Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2020/00502

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын  дугаар багт оршин суух, Ц сумын сум дундын эмнэлэгт хүүхдийн их эмч ажилтай, утас, РД: К Сийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн сумын сум дундын эмнэлэг (ерөнхий эмч К.Ө, утас:) -т холбогдох хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, хариуцагч Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 15 дугаартай тушаалыг хүчингүй болгох тухай.

Нэхэмжлэгч К.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц сумын сум дундын эмнэлэгт хүүхдийн их эмчээр ажилладаг. Хариуцагчаас маргаан бүхий тушаалыг гаргахдаа намайг эндсэн хүүхдэд тавьсан онош шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу зөрүүтэй, онош буруу тавигдсанаас эмчилгээ дутуу хийгдсэн, хүчилтөрөгч хамрын ац гуурсаар өгөөгүй, хүнд хүүхдийг хяналтгүй орхиж явсан, өвчний түүх хөтлөлт бүрэн бус гэх мэт алдаа зөрчлийг гаргасан учир сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байна. Гэхдээ шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийдэг эрх бүхий этгээд биш тул уг тушаал бүхэлдээ үндэслэлгүй болжээ. Иймд Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №15 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 22 цагийн үед Ц сумын * дугаар багийн Ж.З гэгч өөрийн 8 сартай хүүхэд өвчтэй байгаа талаар дуудлага өгсний дагуу 5 дугаар багийн хүний их эмч Хойшы, түргэний жолооч Е нарыг явуулсан. Дээрх хүмүүс дуудлагын дагуу явж өвчтэй хүүхдийг 02 цагийн үед сумын эмнэлэгт хүргэж ирсэн. Хүүхэд ирсний дараа хүүхдийн их эмч К.Сийг дуудаж үзүүлсэн ба К.С нь сепсис гэсэн онош тавьж зохих эмчилгээ хийсэн байна. Өглөө 06 цагийн үед ээлжийн сувилагч Л над руу утасдаж эмнэлэгт хүнд хүүхэд байна, аймагт хүргэх шаардлагатай байна, та аймаг руу авч явна уу гэж хэлсэн. Би тухайн өдөр өглөө аймгийн төвд болох семинарт оролцохоор аймаг руу явах байсан ба 06:30 цагийн үед эмнэлэгт очиж хүүхдийн биеийн байдлыг үзэхэд маш хүнд, машинаар тээвэрлэх боломжгүй байсан. Тэгэхээр нь хүүхдийн их эмч Аийг гэрээс нь очиж машинаар аваад эмнэлэгт хүргэж хүнд өвчтэй хүүхдийн хажууд үлдээгээд аймгаас хүүхдийн их эмч дууд, тэр хүртэл зохих эмчилгээ хий гээд хэлээд явсан. Тухайн хүүхэд тэр өдрийн 12 цагийн үед нас барсан байна. Талийгаач хүүхдийн ар гэр болон бусад хүмүүсээс энэ асуудлаар аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгч тэндээс мэргэжлийн хүмүүс ирж нас барсан хүүхдийн цогцост задлан шинжилгээ хийсэн. Задлан шинжилгээгээр тухайн хүүхэд нь хатгаа, зүрх судасны дутагдлаар нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Их эмч К.С нь тухайн хүүхдэд эмчилгээ хийхдээ ажлын хариуцлага алдаж онош буруу тавьсан, хүнд өвчтэй хүүхдийг хяналтгүй орхисон, өвчний түүх дутуу хөтөлсөн, хүчил төрөгч хамрын ац гуурсуур өгөөгүй зэрэг зөрчил гаргасан учир миний бие ажил олгогчийн эрх хэмжээний хүрээнд сахилгын шийтгэл ногдуулсан. К.Сийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

Нэхэмжлэгч К.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Б аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн Ерөнхий эмчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай 15 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, би тухайн өдрийн жижүүр эмчээр гарч байсан ба эндсэн хүүхдийг эмчлэгч эмч биш. З нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 2900 кг жинтэй, 49 см өндөртэй эрүүл төрсөн. Зыг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр амбулаториор авчирч үзүүлэхэд зүүн хөлийн эрхий хуруу хавдаж, хумс нь дотогш урагсан байсан. Би Зыг үзээд үнэлгээ өгөөд мэс заслын сувилагчид үзүүлэхийг зөвлөсөн. Зыг 11 дүгээр сарын 11-ний өдөр мэс заслын сувилагчид үзүүлээд хумсыг нь авхуулсан байна. Улмаар 11 дүгээр сарын 14-ний өдөр 02:30 цагийн үед ээлжийн сувилагч Л дуудаж Зыг үзүүлсэн. Би тухайн үед очиж, холбогдох бүх арга хэмжээг авсан. Зын биеийн байдал сайжирч 4 цагийн үед унтсан. Би Зыг 05:30 цаг хүртэл ажиглаж байгаад хоол идэхээр явсан. Би ходоодны шархтай. Би Зыг хариуцдаг багийн эмч Аийг дуудахыг ээлжийн сувилагчид даалгасан. Би гэртээ ирээд цай хоол идээд ажил руугаа явах гэж байхад ээлжийн сувилагч намайг А эмчийг дуудсан, та бас хүрээд ирээч, З сэрээд халуураад байна гэж хэлсэн. Би эмнэлэгт 7 цаг гэхэд буцаж ирээд А эмчийн хамт Зод бүх талын арга хэмжээ авсан ч хүүхдийн биеийн байдал дээрдэхгүй 12:50 минутад эндсэн. Уг хүүхэд ямар ч эмчилгээ авах боломжгүй хүнд хүүхэд байсан. Би тухайн үед эмчийн үүргээ гүйцэтгэсэн. Б аймгийн Ц сумын сум дундын эмнэлэгт ямар ч шинжилгээ хийдэггүй. Би чагнуураар чагнаад, нүдээрээ хардаг. Эндсэн Зын зүүн хөлийн эрхий хуруу хавдсан, идээ гоожсон, халуун өндөр байсан. Уг хүүхдэд амьсгалын дутагдлын шинж тэмдэг илрээгүй. Хатгаа авсан бол хүүхэд хүндэрч амьсгалын дутмаг шинж илэрсэн үед хамар уруулын гурвалжин хөх туяатай, хамрын гурвалжин сарталзаж, цээж хүчтэй хонхолзох ёстой. Би 30 жил ажигласан туршлагаасаа үзэхэд эндсэн хүүхдийн амьсгалын замд ямар нэгэн дутагдал ажиглагдаагүй. Цус бохирдсоноос болж хордож халуурч байна, удаан халуурснаас болж хүүхэд хүнд байдалд орсон гэж бодоод эмчилгээ хийсэн. Тухайн эмчилгээний үр дүнд хүүхэд түр ч гэсэн тайвширсан. Хүнийг эмчлэхийн тулд нойр хоолгүй зүтгэж байхад дараа нь буруутан болж байгаад харамсалтай байна. Хы ац хуурсаар хүчил төрөгч өгөөгүй гэж байна. Би амьсгалын дутагдалд ороогүй хүүхдэд ямар ч заалтгүй яаж хүчил төрөгч өгөх юм бэ. Мөн хүүхдийг хараа хяналтгүй орхиогүй гэдгийг ээлжийн сувилагч Л нар мэднэ. Өвчний түүхийн хөтлөлт бүрэн хийгдээгүй байна гэж шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн. Хүүхэд нас барсан тухай өвчтөний түүх дээр бичигдээгүй байсан. Ц сумын 6 дугаар багийг хариуцаж байгаа А эмч өвчтөний түүх дээр нас барсан талаар бичих ёстой байсан. Дээрх асуудал нь надад ямар ч холбогдолгүй. Шинжээч эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ бүрэн хийгдсэн, эмч сувилагч нар үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлгүй болно гэж дүгнэсэн. Уг үйл явдалд намайг буруутгах үндэслэл байхгүй тул надад арга хэмжээ авсанд харамсаж байна. Аргах хэмжээ авсан тушаалд байгууллагын дотоод журмыг үндэслэл болгосон байна. Хэдэн оны дотоод журмын ямар заалтыг үндэслэж байгааг мэдэхгүй байна. Би дотоод журмыг хараагүй, мэдэхгүй. Иймд Б аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн Ерөнхий эмчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай 15 дугаар тушаалыг хүчингүй болгож, миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.

 

Хариуцагч Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ц сум их хүүхэдтэй тул Эрүүл мэндийн газраас 2 хүүхдийн эмч ажиллуулах заавар өгсөн. 2 хүүхдийн эмчийг баг баг хариуцахаар хуваарилах нь буруу юм байна. Учир нь, 2 хүүхдийн эмч миний багийн хүүхэд мөн биш гэж маргаан гаргаж, зөв эмчилгээ хийгээгүйгээс болж хүний алтан амь эрсдэж байна. Мөн эмч нар өнөөдрийн жижүүр тул өнөөдрийг хариуцна, маргаашийг мэдэхгүй гэдэг. К.С эмчийн жижүүртэй өдөр дуудлагаар өвчтөн ирсэн бол зөв үнэлж эмчилгээ хийж, өөр эмчид хүлээлгэж өгөх эсхүл заавал хажууд нь байх ёстой. Нэхэмжлэгч эндсэн хүүхдийн хамрын угалж сарталзаагүй, хүүхэд амьсгаадаагүй, цээж хонхолзоогүй гэж хатгааг үгүйсгэж байна. Гэтэл задлангийн дүгнэлтээр эндсэн хүүхэд хатгаагаар нас барсан гэх дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн хүн байдгийг үгүйсгэхгүй. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Нэхэмжлэгч ажилдаа 3 цагт ирээд 4 гээд явсан байна. Манай эмнэлэг камертай гэдгийг мэдэж байгаа. Би камерыг шүүж үзсэн. Хүнд хүүхдийг яагаад орхиод явсан юм бэ. Үхвэл үхэг гэж бодсон юм уу. Хүүхэд эндэхэд К.Сээс хэн ч арга хэмжээ авдаггүй, арга хэмжээг надаас авдаг. Тийм болохоор нэхэмжлэгч даварч байгаа тул арга хэмжээ авах үндэслэлээ болгосон. Аийн өгсөн мэдүүлгийг анхаарч үзэхийг хүсэж байна. А миний дүүгийн хүүхдийн эндэх шалтгаан нь хурууны хумс авснаас болсон, бохир оруулснаас болоод хүүхдийн хөлний шилбэ хүртэл хөхөрсөн, халдвар авсан тул нас барсан, уг асуудалд хагалгааны сувилагч буруутай гэж мэдүүлсэн. Уг асуудлыг шалгасан. К.С эмч эндсэн хүүхдэд онош буруу тавьсан. Амьсгаадаж байгаа хүүхдэд хүчил төрөгч өгч болдоггүй юм уу. Эндсэн хүүхдэд эхний эмч 1-2 антибиотик эмчилгээ хийсэн байсан. Би тухайн үед 7 цагт аймаг руу явах ёстой байсан. Надад тухайн үед хүнд хүүхэд байна, хөл нь хөхөрсөн байна, та аймаг руу аваад яваач гэхээр би очсон. Би очих үед хүүхэд авч явах боломжгүй байсан. Би тухайн үед яагаад эмчээ гэр лүү нь явуулж байгаа юм бэ, яагаад хүчил төрөгч өгөхгүй байгаа юм бэ гээд хүчил төрөгч залгаад хүүхдийн эмчийг гэрээс нь очиж дагуулж ирээд хажууд нь үлдээгээд семинарт явсан. Хүүхдийн эндэгдэл их гардаг. Хүүхэд эндсэн бол мэргэжлийн хяналт болон Эрүүл мэндийн газар ерөнхий эмчээс арга хэмжээ авдаг тул К.С эмч нар хэдэн цагийн аргацааж, хүүхэд үхвэл үхнэ биз гэж хандаж байна. Хүүхдийг бүр хүндрүүлэх ямар шаардлага байсан юм бэ. Би Ц сумын ум дундын эмнэлгийн эрхлэгчийн хувьд арга хэмжээ авах ёстой. Арга хэмжээ авлаа гэдэг нь цагдан хорьсон асуудал биш. Би таны өмнө нь гаргасан алдаа дутагдлыг засахын тулд арга хэмжээ авдаг. Үүний төлөө заавал шүүхэд хандах шаардлага байхгүй. Хүүхдийн хумс авснаас болж бүх биеэр нь халдвар тархсан бол бүх эд эрхтнээс нь идээ гоожих ёстой. Хэрэв нэхэмжлэгчийн тавьсан онош зөв гэж үзвэл зүсэхэд бүх газраас идээ гарах ёстой. Би тухайн өдөр байгаагүй. Тухайн үед эндсэн хүүхдийн ар гэрийнх нь байсан. Задлан хийхэд хүүхдийн уушиг усаар дүүрсэн байсан гэсэн. Энэ нь хатгаа нь хүндрээд хавагнаж хүндэрсэн байхыг хэлнэ. Эндсэн хүүхдийн ар гэрийнх нь түүний уушиг нь тэр чигээрээ устай байсан тул хатгаагаар нас барсан гэж бодож байна. Эндсэн хүүхдийн ар гэр нь гомдолгүй гэсэн тул та нар шүүхэд хандаж байна. Хэрэв эндсэн хүүхдийн ар гэр гомдолтой байсан бол та нар намайг шүүхэд өгөөд явж чадахгүй, асуудалд орооцолдох байсан. Хүний амь нас тоглоом биш. Онош зөрүүтэй, хүчил төрөгч өгөөгүй, хараа хяналтгүй үлдээсэн. Нэхэмжлэгч өөрийн хариуцдаг багийн хүүхэд биш бол нөгөө нэг хүүхдийн эмчид хүлээлгэж өгөх ёстой байсан. Би хэн эмчийн багийн хүүхэд өвдөж байгааг мэдэхгүй. Та бүхэн хэний багийн хүүхэд өвдсөн ч сэтгэл гаргаад эмчилгээ хийх ёстой байсан. Миний багийн хүүхэд биш юм чинь гээд нэг үзсэн болчхоод яваад өгсөн юм уу. Эсхүл хүнд байна гэдгийг үнэлж чадаагүй юм уу. Хүнд учир үхэх хүүхэд байна, хэрэв уг хүүхэд үхвэл хумс авсан сувилагч буруутан гэж хандсан. Өвчтөнийг хяналтгүй орхино гэж байхгүй. Хүүхэд амьсгал хураатал нь эмч байж болно шүү дээ. Би эмч нартай гуравхан шаардлага тавьж болдоггүй юм уу. өвчтөн үзээгүй, дутуу тариа тарьсан гэх энгийн алдаа гаргасан бол хамаагүй. Хүүхэд эндсэн. Нэхэмжлэгчийн тавьсан онош нь халдвар авсан гэх онош тавьсан. Гэтэл задлангийн оношоор хатгаагаар нас барсан гэж дүгнэсэн. Буруу онош тавьж буруу эмчилгээ хийсэн юм чинь хүүхэд эндэх нь тодорхой. Би арга хэмжээ авсан. Миний гаргасан шийдвэр буруу эсэхийг шүүх шийдэх байх. Тухайн эндсэн хүүхдийг 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш К.С эмчид үзүүлээд явж байсан. Тухайн үед томуутай ирсэн. Дараа нь 11 дүгэр сарын 11-ний өдөр эндсэн хүүхэд хумсаа авхуулаад 12-ны өдөр хөдөө явсан. Улмаар 11 дүгээр сарын 13-ны шөнө дуудлагаар ирээд 14-ний өдөр эндсэн. Хатгаанаас өөр өвчтэй бол ийм хурдан эндэхгүй байх байсан Байгууллагын дотоод журмыг хурлаар батлуулсан. Өнгөрсөн жил ч гэсэн байгууллагын дотоод журмыг батлуулсан. Би 2020 оны эхэнд хурал хийгээд дотоод журмаа танилцуулаад баталсан. Нэхэмжлэгч дотоод журмыг мэдэхгүй гэж хэлж болохгүй. Өнгөрсөн жил танилцуулж байсан дотоод журамд өөрчлөлт ороогүй гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч К.Сийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь,

 

Хариуцагч Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 15 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, эмнэлгийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн тус эмнэлгийн хүүхдийн эмч К.Сэд эндсэн хүүхдэд тавьсан онош шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу зөрүүтэй, онош буруу тавигдсанаас эмчилгээ дутуу хийгдсэн, хүчилтөрөгч хамрын ац гуурсаар өгөөгүй, хүнд хүүхдийг хяналтгүй орхиж явсан, өвчний түүх хөтлөлт бүрэн бус гэх мэт алдаа зөрчил гаргасан тул цалинг 3 сар 20%-иар буруулах сахилгын шийтгэл ногдуулахад дараах байдлаар хууль зөрчсөн байна. Үүнд:

 

1) Хариуцагч (ажил олгогч) Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч (ажилтан) К.Стэй Хөдөлмөрийн гэрээ-г хугацаагүй байгуулсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар нэхэмжлэгч (ажилтан) К.С хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын ямар заалтыг хэзээ хэрхэн зөрчсөн тухай хариуцагч тушаалдаа дурдаагүй байна.

 

Хариуцагч (ажил олгогч) Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө нь маргаан бүхий тушаалд үндэслэл болгосон эмнэлгийн дотоод журам-ын 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.3 дахь заалтууд нь ажилтанд хариуцлага тооцох, тушаал гаргах заалт гэж тайлбарласан боловч Эмнэлгийн дотоод журам-ыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

2) Нэхэмжлэгч К.С нь эндсэн хүүхдэд тавьсан онош шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу зөрүүтэй, онош буруу тавигдсанаас эмчилгээ дутуу хийгдсэн, хүчилтөрөгч хамрын ац гуурсаар өгөөгүй, хүнд хүүхдийг хяналтгүй орхиж явсан, өвчний түүх хөтлөлт бүрэн бус гэсэн алдаа зөрчил гаргасан гэснийг хариуцагч нотлох баримтаар нотолж чадаагүй ба хавтаст хэрэгт авагдсан бусад хөндлөнгийн нотлох баримтаар К.С эдгээр зөрчил дутагдал гарсан гэсэн нь тогтоогдохгүй байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 43 дугаартай Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт-ийн дүгнэлт хэсэгт....6.Талийгаач Ж.З нь зүрхний булчингийн эмгэгшлийн өвчний улмаас нас баржээ. Талийгаач Ж.Зын хоёр талын уушиг архаг хэлбэрийн үрэвсэлтэй дагалдах өвчин байна. 7.Талийгаач Ж.Зын №275 дугаартай өвчний түүхийн хуулбарт үзлэг, оношилгоо, эмчилгээний өвчний түүх хөдлөлт бүрэн бус хийгдсэн байна. Дээрх алдаанууд нь тухайн эмчийн мэдлэг, мэргэжил дээшлүүлсэн байдал, олон жилийн дадлага туршлагаас хамаарах эмчийн субьектив алдаа бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй болно. Эмч сувилагч нар сумын эмнэлгийн хэмжээнд хийгдэх төрлийн эмчилгээнүүдийг бүрэн хийсэн байна. Талийгаач Ж.Зын зүүн хөлний эрхий хурууны боолтыг үзэхэд ямар нэгэн идээгүй цэвэр эдгэрсэн гэсэн байна.

 

Мөн Б аймгийн Ц сумын 6 дугаар багийн иргэн Ж.З 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус сумын Сум дундын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гэх гомдол мэдээллийн дагуу Б аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 191300419 хэрэг бүртгэлийн дугаартай Мөрдөгчийн тогтоол-оор хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаад, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5/215 дугаартай Прокурорын тогтоол-оор хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байна.

 

Энэхүү 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5/215 дугаартай Прокурорын тогтоол-оор ...Хэргийг шалгах явцад хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний албаны эмч К.Хын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 43 дугаар шүүх эмнэлгийн задлан шинжилгээний:...талийгаач Ж.З нь зүрхний булчингийн эмэгшил өвчний улмаас нас барсан байна. Эмч сувилагч нар сумын эмнэлгийн хэмжээнд хийгдэх төрлийн эмчилгээнүүдийг бүрэн хийсэн байна гэх дүгнэлтээр эмч сувилагч нар эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдоогүй байна. Иймд уг үйлдэлд гэмт хэргийн шинжгүй үндэслэл тогтоогдож байх тул.... хэрэг бүртгэлийн хэргийг хаасан гэсэн байна.

 

Хариуцагч Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө нэхэмжлэгч К.Сийн эндсэн хүүхдэд тавьсан онош шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу зөрүүтэй байна гэх боловч К.С ямар онош тавьж байсан, К.Сийн тавьсан оношийг хэн хэзээ үгүйсгэж дүгнэлт гаргасан эсэхийг нотлох баримтаар нотолж чадаагүй; мөн эндсэн хүүхдэд онош буруу тавигдсанаас эмчилгээ дутуу хийгдсэн гэдэг нь дээрх шинжээчийн дүгнэлт болон прокурорын тогтоолд Эмч сувилагч нар сумын эмнэлгийн хэмжээнд хийгдэх төрлийн эмчилгээнүүдийг бүрэн хийсэн гэснээр үгүйсгэгдэж байна; мөн эндсэн хүүхдэд хүчилтөрөгч хамрын ац гуурсаар өгөөгүй, хүнд хүүхдийг хяналтгүй орхиж явсан гэсэн нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна..

 

3) Хариуцагч Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №5/215 дугаартай Прокурорын тогтоол-оор хэрэг бүртгэлийн хэргийг хаасны дараа буюу 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сахилгын шийтгэл ногдуулах тухай 15 дугаартай тушаалаар К.Сэд сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацааг зөрчөөгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хуулийн хугацаандаа уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан байна.

 

Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудаар нэхэмжлэгч К.Сийн цалинг 3 сар 20 хувиар буруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 15 дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Б аймгийн Ц сумын сум дундын эмнэлгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-г баримтлан нэхэмжлэгч С Б овогт Кн Сийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 15 дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Ц сумын сум дундын эмнэлгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК