хэлсэн байсан. Уг явдлаас хойш 2 жил болж байна. Бид хүүхдээ өөрсдөө ярилцаад сайн дурын үндсэн дээр өвөө эмээ дээр нь үлдээгээд явсан. Одоо хүүхэд минь надтай хамт амьдарч байна. Ж.А хүүхдийн 20000 төгрөгийг одоо хүртэл авдаг. Тэрээр миний ээжтэй таарамжгүй гэж хэлж байгаа нь худал. Миний ээж Ж.Аыг Б аймагт нэг удаа, Б суманд 2 удаа ажилд оруулж өгсөн. Ж.А нь хүүхдийнхээ төрсөн өдрөөр ирээгүй ба бэлэг ч явуулаагүй. Ж.А нь ямар ч холбоогүй байсан бөгөөд өнөөдөр шүүх хуралдаанд тааралдаж байна. Би гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй байх тул бидэнд эвлэрүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч нарын хүсэлтээр шинжлэн судалж,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч О.Ноос гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийг өөрийн асрамжид авч, эцэг нь болох О.Ноос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгөхийг хүссэн байна.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Гэрлэгчид болох О.Н, Ж.А нар нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болсон бөгөөд гэр бүлийн хувиар хамтран амьдрах хугацаанд нэг хүүхэдтэй болсон болох нь Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нөхөр болох О.Нтой гэрлэснээс хойш хадам аав ээж, түүний дүү нарын хамт нэг гэрт амьдарсан бөгөөд энэ хугацаанд байнгын гэр бүлийн хүчирхийлэл дарамтад байсан ба нөхөр маань архи ууж, РС тоглох, бильярд тоглох зэргээр хоногоор гэрээсээ явж ирэхгүй байх, ирсэн үедээ согтуу ирж зодох, хэрэлдэх, танхайрах зэрэг зүй бус үйлдэл их гаргадаг. Цаашид нөхөр О.Нтой эвлэрч хамт амьдрах боломжгүй гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулахаас бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн байх ба шүүх хуралдаан дээр эвлэрүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн байна.

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас гэрлэгчид болох О.Н, Ж.А нарт эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч өргөдөл гаргагч Ж.А, уригдсан тал О.Н нар нь эвлэрэхээс татгалзсан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.

 

Гэрлэгчдэд шүүхээс эвлэрүүлэхээр арга хэмжээ авсан боловч нэхэмжлэгч Ж.А нь эвлэрэхээс эрс татгалзаж байгаа, гэрлэгчид нь 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт ...Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтууд болон хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ёс суртахууны байдал зэргийг харгалзан О.Н, Ж.А нарын хүүхэд болох 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Н.Ейг эх нь болох Ж.Аы асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх эцэг эхийн үүргээс тэднийг чөлөөлөх үндэслэл болохгүй ба Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийг тэжээн тэтгэх, асран хүмүүжүүлэхэд эцэг эх тэгш оролцох үүрэгтэй болно.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Н.Ейг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг нь болох О.Ноор тэжээн тэтгүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчаас хүү маань одоо 3 нас 2 сартай байгаа ба Ж.А бид хоёрыг аав, ээж гэж мэдэхгүй, харин миний аав Оралбек, ээж Г нарыг төрсөн аав, ээж гэж ойлгодог, тэд нарт дассан байгаа гэж тайлбарлаж Б сумын Засаг дарга, Б сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, фото зургууд болон гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байгаа боловч хуульд хүүхдийг гэрлэлтээ цуцлуулж буй гэрлэгчдийн хэн нэгний асрамжид үлдээх талаар заасан байгаа тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүүхдийн асрамжийг шийдвэрлэх боломжгүй болно.

 

Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй болно гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт Оралбекийн Н, Б овогт Жы А нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Н.Ейг эх нь болох Ж.Аы асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Н.Ейг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг нь болох О.Ноор тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болно гэснийг дурдсугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104040 төгрөгийг улсын орлого болгож хариуцагч О.Ноос 104040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ад олгосугай

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК