Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2020/00168/И |
Дугаар | 130/ШШ2020/00499 |
Огноо | 2020-05-05 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 130/ШШ2020/00499
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн 3-36 байрны 8 тоотод оршин суугч, Х банкны Б салбарын төв тооцооны төвд борлуулалтын үйлчилгээний ажилтан, утас, РД: Н овогт Аийн Зийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн ... дугаар баг, Х голын 11-27 тоотод оршин суугч, утас, РД: Ш овогт Дн Т,
Хамтран хариуцагч: У хотын Б дүүргийн 00 дүгээр хороо, ** дугаар байрны 00 тоотод оршин суугч, утас, РД: Д овогт Жын Б нарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С. Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүй хөрөнгөжсөн 2940000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч А.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х банкны Б салбарын төв тооцооны төвд борлуулалтын үйлчилгээний ажилтан. Миний бие 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тооцооны төвд теллерээр ажиллаж байхад хариуцагч Д.Т надад ирж үйлчлүүлж байсан юм. Миний бие андууран гүйлгээ хийж түүний Х банкны 0000 тоот данснаас 47940000 төгрөгийг Ж.Бы Х банкны 0000 тоот дансанд шилжүүлсэн байсан. Д.Т болон Ж.Б хоёр танил хүн байсан учир Д.Т нь тухайн өдөр Ж.Бтай утсаар холбогдож дансанд буруу мөнгө орсныг тайлбарлан даруйхан буцааж шилжүүлэхийг шаардсан боловч Ж.Б нь 36000000 төгрөг, 12 дугаар сарын 21-ний өдөр 6000000 төгрөг, 12 дугаар сарын 26-ны өдөр 3000000 төгрөг шилжүүлэн өгч үлдэгдэл 2940000 төгрөг үлдсэн байсан. Д.Т надад чамаас болж би мөнгөө буцааж авч чадахгүй байна. Чамайг ажлын хариуцлага алдсан гэж гомдол мэдүүлж ажлаас хөөлгөнө, яаралтай 2940000 төгрөг надад олж өг гэж шаардсан тул 2940000 төгрөгийг төрсөн ах болох А.Ааас зээлдэж аваад Д.Тад өгсөн юм. Тэгээд би Ж.Баас үлдэгдэл мөнгөө шаардсан боловч Д.Таас авах өр, төлбөр тооцоотой байсан, би 2940000 төгрөгийг өгөхгүй хэмээн тайлбар хэлээд шилжүүлэхээс татгалзсан юм. Д.Т нь тухайн үед надад Ж.Бд өглөгтэй гэдгийг нууж, надаас 2940000 төгрөг авч явж намайг хохироосон. Иймд Д.Таас 2940000 төгрөг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Т шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт: Миний бие хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод бизнес эрхэлдэг түнш З-ын 5******** тоот данс руу 47940000 төгрөг шилжүүлэхээр Х банкны Б аймаг дахь салбарын тусгай үйлчилгээний өрөөнд ороход нэг теллер сууж байсан. Би тэгэхээр нь зарлагын баримт авч З-ын данс, мөнгөний хэмжээ, утасны дугаараа бичиж теллер өгсөн. Теллер зарлагын баримт аваад миний 0000 тоот данснаас 47940000 төгрөгийн шилжүүлэг хийж надад баримтын хувийг өгсөн. Би тухайн үед зарлагын баримтыг анзаарч үзээгүй. Орой 16 цагийн үед З над руу утасдаж мөнгө ороогүй байна яасан вэ гэхээр нь нөгөө теллерт дахин очиж учрыг тодруулахад теллер 0000 тоот данс руу буруу шилжүүлсэн байсан. Дээрх данс нь Б гэгчийн данс байсан. Теллер түүн рүү яриад дараа нь түүний утсаны дугаарыг надад өгч залгаж ярихыг хүссэн. Би энэ теллерийг өмнө нь таньдаггүй байсан ба А.З гэгч болохыг тэр үед мэдсэн. Би түүний өгсөн утасны дугаараар Бтай утсаар ярихад би яаж мэдэх юм вэ гээд утсаа тасалсан. Хэсэг хугацааны дараа дахин залгахад надад бас энд тэндээс мөнгө шилжиж ирдэг, би яаж мэдэх юм вэ, мөнгийг буруу шилжүүлсэн банкны ажилтны буруу шүү дээ, мөнгө орох нь орсон байна гээд 36000000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Дараа нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 6000000 төгрөг, 12 дугаар сарын 26-ны өдөр 3000000 төгрөг шилжүүлж өгсөн. Үлдсэн 2940000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй. Би тэгэхээр нь А.Зд энэ чиний буруутай үйл ажиллагаа, миний буруу биш, миний дутуу мөнгийг олж өг гэж шаардлага тавихад 2940000 төгрөгийг надад төлж өгсөн. А.З нэхэмжлэлдээ намайг Бы өмнө нь таньдаг байсан, үлдсэн 2940000 төгрөгийг Б Д.Таас авах авлагын оронд авсан гэж хэлсэн гэж үндэслэлгүй худал бичсэн байна. Би Б гэж хүн танихгүй бөгөөд түүнтэй биечлэн уулзаж байгаагүй. Харин тэр үед энэ хүнтэй утсаар харьцаж бараа захиалж аваад мөнгийг нь тэр өдөр шилжүүлсэн. Би өдөр хэд хэдэн хүний данс руу шилжүүлэг хийлгэсэн. Тэрний нэг нь Б гэдэг хүн юм. гэхдээ Бд өгөх ямар нэгэн өглөг байхгүй. Би тухайн үед энэ асуудлыг банкны удирдлагад мэдэгдэх гэхэд А.З нь та хэлээд хэрэггүй, та удирдлагад хэлэх юм бол намайг ажлын хариуцлага алдсан гэж ажлаас гаргана, би мөнгөний учрыг олж өгье гэхээр нь тэр хүний амьдралыг бодоод удирдлагад нь хэлээгүй. Дараа нь А.З 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр над руу утсаар ярьж би нөгөө үлдэгдэл 2940000 төгрөгийг Баас нэхэмжилж авах гэсэн юм, та энэ талаар тодорхойлолт бичиж өгөөч гэхээр нь тодорхойлолт бичиж нотариатаар гэрчлүүлж өгсөн. Тэр баримтыг нотлох баримт болгож дараа нь надаас мөнгө нэхнэ гэж тэр үед бодоогүй. Миний бие А.Зээс илүү мөнгө төгрөг аваагүй. Өөрийн дутуу мөнгөө л авсан. Тэр тухайн өдөр өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж буруу данс руу хохиролгүй болгох ёстой. Хэрэв тэр үед тухайн үед шилжүүлгийг зөв хийсэн бол ингэж асуудал үүсэхгүй байсан. Түүний нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.З шүүхэд гаргасан хүсэлтэд: Хариуцагч Д.Т тайлбартаа энэхүү мөнгийг төлөхгүй бөгөөд Ж.Быг танихгүй, түүнд өгөх өр зээлгүй байсан гэж бичжээ. Гэтэл Ж.Б нь надад Д.Ттай авах өр, төлбөр тооцоотой байсан тул түүний зээлийн оронд авсан, төлөхгүй гэж байгаа юм. Иймд тус нэхэмжлэлийн маань хамтран хариуцагчаар Ж.Быг татаж өгнө үү гэжээ.
Хамтран хариуцагч Ж.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хариуцагч Д.Тын тайлбараар энэхүү мөнгийг төлөхгүй бөгөөд Ж.Быг танихгүй, түүгд өгөх өр зээлгүй байсан гэсэн байгаа нь үндэслэлгүй байна. Миний бие хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаалдаг бөгөөд Д.Т нь надаас сүүлийн 10 орчим жилийн хугацаанд байнга бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг, бизнесийн харилцаатай сайн мэдэх хүн билээ. Гэтэл тэрээ шүүхэд тайлбар гаргахдаа намайг мэдэхгүй, надад төлөх төлбөргүй байсан гэх хариу тайлбар гаргасны улмаас нэхэмжлэгч нь намайг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасан байна. Миний бие тухайн үед Д.Тад өгсөн барааны мөнгөө түүнтэй ярьж тохирсны дагуу авч үлдсэн. Хэрэв Д.Т уг мөнгийг надад өгөх ёсгүй байсан гэж үзэж байгаа бол уг асуудлаараа надтай заргалдах хэрэгтэй. Харин бие нэхэмжлэгч А.Зийн өмнө хууль болон гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Т шүүхэд бичгээр нэмж гаргасан хариу тайлбарт: Энэ хэрэгт хамтран хариуцагчаар оролцож байгаа Ж.Б нь шүүхэд гаргасан тайлбар Миний бие тухайн үед Д.Тад өгсөн барааны мөнгөө түүнтэй ярьж тохирсны дагуу авч үлдсэн. Хэрэв Д.Т уг мөнгийг надад өгөх ёсгүй байсан гэж үзэж байгаа бол уг асуудлаар надтай заргалдах хэрэгтэй гэж бичсэн байна. Миний бие Ж.Б гэдэг хүнд өгөх ямар нэгэн өглөг байхгүй гэдгийг урьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбарт тодорхой бичсэн байгаа. Мөн миний бие Ж.Бтай мессежээр харилцаж байгаагүй. Миний Улаанбаатар хотод бизнес эрхэлдэг түнш З гэдэг хүний дансанд шилжүүлэх ёстой мөнгийг банкны ажилтан А.З нь Ж.Бы дансанд буруу шилжүүлсэн тул үлдэгдэл 2940000 төгрөгийг А.З Ж.Баас гаргуулж авах нь зүйтэй гэжээ.
Нэхэмжлэгч А.З шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Миний бие Х банкны Б салбарт банкны теллерээр ажиллаж байхад андуурч гүйлгээ хийсэн. Т 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Х банкны Б салбарт ирж мөнгө 47940000 төгрөгийг шилжүүлэх үйлчилгээ хийлгэсэн, энэ мөнгийг миний бие Бы данс руу андуурч шилжүүлсэн байсан. Би 47940000 төгрөгийн гүйлгээг андуурснаа мэдээгүй, Т ч гэсэн мэдээгүй, баримтаа аваад яваад өгсөн. Гэтэл Т 2-3 цагийн дараа дахин ирээд чи буруу данс руу гүйлгээ шилжүүлсэн байна гэж хэлсэн. Би андуурч гүйлгээ хийгдсэн Бы дансыг шалгахад мөнгө байгаагүй. Би тухайн үед Таас Быг таних уу гэж асуухад танина гэж хэлсэн. Би Тад Бы гар утасны дугаарыг өгөөд яриулахад би ажил дээрээ байна, ажлаасаа гараад шилжүүлж өгье гэж хэлсэн. Б тухайн андуурч гүйлгээ хийсэн өдөр Тын данс руу 36 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Б нь Тын данс руу 36 сая төгрөг шилжүүлсний дараа үлдсэн мөнгийг дансанд мөнгө орж ирэхээр маргааш нөгөөдрөөс шилжүүлнэ гэж хэлсэн. Уг үйл явдал болсны маргааш Б нь Тын данс руу 3 сая, 3 сая төгрөгөөр нийт 6 сая төгрөг шилжүүлж өгсөн. Улмаар Б 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Тын данс руу 3 сая төгрөг шилжүүлсэн ба нийтдээ 45 сая төгрөг шилжүүлсэн. Б нь андуурсан гүйлгээ болох 47940000 төгрөгөөс 45 сая төгрөгийг шилжүүлж, 2940000 төгрөгийг шилжүүлээгүй. Т нь тухайн үед дансны дугаар зөв бичиж өгсөн гэх үндэслэлээр дээрх 2940000 төгрөгийг надаас шаардсаар байгаад төлүүлж авсан. Би байгууллагын дотоод журмын дагуу Тад төлбөрийг төлж, андуурсан гүйлгээнээс үлдсэн мөнгийг Баас нэхэмжлэхэд би Ттай тооцоотой, би Таас авах мөнгөтэй, надад чамд өгөх өглөг байхгүй, чи Таас ав гэх хариу өгсөн. Гэтэл Т би Бтай ямар ч тооцоогүй гэж тайлбарлаж байна. Би хохирч байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Т, хамтран хариуцагч Б нарын хэн нэгнээс нь 2940000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар шүүх хуралдааны товыг хариуцагч Д.Тад шүүхийн мэдэгдэх хуудсаар, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүх хуралдааны товыг хамтран хариуцагч Ж.Бд утсаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгч Д.Т өөрийн эзгүйд шүүх хуралдаанд хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул, мөн хамтран хариуцагч Ж.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгч А.З болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагч, хамтран хариуцагч нарын эзгүйд хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан хэргийн оролцогчдын тайлбар бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Үүнд:
1) Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч Д.Тын эзэмшлийн Х банкны Б салбар дахь 0000 тоот дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар (2018.12.20-2018.12.26)
-2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 0000 тоот (Д.Тын данс) данснаас 47940000 төгрөгний зарлага гарч 0000 тоот (Ж.Бы данс) данс руу орсон нь;
-2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 0000 тоот (Д.Тын данс) данс руу 20000000 төгрөгний орлого, дахиад 16000000 төгрөгний орлого тус тус 0000 тоот (Ж.Бы данс) данснаас орж ирсэн нь;
-2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 0000 тоот (Д.Тын данс) данс руу орлого 3000000 төгрөг, дахиад 3000000 төгрөг тус тус 0000 тоот (Ж.Бы данс) данснаас орж ирсэн нь;
-2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 0000 тоот (Д.Тын данс) данс руу орлого 3000000 төгрөг 0000 тоот (Ж.Бы данс) данснаас орж ирсэн нь;
-2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 0000 тоот (Д.Тын данс) данс руу орлого 5940000 төгрөг 0000 тоот (А.Зийн данс) данснаас орж ирсэн ба илүү шилжүүлсэн 3000000 төгрөгийг буцаан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 0000 тоот (Д.Тын данс) данснаас 0000 тоот (А.Зийн данс) данс руу шилжүүлсэн нь тус тус нотлогдож байна.
2) Нэхэмжлэгч А.Зийн эзэмшлийн Х банкны Б салбар дахь 0000 тоот дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар (2018.12.20-2018.12.26)
-2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 0000 тоот (А.Зийн данс) данс руу орлого 6000000 төгрөг орж ирсэн нь;
-2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 0000 тоот (А.Зийн данс) данснаас зарлага 5940000 төгрөгийг 0000 тоот (Д.Тын данс) данс руу шилжүүлсэн нь тус тус нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан хамтран хариуцагч Ж.Б 0000 тоот дансны эзэмшигч мөн болох нь түүний Х банкны Х-уул дүүргийн Э тооцооны төв дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар (2018.12.17-2018.12.31) нотлогдож байна.
Эдгээр нотлох баримтаар нэхэмжлэгч А.З нь Д.Тын 47940000 төгрөгийг андуурч Ж.Бы данс шилжүүлсэн нь, Ж.Б нь 3 удаагийн шилжүүлгээр бүгд 45000000 төгрөгийг Д.Тад буцаан шилжүүлсэн нь, мөн Ж.Б нь үлдсэн 2940000 төгрөгийг буцаан Д.Тад шилжүүлээгүй (буцааж өгөөгүй) болох нь тус тус нотлогдож байна.
Улмаар үлдсэн 2940000 төгрөгийг нэхэмжлэгч А.З нь Д.Тад буцаан шилжүүлэн өгч хохиролгүй болгосон нь зохигчдын тайлбар болон 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн Д.Тын гарын баримт, мөн дээрх Х банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар тус тус нотлогдож байна.
Хамтран хариуцагч Ж.Б нь Д.Таас авах авлагатай хоорондоо тооцоотой гэвэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн, нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжаа төлж шүүхэд тустаа нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
Мөн Д.Т нь Х банкны Б салбарт үйлчлүүлэхэд 479400000 төгрөгний шилжүүлэг хийлгэсэн ба тус банкны теллерийн буруугаас энэхүү мөнгийг Ж.Бы данс руу андуурч орсон болох нь дээрх нотлох баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэгч (теллер) З.З бусдын өр төлбөрийг андуурч төлсөн гэж дүгнэх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасан хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин тухайн үед Х банкны Б салбарын теллерээр ажиллаж байсан нэхэмжлэгч үйлчлүүлэгч Д.Тын мөнгийг буруу шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч Д.Тад үлдсэн 2940000 төгрөгийг төлж өгсөн боловч хамтран хариуцагч Ж.Б нь Х банкны Б салбараас андуурч шилжүүлсэн 47940000 төгрөгнөөс 45000000 төгрөгийг буцаан шилжүүлэн өгч үлдсэн 29400000 төгрөгийг буцааж шилжүүлж өгөөгүй нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх нь зүйтэй байна.
Иймд хамтран хариуцагч Ж.Баас 2940000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Зд олгож, хариуцагч Д.Тад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61990 төгрөгийг улсын орлого болгож, хамтран хариуцагч Ж.Баас 61990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Зд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-ийг тус тус баримтлан хамтран хариуцагч Дэлэг овогт Жийн Баас 2940000 (хоёр сая есөн зуун дөчин мянга) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н овогт Аийн Зд олгож, хариуцагч Д.Тад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч А.Зийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61990 (жаран нэгэн мянга есөн зуун ерөн) төгрөгийг улсын орлого болгож, хамтран хариуцагч Ж.Баас 61990 (жаран нэгэн мянга есөн зуун ерөн) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Зд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК