Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2020/00274/И |
Дугаар | 130/ШШ2020/00401 |
Огноо | 2020-04-16 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 130/ШШ2020/00401
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн Ж сумын Б багт үйл ажиллагаа явуулах Э ХХК /захирал Т.Б/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын ... дугаар багт оршин суух, А Шад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч А.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Х.З, гэрч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 00000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн M7BG3A00207 арлын дугаартай авто ачигч /50000000/, 100 кВт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг /20000000 төгрөг/ гаргуулах тухай тухай.
Нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э ХХК-ийн өмчлөлийн 00000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн M7BG3A00207 арлын дугаартай авто ачигч, 100 кВт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг иргэн С овогтой Бь нь Х аймгийн Алтай суманд ажил хийхээр түрээсэлье гэж хэлээд 2018 оны 06 сард авч яваад Б аймгийн Хын нүүрсний уурхайн дэд захирал ажилтай иргэн А.Шад зарсан байсан. Тус хэргийг Х аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн 193600091 тоот хэрэг үүсгэж С.Бийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон. С.Бь нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нас барсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Х аймгийн Прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/63 тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Тус тогтоолын дагуу өөрт учирсан хохирлоо хохирогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсаны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Одоогоор тус авто ачигч болон зөөврийн дизель станцууд нь Баян Ө аймгийн Ө сумын 7 дугаар баг Х тосгоны Х нүүрсний уурхайн гараашид А.Шын эзэмшилд хадгалагдаж байгаа болно.
А.Ш нь улсын бүртгэл бүхий LIUGONG CLG855 маркийн M7BG3A00207 арлын дугаартай авто ачигч, 100 кВт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг өмчлөгч эзэмшигчийн гэрчилгээн дээрээс нь тухайн эд зүйлийн жинхэнэ өмчлөгч нь С.Бь биш гэдгийг мэдсэн эсхүл мэдэх бүрэн боломжтой байсан билээ. Өөрөөр хэлбэл жинхэнэ өмчлөгч этгээдээс бус өөр этгээдээс мэдсээр байж худалдан авсан байгаа боловч энэ талаар улсын бүртгэлд бүртгүүлж шилжүүлж аваагүй болно. Одоо тус эд хөрөнгүүдийн бүртгэл нь Э ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа болно.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 114 дүгээр зүйлийн 114.1, 90, 94 дүгээр зүйлд зааснаар Баян Ө аймгийн Ө сумын 7 дугаар баг Х тосгоны Х нүүрсний уурхайн граашид хадгалагдаж байгаа 00000УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн M7BG3A00207 арлын дугаартай авто ачигч, 100 кВт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг А.Шаас гаргуулж Э ХХК-д буцаан олгож өгнө үү. Хэрвээ тухайн эд хөрөнгийг биет байдлаар өгөх боломжгүй бол уг эд хөрөнгүүдийн үнэ 70.000.000 /далан сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Ш шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б аймгийн Ө сумын 7 дугаар багт оршин суух, Нүүрс Х-ын уурхайн дэд захирал ажилтай А.Ш миний бие 00000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн M7BG3A00207 арлын дугаартай авто ачигч 50.000.000 (тавин сая) төгрөг, 100 кВт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцын үнэ 20.000.000 (хорин сая) төгрөг гаргуулж Э ХХК-д олгуулах тухай тус шүүхэд гаргасан Х аймгийн Э ХХК-ийн захирал Т.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарын гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргаж байна.
Нэг: Хэргийн бодит нөхцөл байдал:
Б аймгийн 7-р багт оршин суух, Н-ын нүүрсний уурхайн дэд захирал ажилтай А.Ш миний бие Улаанбаатар хотод оршин суух С.Бь нь урьд өмнө Уул уурхайн (газар шорооны) зориулалттай хүнд даацын машин механизм, түүний эд анги, запас сэлбэг надад худалдаж байсан танилын харилцаатай хүн байсан юм.
2018-оны 07 дугаар сарын эхээр танил С.Бь нь А.Ш надад утсаар залгаж, Х аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт эрэл хайгуул, газар шорооны ажил хийгээд дуусч, Улаанбаатар хот руу буцах гэж байна. Өөрийн эзэмшиж, ашиглаж байсан LIUGONG CLG855 маркийн авто ачигч машин, 100 кВт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг худалдах боллоо. Улаанбаатар хотод дахиж ачиж явахаас төвөгшөөж байна. Боломжийн үнээр худалдана, танайд хэрэгтэй эд шүү, худалдаж аваарай гэж хэлэхээр нь өөрсдийн ажилчид болох Х.Еркетай, Б.Есбол нарын хамт 2018 оны 7 дугаар сард Х аймгийн Алтай суманд очоод С.Бьд үнэ өртгийг бэлнээр өгч дээрх 00000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн M7BG3A00207 арлын дугаартай авто ачигч, 100 к.Вт-ын хүчин чадалтай дизель станцыг худалдан авсан юм. Иймд А.Ш миний бие Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2-д зааснаар худалдан авч, тухайн эд хөрөнгийг 2018 оны 7 дугаар сараас хойш эзэмшиж, ашиглаж байгаа тул өөрийгөө шударга эзэмшигч гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Э ХХК нь нэхэмжлэл гаргахдаа 00000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн M7BG3A00207 арлын дугаартай авто ачигч механизмын өмчлөгч гэдгийг нотлох үүднээс 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр олгогдсон №02334696 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээ-ний хуулбарыг хавсаргаж, нотлох баримтаар өгсөн байх юм.
Гэтэл тухайн Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь дараах байдлаар хуурамч бичиг баримт болох нь илэрхий байх тул нотлох чадварыг алдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзнэ.
Тухайлбал, А.Ш миний бие иргэн С.Биас 00000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн авто ачигч, 100 кВт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станц зэрэг хөдлөх хөрөнгүүдийг 2018 оны 7 дугаар сард худалдан авч, өөрийн эзэмшилд шилжүүлж, Б аймагт авч ирсэн байгаа юм.
Гэтэл нэхэмжлэгч Х аймгийн Э ХХК нь тээврийн хэрэгслийн №02334695 дугаартай гэрчилгээг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бичүүлэн авсан нь цаг хугацааны хувьд илт хуурамч гэрчилгээ болохыг нотолж байна. Тээврийн хэрэгслийн 02334695 дугаартай гэрчилгээний Үзлэгийн тэмдэглэл хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр техникийн үзлэгт орсон болгож тэмдэглэл үйлдэж эрх бүхий албан тушаалтан тэмдэг дарж, гарын үсэг зурсан байна.
Гэтэл 2018 оны 7 дугаар сараас эхэлж А.Ш миний эзэмшилд байсан 00000 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Х аймгийн Э ХХК нь техникийн үзлэгт оруулсан болгож хуурамч нотлох баримт бүрдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байна.
Нэхэмжлэгч тал 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр олгогдсон, №02465263 дугаартай техникийн гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Уг гэрчилгээ мөн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр олгогдсон, техникийн үзлэгт 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хамрагдсан хэмээн тэмдэглэл үйлдсэн зэрэг нь А.Ш миний эзэмшилд машин механизм шилжиж ирсний дараа олгогдсон бичиг баримт тул хуурамч нотлох баримт бүрдүүлсэн үйлдэл хийсэн нь илэрхий байна.
Нэхэмжлэгч Э ХХК-д тээврийн хэрэгслийн №0246526 дугаартай гэрчилгээ олгохдоо Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх гэсэн заалт, 19 дүгээр зүйлийн 19.4.3-д заасан нотлох баримт зөрчилтэй бол татгалзах гэсэн заалтууд, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 39.1, Шадар сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаар тушаалаар Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, Улсын дугаар олгох журмын 2.7 дугаар заалтын 2.7.1, 2.7.3 дахь заалтууд, 3.5 дугаар заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн байна. Иймд бүртгэл хууль ёсны биш бөгөөд, гэрчилгээнүүд нотлох баримтын ач холбогдолгүй, нотлох чадварыг алдсан байна.
А.Ш миний бие өөрийгөө шударга эзэмшигч, хууль ёсны өмчлөгч гэж үзэх талаар:
1.А.Ш миний бие 00000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн M7BG3A00207 арлын дугаартай авто ачигч (механизм), 100 кВт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг 2018 оны 7 дугаар сард Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу С.Бийн эзэмшилд байхад С.Биас тохирсон үнийг төлж худалдан авсан бөгөөд 2018 оны 7 дугаар сард өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д зааснаар худалдах, худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр болсон юм.
2.Худалдагч С.Бь, худалдан авагч А.Ш бидний хүсэл зоригийн дагуу маргаан бүхий эд юмсын эзэмшил үүссэн тул тухайн эд хөрөнгийн хувьд А.Ш би Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шударга эзэмшигч болох билээ. Шударга эзэмшигч болох А.Ш надаас нэхэмжлэгч Э ХХК нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан: Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэсний дагуу нэхэмжлэх эрхгүй гэж үзнэ.
3.Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т Өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр уг эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 111.1-д эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан учир худалдагч С.Биас маргаан бүхий эд хөрөнгийг А.Ш би 2018 оны 7 дугаар сард шилжүүлэн авснаар өмнөх өмчлөгч нарын өмчлөх эрх дуусвар болж, А.Ш надад өмчлөх эрх бүрэн шилжсэн болно.
4.Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасны дагуу худалдагч С.Бьд 00000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн M7BG3A00207 арлын дугаартай авто ачигч (механизм), 100 кВт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцын үнийг 2018 оны 7 дугаар сард А.Ш би бүрэн төлсөн тул уг эд хөрөнгийн өмчлөх эрх надад хууль ёсоор бүрэн шилжсэн болно.
5.Маргаан бүхий 00000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн M7BG3A00207 арлын дугаартай авто ачигч (механизм), 100 кВт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцын өмчлөгч С.Бь биш гэдгийг А.Ш би мэдээгүй бөгөөд, тухайн хөрөнгүүд Х аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт худалдагч С.Бийн эзэмшил, өмчлөлд байсан газраас бэлэн мөнгөөр худалдаж авсан юм. С.Бь өөрийнхөн эд хөрөнгө гэж худалдсан ба би үнэ өртгийг Бьд өгсөн юм. Нэгэнт Бийн эзэмшилд байхад авсан тул өөр этгээдийн эд хөрөнгө гэж үзэх боломжгүй байсан. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэсэн заалтад А.Ш миний эд хөрөнгө худалдан авсан үйлдэл бүрэн нийцэж байна. Иймд А.Ш би тухайн эд хөрөнгийн хувьд шударга эзэмшигч, өмчлөгч мөн юм.
6.Худалдагч С.Бь, худалдан авагч А.Ш бидний хооронд эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл нь нүүр тулан хийсэн, хиймэгц биелэгдэх, эд хөрөнгийг 2018 оны 7 дугаар сард шилжүүлэн авсан гэрээ, хэлцэл тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.5-д заасан гэрээ байгуулсанд тооцох хуулийн шаардлага бүрэн хангагдсан байна.
7.Нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлд ... С.Бь нь түрээсийн гэрээгээр ашиглаж байсан гэх боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулах гэснийг зөрчсөн, мөн хуулийн 318.4-д заасан хүчин төгөлдөр гэрээ болон түрээсийн төлбөр төлж байсан талаар санхүүгийн анхан шатны баримт байхгүй учир С.Бь тухайн эд хөрөнгийг түрээсэлж байсан гэдэг нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.
Дүгнэвэл: А.Ш би С.Биас 2018 оны 7 дугаар сард худалдан авсан, С.Бь нь 2019 оны 4 дүгээр сард нас барсан нь тогтоогдсон, 2018 оны 7 дугаар сараас хойш С.Бь 2019 оны 4 дүгээр сар хүртэл амьд сэрүүн байхад гомдол гаргаагүй байсаар, 2019 оны 4 дүгээр сард С.Бь нас барсны дараа Э ХХК-ийг төлөөлж Ө.Түвдэндорж гэх хүн гомдол гаргасан, ( амьд байхад гаргаагүй байж ) мөн С.Биас мэдүүлэг аваагүй мөртлөө, түүнийг залилан мэхэлсэн хэрэг үйлдсэн гэж буруу дүгнэсэн, С.Бь нь Улаанбаатар хотын харьяат байхад хэргийг харьяалал зөрчиж Х аймагт шалгасан гэх эргэлзээ бүхий нөхцөл байдалтай, Тээврийн хэрэгслийн 2 төрлийн гэрчилгээ нь Х аймгийн Прокурорын газрын хэргийг хааж шийдвэрлэсэн тухай 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тогтоол гарснаас хойш олгогдсон зэрэг нөхцөл байдалтай байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Эдгээр нөхцөлүүд нь С.Бийн нас барсныг далимдуулж, түүний хөрөнгийг, эсвэл түүнд худалдан борлуулсан, зээл барьцаанд өгсөн хөрөнгийг Бь нас барсны дараа надаас нэхэмжилж байж болох гэсэн хардлага төрүүлж байна. С.Бь нас барсны дараа хэрэг нээж шалгасан тул залилан мэхэлсэн гэдгийг тогтоох боломжгүй юм шүү дээ. Тухайн хүн над шиг худалдан авсан, зээл төлбөрт барьцаалсан, эсвэл тухайн хүний ч өмч байж болно. Иймд Х аймгийн Э ХХК-ийн нэхэмжлэлтэй 70.000.000 (далан сая) төгрөг гаргуулах тухай А.Шад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/63 дугаартай Х аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол байгаа. Энэ хэрэгт гэрч, холбогдогчоор А.Ш оролцсон. Хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтаас харахад А.Ш өөрөө С.Бьтай харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. Иймд нэхэмжлэгчээс Х ХК биш иргэн А.Шыг хариуцагчаар тодорхойлсон. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 114 дүгээр зүйлд заасны дагуу бусдын эзэмшлээс өөрийн хууль ёсны дагуу эзэмшиж, өмчлөх эрх бүхий эд хөрөнгөө нэхэмжилж байна. Тухайн эд хөрөнгийг эвдсэн, гэмтсэн, устгасан бол мөнгөн дүнгээр гаргуулах замаар нэхэмжилнэ. Гэхдээ одоо тухайн эд хөрөнгө ямар хуу байдалтай байгаа гэдэг нь мэдэгдэхгүй байгаа тул эд хөрөнгөө нэхэмжилж байна. Тухайн эд хөрөнгийн үнэлгээ Э ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын тооллого, санхүүгийн баримтаар ямар үнэлгээтэй гэдэг нь харагдана. 2014 онд анх худалдан авахдаа 75-80 сая төгрөгөөр худалдан авч байсан. 2018 оны байдлаар 70 сая төгрөгөөр үнэлэгдсэн. Одоо авто ачигчаа ковшоо 50 сая төгрөг, дизель станцаа 20 сая төгрөгөөр үнэлж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу тухайн өмчлөх эрх бүхий этгээд, өмчлөгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч байгууллага байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэлдээ тодорхой бичсэн байгаа. Хово маркийн ковш, зөөврийн дизель станц зэргийг А.Шаас гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч А.Ш шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 07 дугаар сарын эхээр буюу 21, 22-ний өдрүүдэд С.Бь надтай утсаар ярьсан. С.Бь би Х аймгийн Алтай суманд ирсэн ба алт хайх гэж ирсэн ч юу ч олдохгүй байна, би буцмаар байна, надад дизель 100 станц, ковш байгаа, ковшийн коробка нь жаахан асуудалтай, өөр асуудал байхгүй сайн, та уурхайдаа авах уу, би буцаагаад ачаад явахад зардал их гарах гээд байна гэж хэлсэн. Би тухайн үед бодож байгаад хариу өгье гэж хэлснээ мартчихсан байсан. Гэтэл уг явдлаас хойш 3-4 хоногийн дараа С.Бь дахин залгаад та дээрх зүйлүүдийг хямдхан авчхаач, би дахиж ачиж явах гэхээр зардал их гарах гээд байна гэж хэлсэн. Би хаана байгаа нь асуухад Алтай сумын наана 10 км газар байна гэж хэлсэн. Би Х ХК-ний удирдлагатай ярилцаж байгаад авахаар болоод очсон. Би С.Бийг таньдаг байсан. С.Биас 3 жилийн өмнө миний хүүхэд машин худалдан авч байсан. Би С.Бьтай холбоотой байсан тул түүний хэлсэн газар очсон. Би ковш зэргийн машины мөнгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн талаар баримтыг гаргаж өгсөн. Би бичиг баримтуудыг яах бэ гэхэд хоёулаа олон удаа наймаа хийж байсан. Дараа араас нь бичиг баримтыг нь шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Би 07 дугаар сарын 27-ны өдөр мөнгийг нь шилжүүлсэн. Би С.Бьтай 3 удаа холбогдсон. С.Бь надад маргаан бүхий ковш зэргийг 7 дугаар сард худалдсан. С.Бь 4 дүгээр сард нас барсан байна. Би С.Бийг өөр хүний эд зүйлийг худалдана гэж бодоогүй. Би С.Бьд итгэж байсан. Нэхэмжлэгч байгууллага С.Бьд ковшоо 6 дугаар сард өгсөн гэж байна. Х аймаг том газар биш. Түрээсийн гэрээ яагаад байгуулаагүй юм бэ. С.Бь нь 7, 8, 9 дүгээр сард түрээсээ төлөөгүй байхад яагаад араас нь хөөцөлдөөгүй юм бэ. Ковш худалдаж авснаас хойш 1 жил 2 сарын дараа надтай холбоо барьсанд гайхаж байна. Миний хувьд С.Бьтай хуйвалдаж, залилах санаа бодол байхгүй. Түвдэндорж надтай ирж уулзах үед би худалдаж авсан нь үнэн гэж ковшоо харуулсан. Хэрэв би муу санаатай байсан бол би энэ асуудлыг мэдэхгүй гээд ковшийг нуух, үгүй хийх боломжтой байсан. Бид 5-6 ковштой. Би уг ковшийг задалчих боломжтой байсан. Би С.Бь бичиг баримт явуулна гэсэн тул итгэсэн. Маргаан бүхий ковшийг ашиглаж байгаа. Маргаан бүхий ковшийн үнийг Х ХК-ийн нэрээр шилжүүлсэн. Би Х ХК-нд уг ковшийг авсан. Би өөртөө ковш аваад яах юм бэ гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч нарын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч А.Шаас 00000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн M7BG3A00207 арлын дугаартай авто ачигч, 100 кВт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг гаргуулж өгөхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Э ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ компанийн өмчлөлийн 00000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн M7BG3A00207 арлын дугаартай авто ачигч, 100 кВт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг иргэн С овогтой Бь нь Х аймгийн Алтай суманд ажил хийхээр түрээсэлье гэж хэлээд 2018 оны 06 дугаар сард авч яваад Б аймгийн Хын уурхайн дэд захирал ажилтай иргэн А.Шад худалдсан байх ба А.Ш нь жинхэнэ өмчлөгч бус этгээдээс худалдан авч уг эд хөрөнгүүдийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж тайлбарлажээ.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Э ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Х аймгийн Цагдаагийн газарт тус компанийн эзэмшлийн 00000 УБ улсын дугаартай LIUGONG 50 ачигч болон 100 кВт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг Улаанбаатар хотын БЗД-ийн 26 дугаар хороонд оршин суух С овогтой Бь түрээслэх нэрийдлээр аваад сураггүй болоод байгаа, мөн түрээсийн төлбөрийг төлөхгүй байгаа бөгөөд үүнийг хулгай дээрмийн шинж чанартай гэж үзэж байгаа тул шалгаж өгөх талаар өргөдөл гаргасан байна.
Уг гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн хэрэг бүртгэлт явуулсан байх ба Х аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/36 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор иргэн С.Бь нь 2018 оны 7 дугаар сард Э ХХК-ийн өмчлөлийн улбар шар өнгийн 00000 УБ улсын дугаартай LIUGONG 50 ачигч болон 100 кВт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг залилан авч А.Шад худалдан борлуулж залилах гэмт хэрэг үйлдсэн боловч уг залилах гэмт хэрэг үйлдсэн гэх С.Бь нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нас барсан болох нь нотлогдож байгаа тул яллагдагч нас барсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн 193600091 дугаартай хэргийг хаажээ.
Хэрэг бүртгэлтийн шатанд А.Шаас тодорхойлолт гаргаж өгсөн байх ба уг тодорхойлолтод Х ХХК-ийн дэд захирал Ш би иргэн С.Биас 2018 оны 7 дугаар сард 38 сая төгрөгөөр ковш худалдаж авсан нь үнэн болно. Уг техник хэрэгслүүд нь иргэн Ө.Түвдэндоржийн эзэмшлийн тоног төхөөрөмж байсныг өнөөдөр мэдсэн бөгөөд уг асуудал шийдэгдэх хүртэл би бүрэн бүтэн хариуцах болно гэжээ.
Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ, 171.2-т Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заажээ.
Монгол Улсын Шадар сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 2.1-д Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгсэл өмчлөх эрх болон ашиглалттай холбоотой бүртгэлийг холбогдох хууль тогтоомж, энэхүү журамд нийцүүлэн хөтлөхөөр, 2.2.2-т Автотээврийн хэрэгслийн өмчлөгчийн бүртгэлийн төрөлтэй байхаар заасан бөгөөд өмчлөгчийн бүртгэлийг өмчлөгчөөс олгосон эрх, түүний ирүүлсэн хүсэлтийн дагуу тухайн автотээврийн хэрэгслийн өмчлөгчийг бүртгэж, өмчлөгчийн иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг үндэслэн өмчлөгчийг бүртгэж мэдээллийн санд оруулна гэж зохицуулжээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02465263 дугаартай, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02334695 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргаж өгсөн ба уг тээврийн хэрэгслийн гэрчилгээнээс үзэхэд 00000 УБ улсын дугаартай, LIUGONG CLG855 маркийн, 2008 онд үйлдвэрлэгдсэн, авто ачигчийн зориулалттай M7BG3A00207 хөдөлгүүрийн дугаартай, 00000 арлын дугаартай, улбар шар өнгийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Э ХХК бүртгэгдэж гэрчилгээ олгогджээ.
Автотээврийн үндэсний төвөөс 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр олгосон тээврийн хэрэгслийн лавлагаанд 00000 УБ улсын дугаартай, LIUGONG CLG855 маркийн, 2008 онд үйлдвэрлэгдсэн, авто ачигчийн зориулалттай M7BG3A00207 хөдөлгүүрийн дугаартай, 00000 арлын дугаартай, улбар шар өнгийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Х аймгийн Ж сумын Б багийн Домбот 1-р багт байрлалтай, 00000 регистрийн дугаартай Э ХХК бүртгэгдсэн, мөн Х аймаг дахь автотээврийн тээвэр бүртгэлийн мэргэжилтнээс гаргаж өгсөн Өмнөх өмчлөгчдийн мэдээллээс үзэхэд тухайн тээврийн хэрэгслийг А.Ш нь Х аймгийн Алтай суманд очиж авах үед буюу 2014 оны 04 дүгээр сарын 15-наас 2019 оны 04 дүгээр сарын 10-ныг хүртэл болон одоогийн байдлаар 00000 УБ улсын дугаартай, LIUGONG CLG855 маркийн, 2008 онд үйлдвэрлэгдсэн, авто ачигчийн зориулалттай M7BG3A00207 хөдөлгүүрийн дугаартай, 00000 арлын дугаартай, улбар шар өнгийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Э ХХК бүртгэгдсэн байгаа болох нь тогтоогджээ.
Э ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар тоног төхөөрөмж, машин механизмын жагсаалтын 2 дугаарт Ковш /утгуурт ачигч/ 3 м3, 1 ширхэг, 70000000 төгрөгийн үнэтэй гэж бүртгэгджээ.
Шүүх хуралдаанд оролцсон гэрч Э.Э ... Би 2014 оноос 2018 оны 7 дугаар сарын дундуур хүртэл хүртэл энэ ковшийг жолоодож байсан. 2018 оны 07 дугаар сараас хойш харагдаагүй. Уг ковшийг Х аймгийн Алтай суманд би аваачиж өгсөн. Түрээсэлж авч байна гэж хэлсэн. Би ковшийг Алтай суманд хүргээд буцсан. Түрээсэлж байгаа тул С.Бь гэх хүнд аваачиж өгсөн. Тухайн үед ковшийг хүргэж өгөхдөө дизель мотор, усны сав, кабел утас зэрэг эд зүйлийг хамт хүргэж өгч байсан. Тухайн үед уг ковшийг анх 70 гаруй сая төгрөгөөр худалдаж авч байсан. Дизель станцын үнийг сайн мэдэхгүй гэж мэдүүлжээ.
Дээрх байдлаас үзэхэд 00000 УБ улсын дугаартай, LIUGONG CLG855 маркийн, 2008 онд үйлдвэрлэгдсэн, авто ачигчийн зориулалттай M7BG3A00207 хөдөлгүүрийн дугаартай, 00000 арлын дугаартай, улбар шар өнгийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Э ХХК гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч А.Шаас миний бие 00000 УБ улсын дугаартай, LIUGONG CLG855 маркийн, 2008 онд үйлдвэрлэгдсэн, авто ачигчийн зориулалттай M7BG3A00207 хөдөлгүүрийн дугаартай, 00000 арлын дугаартай, улбар шар өнгийн тээврийн хэрэгсэл, 100 кВт-ын хүчин чадалтай зөөврийн станцыг 2018 оны 7 дугаар сард С.Биас тохирсон үнийг төлж худалдан авсан тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шударга эзэмшигч болно. Мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т зааснаар ... хөдлөх эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан тул С.Биас маргаан бүхий эд хөрөнгийг А.Ш би шилжүүлэн авснаар надад өмчлөх эрх бүрэн шилжсэн болно гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, 89.2-т Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд хэн нэгэн этгээд эд юмсыг бодитойгоор эрх мэдэлдээ авах замаар эд юмсын эзэмшил бий болдог бөгөөд эд юмсыг бодитойгоор эрхэндээ байлгах байдлыг тухайн эзэмшигч нь эд хөрөнгийн өмчлөгч байна гэж ойлгох боломжгүй болно.
Тухайлбал, өмчлөгч нь хэлцлийн үндсэн дээр эд юмсыг бусдын эрх мэдэлд олгосноор нөгөө этгээд хөрөнгө эзэмшиж байгаа хугацаанд хөрөнгийг ашиглаж, эзэмшиж болох боловч эзэмшил үүссэнээр тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх хамт үүссэн гэж үзэх үндэслэлгүй болно. Эзэмшилдээ байх хугацаанаас шалтгаалж өмчлөх эрх олж авах үндэслэлийн талаарх зохицуулалт нь энэ нэхэмжлэлийн агуулгад хамаарахгүй болно. Өмчлөгч болох Э ХХК нь өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн талаар нотлох баримтгүй байна.
Хариуцагчаас эд хөрөнгийг үнийг төлж, өөртөө шилжүүлж авснаар өмчлөх эрх үүссэн гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 111, 112 дугаар зүйлд заасан заалтууд нь эд хөрөнгийг өмчлөгч этгээдээс шилжүүлэн авсан тохиолдолд хамаарах тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.
Хариуцагчаас Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэсэн заалтад А.Ш миний эд хөрөнгө худалдан авсан үйлдэл бүрэн нийцэж байна гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой эсхүл мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж заажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбарт дурдсан үйл баримтаас үзэхэд А.Ш нь нэхэмжлэгчээс нэхэмжилж буй эд хөрөнгө болох 00000 УБ улсын дугаартай, LIUGONG CLG855 маркийн, 2008 онд үйлдвэрлэгдсэн, авто ачигчийн зориулалттай M7BG3A00207 хөдөлгүүрийн дугаартай, 00000 арлын дугаартай, улбар шар өнгийн тээврийн хэрэгслийг шударгаар олж авсан гэж үзэх боломжгүй болно.
Учир нь, худалдан авч буй эд хөрөнгө буюу тээврийн хэрэгслийн хувьд хуульд зааснаар тодорхой төрлийн бүртгэл хийгдэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгогдож, тухайн баримт бичгүүдийг үндэслэн хөдөлгөөнд оролцох, ашиглах эрх олгогдох зохицуулалттай байх бөгөөд худалдан авагч болох А.Ш нь эд хөрөнгө эзэмшигчээс тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхтэй эсэхийг шаардах, ул суурьтай сайтар лавлаж тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзэх боломжтой байсан байх ба хөнгөмсөг болгоомжгүй байдал нь худалдан авагчийг буруугүй гэж үзэх боломжийг хааж байгаа тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар түүнийг хамгаалах үндэслэлийг үгүйсгэж байна. Энэхүү байдлаас өмчлөх эрх шилжүүлж авч байгаа этгээд болох А.Ш нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч нь С.Бь биш болохыг тухайн үед мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан байсан гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Э ХХК нь өөрийн өмчлөлийн 00000 УБ улсын дугаартай, LIUGONG CLG855 маркийн, 2008 онд үйлдвэрлэгдсэн, авто ачигчийн зориулалттай M7BG3A00207 хөдөлгүүрийн дугаартай, 00000 арлын дугаартай, улбар шар өнгийн тээврийн хэрэгслийг А.Шын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч Э ХХК нь нь 100 кВт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцын өмчлөгч гэдгийг нотолж чадаагүй гэж үзлээ. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Э ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар тоног төхөөрөмж, машин механизмын жагсаалтад тухайн эд хөрөнгө бүртгэгдээгүй, тухайн компанийн хөрөнгөд авсан тухай санхүүгийн баримтаа гаргаж өгөөгүй, өмчлөгч гэдгийг нотлох баримтаар нотолж чадаагүй тул Э ХХК нь 100 кВт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг хариуцагч А.Шаас шаардах эрхгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Э ХХК-ийн өөрийн өмчлөлийн 00000 УБ улсын дугаартай, LIUGONG CLG855 маркийн, 2008 онд үйлдвэрлэгдсэн, авто ачигчийн зориулалттай M7BG3A00207 хөдөлгүүрийн дугаартай, 00000 арлын дугаартай, улбар шар өнгийн тээврийн хэрэгслийг А.Шын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох 100 кВт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станц гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Шаас 407950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК