Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2020/00395

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, шүүгчид А.Жархынгүл, Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Ж Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Х дүүргийн 11 дүгээр хороо, Р гардан хотхоны Их монгол гудамж, 406 дугаар байрны 803 тоотод оршин суух, Ж овогт Дн Мад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, хариуцагчийн өмгөөлөгч Х.З, иргэдийн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Д.Мын өмчлөлийн Ө сумын 5 дугаар багт байрлалтай 8 давхар орон сууцны подвалоос 61 м.кв талбайтай үйлчилгээний байрыг Ж.Бд олгохыг Д.Мад даалгах тухай.

Нэхэмжлэгч Ж.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Б нь Э ХК \хуучин нэрээр\ захирлаар ажиллаж байсан Д.Мтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ ёсоор Ө сумын 5 дугаар багт байрлалтай 1031304178 нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбай бүхий газарт Д.Мын гарын бичмэл баримт буюу бичгийн зөвшөөрлийг үндэслэн үйлчилгээний зориулалттай, 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг өөрийн хөрөнгөөр 2007 оноос эхлэн барьсан. Өөрөөр хэлбэл уг барилга байгууламжийг барихыг Д.М нь 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зөвшөөрч Миний эзэмшилд байгаа Ө сумын 5 дугаар багт орших 500 м.кв газарт иргэн Ж.Б нь үл хөдлөх эд хөрөнгө болон үйлчилгээний зориулалттай 1 давхар 6 өрөөтэй объект барихыг зөвшөөрөв" гэсэн бичиг үйлдсэн юм. Ө сумын 5 дугаар багт байрлалтай үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай зургаан өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Монгол Улсын иргэн Ж овогт Жийн Б \БЛ \ мөн болохыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олгосон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. Одоо хүртэл уг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ хүчингүй болоогүй байна.

 

Тэгж байтал Э ХК-ийн захирал Д.М нь тухайн газарт 8 давхар 40 айлын орон сууц барихаар болж 2013 оноос уг ажлаа эхлүүлсэн. Энэ хугацаанд Д.М нь Ж.Бтай харилцан тохиролцож, түүний үл хөдлөх эд хөрөнгө болох 135 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг 40 айлын орон сууц барих ажилчдын контор, түр амрах өрөө болгон ашиглахаар болж, уг барилгыг ашиглуулсны хөлсөнд Ж.Бд сар бүр 400000 төгрөг төлөхөөр болж түрээсийн гэрээ байгуулсан юм. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулж, хоёр тал баталгаажуулж байсан юм.

 

Гэтэл Х.Бы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсээр ашиглаж байхад түүнд мэдэгдэлгүйгээр нураажээ. Д.М нь Х.Бы 135 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байсан газарт 8 давхар 40 айлын орон сууц барихаар болсон тул Ж.Бд 135 м.кв талбайтай орон сууц олж өгөхөөр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар хэлцэл хийсэн юм. Эхлээд Д.М нь Ж.Бд 135 м.кв талбайтай орон сууц олж өгөхөөр тохиролцсон боловч сүүлд Ж.Бд К ХХК-ийн 24 айлын орон сууцнаас 74 м.кв бүхий байр өгөхөөр болж үлдсэн маргаан бүхий 61 м.кв талбайн асуудалд 8 давхар 40 айлын орон сууц ашиглалтад орсон үед уг сууцны подвалыг бүхэлд нь үйлчилгээний зориулалттай байр болгон ашиглана, үүнээс танд ноогдох 61 м.кв талбайтай подвалын хэсгийг олгоно гэж тохиролцож байжээ.

Гэтэл 8 давхар 40 айлын орон сууц 3 жилийн өмнө ашиглалтад орж подвалд төрөл бүрийн үйлчилгээ явуулж байгаа боловч Д.М нь Ж.Бд уг үйлчилгээний байраас талбай өгөхгүй хохироож байна. Иймээс Д.Маас маргаан бүхий 61 м.кв талбайтай подвалыг үйлчилгээний зориулалтаар өгөхийг Ж.Б шаардах эрхтэй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Д.М нь анх Ж.Бд амалсан 61 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байр өгөхгүй Ж.Быг өнөөдөр хүртэл хохироож байна. Энэ нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх \адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг сэргээн засах зэрэг\ буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө гэж заасантай нийцэж байна.

Д.М нь тухайн үед 1 м.кв талбайн үнийг 1,250,000 төгрөгөөр үнэлсэн учраас 135 м.кв талбайтай барилга байгууламжийн нийт үнэ нь 168,750,000 төгрөг гэж үзэж байна. Ж.Бд 168,750,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 2 өрөө орон сууцны үнэ 92,500,000 төгрөгийг хасахад 76,250,000 төгрөгийн зөрүү гарч байна. Энэ нь иргэн Ж.Бд учирсан бодит хохирол тул иргэн Д.Маас гэм хорын хохиролд 76,250,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан нэхэмжлэлдээ: Ж.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С би урьд нь шүүхэд 61 м.кв талбайтай үйлчилгээний байр буюу 76250000 төгрөгийг Д.Маас гаргуулан Ж.Бд олгож өгөх тухай нэхэмжлэл гаргасан юм.

Одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар багасгаж байгааг үүгээр мэдэгдэж байна. Энэ нь Д.Маас Ж.Бы өмчлөлийн байрыг нураасны улмаас гэм хор учруулсны зөрүү 37592270 төгрөг гаргуулан Ж.Бд олгох тухай гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ж овогт Дн Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Мын Т миний бие гэм хорын хохиролд 61 м.кв талбайтай үйлчилгээний байр буюу 76.250.000 (далан зургаан сая хоёр зуун тавин мянган) төгрөгийг Д.Маас гаргуулан Ж.Бд олгож өгөх тухай нэхэмжлэгч Ж.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хариуцагчийн тайлбарыг гаргаж байна.

Нэг: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл:

1.1.Нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Я.С (одоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч) нар 61 м.кв талбайтай үйлчилгээний байр буюу 76.250.000 (далан зургаан сая хоёр зуун таван мянган) төгрөг гэм хорын хохиролд гаргуулах нэхэмжлэлийг Б аймгийн Э- Ө ХХК, түүний захирал асан Д.М (одоогийн хариуцагчаар тодорхойлсон) нарт холбогдуулан 2017 онд анх гаргасан бөгөөд шүүхээс иргэний хэрэг үүсгэж, шат шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн байгаа юм.

 

Тухайлбал, Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 704 дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00022 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01266 дугаартай тогтоол зэрэг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд гарч эцэслэн шийдвэрлэгдсэн юм. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 -д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох бодит үндэслэл учраас хүчин төгөлдөр байгаа шийдвэр, тогтоолыг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

1.2 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 704 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт нотлох баримтаар үнэлэгдсэн, тухайн нотлох баримтыг үнэлсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар дахин үнэлж, нотлох боломжгүй байна. Иймд энэ хэрэгт холбогдолтой, зохигч нарт байгаа бүх нотлох баримт өмнөх шүүх хуралдаанаар судлагдаж, Баян -Ө аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 704 тоот дугаартай шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01266 дугаартай тогтоолын үндэслэл болж, нийтэд илэрхий болсон тул дахин үнэлж нотлох боломжгүй юм.

 

1.3 Нэхэмжлэгч Ж.Б нь 2017 онд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд буюу Баян -Ө аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 704 тоот дугаартай шийдвэр бүхий иргэний хэрэгт хариуцагч болгож ЭБ ХХК-ийн захирал Д.Мыг тодорхойлсон тул хариуцагчийг сольж нэхэмжлэл гаргасан гэж үзэх, хүчин төгөлдөр шийдвэр бүхий хэргийг дахин шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээж авах, хянан шийдвэрлэх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар хариуцагч гэж нэхэмжпэгчийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхолд хохирол учруулсан этгээдийг хэлнэ гэж заасан ба нэхэмжлэгч Ж.Б нь 2017 онд шүүхэд гаргасан нэхэмжлэлд одоогийн хариуцагч Д. Мыг хариуцагчаар тодорхойлсон юм. Уг хэрэг эсэцлэн шийдвэрлэгдсэн юм. Иймд хариуцагч Д.Мыг шинээр хариуцагч болж гарч ирсэн гэж үзэх боломжгүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн гаргасан гэм хорын хохиролд 76.250.000 төгрөг гаргуулах тухай Д.Мад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан талаар яримаар байна. Маргаан бүхий объект байхгүй болсон. Бид нар шүүхэд хандаж олон удаа хүсэлт гаргасан ч хүлээн авахаас татгалзсан. Мөн эрх бүхий байгууллагаар үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээгээр 2014 оны 08 дугаар сарын байдлаар /тухайн барилгыг нураасан үеийн байдлаар/ маргаан бүхий барилга нь 130.092.270 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээ гаргасан. Дээрх үнэлгээг хариуцагч тал эс зөвшөөрч үнэлгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй. Маргаан бүхий объектыг буулгах үед хариуцагч Д.М нь Ж.Бд 74 м.кв талбайтай 92.500.000 төгрөгийн үнэ бүхий орон сууц өгсөн ба үүнтэй холбоотой маргаагүй. 130.092.270 төгрөгөөс 3 өрөө орон сууцны үнэ 92.500.000 төгрөг хасаад 37.592.270 төгрөгийг гэм хор учруулсны зөрүү нэхэмжилж байна. Бид өмнө нь 61 м.кв талбайтай подвал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Энэ хэрэг урьд нь шүүхээр хэд хэдэн удаа шийдэгдсэн. Гэвч 61 м.кв талбай бүхий подвал өгнө гэх тохиролцоо нотлогдоогүй гэж шүүх дүгнэсэн. Одоо нэхэмжлэгч Д.Маас түүний эзэмшлийн байр нурааснаас үүссэн гэм хор 37.592.270 төгрөг гаргуулахыг хүсэж байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар нотлогдоно. Үүнд: 1992 онд баталсан Монгол улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн баталсан Иргэний хуульд иргэний өмчлөх эрхийг хуулиар хамгаалах талаар заасан. Ж.Б нь 2009 онд анх 135 м.кв талбай бүхий 6 өрөө үйлчилгээний байрыг барьж эхэлсэн ба 3-4 жил барьж 2010 онд ашиглалтад оруулсан байна. 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Монгол Улсын хуулиар аливаа иргэн байгууллага нь тухайн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэдэг нь улсын бүртгэлийн байгууллагаас олгосон гэрчилгээгээр нотлогдох ёстой. 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар уг үйлчилгээний байрны хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч Ж.Б юм. Энэ талаар шүүхэд хүсэлт гаргаж тухайн үед маргаан бүхий үйлчилгээний байрыг улсын бүртгэлд бүртгүүлж байсан бичиг баримтууд авагдсан гэдгийг хэлмээр байна.

 

2014 оны 08 дугаар сард ЭБ ХК нь Жанат компанитай хамтарч 8 давхар барилга барихдаа нэхэмжлэгчийн эзэмшлийн үйлчилгээний байрыг нураасан. Хариуцагч тухайн үед барилгыг нураахдаа Бд 74 мкв талбайтай 3 өрөө орон сууц өгсөн ба үүгээр уг асуудал дууссан гэх асуудал ярьж байна. Арилжааны хэлбэрээр дээрх байдлаар солилцсон талаар амаар ярьж байгаа ч бичгийн ямар нэгэн нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч 2015 оноос эхэлж шүүхэд хандаж эхэлсэн. Ж.Б нь одоо Казахстан улсад түр амьдардаг. Тухайн үед Д.М, Ж.Б нарын хооронд арилжааны шугамаар амаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг сольсон талаар ярьж байгаа ч нотлох баримт байхгүй. Дээрх байдлаар тохиролцсон бол нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг устгаж, улсын бүртгэлээс хасуулж, гэрчилгээг хүчингүй болгох ёстой. Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ өнөөдрийг хүртэл хүчинтэй байна. 4 удаа маргалдаад, 2 удаа Улсын дээд шүүхээр хэрэг хянагдсан. Улсын дээд шүүх хариуцагчийг буруу тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй үндэслэл байгаа. Мөн 8 давхар байрны подвалаас 61 м.кв талбай бүхий үйлчилгээний байр өгөх асуудал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Хариуцагч урьд нь шүүхээр уг хэрэг шийдэгдсэн, энэ талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна гэх тайлбар өгсөн нь үндэслэлгүй. Урьд нь уг асуудал шийдэгдсэн, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байсан бол шүүх энэ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т зааснаар шаардах эрхтэй. Барилгыг нураасан болон яаж тохиролцсон талаар гэрээ хэлэлцээр байхгүй тул Д.Мыг нэхэмжлэгчийн хууль ёсны өмчлөлд байсан үйлчилгээний байрыг нураасан үйлдлийг гэм хор гэж тодорхойлж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Д.М нь нэхэмжлэгчийн хууль ёсны өмчлөлд байсан хөрөнгөд гэм хор учруулснаар дээрх эд хөрөнгө байхгүй болсон буюу нураасан асуудал байгаа тул нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж засан. Гэтэл тухайн газарт нэхэмжлэгчийн 6 өрөө үйлчилгээний байрыг барих ямар ч боломж байхгүй. Иймд дээрх хуулийн заалтын дагуу нэхэмжлэгчид учирсан хохирлыг мөнгөөр гаргуулахыг хүсэж байна. Иргэн Ж.Бы хууль ёсны өмчлөлийг хариуцагч Д.М устгаж гэмтээсний улмаас үүссэн гэм хорыг нэхэмжилж байна. Иймд, хариуцагчаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар 37.592.270 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ хэрэг 4-5 жил болж байна. Уг хэрэг ЭБ ХК болон Д.Мтай холбоотой яригдаад байгаа. Миний мэдэж байгаагаар 500 м.кв газар ЭБ ХК-ийн нэр дээр өмчлөлтэй байсан. Мөн тухайн газарт Ж.Бы үл хөдлөх хөрөнгө байсан. Бид нар Ж.Бы үйлчилгээний байрыг 1 жил түрээсэлж аваад ажилчдын байр болгож ашиглаж байсан. Гэхдээ энэ талаар бичгээр гэрээ байгуулаагүй. Тухайн үед нэхэмжлэгч Казахстан улсад байсан. Нэхэмжлэгч тухайн үед байрыг нурааж болно, намайг байртай болгож өгөөрэй гэж хэлж бид нар амаараа тохиролцсон. Бид тохиролцсон тул нэхэмжлэгчийн үйлчилгээний байрыг нураасан. Ж.Бы өмчлөлийн газарт одоо хүүхдийн тоглоомын хэсгийг байгуулсан. Би уг хэргийг сайн ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн ашиг сонирхол байна уу гэж харж байна. Учир нь, нэхэмжлэгч тал эвлэрэх талаар ямар нэгэн санал гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа өөр өөр байдлаар гаргаж байгааг ойлгохгүй байна. Бид Ж.Бтай эвтэй найртай байсан. Бүх бичиг баримт нь байгаа. Бид нэхэмжлэгчид К компани барьсан байраас 92 сая төгрөгийн үнэ бүхий 3 өрөө байр авч өгсөн. Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. Анх Ж.Б нь үйлчилгээний байраа 20 сая төгрөгөөр зарна гэж хэлж байсан ч 8 давхар барилга баригдах үед байртай болно гэхээр байр авч өгч, нүүлгэж байсан. Ж.Бы зөвшөөрлийн дагуу, түүнтэй зөвшилцсөний үндсэн дээр түүний үйлчилгээний зориулалттай байрыг нураасан. Нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлээс хасуулаагүй гэх асуудлын талаар би мэдэхгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нь анх хариуцагч Дн Маас 61 м.кв талбайтай үйлчилгээний байр буюу 76250000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч Д.Маас Ж.Бы өмчлөлийн үйлчилгээний байрыг нураасны улмаар учирсан хохирлын зөрүү 37592270 төгрөг гаргуулахыг хүссэн байна.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Ж.Б нь Д.Мтай харилцан тохиролцсоны үндсэн дээр Б аймгийн Ө сумын 5 дугаар багт байрлалтай 1031304178 нэгж талбарын дугаартай 500 м.кв талбай бүхий газарт үйлчилгээний зориулалттай, 135 м.кв талбайтай, 6 өрөө барилга байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд бүргүүлж, гэрчилгээ авсан бөгөөд Д.М нь өөрөө уг газарт 8 давхар 40 айлын орон сууц барихаар болж Ж.Бы тухайн байрилга байгууламжийг ажилчдын контор, амрах өрөө болгон ашиглахаар болж сар бүр 400000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан ба үл хөдлөх хөрнөгийг түрээсээр ашиглаж байх хугацаанд өмчлөгчид мэдэгдэлгүйгээр нураасан байна. Д.М нь Ж.Бы 135 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө байрлаж байсан газарт 8 давхар 40 айлын орон сууц барихаар болсон тул Ж.Бд 135 м.кв талбайтай орон сууц олж өгөхөөр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар амаар хэлцэл хийсэн боловч Д.М нь Ж.Бд м.кв-ыг 1250000 үнэлж Ө сумын 5 дугаар багт орших 24 айлын орон сууцнаас 74 м.кв талбайтай орон сууц авч өгсөн байна. М ХХК-ийн үнэлгээний тайлангаар Ж.Бы өмчлөлийн Б аймгийн Ө сумын 5 дугаар багт байрласан, Улсын бүртгэлийн Ү-212003930 дугаартай 135 м.кв талбайтай, зургаан өрөө үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 130092270 төгрөгөөр тогтоосон тул зөрүү 37592270 төгрөгийг Ж.Б авах ёстой гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Д.М нь 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдөр миний эзэмшилд байгаа Ө сумын 5 дугаар багт орших 500 м.кв газарт иргэн Ж.Б нь үл хөдлөх эд хөрөнгө болон үйлчилгээний зориулалттай 1 давхар 6 өрөөтэй объект барихыг зөвшөөрөв гэх тодорхойлолт гаргаж, 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Д.М нар нь Эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр Д.М нь Ө сумын 5 дугаар багт байрлалтай өөрийн эзэмшлийн 500 м.кв газрын 200 м.кв газрыг Ж.Бд шилжүүлсэн байна. Дээрх баримтуудыг үндэслэн Ж.Б нь Ө сумын 5 дугаар багт байрлалтай 1031304178 нэгж талбарын дугаартай 500 м.кв талбай бүхий Д.Мын эзэмшил газарт түүний зөвшөөрлийн дагуу газрыг шилжүүлэн авч, уг газарт үйлчилгээний зориулалттай, 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг Ж.Б барьсан ба уг эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 000077293 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан байна.

 

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн тооцоо нийлэх нэртэй баримтаар түрээсийн төлбөр төлөх талаар, төлбөрийн талаарх тооцоог тусгасан, мөн уг баримтын доод хэсэгт түрээсийн гэрээ гэж бичигдсэн байх ба тухайн хэсэгт ... 2014 онд ахиж ажилчдын контор, амрах өрөө болгон түрээсэлж авах болохоор нэг сарын түрээсийн мөнгө 400000 төгрөг байна. Энэхүү мөнгийг дээрх үлдсэн 3000000 төгрөгөөс хасаж тооцно гэж бичигдэж, Э ХХК-ийн захирал Д.М, иргэн Ж.Б нар гарын үсэг зурж тамга дарагдсан байх ба түрээсэлж байгаа хөрөнгийн талаар тусгагдаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Д.М нь 135 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байсан газарт 8 давхар 40 айлын орон сууц барихаар болсон тул Ж.Бд 135 м.кв талбайтай орон сууц олж өгөхөөр амаар хэлцэл хийсэн гэж тайлбарласан байх ба Д.Маас нэхэмжлэгч Ж.Бд Ө сумын 5 дугаар багт байрлалтай 24 айлын орон сууцнаас 74 м.кв талбайтай орон сууцыг худалдан авч өгч уг орон сууц Ж.Б нь хүлээн авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж тус тус заасан байна.

 

Дээрх байдлаас үзэхэд зохигчид нь аман хэлцэл хийсэн байх ба нэхэмжлэгч Ж.Б нь Д.Мын худалдан авч өгсөн Ө сумын 5 дугаар багт байрлалтай 24 айлын орон сууцнаас 74 м.кв талбайтай орон сууцыг хүлээн авснаар нөгөө талын хүсэл зоригийг хүлээж авснаа тодорхой үйлдлээр илэрхийлсэн байна гэж үзэх үндэслэлтэй байх тул Ж.Б, Д.М нарын хооронд хэлцэл бодит үйлдлээр хийгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Талуудын хооронд гэрээний үүрэгтэй холбоотой харилцаа үүссэн байх ба Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй тул Ж.Б нь өөрийн өмчлөлийн Ө сумын 5 дугаар багт байрлах үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг Д.Мад хүлээлгэн өгч, Д.М нь нэхэмжлэгч Ж.Бд Ө сумын 5 дугаар багт байрлалтай 24 айлын орон сууцны 3-24 тоот байрыг худалдан авч өгч, түүнийг Ж.Б нь хүлээн авснаар үүргийн харилцаа дуусгавар болсон байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Ж.Б нь Ө сумын 5 дугаар багт байрлалтай 24 айлын орон сууцны 3-24 тоот байрны өмчлөгч болох нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн /Y-0213006647 дугаар/ 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 000343221 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байх тул хариуцагч Д.М нь гэрээгээр тохиролцсоны дагуу эд хөрөнгийг нэхэмжлэгч Ж.Бы өмчлөлд шилжүүлэн өгснөөр гэрээний үүрэг биелэгджээ.

 

Нэхэмжлэгч Ж.Б нь ... миний үл хөдлөх эд хөрөнгө болох 135 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг түрээсээр ашиглаж байсан ба надад мэдэгдэлгүйгээр нурааснаас надад Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д гэм хор учирсан гэх боловч нэхэмжлэгч Ж.Б нь хэлцлийн үндсэн дээр Д.Маас Ө сумын 5 дугаар багт байрлалтай 24 айлын орон сууцны 3-24 тоот байрыг 2014 онд хүлээн авч, уг үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүртгүүлэн өмчлөлдөө авсан байгаагаас үзэхэд гэм хорын хохирол гэж тайлбарлаж байгаа үндэслэл нь няцаагдаж байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримтаар М ХХК-ийн үнэлгээний тайланг гаргаж өгсөн ба уг тайлангаар Ж.Бы өмчлөлийн Б аймгийн Ө сумын 5 дугаар багт байрласан, улсын бүртгэлийн Ү-212003930 дугаартай 135 м.кв талбайтай, зургаан өрөө үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 130092270 төгрөгөөр тогтоосон байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээ болох 130092270 төгрөгөөс Д.Мын нэхэмжлэгч Д.Бд худалдан авч өгсөн орон сууцны үнэ 92500000 төгрөгийг хасаад зөрүү үнэ 37592270 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Б авах ёстой гэж тайлбарласан байна.

 

Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1-д арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Ж.Б нь Д.Маас Ө сумын 5 дугаар багт байрлалтай орон сууцнаас 74 м.кв талбайтай байрыг хүлээж авах үед арилжиж байгаа хөрөнгийн хэмжээний хувьд зөрүү авахаар харилцан тохиролцсон талаар нотлох баримт байхгүй байгаа тул зөрүү шаардах эрхгүй гэж үзлээ. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд Д.М нь К ХХК-ийн 24 айлын орон сууцнаас 74 м.кв бүхий байр өгч үлдсэн зөрүүд шинээр баригдсан 8 давхар орон сууцны 61 м.кв талбайтай подвалын хэсгийг олгохоор тохиролцсон гэж тайбарлаж байгаа боловч тухайн тайлбар нь шууд нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.

 

Мөнх Эстимейт ХХК-ийн үнэлгээний тайлан нь Ж.Бы өмчлөлийн Б аймгийн Ө сумын 5 дугаар багт байрласан, улсын бүртгэлийн Ү-212003930 дугаартай 135 м.кв талбайтай, зургаан өрөө үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлохоос биш Д.М нь Ж.Бд хөрөнгийн үнийн зөрүүг олгохоор харилцан тохиролцсоныг нотлохгүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн Ж овогт Дн Маас Ж.Бы өмчлөлийн үйлчилгээний байрыг нураасны улмаас учирсан хохирлын зөрүү 37592270 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй боолгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 227 дугаар зүйлийн 227.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн Ж овогт Дн Маас Ж.Бы өмчлөлийн үйлчилгээний байрыг нураасны улмаас учирсан хохирлын зөрүү 37.592.270 /гучин долоон сая таван зуун ерөн хоёр мянга хоёр зуун далан/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539200 төгрөгийг улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН

 

ШҮҮГЧИД А.ЖАРХЫНГҮЛ

 

Х.МЕЙРАМБЕК