Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2020/00795

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгчид Б.Мангилик, А.Жархынгүл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, аймгийн Прокурорын газар /Ерөнхий прокурор Т.Б/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын Засаг дарга /С.Б/,

Хамтран хариуцагч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, Нын З нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч К.Е, хамтран хариуцагч Н.З, иргэдийн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12/64 дугаартай актаар тогтоосон 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн 7500000 төгрөгийг Б сумын Засаг дарга С.Бээс, 7500000 төгрөгийг тус сумын жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Н.З нараас тус тус гаргуулан аймаг дахь Төрийн аудитын газрын Төрийн сан дахь 100020051005 тоот дансанд төлүүлэхийг хүсжээ.

Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус аймаг дахь Төрийн аудитын газраас Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан Орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн 2017 оны хөрөнгийн зарцуулалт, үр дүн сэдэвт нийцлийн аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу Б сумын Сум хөгжүүлэх сангийн 2017 оны хөрөнгийн зарцуулалтад хийсэн нийцлийн аудитаар Сум хөгжүүлэх сангаас зээл олгосон байдал, зээлийн ашиглалтыг шалгажээ. Шалгалтаар сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар захирамжаар ИТХ-аас баталсан иргэнд олгох зээлийн дээд хэмжээг хэтрүүлэн Засаг дарга, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн нар иргэн Б.Ат 15,0 төгрөгийн зээлийг сонгон шалгаруулсан төсөлгүй, барьцаа хөрөнгөгүйгээр гэрээ хийж хууль бусаар олгосон байна. Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны11 дүгээр сарын 20-ны өдрийн 12/64 дугаартай хууль бус олгосон зээлийг нөхөн төлүүлэх тухай актаар журам зөрчиж хууль бусаар олгосон 15,0 сая төгрөгийг Б сумын Засаг дарга С.Б, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Н.З нараар нөхөн төлүүлэхээр актыг тогтоож, актыг зөвшөөрч гарын үсэг зурсан боловч одоо хүртэл уг мөнгийг төлүүлэх арга хэмжээ аваагүй байна. Иймд энэ талаар ирүүлсэн аймаг дахь Төрийн аудитын газрын хүсэлт үндэслэлтэй байх тул төр хохирсон гэж үзэж шүүхэд Б сумын Засаг даргаар ажиллаж байгаа С.Бээр уг мөнгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус сумын жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Н.Зийг хамтран хариуцагчаар татуулсан билээ. Иймд урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн Б сумын Засаг дарга С.Бээс 7.500.000 төгрөг, тус сумын жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Н.Зээс 7.500.000 төгрөгийг тус тус гаргуулан аймаг дахь Төрийн аудитын газрын Төрийн сан дахь 100020051005 тоот дансанд төлүүлэхийг хүсье гэжээ.

 

Хариуцагч Б аймгийн Б сумын Засаг дарга С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч С.Б би аймгийн Прокурорын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, тухайн зээлийг би гэрээ байгуулж аваагүй бөгөөд төмс, хүнсний ногоогоор хангах зориулалттай иргэн А төсөл боловсруулж ирсний дагуу нөхцөлөө тохирон 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 135 дугаар бүхий гэрээгээр Ат олгосон. Энэ нь түүнтэй байгуулсан дээрх гэрээ болон мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн баримтаар бүрэн нотлогдож байгаа юм. Ийнхүү авсан тодорхой эзэнтэй гэрээг зөрчвөл хүлээх хариуцлага тодорхой байсаар байтал бусдын өмнөөс би хариуцлага хүлээх учиргүй бөгөөд би хариуцагч биш юм. Актын хувьд тухайн үед аудитын шалгалтын явцад илэрсэн зөрчил бүрд тус тусад нь акт тавигдсан бөгөөд миний хувьд эхний ганц хоёр актыг уншиж танилцахад илэрсэн зөрчлүүдийг арилгуулахыг Засаг даргын хувьд надад даалгасан байсан учир бүгд ийм ижилхэн утга агуулгатай байх гэж бодон төрөгдсөний улмаас энэхүү актад надад төлүүлэхээр тусгасныг анзааралгүй гарын үсэг зурсан байна. Уг актаар 15.000.000 төгрөгийг Н.З бид хоёроор шууд төлүүлэхээр тусгасныг сая шүүхээс хэргийн материалтай танилцах явцад мэдсэн. Иймд бусдын өмнөөс хариуцлага хүлээх шударга ёсны зарчимд нийцэхгүй ба прокурорын газрын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөн үү гэжээ.

 

Хамтран хариуцагч Н.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н.З Б сумын Засаг даргын Тамгын газарт Бэлчээр тэжээл усжуулалт, газар тариалан хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. 2016 оны сонгуулиас өмнө Сум хөгжүүлэх санг Засаг даргын орлогч хариуцдаг байсан. Миний бие энэ ажлыг 2017 оны 4 дүгээр сард хүлээж аваад 2019 оны 2 дугаар сар хүртэл 01 / нэг/ жил 10 / арван/ сарын хугацаанд давхар хариуцаж байсан. Миний Сум хөгжүүлэх санг хариуцаж байсан хугацаанд сумын Засаг дарга С.Б СХС-ийн хөрөнгийг зарцуулах зөвлөлийн хурал хийж төсөл шалгаруулахгүйгээр өөрөө мэдэж захирамж гаргаад, гэрээ хийлгэж тараадаг. Би удаа дараа Засгийн газрын 153 дугаар тогтоолоор баталсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулах хяналт тавих журам-ийг хувилж өгсөн боловч журмын дагуу ажиллахгүй би мэдэж байна, надад төр засаг эрх мэдэл өгсөн та нарт хамаагүй гэж эсэргүүцдэг. Б.Ат зээл гаргахдаа мөн төсөл, гэрээ байхгүй 15 сая төгрөг гаргасан байсан.Тэр үед би мэдээгүй, 14 хоногийн дараа Төрийн сангийн төлөөлөгч Н.М хэлэхдээ намайг Засаг дарга дарамталж байгаад гаргуулсан гэхээр би зээл авсан хүнд гэрээ хийхийг шаардаж байж гэрээ хийсэн. 2018 онд аймгийн аудитын газраас хяналт шалгалт ирсэн үед Төрийн сангийн төлөөлөгч Н.М нь аудитор Х.М материал авч явах гэж байна гээд төлбөрийн хүсэлтэд надаар нөхөж гарын үсэг зуруулсан гэжээ.

 

Нэхэмжлэгч аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус аймгийн Төрийн аудитын газраас Монгол улсын Ерөнхий аудиторын баталсан Орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх хөтөлбөрийн дагуу Б сумын Сум хөгжүүлэх сангийн 2017 оны хөрөнгийн зарцуулалтад хийсэн нийцлийн аудитаар Сум хөгжүүлэх сангаас зээд олгосон байдал зээлийн ашиглалтыг шалгажээ.

 

Шалгалтаар Сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаартай захирамжаар иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан иргэнд олгох зээлийн дээд хэмжээг хэтрүүлэн Засаг дарга жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн нар иргэн Б.Ат 15 сая төгрөгийн зээлийг сонгон шалгаруулсан төсөлгүй, барьцаа хөрөнгөгүйгээр гэрээ хийж хууль бусаар олгосон байна. Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12/64 дугаартай хууль бус олгосон зээлийг нөхөн төлүүлэх тухай актаар журам зөрчиж хууль бусаар олгосон 15 сая төгрөгийг Б сумын Засаг дарга С.Б жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Н.З нараар төлүүлэхээр тогтоож, актыг зөвшөөрч Б сумын Засаг дарга С.Б, нягтлан бодогч Н.М нар гарын үсэг зурсан боловч одоо хүртэл уг мөнгийг төлүүлэх арга хэмжээ аваагүй байна.

 

Иймд энэ талаар ирүүлсэн аймаг дахь Төрийн аудитын газрын хүсэлт үндэслэлтэй байх тул төр хохирсон гэж үзэж үзэхэд нэхэмжлэл гаргаж байна. Төрийг төлөөлж орлогч прокурор би оролцож байна. Анх шүүхэд нэхэмжлэл гаргах үед хариуцагчаар Б сумын Засаг дарга Бийг татсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Н.Зийг хамтран хариуцагчаар татан оруулсан. Иймд 15 сая төгрөгийг Б сумын Засаг дарга С.Б, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Н.З нараар нөхөн төлүүлэхээр нэхэмжилж нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулж хүргүүлсэн. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулахдаа аудитын газраас тогтоосон 15 сая төгрөгийн 7,5 сая төгрөгийг С.Бээр, 7,5 сая төгрөгийг Н.Зээр төлүүлэх хүсэлтэй байна. Энэ мөнгийг аудитын газрын төрийн сан дахь 100020051005 тоот дансанд төлүүлэхээр нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулж байна гэв.

 

Хариуцагч Б сумын Засаг дарга С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмнөх шүүх хуралд бас тайлбараа хэлсэн. Тухайн мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэвэл тухай үед акт тавих үед зээлдэгч маань тухай үед Казахстан улсад явсан гэдгийг би мэдээгүй байсан. Нэгэнт зориулалтын бусаар ашигласан гэсэн акт тавихаар нь тухайн хүнээр нь төлүүлнэ гэж бодоод гарын үсэг зурсан байдаг. Намайг буруутгаж байгаа гол асуудал болох эрх мэдлээ хэтрүүлсэн 10 сая төгрөгийн зээл олгох ёстой байтал 15 сая төгрөгийн зээл олгосон. Мөн барьцаа хөрөнгө шаардахгүйгээр мөнгө олгосон гэсэн 2 зөрчил гаргасан гэж буруутгаж байгаа. Гэтэл мөнгө шилжүүлэх үед бүгдийг нь хянаж үзээд гарын үзэг зурах ёстой байтал гүйлгээ хийж байгаа төрийн сангийн төлөөлөгч маань надаар гарын үсэг зуруулахгүйгээр тухайн үед миний доод шатны ажилтан болох Т.С гэдэг хүнээр гарын үсэг зуруулсан. Т.С нь тухайн үед Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Тэр хүмүүс өөрсдийнхөө эрх мэдлээ хэтрүүлэн тухайн мөнгийг шилжүүлсэн байдаг. Сая тухайн нотлох баримтыг гаргаж өгсөн. Мөн эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн асуудал байгаа. Зээл олгох дээд хэмжээг иргэдийн төлөөлөгчөөр тогтоож болно гэсэн хуулийн заалттай. Тухайн заалтын дагуу хурал иргэнд 10 сая төгрөгөөс дээш зээл олгож болохгүй гэсэн тогтоол гарсан байдаг. Тухайн зээлийн дээд хэмжээг баталсан тогтоолыг надад хүрүүлж ажиллаагүй. Тийм учраас би мэдээгүй. Мэдээгүй учраас би эрх хэмжээнийхээ хүрээнд 15 сая төгрөгт захирамж гаргасан.Үүнтэй холбоотой нотлох баримтыг сая гаргаж өгсөн. Тиймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хамтран хариуцагч Н.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд санхүүгийн анхан шатны баримтад гарын үзэг зураагүй гэдгээ өмнөх шүүх хуралдаанд мөн хэлж байсан. Энэ тухай нотлох баримтыг дарга сая шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч аймгийн Прокурорын газраас анх шүүхэд хариуцагч Б аймгийн Б сумын Засаг дарга Б.Бээс Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12/64 дугаартай актаар тогтоосон 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус сумын жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Н.Зийг хамтран хариуцагчаар татуулах тухай хүсэлт гаргаж улмаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12/64 дугаартай актаар тогтоосон 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн 7500000 төгрөгийг Б сумын Засаг дарга С.Бээс, 7500000 төгрөгийг тус сумын жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Н.З нараас тус тус гаргуулан аймаг дахь Төрийн аудитын газрын Төрийн сан дахь 100020051005 тоот дансанд төлүүлэхийг хүсжээ.

 

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д ...төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл прокурор...төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно... гэж заажээ.

 

Б аймаг дахь Төрийн аудитын газар нь аймгийн Прокурорын газарт 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 409 дугаартай албан бичгээр:...Аудитаар Б сумын Сум хөгжүүлэх сангаас иргэн Б.Ат сонгон шалгаруулсан төсөлгүй15,0 сая төгрөг олгосон боловч хийж хэрэгжүүлсэн ажил байхгүй сангийн хөрөнгийн хувьдаа ашигласан зөрчил илэрсэн юм. Хууль журам зөрчиж сангийн хөрөнгийг хууль бусаар олгож,хувьдаа ашиглах нөхцөл бололцоо олгосон албан тушаалтнуудаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон. Актын төлбөрийг барагдуулах талаар Б сумын Засаг дарга, ЗДТГазрын дарга нараас олон удаа шаардсан боловч актын төлбөрийг одоо хүртэл барагдуулаагүй байна. Иймд Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу төрд учирсан хохирлыг төлүүлэхээр шүүхэд төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж, ... өгнө үү гэсэн хүсэлтийн[1] дагуу аймгийн Прокурорын газраас тус шүүхэд хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан Б аймаг дахь Төрийн Аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-нs өдрийн 12/46 ҮАГ-НАГ-2018/НА-02 дугаартай Хууль бусаар олгосон зээлийг нөхөн төлүүлэх тухай актад[2]: Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан Орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүн сэдэвт нийцлийн аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу Б сумын Сум хөгжүүлэх сангийн 2017 оны хөрөнгийн зарцуулалтад хийсэн нийцлийн аудитаар Сум хөгжүүлэх сангаас зээл олгосон байдал, зээлийн ашиглалтыг шалгаж үзэхэд ...

1.Сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар захирамжаар ИТХ-аас баталсан иргэнд олгох зээлийн дээд хэмжээг хэтрүүлэн Засаг дарга, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн нар иргэн Б.Ат 15,0 сая төгрөгийн зээлийг сонгон шалгаруулсан төсөлгүй, барьцаа хөрөнгөгүйгээр гэрээ хийж хууль бусаар олгосон байна.

Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.2-т ... Сангийн хөрөнгийг сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулан зарцуулна, 4.1-т Жижиг, дунд төслийн талаарх саналаа тогтоосон хугацаанд энэ журмын 3.3.3-т заасан зөвлөлд хүргүүлнэ, 4.3.1-т тухайн суманд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх, 4.3.6-т ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байх, 4.5-т энэ журмын 3.3.3-т заасан зөвлөлийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор тухайн сумын Засаг дарга зээл олгох шийдвэр гаргана, 4.7-т иргэн, хуулийн этгээд авсан зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд сангийн дансанд буцаан төлнө, сумын ИТХурлын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаар тогтоолын 2 дахь заалтад нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг иргэнд 10,0 сая төгрөг... гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. ... Тогтоох нь:

1.Журам зөрчиж хууль бусаар олгосон 15,0 сая төгрөгийг Б сумын Засаг дарга С.Б, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Н.З нараар нөхөн төлүүлж аймаг дахь Төрийн аудитын газрын Төрийн сан дахь 1000200510005 тоот дансанд 2019 оны 6 дугаар сарын 25-ны дотор оруулах,

 

2.Актын биелэлтийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны дотор ирүүлэхийг Б сумын Засаг дарга С.Б, ня-бо Н.М нарт хариуцуулав гэсэн байна.

 

Хариуцагч Б сумын Засаг дарга ажилтай С.Бээс хуулиар олгосон төрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн, төрийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэх явцад төрд гэм хор учруулаагүй гэж маргах боловч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж зааснаар Засаг дарга нь хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д тус тус зааснаар захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтлахаар зохицуулсан.

 

Гэтэл Б сумын Засаг дарга С.Б нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16.7-д энэ хуулийн 16.6.1-д заасан хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг Засгийн газар батална гэж заасан ба Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолоор баталсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам-ийн 3.3.3-д сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөлийг тухайн сумын Засаг даргаар ахлуулан, Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, банк болон баг тус бүрээс нэг иргэний төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулах-аар мөн журмын 3.5-д Сангийн үйл ажиллагааны талаар сумын Засаг даргаас дараах буюу 3.5.1. төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд сумын иргэдийн оролцоог хангах ажлыг зохион байгуулах; 3.5.2. энэ журамд заасны дагуу зээл олгох шийдвэр гаргах; 3.5.3. энэ журмын 3.5.2-т заасан төслийг хэрэгжүүлэх иргэн, хуулийн этгээдтэй зохих журмын дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, биелэлтийг хангуулах, явц, үр дүнд байнгын хяналт тавьж ажиллах; 3.5.4. энэ журмын 3.5.3-т заасны дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа барьцаанд бариулах хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнэлгээний 70 хүртэл хувиар үнэлэх талаар заасан ... гэх мэт чиг үүргийг мөн журмын 4.5. Энэ журмын 3.3.3-т заасан зөвлөлийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор тухайн сумын Засаг дарга зээл олгох шийдвэр гаргана, 4.6. Сумын Засаг дарга төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулна, гэж заасныг тус тус зөрчиж 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тус сумын Засаг даргын 52 дугаар захирамжаар ИТХ-аас баталсан иргэнд олгох зээлийн дээд хэмжээг хэтрүүлэн Засаг дарга, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн нар иргэн Б.Ат 15,0 сая төгрөгийн зээлийг сонгон шалгаруулсан төсөлгүй, барьцаа хөрөнгөгүйгээр гэрээ хийж хууль бусаар олгосон гэж акт тогтоосон ба уг актыг үгүйсгэх бичгийн нотлох баримтыг хариуцагч нараас шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй болно.

 

Нөгөөтээгүүр хариуцагч Б сумын Засаг дарга С.Б нь тус сумын Сум хөгжүүлэх сангаас 15.000.000 төгрөгийг сонгон шалгаруулах төсөлгүй мөн барьцаа хөрөнгөгүйгээр иргэн Б.Ат олгож, улмаар Б.Атэй дараа нь нөхөж гэрээ байгуулсан нь хамтран хариуцагч Н.Зийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хамтран хариуцагч Н.Зээс Б сумын Засаг дарга Сум хөгжүүлэх сангаас 15.000.000 төгрөгийг сонгон шалгаруулах төсөлгүй мөн барьцаа хөрөнгөгүйгээр гаргасныг би мэдээгүй 14 хоногийн дараа Төрийн сангийн төлөөлөгч Н.М хэлэхдээ намайг Засаг дарга дарамталж байгаад гаргуулсан гэхээр би зээл авсан хүнд гэрээ хийхийг шаардаж байж гэрээ хийсэн. Аймгийн аудитын газраас хяналт шалгалт ирсэн үед Төрийн сангийн төлөөлөгч Н.М аудитор Х.М материал авч явах гэж байна гээд төлбөрийн хүсэлтэд надаар нөхөж гарын үсэг зуруулсан гэж,

 

мөн хариуцагч С.Бээс уг актаар тогтоосон 15,0 сая төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 135 дугаар бүхий гэрээгээр иргэн Ат олгосон ба энэхүү тодорхой эзэнтэй гэрээг зөрчвөл хүлээх хариуцлага тодорхой байсаар байтал бусдын өмнөөс би хариуцлага хүлээх учиргүй, уг актаар 15.000.000 төгрөгийг Н.З бид хоёроор шууд төлүүлэхээр тусгасныг сая шүүхээс хэргийн материалтай танилцах явцад мэдсэн. Иймд бусдын өмнөөс хариуцлага хүлээх шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж тус тус маргажээ.

 

Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 12/46 ҮАГ-НАГ-2018/НА-02 дугаартай Хууль бусаар олгосон зээлийг нөхөн төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах талаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана гэж мөн зүйлийн 14.2-т Гомдлыг хүлээж авсан хяналт шалгалтын байгууллагын эрх баригч түүнийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх арга хэмжээ авна. Хэрэв гомдол гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно гэж мөн Аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т аудитын дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдол гаргах эрхтэй байхаар тус тус зохицуулжээ.

 

Хариуцагч нараас уг акттай холбогдуулан нэхэмжлэгч байгууллагаас тус шүүхэд нэхэмжлэл гарахаас өмнө болон тус шүүхэд нэхэмжлэл ирсний дараа ч гэсэн дээрхи актыг хүчингүй болгуулах талаар харьяаллын шүүхэд гомдол гаргаагүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Тус шүүхээс хариуцагч нарт төлбөр тогтоосон Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 12/46 ҮАГ-НАГ-2018/НА-02 дугаартай Хууль бусаар олгосон зээлийг нөхөн төлүүлэх тухай актын хууль зүйн үндэслэлийн талаар шууд дүгнэлт хийх боломжгүй тул уг актыг хүчин төгөлдөр акт гэж үзлээ.

 

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор баталсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам-ийн 4.8.-д Сумын Засаг даргаас зээлдэгчийн 9 төрлийн баримт бичиг буюу зээлдэгчийн анкет, зээл олгохыг хүссэн өргөдөл, оршин суугаа газрын тодорхойлолт, төслийн баримт бичиг, энэ журмын 3.3.3-т заасан зөвлөлийн хурлын тэмдэглэл, зээлийн болон барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн үнэлгээний жагсаалт, барьцаалсан эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар хавсаргах, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргийг эх хувиар нь баримтжуулан хадгалахаар заасан бөгөөд хариуцагч Б сумын Засаг дарга С.Бээс дээрх бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй.

 

Хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн төрийн сангийн бүртгэлийн дансны хуулга, төлбөрийн хүсэлтээр 15.000.000 төгрөгийг иргэн Б.Ат шилжүүлсэн нь нотлогдож байгаа боловч уг мөнгийг олгохдоо Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор баталсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам-ийг зөрчиж 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тус сумын Засаг даргын 52 дугаар захирамжаар ИТХ-аас баталсан иргэнд олгох зээлийн дээд хэмжээг хэтрүүлэн, зээлийг сонгон шалгаруулсан төсөлгүй, барьцаа хөрөнгөгүйгээр эрх бүхий албан тушаалтнаас хууль бусаар олгосон нь тогтоогдож байх тул уг журмын 6.2-д Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй буюу энэ журамд заасныг зөрчиж төсөл сонгон шалгаруулсан, төслийн хэрэгжилтэд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллаагүй болох нь эрх бүхий этгээдийн хяналт шалгалтаар тогтоогдсон бол тухайн сумын Засаг дарга болон холбогдох бусад албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ, 6.3-д энэ журмыг зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх бөгөөд санд учирсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу гэм буруутай этгээд хариуцан барагдуулна гэж зааснаар төрд учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтан болох сумын Засаг дарга С.Б, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн асан Н.З нараар буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хариуцагч С.Бээс 15.000.000 төгрөгийг иргэн Б.Ат олгохдоо гэрээ байгуулсан гэж 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 135 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээг тус сумын Засаг даргын Тамгын газраас нотариатаар гэрчлүүлж нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд уг гэрээний эх хувийг шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар шаардсан боловч хариуцагчаас гэрээний эх хувийг шүүхэд ирүүлж нотолж чадаагүй мөн уг зээлийн гэрээний 1.2-т энэхүү Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хурлын шийдвэр...Б овогтой Ат 15.000.000 төгрөгийн зээлийг олгохоор гэрээ байгуулсан гэсэн ба зээлийн гэрээний огноо нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байхад сонгон шалгаруулах зөвлөлийн хурлын шийдвэр нь 2018 оны 8 дугаар сар болж хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байх тул уг 2017 оны 135 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээг тус шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШТ2020/00044 дугаартай шүүхийн тогтоолоор нотлох баримтаас хассан болно.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12/64 дугаартай актаар тогтоосон 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн 7500000 төгрөгийг Б сумын Засаг дарга С.Бээс, 7500000 төгрөгийг тус сумын жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Н.З нараас тус тус гаргуулан аймаг дахь Төрийн аудитын газрын Төрийн сан дахь 100020051005 тоот дансанд төлүүлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул 15.000.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 232950 төгрөгийг хариуцагч нарт тэнцүү хуваахад 116475 төгрөг байх тул хариуцагч тус бүрээс 116475 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12/64 дугаартай актаар тогтоосон 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн 7500000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгийг Б сумын Засаг дарга С.Бээс, 7500000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгийг тус сумын жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн асан Н.З нараас тус тус гаргуулан аймаг дахь Төрийн аудитын газрын Төрийн сан дахь 100020051005 тоот дансанд төлүүлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б сумын Засаг дарга С.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 116475 төгрөг хамтран хариуцагч Н.Зээс улсын тэмдэгтийн хураамжид 116475 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК

 

ШҮҮГЧИД Б.МАНГИЛИК

 

А.ЖАРХЫНГҮЛ