Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 212/МА2020/00069

 

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2020/00795 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын нэхэмжлэлтэй, Б сумын Засаг дарга С.Б, Б сумын 4 дүгээр багт оршин суух Б  овогт Нын З нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч Н.Зийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, хариуцагч С.Б, түүний өмгөөлөгч К.Е, хариуцагч Н.З, түүний өмгөөлөгч А.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12/64 дугаартай актаар тогтоосон 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн 7500000 төгрөгийг Б сумын Засаг дарга С.Бээс, 7500000 төгрөгийг тус сумын жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Н.З нараас тус тус гаргуулан аймаг дахь Төрийн аудитын газрын Төрийн сан дахь 100020051005 тоот дансанд төлүүлэх тухай.

 

Нэхэмжлэлд: Тус аймаг дахь Төрийн аудитын газраас Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан Орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн 2017 оны хөрөнгийн зарцуулалт, үр дүн сэдэвт нийцлийн аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу Б сумын Сум хөгжүүлэх сангийн 2017 оны хөрөнгийн зарцуулалтад хийсэн нийцлийн аудитаар Сум хөгжүүлэх сангаас зээл олгосон байдал, зээлийн ашиглалтыг шалгажээ. Шалгалтаар сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар захирамжаар ИТХ-аас баталсан иргэнд олгох зээлийн дээд хэмжээг хэтрүүлэн Засаг дарга, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн нар иргэн Б.Ат 15,0 төгрөгийн зээлийг сонгон шалгаруулсан төсөлгүй, барьцаа хөрөнгөгүйгээр гэрээ хийж хууль бусаар олгосон байна. Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12/64 дугаартай хууль бус олгосон зээлийг нөхөн төлүүлэх тухай актаар журам зөрчиж хууль бусаар олгосон 15,0 сая төгрөгийг Б сумын Засаг дарга С.Б, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Н.З нараар нөхөн төлүүлэхээр актыг тогтоож, актыг зөвшөөрч гарын үсэг зурсан боловч одоо хүртэл уг мөнгийг төлүүлэх арга хэмжээ аваагүй байна. Иймд энэ талаар ирүүлсэн аймаг дахь Төрийн аудитын газрын хүсэлт үндэслэлтэй байх тул төр хохирсон гэж үзэж шүүхэд Б сумын Засаг даргаар ажиллаж байгаа С.Бээр уг мөнгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус сумын жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Н.Зийг хамтран хариуцагчаар татуулсан билээ. Иймд урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн Б сумын Засаг дарга С.Бээс 7.500.000 төгрөг, тус сумын жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Н.Зээс 7.500.000 төгрөгийг тус тус гаргуулан аймаг дахь Төрийн аудитын газрын Төрийн сан дахь 100020051005 тоот дансанд төлүүлэхийг хүсье гэжээ.

 

Хариуцагч Б сумын Засаг дарга С.Бийн тайлбарт: Хариуцагч С.Б би аймгийн Прокурорын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, тухайн зээлийг би гэрээ байгуулж аваагүй бөгөөд төмс, хүнсний ногоогоор хангах зориулалттай иргэн А төсөл боловсруулж ирсний дагуу нөхцөлөө тохирон 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 135 дугаар бүхий гэрээгээр Ат олгосон. Энэ нь түүнтэй байгуулсан дээрх гэрээ болон мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн баримтаар бүрэн нотлогдож байгаа юм. Ийнхүү авсан тодорхой эзэнтэй гэрээг зөрчвөл хүлээх хариуцлага тодорхой байсаар байтал бусдын өмнөөс би хариуцлага хүлээх учиргүй бөгөөд би хариуцагч биш юм. Актын хувьд тухайн үед аудитын шалгалтын явцад илэрсэн зөрчил бүрд тус тусад нь акт тавигдсан бөгөөд миний хувьд эхний ганц хоёр актыг уншиж танилцахад илэрсэн зөрчлүүдийг арилгуулахыг Засаг даргын хувьд надад даалгасан байсан учир бүгд ийм ижилхэн утга агуулгатай байх гэж бодон төөрөгдсөний улмаас энэхүү актад надад төлүүлэхээр тусгасныг анзааралгүй гарын үсэг зурсан байна. Уг актаар 15.000.000 төгрөгийг Н.З бид хоёроор шууд төлүүлэхээр тусгасныг сая шүүхээс хэргийн материалтай танилцах явцад мэдсэн. Иймд бусдын өмнөөс хариуцлага хүлээх шударга ёсны зарчимд нийцэхгүй ба прокурорын газрын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хамтран хариуцагч Н.Зийн тайлбарт: Миний бие Н.З Б сумын Засаг даргын Тамгын газарт Бэлчээр тэжээл усжуулалт, газар тариалан хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. 2016 оны сонгуулиас өмнө Сум хөгжүүлэх санг Засаг даргын орлогч хариуцдаг байсан. Миний бие энэ ажлыг 2017 оны 4 дүгээр сард хүлээж аваад 2019 оны 2 дугаар сар хүртэл 01 / нэг/ жил 10 / арван/ сарын хугацаанд давхар хариуцаж байсан. Намайг сум хөгжүүлэх санг хариуцаж байсан хугацаанд сумын Засаг дарга С.Б СХС-ийн хөрөнгийг зарцуулах зөвлөлийн хурал хийж төсөл шалгаруулахгүйгээр өөрөө мэдэж захирамж гаргаад, гэрээ хийлгэж тараадаг байсан. Би удаа дараа Засгийн газрын 153 дугаар тогтоолоор баталсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулах хяналт тавих журам-ийг хувилж өгсөн боловч журмын дагуу ажиллахгүй би мэдэж байна, надад төр засаг эрх мэдэл өгсөн та нарт хамаагүй гэж эсэргүүцдэг. Б.Ат зээл гаргахдаа мөн төсөл, гэрээ байхгүй 15 сая төгрөг гаргасан байсан. Тэр үед би мэдээгүй, 14 хоногийн дараа Төрийн сангийн төлөөлөгч Н.Мендигүл хэлэхдээ намайг Засаг дарга дарамталж байгаад гаргуулсан гэхээр би зээл авсан хүнд гэрээ хийхийг шаардаж байж гэрээ хийсэн. 2018 онд аймгийн аудитын газраас хяналт шалгалт ирсэн үед Төрийн сангийн төлөөлөгч Н.Мендигүл нь аудитор Х.Манаргүл материал авч явах гэж байна гээд төлбөрийн хүсэлтэд надаар нөхөж гарын үсэг зуруулсан. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2020/00795 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12/64 дугаартай актаар тогтоосон 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн 7500000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгийг Б сумын Засаг дарга С.Бээс, 7500000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгийг тус сумын жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн асан Н.З нараас тус тус гаргуулан аймаг дахь Төрийн аудитын газрын Төрийн сан дахь 100020051005 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Зийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. 1. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг дарга 2017 онд Орон нутгийг хөгжүүлэх сангаас иргэн Б.Ат 15,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэж, гэрээ байгуулж, уг мөнгийг олгосон. Тодруулбал, Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хурлын шийдвэр, Монгол Улсын Иргэний хуулийн 281-286, 453 дугаар зүйлд заасныг үндэслэн нэг талаас Б сумын Засаг дарга С.Б, нөгөө талаас Б овогтой А нар харилцан тохиролцож байгуулсан бөгөөд тус гэрээний 3.1-т зааснаар зээлийн ерөнхий хугацаа 3 жил буюу 36 сар, 4.1-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд Б.Аийн 20,0 сая төгрөгийн үнэ бүхий хашаа байшин барьцаалсан байжээ. 2. Хариуцагч Б сумын Засаг дарга С.Б нь иргэн А төсөл боловсруулж ирсний дагуу нөхцөлөө тохиролцон 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 135 дугаар бүхий гэрээгээр Ат олгосон байж. 3. Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргаас 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.Ат 15,0 сая төгрөгийн зээл олгохдоо хамтран хариуцагчийн ямар нэгэн оролцоо байгаагүй, дараа нь аймгийн Аудитын газраас 2018 онд санхүүгийн хяналт шалгалт явуулах үед Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Н.Мендигүл хамтран хариуцагчид санхүүгийн баримтад авагдаагүй /мемориал түүвэр/ төлбөрийн хүсэлтэд гарын үсэг зуруулж авсан байна. Өөрөөр хэлбэл 2018 оны төлбөрийн баримт санхүүгийн эх нотлох баримт биш хуурамч баримт болохыг Н.Мендигүл гэрчилсэн байна. Нөгөөтээгүүр, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан атны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн "Шүүх хуралдааныг хойшлуулж, хариуцагчаас нотлох баримтын эхийг шаардан авах тухай 130/ШТ2020/00044 дугаар тогтоолын дагуу хавтаст хэрэгт авагдсан 2017.01.01-2017.12.31-ний өдрийн Төрийн сангийн бүртгэлийн дансны хуулга бүхий баримтуудын 123 дугаар хуудаст авагдсан 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №05 дугаар Төлбөрийн хүсэлт гэсэн эх бичгийн нотлох баримтаас үзэхэд 10,0 сая төгрөгийг П.С захиран зарцуулахаар гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан, харин нягтлан бодогч Н.З гэсэн хэсэгт хамтран хариуцагч гарын үсэг зураагүй байна. Үүнээс үзэхэд Н.З тус хэргийн хамтран хариуцагч этгээд биш байна. 4. Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн П.Сыг ажлаас чөлөөлөх тухай 11 дугаар тушаалаар төрийн албаны тусгай шалгалтад тэнцэж, Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэр хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр Консул овогтой Нурлыбекийг томилох болсон тул урьд нь ажиллаж байсан П овогтой Сыг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. Үүнээс үзэхэд Б сумын жижиг дунд үйлдвэр хоршооны асуудлыг өмнө хамтран хариуцагч Н.З биш харин П.С тус албан тушаалыг хашиж байсан гэж үзэхээр байна. 5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШТ2020/00044 дугаар тогтоолоор хэргийн 73-79 дугаар талд авагдсан гэрээг нотлох баримтаас хассан нь үндэслэлгүй. Уг гэрээний 1.2-т зөвлөлийн хурлын шийдвэр нь 2018 онь 8 дугаар сарын 20-ны өдөр гэснийг бусад хөндлөнгийн нотлох баримтуудтай харьцуулж үзэх байдлаар судалсны үндсэн дээр нотлох баримтаар үнэлэх эсэхийг шийдвэрлэх боломжтой байсан гэж бодож байна. 6. Хамтран хариуцагч төрийн албан хаагч тул эрх үүрэг нь Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах учиртай. Хэргийн материалд хамтран хариуцагчийн ажил олгогчтой байгуулсан эд хөрөнгийн бүрэн эсхүл хязгаарлагдмал хариуцлага хүлээх тухай гэрээ авагдаагүй байхад шүүхээс хийсвэрээр 7,5 сая төгрөгийг хамтран хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй. 7. Иргэдийн төлөөлөгч Б.Гын 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтэд "...Б сумын Засаг дарга нь Сум хөгжүүлэх сангаас зохих хууль журмын дагуу олгох ёстой зээлийг ...иргэн Б.Ат олгосон нь хуульд нийцэхгүй байна. Тийм учраас 15 сая төгрөгийг тухайн шийдвэр гаргаж зээл олгосон албан тушаалтан болох сумын Засаг дарга Бээр төлүүлэх нь төрд учирсан хохирлыг барагдуулах нь зүйтэй" гэжээ. 8. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч хууль цаазын итгэмжит зөвлөх А.Тээс 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ...сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар захирамжаар ИТХ-аас баталсан иргэнд олгох зээлийн дээд хэмжээг хэтрүүлэн Засаг дарга, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн нар иргэн Б.Ат 15,0 төгрөгийн зээлийг сонгон шалгаруулсан төсөлгүй, барьцаа хөрөнгөгүйгээр гэрээ хийж хууль бусаар олгосон байна гэж тодруулсан байна. 9. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл ...иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно гэж заасан. Гэтэл Баян-Өлгий аймгийн Прокурорын байгууллагаас /хуулийн этгээд/ нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан. 10. Прокурорын байгууллагаас 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух 00000 регистрийн дугаартай иргэн А.Тт итгэмжлэл олгосон байхад Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх А.Т гэсэн албан тушаалтан оролцсон, уг албан тушаалтан нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар тодруулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн прокурорын газар нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг дарга С.Б, хамтран хариуцагч тус сумын жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Н.З нарт холбогдуулж аудитын актаар тогтоосон 15000000.00 төгрөгийн төлбөрийг тэнцүү хувааж гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Б сумын сум хөгжүүлэх сангаас иргэн Б.Ат сонгон шалгаруулсан төсөлгүйгээр 15000000 төгрөг олгосон боловч хийж хэрэгжүүлсэн ажил байхгүй, сангийн хөрөнгийг хувьдаа ашигласан зөрчил илэрсэн. Хууль зөрчиж сангийн хөрөнгийг хууль бусаар олгож, хувьдаа ашиглах нөхцөл бололцоо олгосон албан тушаалтнуудаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон гэж тайлбарлажээ. Харин хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл, дараах нөхцөл байдлууд тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй тодруулах шаардлагатай зарим үндэслэлүүдийн талаар тодруулаагүй, энэ талаар шүүхийн шийдвэрт дүгнээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагыг шүүхийн шийдвэр хангаагүй, шүүх зарим нотлох баримтыг бүрдүүлэх талаар болон үнэлэхдээ мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн тул шийдвэрийг мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтын дагуу хүчингүй болгож, 168.3 дахь хэсэгт зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. Үүнд:

 

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт прокурор ... шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно. гэж, Прокурорын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно. гэж, 21 дүгээр зүйлийн /Шүүхэд төрийг төлөөлөх бүрэн эрх/ 21.1.12 дугаар заалтад шүүхэд нэхэмжлэл, ... гаргах; гэж, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ... нэхэмжлэл, ... гаргана. гэж, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, ... гаргана. гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно. гэж тус хуульчилснаас үзвэл, Баян-Өлгий аймгийн прокурорын газар нь төрийн байгууллага болох Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын хүсэлтээр, төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг дарга С.Б, мэргэжилтэн Н.З нарт холбогдуулж шүүхэд мэдүүлэх замаар нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй байна.

 

Харин нэхэмжлэгч нь /хх-94/ 15000000.00 төгрөгийг Төрийн аудитын газрын төрийн сан дахь 100020051005 тоот дансанд төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй, нэхэмжилж буй мөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчид буюу Баян-Өлгий аймгийн Б сумын Сум хөгжүүлэх санд төлүүлэх, эсхүл аймгийн Төрийн аудитын газрын дансанд оруулах, Төрийн аудитын дансанд оруулахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэхийг тодруулж, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

 2. Анхан шатны шүүх Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын төлбөр тогтоосон актын биелэлтийг хуульд заасан бусад арга, журмаар хангуулах эрхтэй эсэхийг нэхэмжлэгчээс нягталж, тодруулахгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлэх шаардлагыг зөрчжээ.

 Тухайлбал, Төрийн аудитын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Төрийн аудитын байгууллага хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг Захиргааны ерөнхий хуулийн 82, 83 дугаар зүйлд заасан журмаар гүйцэтгэнэ. гэж, харин Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлд захиргааны шийдвэр гүйцэтгэл явуулах ерөнхий журмыг, 83 дугаар зүйлд захиргааны шийдвэр гүйцэтгэлд тавигдах шаардлагыг тус тус хуульчилсан бөгөөд Баян-Өлгий аймгийн Төрийн аудитын газрын хувьд тогтоосон төлбөрийн актын биелэлтийг хангуулахаар хуульд заасан дээрх арга, журмыг хэрэглэсэн, хэрэгжүүлсэн эсэх нь хэрэгт авагдсан материалаас тодорхойгүй байхад анхан шатны шүүх аудитын дүгнэлтийг үндэслэн, үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцээгүй гэж үзнэ. Шүүх хуульд зааснаар нотлох баримтыг бүх талаас нь, бүрэн дүүрэн, бодит байдлаар нь үнэлж, дүгнэх журамтай.

 3. Прокурорын байгууллагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Баян-Өлгий аймаг дахь Төрийн Аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12/64YAГ-НАГ-2018/НА-02 дугаартай Хууль бусаар олгосон зээлийг нөхөн төлүүлэх тухай актыг үндэслэл болгосноос үзвэл, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас төрийн байгууллагад учирсан хохирлыг арилгуулахаар, төрийн эрх ашиг хохирсон гэж нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн төрийн албан хаагчдын үйл ажиллагааны талаар аудитын актад Сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар захирамжаар ИТХ-аас баталсан иргэнд олгох зээлийн дээд хэмжээг хэтрүүлэн Засаг дарга, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн нар иргэн Б.Ат 15,0 сая төгрөгийн зээлийг сонгон шалгаруулсан төсөлгүй, барьцаа хөрөнгөгүйгээр гэрээ хийж хууль бусаар олгосон гэж дүгнэжээ.

 Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 15,0 сая төгрөгийн зээлийг сонгон шалгаруулсан төсөлгүй, барьцаа хөрөнгөгүйгээр гэрээ хийж хууль бусаар олгосон байна гэж дурдсан төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаатай холбоотой үндэслэлийг анхан шатны шүүх нэхэмжлэгчээс үүргийн болон гэм хорын, санхүүгийн, захиргааны, эсхүл эрх зүйн бусад зөрчлүүдийн алинд нь хамаарах эсэх, түүний нотлогдон тогтоогдсон байдлыг тодруулсны эцэст, маргааныг хянан шийдвэрлэх байжээ.

 Учир нь Прокурорын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт Прокурор нь төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нотлох баримт цуглуулах тодорхой ажиллагаа явуулах, иргэн, байгууллага, албан тушаалтнаас холбогдох баримт, мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулан авах эрхтэй. гэж төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй прокурорын чиг үүргээ хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилсан байна.

 4. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 135 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэргийн 73-78 дугаар хуудаст авагдсан бөгөөд уг гэрээний сүүлийн хуудас бүрэн бус байгаагаас гадна гэрээнд зээлдүүлэгчийг төлөөлж Засаг дарга С.Б болон мэргэжилтэн нар, мөн зээлдэгч гарын үсэг зурсан байна. Гэрээний сүүлийн хуудаст 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч /П.С/ гэрээний үнэн зөвийг гэрчилж тамга дарсан, харин 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тус сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч /З.Мадениет/ тухайн гэрээний хуулбарын үнэн зөвийг гэрчилж тамга дарсан байна.

Гэтэл анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШТ2020/00044 дугаар Нотлох баримтаас хасах тухай тогтоолоор дээрх гэрээг ...гэрээний огноо нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байхад сонгон шалгаруулах хурлын шийдвэр нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж шийдвэрлэсэн нь эргэлзээтэй, огноо нь зөрүүтэй байгаа тул ... гэрээг ... хэргийн нотлох баримтаас хасах нь зүйтэй... гэж дүгнэн, хэргийн нотлох баримтаас хассан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан баримтыг хэргийн нотлох баримтаас хасах хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй гэх аль нэг үндэслэлд хамааралгүй, хууль бус болжээ. Ингэснээр анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй., 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана. гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчийн нотлох баримт гаргаж өгөх эрх, үүргийг ноцтой зөрчжээ.

Тодруулбал шүүх хэргийн оролцогчийн гаргаж өгсөн баримтыг хуульд заагаагүй үндэслэлээр хэргийн нотлох баримтаас хассанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлаагүй байна.

 

Иймээс дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хамтран хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ. Хуульд зааснаар хамтран хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2020/00795 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хамтран хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хамтран хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134950.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж Н.Зд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

Д.КӨБЕШ