Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2020/00440

 

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Н сумын 9 дүгээр баг, Ц тосгонд оршин суух, Ж Зийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ц тосгоны захирагчид холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч Б аймгийн Ц тосгоны захирагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан Б аймгийн Ц тосгоны захирагчийн албаны усны машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч Ж.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Жн З нь 1962 онд гөрсөн 58 настай. Ам бүл 2, Ц тосгонд эхнэрийнхээ хамт амьдардаг. Бүрэн бус дунд боловсролтой, "В", "С" ангиллын жолооч мэргэжилтэй. 2007 оноос эхлээд Ц тосгоны захирагчийн албаны ундны усны хангагч, жолоочоор ажиллаж эхэлсэн юм. 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүрэл Ундны усны машиныг түрээсийн гэрээгээр эзэмшиж, гэрээний дагуу хөлс авч ажилласан. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаартай захирамжаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн юм. Ингэхдээ намайг ямар ч шалтгаангүйгээр, ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад ажлаас чөлөөлж, миний хөдөлмөрлөх эрхэд халдсан. Ажил олгогч надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ "хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цагдаагаас автомашин жолоодуулахгүй байх талаар шаардлага, автомашиныг түр саатуулсан байдал, тосгоны оршин суугчдын цэвэр ундны усаар тасралтгүй хангах ажлын шаардлагыг харгалзсан" гэжээ. Миний бие жолоодох эрхийн үнэмлэхтэй бөгөөд жолоодох эрхээ хасуулаагүй юм. Тосгоны Захирагч тус нэгжид байдаг цагдаа нартай урьдчилан тохиролцож, ямар ч үндэслэлгүйгээр миний жолоодож явсан ундны усны машиныг саатуулсан. Үүнийг шалтаг болгож намайг үндэслэлгүйгээр ажлаас халж байна. Учир нь миний бие Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч юм. Захирагч Д.Е нь Н сумын ИТХ-ын дарга О.Хын нэхэмжлэлтэй захиргааны маргаанд өөрт нь туслан мэдүүлэг өгөөгүй, ИТХ-ын хуралдаанд дэмжин оролцоогүй гэх мэтээр намайг ялгаварлан гадуурхаж, өшөөрхөж ажлаас халж байгаад гомдолтой байна. Иймд Ж.З намайг урьд эрхэлж байсан Ц тосгоны захирагчийн албаны усны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.З шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие 1962 онд төрсөн. 1980 онд аймгийн жолооны курсийг төгссөн. Төгссөний дараа Говь-Алтай аймгийн хилийн хугацаат цэргийн албан татагдаж 3 жил 6 сар цэргийн албанд жолоочоор албан үүрэг гүйцэтгэсэн. Цэргийн албанаас халагдаж ирээд 1984 оноос хойш Цын дамжлага баазад Уаз 452 машины жолоочоор анх томилогдон 10 жил барьсан. Үүний дараа 1990 оноос хойш Зил-131 машиныг 2002 он хүртэл барьж жолоочоор ажиллаж байсан. 2007 оноос хойш Б аймгийн Н сумын 9 дүгээр баг, Ц тосгонд гүний худаг ухагдаж тус газарт моторчноор ажиллаж байсан. Үүний дараа дахин Зил-131 машин ирж тус машины жолоочоор ажиллаж айлуудад ус тарааж байсан. Өнгөрсөн жил мөн 10 тонны ус зөөвөрлөх машин ирсэн. Тэр хоёр машиныг давхар барьж байсан. 1984 оноос хойш тасралтгүй 36 жил ажилласан. Энэ жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Би өөрийнхөө үнэмлэхийн хугацаа дууссаныг ч мэдээгүй. Үнэмлэхээ биедээ мөн авч яваагүй. Сумын төвд машинаа барьж ажлаа хийж явж байсан. 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэнэт цагдаа шалгаж бичиг баримтаа гарга гэж баримтыг маань шалгаж үнэмлэхийн хугацаа дуссан машин барих эрхгүй гэж машиныг журмын хашаан оруулсан. 2 дугаар сарын 17-ны өдөр аймагт ирж жолооны үнэмлэхийн хугацааг дахиж сэргээлгэхээр баримтуудаа цуглуулж бүрдүүлж өгсөн. Тэр өдөр орой Ц тосгоны ажлын албаны дарга Б залгаж "... Та одоо хаана байна, таныг дарга дуудаж байна" гэсэн. Би одоо аймагт байгаа маргааш очно гэхэд. Маргааш өглөө захиргаанд хүрээд ирээрэй гэсэн. Маргааш өглөө очих үед ажлаас чөлөөлсөн тушаалыг өгч машиныг хүлээж авсан. Машинаа хүлээлгэж өгсний дараа Тосгоны захирагчид учир байдлаа тайлбарлаж 2 хоногийн дараа түр үнэмлэх олгох юм байна гэж хэлсэн. Өчигдөр оройн таны тушаалыг гаргачхаад өнөөдөр урах юм биш болохгүй. Та юу ч гэсэн 1-2 сар үнэмлэх чинь ирэх хүртэл байж бай дараа нь ажилд авна гэсэн. Миний хувьд гомдлоо гаргахгүй юм бол болохгүй гэж бодоод шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2 дугаар сарын 18-ны өдөр ажлаас гараад одоо хүртэл ажилгүй байна. Тэтгэвэр тогтоолгоход 1-2 жил үлдэхэд намайг харж үзэж дахин Б аймгийн Ц тосгоны захирагчийн албаны усны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б аймгийн Ц тосгоны захирагч Д.Е шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Д.Е би нэхэмжлэгч Ж.Зээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Ж.З нь тус тосгоны албаны усны автомашины жолоочоор ажиллаж байсан юм. Гэвч түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа нь дуусгавар болсон цаашид замын хөдөлгөөнд автомашин жолоодон оролцуулахгүй байх тухай Б аймаг дахь Цагдаагийн газрын Ц тосгон дахь цагдаагийн хэсгээс 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/21 дугаартай мэдэгдэл ирүүлсэн. Мэдэгдэлтэй танилцаж үзэхэд Ж.Зийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь 2007 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон байлаа. Замын хөдөлгөөний тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон нөхцөлд жолооч автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг юм. Ж.Зийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон ажилтнаар цаашид тээврийн хэрэгсэл жолоодуулан ажил гүйцэтгүүлэх боломжгүй болсон, цагдаагийн байгууллагаас энэ талаар шаардсан тул Ж.Зтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Иймээс ажил олгогчийн ажилтан Ж.Зийг ажлаас чөлөөлсөн эрхийн акт нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн "Ж.З намайг урьд эрхэлж байсан Ц тосгоны захирагчийн албаны усны жолоочийн ажилд эргүүлэн тогтоолгох тухай" нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагч Б аймгийн Ц тосгоны захирагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Зийн өмнө хаана ажиллаж байсан нь энэ хэрэгт хамааралгүй. 2007 оноос эхлэн Ц тосгоны захирагчийн ажлын албанд усны машины жолоочоор хөдөлмөрийн гэрээ болон түрээсийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Б аймаг дахь Цагдаагийн газрын Ц тосгон дахь цагдаагийн хэсгээс Ц тосгоны захирагчид 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/21 дугаартай мэдэгдэл ирүүлсэн.

 

Тухайн мэдэгдэлтэй танилцаж үзэхэд Ж.Зийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дуусгавар болсон байна. Замын хөдөлгөөний тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон нөхцөлд тээврийн хэрэгсэл жолоодох замын хөдөлгөөн оролцохыг хориглосон заалт байгаа. Ж.Зийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсноор цаашид тээврийн хэрэгсэл жолоодуулах ажил гүйцэтгүүлэх боломжгүй болсон. Энэ талаар Цагдаагийн байгууллага шаардсан тул Ц тосгоны захирагч 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар Ж.Зийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн. Авто машин нь орчин тойронд аюултай эд зүйлд хамаарах тул тусгай шаардлага хангасан хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодох ёстой. Үнэмлэхийн хугацаа дуссан. Ахин сунгуулах асуудал бол тухайн иргэний үүрэг. Нэхэмжлэгч өмнө ч гэсэн Цагдаагийн байгууллагаар арга хэмжээ авахуулж байсан. Тийм учраас ажил олгогч бол Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2, 43 дугаар зүйлийн 43.1, 43 дугаар зүйлийн 43.3, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 8 дугаар зүйлийн 8.2, 8.2.1, 17 дугаар зүйлийн 17.2, 18 дугаар зүйлийн 18.1, дэх заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй. Ажил олгогчийн эрхийн актад хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлдээ тодорхой дурдсан байгаа. Төрийн үйлчилгээний ажилчдад хэрэглэгддэг үндсэн хууль бол Хөдөлмөрийн тухай хууль байдаг. Хөдөлмөрийн тухай хууль болон бусад салбар хуулийг баримталсан байгаа. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаар тушаал гарсан үед бол нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхийн хугацаа дуусан байсан. Тэрнээс хойно сэргээлгэсэн асуудал энэ маргаан хамааралгүй учраас Ж.Зийн нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ж.З нь Б аймгийн Ц тосгоны захирагчийн албаны усны машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

 

Нэхэмжлэгч Ж.З нь Б аймгийн Ц тосгоны захирагчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаартай Ж.Зтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамжийг хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд гаргасан байна.

 

Хариуцагч Б аймгийн Ц тосгоны захирагч Д.Е нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ... Ж.З нь тус тосгоны албаны усны автомашины жолоочоор ажиллаж байсан юм. Гэвч түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа нь дуусгавар болсон цаашид замын хөдөлгөөнд автомашин жолоодон оролцуулахгүй байх тухай Б аймаг дахь Цагдаагийн газрын Ц тосгон дахь Цагдаагийн хэсгээс 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/21 дугаартай мэдэгдэл ирүүлсэн. Мэдэгдэлтэй танилцаж үзэхэд Ж.Зийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь 2007 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон байлаа. Замын хөдөлгөөний тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон нөхцөлд жолооч автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг юм. Ж.Зийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон ажилтнаар цаашид тээврийн хэрэгсэл жолоодуулан ажил гүйцэтгүүлэх боломжгүй болсон, цагдаагийн байгууллагаас энэ талаар шаардсан тул Ж.Зтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Иймээс ажил олгогчийн ажилтан Ж.Зийг ажлаас чөлөөлсөн эрхийн акт нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн Ж.З намайг урьд эрхэлж байсан Ц тосгоны захирагчийн албаны усны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэж маргасан болно.

 

Хариуцагч Б аймгийн Ц тосгоны захирагч Д.Е нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа үйл баримтыг нотолж чадаагүй болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Б аймгийн Ц тосгоны захирагчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаартай Ж.Зтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамжаар Монгол Улсын Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2, 43 дугаар зүйлийн 43.1, 43.3.3, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 8 дугаар зүйлийн 8.2, 8.2.1, 17 дугаар зүйлийн 17.2, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн 1. Захирагчийн албаны усны машины жолооч ажилтай Ж овогтой Зийн автомашин жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа дууссан, автомашин жолоодуулахгүй байх талаар Ц тосгоны Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөс ирүүлсэн шаардлага, түүний жолоодож байсан автомашиныг замын хөдөлгөөнд оруулахгүй түр саатуулсан байдал, тосгоны оршин суугчдын цэвэр ундны усаар тасралтгүй хангах ажлын шаардлагыг харгалзан 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсугай. 2. Жолооч Ж.Зийн хариуцлагад байгаа 2 автомашин, худаг зэргийг хүлээн авах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай. 3. Ж.Зийн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж, холбогдох тооцоо хийж дуусгахыг ня-бо /Б.М/-д, энэхүү захирамжийг гардуулан өгөхийг Ажлын албаны дарга /С.Б/-д үүрэг болгосугай гэж нэхэмжлэгч Ж.Зийг Б аймгийн Ц тосгоны захирагчийн албаны усны машины жолоочийн ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Ажил олгогчийн ажилтныг ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаал /тогтоол, захирамж/ нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас чөлөөлөх болсон үндэслэлтэй тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай боловч ажил олгогчийн нэхэмжлэгч Ж.Зийг ажлаас чөлөөлсөн захирамж нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүдэд нийцэхгүй байна.

 

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримтлан тушаал /захирамж, тогтоол/ гаргасан байх учиртай юм. Гэтэл хариуцагч Б аймгийн Ц тосгоны захирагчийн 2020 оны 02 сарын 18-ний өдрийн Б/10 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Ж.Зийг ажлаас чөлөөлсөн байх ба уг захирамждаа ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг зохицуулсан байдаг боловч ажил олгогч нь нэхэмжлэгч Ж.Зтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үндэслэлүүдийг баримтлаагүй байна.

 

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

 

Жолооч ажилтай Ж овогтой Зийн автомашин жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа дууссан, автомашин жолоодуулахгүй байх талаар Б аймгийн Ц тосгоны Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөс ирүүлсэн шаардлагыг үндэслэн ажилтныг ажлаас чөлөөлж байгаа бол ажил олгогч анх ажилтныг ажилд томилохдоо Ж.З нь жолоочийн мэргэжилтэй буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг шалгаж байж энэхүү ажилд томилж ажиллуулах бүрэн боломжтой байсан бөгөөд нэхэмжлэгч Ж.З нь анх 2007 оноос хойш Б аймгийн Ц тосгоны захирагчийн албаны усны машины жолоочоор ажиллаж байсан байх ба 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс автомашин жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа дууссан, автомашин жолоодуулахгүй талаар Б аймгийн Ц тосгоны Цагдаагийн хэсгийн төлөөлөгч мэдэгдэл хүргүүлсэн гэж үзэж ажлаас нь чөлөөлж байгаа асуудал нь хуулинд заасан хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзлээ.

 

Хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн Ц тосгоны захирагчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/51 дугаартай Ж овогтой Зийг ажилд томилох тухай захирамжаар захирагчийн албаны усны машины жолоочоор Ж.Зийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсан байх ба мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... 2007 оноос эхлээд Ц тосгоны захирагчийн албаны ундны усны хангагч, жолоочоор ажиллаж эхэлсэн гэснийг тус тус хариуцагч үгүйсгэж чадаагүй болно.

 

Хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/21 дугаартай Ц тосгоны захирагч Д.Е танаа гэх Б аймаг дахь Цагдаагийн газрын Ц тосгон дахь Цагдаагийн хэсгийн мэдэгдэлд Ц тосгоны Захирагчийн ажлын албаны усны машины жолооч ажилтай Ж овогтой З нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Зил-130 маркийн 10-39 БӨА улсын дугаартай машиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ жолоодож, Ц тосгоны төвд замын хөдөлгөөнд оролцсон зөрчил үйлдсэн болно. Иймд зөрчил гарсан шалтгаан нөхцөлийг арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил зохиож, ямар ажил зохиосон талаар хариуг 30 хоногт багтаан бичгээр ирүүлнэ үү гэжээ.

 

Б аймаг дахь Цагдаагийн газрын Ц тосгон дахь Цагдаагийн хэсгээс ... ажилтан Ж.З нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон байхад замын хөдөлгөөнд оролцон зөрчил гаргасан, гаргасан зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил зохиож, ямар ажил зохиосон талаар бичгээр ирүүлнэ үү гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн болохоос биш ажилтан Ж.Зийг жолоочийн ажлаас нь чөлөөл гэж мэдэгдэл хүргүүлээгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан жолоочийн мэдээлэл гэх баримтаар жолооч Ж.З нь 1980 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгосон байх ба 2007 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрхийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан байна.

 

Б аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 29/1347 дугаартай албан бичигт: ... Б аймгийн Н сумын 9 дүгээр баг, Ц тосгоны иргэн 00000 дугаарын регистрийн Ж овогтой З нь 1980 оны 06 дугаар сарын 02-ны өдөр жолооч болсон. 1997 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр жолооны үнэмлэх солиулсан ба тухайн 47748 дугаартай жолооны ВС ангиллын үнэмлэх нь 10 жилийн хугацаатай буюу 2007 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хүчинтэй байсан. /шар үнэмлэхтэй/ Дахин жолооны үнэмлэх солиулах шаардлагатай байсан ба энэ хугацаандаа хугацаа дууссан жолооны үнэмлэхтэй тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаагийн алба хаагч нарт шалгуулж улмаар гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 200 нэгж буюу 200000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан байна. Иргэн Ж.Зийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр сэргээж хүчинтэй төлөвт тооцсон байна. Одоогийн байдлаар иргэн Ж.Зийн хугацаа сунгагдаж хүчинтэй төлөвт бүртгэгдсэн жолооны үнэмлэх хэвлэгдэж ирээгүй ба 2020 оны 04 дүгээр сарын нөхөх, солих үнэмлэх нь захиалгаар ирэх болно гэжээ.

 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай Усны машин түрээслэх гэрээ-г нэг талаас Б аймгийн Ц тосгоны захирагчийн албыг төлөөлж тосгоны захирагч Даут овогтой Е /цаашид түрээслүүлэгч/, нөгөө талаас Б аймгийн Ц тосгоны 2 дугаар хэсэгт оршин суугч, иргэн Ж овогтой З /цаашид түрээслэгч/ нар харилцаж тохиролцож байгуулсан байх ба уг гэрээний 2.1-д улсын дугаар 0000 ***, марк Зил-130 машиныг түрээслэгчид шилжүүлэн өгсөн, гэрээний 6.1-д 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэж тус тус тусгаж талууд гарын үсэг зуржээ. Мөн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ-г Б аймгийн Ц тосгоны захирагчийн албыг төлөөлж Захирагчийн албаны нягтлан бодогч Б.М, нөгөө талаас Б аймгийн Ц тосгонд оршин суух 00000 регистрийн дугаартай түрээслэгч Ж.З нар нь захирагчийн албаны 0000 *** дугаартай усны цистерн машин, мөн гүн өрмийн худгийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, эд хөрөнгийн сахилгыг бэхжүүлэх зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4 дахь заалтыг үндэслэн энэхүү нэмэлт гэрээг хэлэлцэн байгуулж, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Захирагчийн албаны 0000 *** улсын дугаартай усны машиныг түрээсэнд шилжүүлэх тухай комиссын актаар ажилтан буюу жолооч Ж.Зд хүлээлгэн өгч байсан байна.

 

Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч нь ажилтан Ж.Зтэй харилцан тохиролцож байгуулсан байна. Энэхүү хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба уг гэрээний 5.1-д ... гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болж, гэрээнд заасан хугацаанд үйлчилнэ гэж заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар ажил олгогч ажилтантай хугацаатай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болсон байх ба энэхүү хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байна.

 

Ажил олгогч ажилтан Ж.Зтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тохиолдолд ажил олгогч ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэсэн заалтыг ажил олгогч зөрчсөн байна.

 

Хариуцагч Б аймгийн Ц тосгоны захирагчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаартай Ж.Зтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамжид Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг, 8 дугаар зүйлийн 8.2-т замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад Цагдаагийн байгууллага дараах эрхтэй байна, 8 дугаар зүйлийн 8.2.1-т замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдэл, нөхцөлийг таслан зогсоох үндэслэлээр тээврийн хэрэгслийг албадан зогсоох, дайчлах, түр саатуулах, зөөж шилжүүлэх, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жил ..., 18 дугаар зүйлийн 18.1-т ...тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно, 18 дугаар зүйлийн 18.1.1-т жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан гэх үндэслэлүүдийг тус тус баримтлан ажилтан Ж.Зтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх ба дээрх заалтуудыг зааж ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хавтаст хэрэгт авагдсан ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байхад дээрх үндэслэлүүдийг баримтлан ажил олгогч ажилтан Ж.Зтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй болсон байна.

 

Нэхэмжлэгч Ж.Зд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хугацаа нь дууссан жолооны үнэмлэхтэй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан гэж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 200 нэгж буюу 200000 төгрөгөөр торгож арга хэмжээ авагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 3112 зөрчлийн хэргийн шийдвэрлэлт, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 29/1347 дугаартай албан бичгээр тус тус нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж заасан байна.

 

Хариуцагч хавтаст хэрэгт 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай Б аймгийн Ц тосгоны захирагчийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар ирүүлсэн байх ба энэхүү тэмдэглэлд усны машины жолоочийн асуудлыг авч хэлэлцээд захирагчийн зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар усны машины жолооч Ж.Зийг ажлаас нь чөлөөлөхөөр, захирамжийг бэлтгэн ажил хүлээлцэх комисс томилохыг С.Бт үүрэг болгосон байх ба энэхүү тэмдэглэлээр зөвлөлийн хурлаар авч хэлэлцэж ажилтныг ажлаас чөлөөлөх болсон тухай болон уг зөвлөлийн хурлаар авч хэлэлцэх гэж байгаа талаар ажилтанд мэдэгдээгүй, зөвлөлийн хуралд оролцуулж түүнийг саналыг сонсох ажиллагаа хийгдээгүй, ажлаас чөлөөлсөн тухай захирамжид энэ талаар тусгаагүй байх тул энэхүү тэмдэглэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.

 

Ажил олгогчийн ажилтан Ж.З нь автомашин жолоодох эрхийн үнэмлэх байхгүй буюу эрхийн үнэмлэхийн хугацаа нь дууссан гэж Б аймгийн Ц тосгоны захирагчийн албаны усны машины жолоочийн ажлаас чөлөөлсөн нь хуулинд нийцэхгүй байх тул нэхэмжлэгч Ж.Зийг урьд эрхэлж байсан Б аймгийн Ц тосгоны захирагчийн албаны усны машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Зийн энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б аймгийн Ц тосгоны захирагчийн албаны санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Зийг урьд эрхэлж байсан Б аймгийн Ц тосгоны захирагчийн албаны усны машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч Б аймгийн Ц тосгоны захирагчийн албаны санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН