Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2020/00004/И |
Дугаар | 130/ШШ2020/00445 |
Огноо | 2020-04-27 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 130/ШШ2020/00445
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын ... дүгээр багт оршин суух, Д Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар /дарга Ш.М/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч А.С, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.М, хариуцагчийн өмгөөлөгч К.Ж /цахим сүлжээгээр/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 7.178.184 төгрөг гаргуулах тухай.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 709855 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 221/МА2019/0389 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 341 дугаар тогтоолоор миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулахгүй байгаа тус газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, мэргэжилтний албан тушаалд намайг томилон ажиллуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч миний ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4060280 төгрөгийг Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төсвөөс гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн юм. Өнөөдрийн байдлаар ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа. Гэхдээ миний бие анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхэлж 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг хариуцагчаас гаргуулмаар байна. Миний бие сарын 897273 төгрөг авдаг байсан ба үүнийг ажилгүй байсан хугацаа болох 8 сараар бодоход 7178184 төгрөг болж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 7178184 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Аийн шүүхэд гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 7178184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрөх дараах тайлбарыг гаргаж байна.
1.Д.Аийн тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаартай шийдвэрээр мэргэжилтний албан тушаалд томилж ажиллуулахыг даалгасан боловч Д.А нь манай газарт ажиллаж байх хугацаандаа бусдаас авлига авч, улмаар үйлдэл нь нотлогдож Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээсэн юм.
2.Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараах нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно, 22.1.3-т Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх, 47 дугаар зүйлийн 47.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална, 47.1.2-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэж тус тус заасны дагуу Д.А нь манай газарт ажиллах эрхгүй болсон ба нэгэнт төрийн албанд ажиллах эрхгүй болсон Д.А нь цалин хөлс нэхэмжлэх эрхгүй болно.
3.Тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэртэй, Д.Аийн нэхэмжлэлтэй, Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг Д.А гэмт хэрэг үйлдсэн болохыг шүүхээс тогтоосонтой холбоотойгоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргах бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хандана. Иймд дээрх үндэслэлээр Д.Аийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 7178184 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаартай шийдвэрээр маргаан бүхий орон тоо буюу аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр ажилласан хугацаанд албан тушаалын цалинд 540033 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд 27002 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 91806 төгрөг, нийт 658841 төгрөгийн цалин хлөс авдаг байсныг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож шийдвэрлэхээр тогтоосны дагуу Д.Ат 4060280 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг суутгаж авахгүйгээр бүхэлд нь олгосон байна.
Д.А нь 709855 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг төлөхгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх ба манай газар нь 709855 төгрөгийг Д.Ат олгох үүрэг үүсээгүй болно. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу Д.Аээс шаардах эрхтэй. Иймд Д.Аээс 709855 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.А хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар ирүүлсэн хариу тайлбартаа: Д.А миний бие 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд хандаж Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Мад холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 7178184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ.
Гэтэл хариуцагчаас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэрийн дагуу олгогдсон ажилгүй байсан хугацааны цалингийн олговор болох 4060280 төгрөгөөс 709855 төгрөгийн татварын болон шимтгэлийн суутгал хийлээгүй байна хэмжээн үзэж уг 709855 төгрөгийг надаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Миний бие хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээж авсан нь үндэслэлгүй байна. Тэгээд нь миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг буюу шүүхийн шийдвэрийн дагуу цалин биш цалингийн олговор авсан юм. Өөрөөр хэлбэл цалингийн олговроос аливаа суутгал хийгдэх ёстой байсан талаарх нотлох баримт авагдаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Хэрэв татгалзах боломжгүй гэвэл бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А шүүхэд ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 7.108.184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон үндэслэл нь, Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 30 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 389 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 341 дугаар тогтоолоор Д.Аийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг Б аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний орон тоонд томилж ажиллуулах тухай шийдвэр гаргасан. Дээрх шүүхийн шийдвэрүүдэд Д.Аийн ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 4.060.280 төгрөгийг Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын санхүүгээс гаргаж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч дээрх шийдвэр гарсан өдрөөс эхэлж иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шүүхэд хандсан. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримталж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.Аийн дундаж цалин хөлсийг холбогдох хууль дүрэм журамд заасан дундаж цалин хөлс бодох журам болон хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт зэргийг харгалзан тооцож үзэхэд тэрээр сарын 897273 төгрөгийн цалин авдаг байсан нь тогтоогдсон. Нэгэнт захиргааны хэргийн шүүхийн шийдвэр Д.Аийн талд гарсан тул ажилгүй байсан хугацааны цалингийн олговор нэхэмжлэх эрх үүсэж байгаа.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 7.108.184 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгөх хүсэлттэй байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүхэд тайлбар гаргахдаа А гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, ял шийтгүүлсэн гэж тайлбарласан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч ял шийтгүүлсэн нь тогтоогдож байгаа ч шийтгэх тогтоол 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Бид 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цалингийн олговор нэхэмжлээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл тооцсон гэдгийг хэлмээр байна. Д.Аийн ял шийтгүүлсэн асуудал уг хэрэгт хамааралгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагч Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.М шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Д.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байна. Учир нь, Д.А нь Б аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа маргаан бүхий орон тоонд Нурханат гэх хүнийг томилсон. Хэдийгээр шүүхийн шийдвэр гарч Нурханатыг Б аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөц хариуцсан түшмэлээр ажиллуулах шийдвэр гарсан ч одоо хүртэл биелэгдээгүй. Нурханат нь Б аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газарт аялал жуулчлал хариуцсан ажилтнаар одоо хүртэл ажиллаж байна. Би төсөвт суугаагүй, Д.Аийн нэхэмжилж байгаа мөнгийг хаанаас төлөх юм бэ. Төсвийн тухай хуулийг зөрчиж байна. Би Б аймгийн Засаг даргатай гүйцэтгэлийн төлөвлөгөө гэх гэрээ байгуулж, хамтарч ажилладаг. Уг гэрээнд Төсвийн тухай хуулийг чанд дагаж мөрдөж ажиллана, төсөвт батлагдсан орон тоонд хүн авч ажиллуулна гэж заасан. Би Нурханатыг ажлаас гаргахад дахин маргаан гарна. Нурханатыг түр томилсон байсан бол асуудлыг шийдэж болох байсан. Гэтэл Нурханатыг бүр томилсон байгаа. Нурханатыг Д.А даргаар ажиллаж байхдаа томилсон гэдгийг хэлмээр байна. Төсөвт тусгагдаагүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх боломжгүй. Миний бодлоор буруу шийдвэр гаргасан хүн л Д.Аийн нэхэмжилж байгаа цалин хөлсийг төлөх ёстой юм биш үү. Үүнийг анхаарч үзэхийг хүсэж байна. Д.А нь ТЗ6-аар цалинждаг орон тоонд даргаар ажиллаж байсан хугацааны цалин хөлс нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Хэдийгээр шүүхийн шийдвэр гарсан ч даргаар ажиллаж байсан үеийн цалин хөлсөөр тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Д.А нь давж заалдах гомдол гаргаад шүүхийн процессын үйл ажиллагаа явагдаж байсан тул намайг ажилд аваагүй гэх тайлбар гаргасан байсан. Би Д.Аийг удаа дараа дуудаж уулзаад, ажлаа хийх үү гэж асуухад би ажил хийхгүй, бизнес хийнэ гэж хэлсэн. Би Д.Ат ажил хийхгүй бол өргөдөл бичиж өг гэхээр маргааш өгье, нөгөөдөр өгье гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Би Д.Аийг удаа дараа дуудуулж байсан ч нэг удаа ирж уулзаж байсан. Д.А ажил хийхгүй гэсэн мөртлөө энэ талаар өргөдлөө бичиж өгдөггүй мөртлөө шүүхэд хандаад явж байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа Д.А эрүүгийн хэрэгт холбогдож, төрийн албанд ажиллах эрхгүй болсон шийдвэр гарсан ч гэсэн цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хүнд наад захын ёс суртахуун байх ёстой гэж бодож байна. Д.А төрийн албан хаагчийн ёс зүйг баримталж ажиллаж чадаагүй байж, ажил хийхгүй гэртээ байж байгаад цалин авна гэж байгаа нь үндэслэлгүй. Д.А өөрөө тушаал гаргаж Нурханатыг томилсон хэрнээ түүний цалинг надад аваад өг гэж байгаа нь байж боломгүй асуудал. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Б аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газрын нягтлан бодогч Д.Ат шүүхийн шийдвэрийн дагуу олгосон 4.060.280 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татвар суутгаагүй татаагүй өгсөн байна. Би энэ талаар мэдээгүй байтал Нийгмийн даатгалын газар болон Татварын албанаас манай байгууллагад албан бичгээр хандсан. Тухайн үед нягтлан бодогчийн алдаанаас болж Д.Ат шүүхийн шийдвэрийн дагуу олгосон 4.060.280 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татвар суутгаагүй байна. Иймд сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 7178184 төгрөг гаргуулахыг хүссэн байх ба хариуцагч Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Д.Аээс 709855 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 он 05 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэрээр Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулаагүй байгаа тус газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, мэргэжилтний албан тушаалд намайг томилон ажиллуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч миний ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4060280 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн байх ба ажил олгогчоос уг шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гарсан өдрөөс хойш 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 он 05 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэрээр Д.Аийг Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулаагүй байгаа тус газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгчийг томилон ажиллуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4060280 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн байх ба хариуцагчаас уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын гомдол гаргасан байх бөгөөд тус Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0389 дүгээр магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 341 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно, мөн хуулийн 36.1, 36.1.2-т Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж тус тус заасан байна.
Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 он 05 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэрээр Д.Аийг Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулаагүй байгаа тус газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх ба уг маргааныг ажлаас буруу халсан нэхэмжлэлтэй агуулгын хувьд адилтган авч үзэх үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс урьд авч байсан дундаж цалин хөлсийг 897273 төгрөгөөр тооцож ажилгүй байсан 8 сарын цалин 7178184 төгрөг гаргуулж өгөхийг хүссэн байна.
Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 он 05 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэрээр Д.Аийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахдаа сарын цалин хөлсийг 658841 төгрөгөөр тооцож гаргуулсан байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байгаа ба түүнийг дахин нотлохгүй тул нэхэмжлэгч Д.Аийн сарын хөлсийг 658841 төгрөгөөр тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.А нь Б аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэр гарснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 7 сар / 6, 7, 8, 9, 10, 11 саруудад бүтэн, 5 дугаар сард ажлын 10 өдөр, 12 дугаар сард ажлын 11 өдөр ажилгүй байсан тул бүтэн нэг сар /ажлын 10 өдөр + ажлын 11 өдөр = ажлын 21 өдөр/ гэж тооцоход нийт 7 сар/ ажилгүй байсан ба энэ хугацаанд Д.Аийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4611887 /7 сар х 658841 төгрөг/ төгрөг байна.
Иймд Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 4611887 төгрөгийг гаргуулан Даниялын Ат олгож, илүү нэхэмжилсэн 2566297 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч талаас Д.Аийг шүүхийн шийдвэрээр мэргэжилтний албан тушаалд томилж ажиллуулахыг даалгасан боловч Д.А манай газарт ажиллаж байх хугацаандаа бусдаас авлига авч шүүхийн шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээсэн гэж тайлбарлажээ.
Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/188 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн ба уг шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар буюу талууд, оролцогч мөн хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бөгөөд гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дууссанаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгч Д.Аийн гэмт хэрэг үйлдсэн нь Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 он 05 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэрээр Д.Аийг Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулаагүй байгаа тус газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, мэргэжилтний албан тушаалд Д.Аийг томилон ажиллуулахыг хариуцагчид даалгасан үйл баримттай хамааралгүй, Д.Аийг гэм буруутайд тооцсон үйл баримт нь шүүхийн шийдвэрийн дараа үүссэн нөхцөл байдал байх тул хариуцагчийн дээрх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох боломжгүй болно.
Ажил олгогчоос Д.Аийг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуульд зааснаар чөлөөлсөн үндэслэл тогтоогдохгүй байгаа болно.
Хариуцагч Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагчаас Д.А нь нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний албан татварт нийт 709855 төгрөгийг өөртөө авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар буcдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд ийнхүү буцаан шаардахын тулд 1-рт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байх, 2-рт үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон байхыг тус тус шаарддаг.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэрээр Д.Аийг Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулаагүй байгаа тус газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгчийг томилон ажиллуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4060280 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн байх шүүхийн шийдвэрийн дагуу Д.Ат 4060280 төгрөгийг олгосон болох нь тогтоогджээ. Энэхүү байдлаас үзэхэд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байх урьдчилсан нөхцөл хангагдахгүй байна.
Мөн үүрэг хожим дуусгавар болсон эсхүл үүрэг хүчин төгөлдөр бус болсон гэх үндэслэл байхгүй байгаа тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хууль бусаар, эсхүл ямар нэг байдлаар үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Д.Аээс 709855 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 4611887 /дөрвөн сая зургаан зуун арван нэгэн мянга найман зуун наян долоо/ төгрөгийг гаргуулан Даниялын Ат олгож, илүү нэхэмжилсэн 2566297 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Д.Аээс 709855 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129801 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 88740 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ат олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК