Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 212/МА2020/00053

 

К.Сийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00502 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Ц сумын .. дугаар багт оршин суух, С Б овогт Кн Сийн нэхэмжлэлтэй, Ц сумын сум дундын эмнэлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Е, нэхэмжлэгч К.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 15 дугаартай тушаалыг хүчингүй болгох тухай.

 

Нэхэмжлэлд: Миний бие Ц сумын Сум дундын эмнэлэгт хүүхдийн их эмчээр ажилладаг. Хариуцагчаас маргаан бүхий тушаалыг гаргахдаа намайг эндсэн хүүхдэд тавьсан онош шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу зөрүүтэй, онош буруу тавигдсанаас эмчилгээ дутуу хийгдсэн, хүчилтөрөгч хамрын ац гуурсаар өгөөгүй, хүнд хүүхдийг хяналтгүй орхиж явсан, өвчний түүх хөтлөлт бүрэн бус гэх мэт алдаа зөрчлийг гаргасан учир сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байна. Гэхдээ шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийдэг эрх бүхий этгээд биш тул уг тушаал бүхэлдээ үндэслэлгүй болжээ. Иймд Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №15 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2019 оны 11 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө 22 цагийн үед Ц сумын 6 дугаар багийн Ж.Зын 8 сартай хүүхэд өвчтэй байгаа талаар дуудлага өгсний дагуу 5 дугаар багийн хүний их эмч Х, түргэний жолооч Е нарыг явуулсан. Дээрх хүмүүс дуудлагын дагуу явж өвчтэй хүүхдийг 02 цагийн үед сумын эмнэлэгт хүргэж ирсэн. Хүүхэд ирсний дараа хүүхдийн их эмч К.Сийг дуудаж үзүүлсэн ба К.С нь сепсис гэсэн онош тавьж зохих эмчилгээ хийсэн байна. Өглөө 06 цагийн үед ээлжийн сувилагч Л над руу утасдаж эмнэлэгт хүнд хүүхэд байна, аймагт хүргэх шаардлагатай байна, та аймаг руу авч явна уу гэж хэлсэн. Би тухайн өдөр өглөө аймгийн төвд болох семинарт оролцохоор аймаг руу явах байсан ба 06:30 цагийн үед эмнэлэгт очиж хүүхдийн биеийн байдлыг үзэхэд маш хүнд, машинаар тээвэрлэх боломжгүй байсан. Тэгэхээр нь хүүхдийн их эмч Алемгүлийг гэрээс нь очиж машинаар аваад эмнэлэгт хүргэж хүнд өвчтэй хүүхдийн хажууд үлдээгээд, аймгаас хүүхдийн их эмч дууд, тэр хүртэл зохих эмчилгээ хий гээд хэлээд явсан. Тухайн хүүхэд тэр өдрийн 12 цагийн үед нас барсан байна. Талийгаач хүүхдийн ар гэр болон бусад хүмүүсээс энэ асуудлаар аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгч тэндээс мэргэжлийн хүмүүс ирж нас барсан хүүхдийн цогцост задлан шинжилгээ хийсэн. Задлан шинжилгээгээр тухайн хүүхэд нь хатгаа, зүрх судасны дутагдлаар нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Их эмч К.С нь тухайн хүүхдэд эмчилгээ хийхдээ ажлын хариуцлага алдаж онош буруу тавьсан, хүнд өвчтэй хүүхдийг хяналтгүй орхисон, өвчний түүх дутуу хөтөлсөн, хүчил төрөгч хамрын ац гуурсаар өгөөгүй зэрэг зөрчил гаргасан учир миний бие ажил олгогчийн эрх хэмжээний хүрээнд сахилгын шийтгэл ногдуулсан. К.Сийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00502 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-г баримтлан нэхэмжлэгч С Б овогт Кн Сийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 15 дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00502 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 2019 оны 11 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө 22 цагийн үед Ц сумын 6 дугаар багийн Ж.З гэгч өөрийн 08 сартай хүүхэд өвчтэй байгаа талаар дуудлага өгсний дагуу 5 дугаар багийн хүний бага эмч Х, түргэний жолооч Е нарыг явуулсан. Дээрх хүмүүс дуудлагын дагуу явж өвчтэй хүүхдийг 02 цагийн үед сумын эмнэлэгт хүргэж ирсэн.Хүүхэд ирсний дараа хүүхдийн их эмч Сийг дуудаж үзүүлсэн ба С нь сепсис гэсэн онош тавьж зохих эмчилгээ хийсэн байна. К.С нь тухайн үед антибиотик тарьж шингэн залгуулж цаг гаруй сууж байгаад хүүхдийг хяналтгүй орхиж явсан байсан. Мөн амьсгал нь олширч бүтэх аюултай байсан хүүхдэд амьсгал дэмжих хүчилтөрөгч өгч тусламж үзүүлээгүй байсан. Тухайн асуудлыг Цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5/215 дугаартай Прокурорын тогтоолоор эмч сувилагч нар эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдоогүй, тухайн үйлдэлд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан нь ажлын хариуцлага алдсан К.Сэд сахилгын шийтгэл ногдуулахад саад болохгүй. Мөн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 43 дугаартай Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр ...талийгаач Ж.Зын 275 дугаартай өвчний түүхийн хуулбарт үзлэг, оношилгоо, эмчилгээний өвчний түүх хөтлөлт бүрэн бус хийгдсэн байна. Дээрх алдаанууд нь тухайн эмчийн мэдлэг, мэргэжил дээшлүүлсэн байдал, олон нийтийн дадлага туршлагаас хамаарах эмчийн субьектив алдаа бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй болно гэж дүгнэсэн нь үнэн. Гэхдээ энэ нь тухайн эмчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохоос биш сахилгын хариуцлагаас чөлөөлөх үндэслэл биш. Их эмч К.С нь тухайн хүүхдэд эмчилгээ хийхдээ ажлын хариуцлага алдаж онош буруу тавьсан, хүнд өвчтэй хүүхдийг хяналтгүй орхисон, өвчний түүх дутуу хөтөлсөн, хүчил төрөгч хамрын ац гуурсаар өгөөгүй зэрэг зөрчил гаргасан учир миний бие ажил олгогчийн эрх хэмжээний хүрээнд сахилгын шийтгэл ногдуулсан. Анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр нэхэмжлэлийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй учир дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг мөн шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч К.Сээс хариуцагч Ц сумын Сум дундын эмнэлэгт холбогдуулан тус эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай 15 дугаартай тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тухайн өдөр жижүүр эмчийнхээ үүргийг гүйцэтгэж, хүүхдэд бүх талын арга хэмжээг авсан, хүүхэд эндсэнд миний буруу байхгүй тул сахилгын шийтгэл ногдуулсан тушаал үндэслэлгүй гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч жижүүр эмч К.С нь хүүхдэд эмчилгээ хийхдээ ажлын хариуцлага алдаж, онош буруу тавьсан, хүнд өвчтэй хүүхдийг хяналтгүй орхисон, өвчний түүх дутуу хөтөлсөн, хүчилтөрөгч амрын ац гуурсаар өгөөгүй зэрэг зөрчил гаргасан тул би эрх хэмжээнийхээ хүрээнд сахилгын шийтгэл оногдуулсан гэж маргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл, талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт бүрэн, хангалттай тогтоогдоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах бөгөөд зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, эх сурвалжийг магадалсаны үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлнэ. Тухайлбал хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 14-ний 43 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт ...талийгаач Ж.Зийн №275 дугаартай өвчний түүхийн хуулбарт үзлэг, оношилгоо, эмчилгээ, өвчний түүх хөтлөлт бүрэн бус хийгдсэн байна. Дээрх алдаанууд нь тухайн эмчийн мэдлэг, мэргэжил дээшлүүлсэн байдал, олон жилийн дадлага туршлагаас хамаарах бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй болно... гэж бичигдсэн байна. Шүүх уг дүгнэлтийг үнэн бодитой эсэхийг тогтоохын тулд эх сурвалжийг магадлах замаар мэтгэлцэх зарчмыг хангаж, маргааны зүйл болсон өвчний түүхийг талуудаас шаардаж, хэргийн жинхэнэ байдлыг тогтоох байжээ. Дээрх нөхцөл байдалд шүүх дүгнэлт өгөхгүйгээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШЗ2020/01364 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзэн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.1.1 дэх заалтад заасан журамд нийцээгүй гэж үзнэ.

 

Талууд талийгаач Ж.Зын өвчний түүхэд эмч К.Сийг бичилт хийсэн эсэхэд маргаж байгаа бөгөөд ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулах тушаалдаа мөн өвчний түүхэд бичилт хийгээгүйг үндэслэл болгожээ. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 14-ний 43 дугаартай шинжээчийн дүгнэлтийг өөр бусад баримттай харьцуулан судлалгүй, дан ганц шинжээчийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргасан нь нотлох баримтыг үнэлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн байна.

 

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй буюу нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна. Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй.

 

Хариуцагч талын давж заалдах гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00502 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагч Ц сумын Сум дундын эмнэлгийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

Д.КӨБЕШ