Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 212/МА2020/00045

 

Ж.Зийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00440 дүгээр шийдвэртэй, Ногооннуур сумын 9 дүгээр баг, Ц тосгонд оршин суух, И овогт Ж-н Зийн нэхэмжлэлтэй, Ц тосгоны захирагчид холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ТЕ нэхэмжлэгч Ж.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Ц тосгоны захирагчийн албаны усны машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэлд: Миний бие "В", "С" ангиллын жолооч мэргэжилтэй. 2007 оноос эхлээд Ц тосгоны захирагчийн албаны ундны усны хангагч, жолоочоор ажиллаж эхэлсэн. 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Ундны усны машиныг түрээсийн гэрээгээр эзэмшиж, гэрээний дагуу хөлс авч ажилласан. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаартай захирамжаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ намайг ямар ч шалтгаангүйгээр, ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад ажлаас чөлөөлж, миний хөдөлмөрлөх эрхэд халдсан. Ажил олгогч надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ "хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цагдаагаас автомашин жолоодуулахгүй байх талаар шаардлага, автомашиныг түр саатуулсан байдал, тосгоны оршин суугчдын цэвэр ундны усаар тасралтгүй хангах ажлын шаардлагыг харгалзсан" гэжээ. Миний бие жолоодох эрхийн үнэмлэхтэй бөгөөд жолоодох эрхээ хасуулаагүй. Тосгоны захирагч тус нэгжид байдаг цагдаа нартай урьдчилан тохиролцож, ямар ч үндэслэлгүйгээр миний жолоодож явсан ундны усны машиныг саатуулсан. Үүнийг шалтаг болгож намайг үндэслэлгүйгээр ажлаас халж байна. Учир нь миний бие Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч. Захирагч Д.Есболат нь Ногооннуур сумын ИТХ-ын дарга О.Хын нэхэмжлэлтэй захиргааны маргаанд өөрт нь туслан мэдүүлэг өгөөгүй, ИТХ-ын хуралдаанд дэмжин оролцоогүй гэх мэтээр намайг ялгаварлан гадуурхаж, өсөрхөж ажлаас халж байгаад гомдолтой байна. Иймд Ж.З намайг урьд эрхэлж байсан Ц тосгоны захирагчийн албаны усны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Ж.З нь тус тосгоны албаны усны автомашины жолоочоор ажиллаж байсан. Гэвч түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа нь дуусгавар болсон цаашид замын хөдөлгөөнд автомашин жолоодон оролцуулахгүй байх тухай Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Ц тосгон дахь цагдаагийн хэсгээс 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/21 дугаартай мэдэгдэл ирүүлсэн. Мэдэгдэлтэй танилцаж үзэхэд Ж.Зийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь 2007 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон байсан. Замын хөдөлгөөний тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон нөхцөлд жолооч автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг. Ж.Зийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон ажилтнаар цаашид тээврийн хэрэгсэл жолоодуулан ажил гүйцэтгүүлэх боломжгүй болсон, цагдаагийн байгууллагаас энэ талаар шаардсан тул Ж.Зтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Иймээс ажил олгогчийн ажилтан Ж.Зийг ажлаас чөлөөлсөн эрхийн акт нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00440 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Зийг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Ц тосгоны захирагчийн албаны усны машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Ж.З нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд болох нь Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Ц тосгон дахь цагдаагийн хэлтсээс Ц тосгоны захирагчид Д.Есболатад 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлсэн Б\21 дугаартай мэдэгдлээр нотлогдсон гэж үзэж байна. Эрх бүхий албан тушаалтан Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Ц тосгон хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Серикболын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б\21 дугаартай мэдэгдлийг хүлээн авсан Ц тосгоны захирагч 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ж.Зтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б\10 дугаартай захирамж гаргахаас өөр гарц байгаагүй. Ажил олгогчийн захирамждаа Монгол улсын Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2, 43 дугаар зүйлийн 43.1, 43.3.3, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 8 дугаар зүйлийн 8.2, 8.2.1, 17 дугаар зүйлийн 17.2, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1 дэх заалтыг баримталсан нь хууль зүйн үндэслэл бүхий захирамж болохыг нотолж байна. Гэтэл анхан шатны шүүх хууль ёсны захирамж гаргах болсон эрх зүйн актуудыг үгүйсгэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасныг ноцтой зөрчиж байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсэж байна.

Нэхэмжлэгч Ж.3ейнелд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хугацаа нь дууссан жолооны үнэмлэхтэй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 200 нэгж буюу 200,000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 3112 зөрчлийн хэргийн шийдвэрлэлт, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 29\1347 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдсон. Ж.З нь шийтгэврийг хүлээн зөвшөөрсөн тул Цагдаагийн байгууллагын шийдвэрийг хууль ёсны нотлох баримт гэж үзэж байна. Ж.З нь цагдаагийн байгууллагаас захиргааны шийтгэл хүлээсэн нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл ба энэхүү нөхцөл байдал арга хэмжээ давхардаагүй гэж үзэж байна. Тээврийн хэрэгсэл нь орчин тойрондоо аюултай зүйл бөгөөд тээврийн- хэрэгслийг жолоодоход заавал хуулиар тусгай шаардлага тавих ба өөрөөр хэлбэл хүчинтэй эрхийн үнэмлэхтэй байхыг шаарддаг. Жолооч тээврийг хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй, хугацаа дууссан үед жолоодохыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тус тус хориглосон заалттай. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа дууссан тохиолдолд түүнийг сунгуулах нь жолоочийн үүрэг болохоос биш ажил олгогчийн үүрэг биш. Энэ асуудалд анхан шатны шүүх ажил олгогчийг буруутгаж байгаа нь буруу дүгнэлт гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадаагүй нь түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

Анхан шатны шүүх нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч Ж.З нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхийн үнэмлэхийн хугацаа дууссан, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж захиргааны арга хэмжээ авагдсан байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсоор байхад түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргаж байгаа нь алдаатай шийдвэр гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд уг шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ж.З нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр баг, Ц тосгоны захирагчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаартай Ж.Зтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, захирагчийн албаны усны машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргажээ.

 

Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр баг, Ц тосгоны захирагчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаартай тушаалд Монгол Улсын хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2, 43 дугаар зүйлийн 43.1, 43.3.3, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 8 дугаар зүйлийн 8.2, 8.2.1, 17 дугаар зүйлийн 17.2, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн, жолооч Ж.Зийн жолооны үнэмлэхийн хугацаа дууссан, түүнийг автомашин жолоодуулахгүй байх талаар тус тосгоны цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөс ирүүлсэн шаардлага, түүний жолоодож байсан автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй түр саатуулсан байдал, тосгоны оршин суугчдыг цэвэр ундны усаар тасралтгүй хангах ажлын шаардлагыг харгалзан тус захирагчийн албаны усны машины жолооч Ж.Зийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Ажилтан Ж.З нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцсэн ба нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ би жолоодох эрхийн үнэмлэхтэй бөгөөд ажил олгогч намайг ялгаварлан гадуурхаж, өсөрхөж, намайг ажлаас халсан гэж, харин ажил олгогч Ж.З нь жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа дууссан, түүнийг цаашид замын хөдөлгөөнд автомашин жолоодон оролцуулахгүй байх талаар сумын цагдаагийн хэсгээс мэдэгдэл ирүүлсэн гэж тайлбарлаж, шүүхэд мэтгэлцжээ.

 

Ж.Зийн ажиллаж байсан тус захирагчийн албаны усны машины жолоочийн ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах хөдөлмөрийн эрх зүйн харилцаа болох нь ажил олгогчийн захирамж, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Усны машин түрээслэх гэрээ гэсэн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 тоот захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй гэж хариуцагчийг буруутгасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаартай Ц тосгоны захирагчийн Ж.Зтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамж нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт нийцжээ. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00440 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

Д.КӨБЕШ