| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2019/00313/И |
| Дугаар | 130/ШШ2020/00435 |
| Огноо | 2020-04-24 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 130/ШШ2020/00435
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Н сумын 6 дугаар багт оршин суух, Д Өийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Н сумын 4 дүгээр багт оршин суух, М Бад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, орчуулагч АЕ шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Н сумын 4 дүгээр багийн нутагт Б гэдэг газар байршилтай өвөлжөөний газраас албадан нүүлгэх тухай.
Нэхэмжлэгч Д.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б аймгийн Н сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Б гэх газарт байршилтай хуучин Бын өвөлжөөг тэд Казахстан улс рүү нүүх үед бид худалдан авч, Б аймгийн Н сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 80 дугаар захирамжаар Д.Ө надад хууль ёсоор эзэмшүүлсэн. Би уг газрыг 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн газар эзэмших эрхийн 000504565 тоот гэрчилгээний дагуу хууль ёсоор эзэмшиж, газар эзэмших гэрээ байгуулсан.
Миний хууль ёсоор эзэмшиж байгаа газрыг М.Б гэгч хууль бусаар эзэмшиж, ашиглаж Д.Ө миний тухайн газрыг хууль ёсоор эзэмшиж ашиглах эрхэд саад учруулж байна. Хариуцагч М.Б нь өөрийн гэсэн тусдаа өвөлжөө, хаваржааны эзэмшил газартай бөгөөд миний эзэмшилд байгаа Б гэх газарт байршилтай өвөлжөөг эзэмшилдээ хууль ёсоор авсан.
М.Бад тухайн газарт газар эзэмшүүлсэн шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дүгээр зүйлд заасны дагуу Д.Ө миний эзэмшилд байгаа Б аймгийн Н сумын 4 дүгээр багийн нутагт Б гэдэг газар байршилтай өвөлжөөний газраас Мадигийн Быг албадан нүүлгэж, бидний газар эзэмших эрхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б аймгийн Н сумын 6 дугаар багийн иргэн оршин суугч Д.Өээс Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус сумын 4 дүгээр багийн иргэн М.Б надад холбогдуулан гаргасан Н сумын 4 дүгээр багийн нутагт Б гэдэг газарт байршилтай өвөлжөөний газраас албадан нүүлгэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...Н сумын 4 дүгээр багийн Нутаг дэвсгэрт оршин Б гэх газарт байршилтай хуучин Бын өвөлжөөг тэд Казахстан улс руу нүүхэд бид худалдан авч, Б аймгийн Н сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 80 дугаар захирамжаар Д.Ө надад хууль ёсоор эзэмшүүлсэн. Би уг газрыг 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн газар эзэмших эрхийн 000504565 тоот гэрчилгээний дагуу хууль ёсоор эзэмшиж, газар эзэмших гэрээ байгуулсан юм... гэжээ.
Уг газрыг нэхэмжлэлдээ дурдсанчлан хууль ёсоор эзэмшүүлсэн эсэх тухай дүгнэлт хийхэд, тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Б гэх газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргах үед Д.Ө нь 18 насанд хүрээгүй нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан Газрыг Монгол улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид иргэн гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана... гэснийг ноцтой зөрчсөн.
Мадийн Б би Н сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт орших маргаан бүхий Б гэх газарт 2012 оноос өнөөдрийг хүртэл нутаглаж, хаваржиж байна. Урьд нь уг газарт Б гэгчтэй хамт хаварждаг байсан. Улмаар Б нь Казахстан улс руу нүүгээд явах үед түүний хашаа хороо, модон саравч зэргийг тус сумын иргэн Мырзабек буулган авч явснаар би Бын газарт албан ёсоор 2012 оноос хойш одоог хүртэл хаваржиж байна.
Д.Ө нь 4 дүгээр багийн иргэн биш учир манай багийн нутаг дэвсгэрээс газар эзэмших эрхгүй. Би 7-8 жилийн турш уг газарт нутаглаж, хаваржиж, хаваржааны зориулалттай хашаа саравчийг өөрийн хөрөнгөөр барьсан атал хэн нэгэн төрөл садан, хамаатныхаа албан тушаалыг ашиглан, дур зоргоороо бусдын газрыг эзэмшихийг зөвшөөрөхгүй. Энэ нь шударга ёсонд нийцэхгүй.
Малчид бид өвөлжөө, хаваржааны орчмын бэлчээрт амьжиргаа залгуулах хэдэн малаа бэлчээж амьдардаг бөгөөд миний олон жилийн өмнөөс эзэмшиж ирсэн газрыг бусдад шилжүүлсэнд гомдолтой байна. Намайг энэхүү газарт хаваржсан хугацаанд Д.Ө гэгч нэг ч удаа миний эзэмшлийн газар гэж ирээгүй, мөн Д.Ө нь маргаан бүхий газарт нутаглаж, хаваржиж өвөлжөөгүй болно. Нөгөөтэйгүүр, маргаан бүхий газарт өвөлжих боломжгүй, зөвхөн хаваржааны зориулалтаар эзэмшиж, ашиглах боломжтой байх тул өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргасны цаад санаа нь хувийн ашиг сонирхолтой гэдэг нь тодорхой байна.
Түүнчлэн, энэхүү Бгэх газар нь хилийн 0285 дугаар ангийн хилийн бүс зурваст хамаардаг тул Монгол Улсын Хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Улсын хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер, техникийн байгууламж барих зориулалтаар улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ гэж, мөн хуулийн 26.3-т Улсын хилийн зурваст дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж, мөн 26.3.1-т улсын хилийн зурваст газар эзэмшүүлэх, өмчлүүлэх.. гэж тус тус зааснаас үзэхэд хилийн бүсийн зурваст газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж байгаа нь хууль бус болох нь тодорхой байна.
М.Б миний хувьд, уг газрыг ямар нэгэн эрхийн актын дагуу эзэмшилдээ аваагүй бөгөөд жил болгон Хилийн 0285 дугаар ангитай Хилийн зурваст оторлох иргэдтэй байгуулсан гэрээ байгуулсан. Иймд, нэхэмжлэгчийн Б аймгийн Н сумын 4 дүгээр багийн нутаг Б гэх газарт байршилтай өвөлжөөний газраас албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Өийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н би хариуцагч М.Бад холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Б аймгийн Н сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 80 дугаартай захирамжаар иргэн Д.Өд эзэмшүүлсэн тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай Б гэх газар нь Улсын Их Хурлын 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах тухай 29 дүгээр тогтоолын холбогдох хэсгээр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн цогцолборт газрын ангиллын хязгаарлалтын бүсэд хамаарч байх тул Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшүүлэх боломжгүй болох нь Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 110/ШШ2019/0063 дугаартай шийдвэрээр тогтоогдсон болно.
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 (в); 31 дүгээр зүйлийн 31.1.3; Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж Н сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Б гэх газарт байршилтай хуучны Бын өвөлжөөний газраас 5000 м2 (5.0 га ) газрыг уламжлалт мал аж ахуй эрхлэх зориулалтаар Н сумын Засаг даргын 2019.10.21-ний өдрийн Газар ашиглуулах тухай А/185 дугаартай захирамжаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар сумын Засаг дарга, Монгол Алтай нурууны Улсын Тусгай Хамгаалалттай Газрын хамгаалалтын захиргаа болон газар ашиглагч иргэн Д.Ө нар гурвалсан 08 дугаартай гэрээг 2019 оны 10-р сарын 23-нд байгуулсан. Гэтэл тухайн газарт хариуцагч М.Б нь нэг өрөө байшин барьж, бидний малын хашааны дотор малын пүнз барьж, олон малтайгаа ирж хаваржаад, нэхэмжлэгч бидний мал аж ахуй эрхлэхэд зориулан ашиглаж байгаа газрыг хууль болон гэрээний дагуу ашиглахад саад учруулж байна.
Иймд, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1; 106.2-д зааснаар Н сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Газар ашиглуулах тухай А/185 дугаартай захирамж, Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 08 дугаартай гурвалсан гэрээний дагуу ашиглаж байгаа Н сумын Б гэх газарт байршилтай Д.Өийн ашиглаж байгаа 5000 м2 (5.0 га) газрын өвөлжөөний хашаа хороонд барьсан М.Бын модон байшин, малын пүнзийг албадан нүүлгэж, уламжлалт мал аж ахуй эрхэлж, газар ашиглахад саад болж буй үйлдлийг таслан зогсоох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Б нэхэмжлэгчийн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын талаар ирүүлсэн тайлбартаа: Миний бие, нэхэмжлэгч Д.Өийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодруулсан тухай тайлбартаа танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь иргэн Д.Ө нь уг газрыг өмчлөлд болон эзэмшилдээ албан ёсоор аваагүй, зөвхөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр ашиглаж байгаа этгээд юм. Уг газар хилийн хориотой зурвас, тусгай хамгаалалттай нутаг учраас иргэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх эрх зүйн үндэслэлгүй. М.Б би уг газрыг 1998 оноос хойш эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр хаваржаа болон намаржааны зориулалтаар ашиглаад одоо 22 жил болж байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б аймгийн Н сумын Б гэх газарт байдаг хороог миний эцгийн хадам ах Б гэх хүн нэгдэл тарах үед хувьчилж авсан. Б нь Казахстан улс руу нүүх үед түүний мал, хашаа хороог миний эцэг худалдаж авсан. Бын гар баримт, гэрчилгээ зэрэг баримтуудыг Захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгч байсан. Хариуцагч М.Б гэх хүн миний нагац нартай хамт нэг газар мал малладаг. Б гэх хүн өөрийн гэсэн хашаа хороотой. М.Б бид нар төрөл садангийн холбоотой.
М.Б нь миний эцгийг амьд байхад өссөн тул малаа 1-2 жил оторлож хамт тус маргаан бүхий газарт сууж байя гэж зөвшөөрөл авсан. Аав маань нас барсны дараа бид М.Бтай уулзаад нүүх талаар хэлэх гэж байсан ч боломж гараагүй. Малын тоо толгой өсөж бэлчээр хомсодсон тул Быг нүүгээрэй гэж хэлсэн. Өнгөрсөн жил би Бад очиж нүүгээрэй гэж хэлэхэд би нүүхгүй, та мундаг бол нүүлгээрэй гэж дарамталж, дээрэлхэж байна.
Иймд шүүхээс албадан нүүлгэж өгөхийг хүсэж байна. Сумын удирдлагаас тухайн газрыг миний аавын дүүгийн нэр дээр эзэмших захирамж гаргасан байсан. Бид нар Захиргааны хэргийн шүүхэд хандахад маргаан бүхий газар улсын тусгай хамгаалалттай газар болсон тул сумын Засаг дарга ашиглах тухай захирамж гаргаж, гурвалсан гэрээ байгуулсан. Иймд, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол Улсын нийт газар нутгийн 21 хувийг улсын тусгай хамгаалалтай газар нутаг эзэлдэг. Тусгай хамгаалалттай газар нутгаас газар эзэмшүүлэх ашиглах тухай асуудлыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулдаг. Тусгай хамгаалалттай газар нутгаас газар өмчлөх гэх ойлголт байхгүй. Хил хамгаалах Ерөнхий газар, иргэн болон Тусгай хамгаалалттай газар нутгийн газар гэрээ хийж, уламжлалт мал аж ахуй эрхэлж байгаа иргэдэд ашиглуулж байсан туршлага бий.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн газар эзэмшүүлэх тухай, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн газар ашиглуулах тухай 2 захирамж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй талаар ярьж байна. Тусгай хамгаалалттай газар нутгаас газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг сумын Засаг даргын саналыг үндэслээд Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцах ёстой. Хэрэгт газар эзэмшүүлсэн талаар Байгаль орчны сайдын тушаал авагдаагүй байна. Н сумын Засаг даргын гаргасан дээрх 2 захирамж хүчин төгөлдөр байна. Дээрх 2 захирамж хүчинтэй мэт харагдаж байгаа ч тусгай хамгаалалттай газар нутгаас газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудалтай холбоотой илт хууль бус захирамж гэдэг нь тодорхой.
Урьд нь уг асуудалтай холбоотой Захиргааны хэргийн шүүхээс шийдвэр гарч байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолж байгаа дээрх 2 захирамжийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч М.Быг албадан нүүлгэх боломжгүй. Н сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн газар эзэмшүүлэх тухай, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн газар ашиглуулах тухай 2 захирамж нь хууль бус. Өөрөөр хэлбэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар ашиглуулах шийдвэрийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргах ёстой ба хилийн зааг хязгаарыг нарийвчлан тогтоож өгөх ёстой.
Маргаан бүхий тусгай хамгаалалттай газар нь хилийн ойр орчмын бүсэд байрлалтай тул Хил хамгаалах газрын саналыг харгалзан үзэж шийдвэр гаргадаг гэдгийг хэлмээр байна. Иймд нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна. Маргаан бүхий газрын ойролцоо буюу улсын тусгай хамгаалалттай газар нутагт тэр болгон айл очдоггүй. Уг газар нь тахлагдсан газар биш. Хил хамгаалах газар, улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа болон сумын Засаг дарга нар гэрээ байгуулж олон жил ашиглаж ирсэн байна. Тухайн маргаан бүхий газарт М.Бын жижиг хэмжээний пүнз байгаа ба энэ нь хэнд ч саад болохгүй байгаа. М.Б нь маргаан бүхий газарт буюу тухайн пүнз дээр хавар, намар очдог. Пүнз ямар нэгэн байдлаар хэн нэгэнд саад болж хөдөлгөөнд оролцохгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчид шаардах эрх байхгүй.
Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Д.Ө эзэмших ёстой, тэрний мал бэлчих ёстой, Б багийн бусад иргэдийн мал байх ёсгүй гэж хандаж болохгүй. Тусгай хамгаалалттай газар нь онцлогтой, тусгай зориулалттай ашиглаж байгаа газар юм. Нэхэмжлэгчийн тусгай зориулалттай газраас биш ердийн газар эзэмшүүлсэн мэтээр шаардаж байгаа нь хууль бус. М.Б нь нэхэмжлэгчийн ямар үйлдэл хийхэд саад болж байгаа юм бэ. Нэхэмжлэгч ямар байдлаар саад болж байгааг нотолж чадахгүй байна. М.Б нь мал хөөсөн, тусгай тор татсан уу, ямар байдлаар саад болж байна вэ. Нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Хариуцагч тайлбараа шүүхэд бичгээр гаргаж өгсөн. Захиргааны хэргийн шүүхийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон холбогдох бусад нотлох баримт, тухайн маргаан бүхий газар улсын тусгай хамгаалалттай газар нутаг болохыг нотолсон нотлох баримтуудыг гаргаж өгсөн... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ө нь Б аймгийн Н сумын 4 дүгээр багийн нутаг Б гэх газарт байршилтай өвөлжөөний газраас Мадийн Быг албадан нүүлгэж өгөхийг хүсжээ.
Хэргийг шүүхээр шалгах явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Н сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Газар ашиглуулах тухай А/185 дугаартай захирамж, Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 08 дугаартай гурвалсан гэрээний дагуу ашиглаж байгаа Н сумын Б нэртэй газарт байршилтай Д.Өийн 5000 м.кв газрын өвөлжөөний хашаа хороонд барьсан М.Бын модон байшин, малын пүнзийг албадан нүүлгэж, уламжлалт мал аж ахуй эрхэлж, газар ашиглахад саад болж байгаа үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан баримтуудын талаар:
Б аймгийн Н сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/185 дугаартай Газар ашиглуулах тухай захирамжаар Б аймгийн Н сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б гэх газарт байрлалтай хуучин Т.Бын өвөлжөөний зориулалтаар ашиглаж байгаа 5000 м.кв /5.0 га/ талбай бүхий газрыг Дын Өд уламжлалт мал аж ахуй эрхлэх зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулсан байна.
Мөн нэг талаас Б аймгийн Н сумын Засаг дарга, Монгол Алтайн тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны дарга, нөгөө талаас Б аймгийн Н сумын малчин Дын Ө нар 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 08 дугаартай гэрээ байгуулсан ба уг гэрээгээр Сийлхэмийн нурууны Байгалын цогцолборт газрын Б хэсгийн хязгаарлалтын бүсэд багтдаг Б гэдэг газраас 5 га газрыг бэлчээр ашиглах, булаг шандын эхийг хамгаалах үндэслэлээр, Д.Өд мал маллахад ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар харилцан тохиролцжээ.
Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 86 дугаартай албан бичгээс үзэхэд Монгол улсын Их хурлын Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор Н сумын 6 дугаар багт хамаарах Б-ын нутаг дэвсгэр нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд хамаардаг болно гэж дурдсан байх ба Б аймгийн Н сумын Улаанчулуу багийн Засаг даргаас М.Б нь 2016 оны 12 дугаар сараас Бын хаваржаанд намаржиж байгаа болохыг тодорхойлжээ.
Мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд маргаан бүхий газарт хариуцагч М.Бын мал хаших зориулалттай чулуун хашаа, модон амбаар байгаа болох нь тогтоогджээ.
Хариуцагч М.Баас маргаан бүхий газарт 2012 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хаваржиж, 8 жилийн хугацаанд өөрийн хөдөлмөрөөрөө хаваржааны зориулалттай хашаа, модон амбаарыг өөрийн хөрөнгөөрөө босгосон ба нэхэмжлэгч Д.Ө нь уг газарт нэг ч удаа ирж сууж байгаагүй бөгөөд миний бие Хилийн цэргийн 0285 дугаар ангитай Хилийн зурваст хаваржих иргэдтэй байгуулсан гурвалсан гэрээний дагуу оршин сууж байгаа тул хэн нэгэн этгээд дур зоргоороо миний газрыг эзэмшихийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, 36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана, З7 дугаар зүйлийн 1-д Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж тус тус заажээ.
Хариуцагч М.Бад хуулийн дээрх заалтын дагуу маргаан бүхий газрыг эрх бүхий этгээдээс ашиглуулах тухай шийдвэр гараагүй, эрх бүхий этгээдтэй газар ашиглах гэрээ байгуулаагүй тул түүнийг одоогийн сууж байгаа Б аймгийн Н сумын нутаг дэвсгэрт хамаарах Б гэх газрыг эзэмших, ашиглах эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д зааснаар дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг Төрийн захиргааны төв байгууллага гаргахаар зааснаас үзэхэд Н сумын Засаг дарга нь газар ашиглуулах тухай шийдвэр гаргах эрхгүй этгээд гэж тайлбарласан байна.
Б аймгийн Н сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/185 дугаартай Газар ашиглуулах тухай захирамжийг иргэний шүүхийн зүгээс хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй байгаа бөгөөд уг эрхийн актыг хүчингүй болгосон тухай нотлох баримтгүй байгаа тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт гэж үзнэ.
Нэхэмжлэгч Д.Өийн хувьд Б аймгийн Н сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б гэх газарт байрлалтай 5000 м.кв /5.0 га/ талбай бүхий газрыг ашиглуулахаар олгосон ба Д.Ө нь тухайн газрыг хууль ёсоор ашиглах эрхтэй этгээд байх тул уг газрыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзлээ.
Иймд Б аймгийн Н сумын Б нэртэй газарт байршилтай Д.Өд ашиглуулахаар олгосон 5000 м.кв газрыг М.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Б аймгийн Н сумын Б нэртэй газарт байршилтай Д.Өд ашиглуулахаар олгосон 5000 м.кв /5 га/ газрыг М.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Баас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Өд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК