Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2020/00773

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 2 дугаар багт оршин суух, Е Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэг /эрхлэгч С.Л/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Л, хариуцагчийн өмгөөлөгч Х.З, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн манаач жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Е.Мийг Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Мийг ажилд томилох тухай Б/04 дугаартай тушаалаар хүүхдийн цэцэрлэгийн жижүүр, манаачийн бүр орон тооны ажилд томилсон юм. Гэтэл тус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр шинээр томилогдсон С.Л гэгч нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Е.Мийг Манаач жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/13 дугаар тушаалаар гэнэт ажлаас чөлөөлсөн байна. Е.М бүр орон тоонд ажиллаж байсан, ажлын байранд ямар нэгэн сахилгын зөрчил гараагүй юм. Иймд ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. С.Л нь тушаалыг гаргах болсон шалтгаан нөхцөл нь тус цэцэрлэгийн эрхлэгчээр урьд ажиллаж байсан С.Жтэй хувийн өш хонзонгийн асуудал шууд нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд Е.Мийг Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн манаач, жижүүрийн ажилд эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие нэхэмжлэгч Е.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Е.М Б суманд амьдардаг. Тэрээр Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Ажилд томилох тухай Б/04 дүгээр тушаалаар тус сумын Хүүхдийн цэцэрлэгийн жижүүр, манаачийн ажилд томилогдож, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл тус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр шинээр томилогдсон С.Л 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Е.Мийг манаачийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/13 дугаар тушаал гаргасан. Е.М нь бүр орон тоонд ажиллаж байсан. Ажлын байранд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй. Е.Мийн оронд өмнө нь Ж.Б гэдэг хүн ажиллаж байсан. Ж.Б 2020 оны 01 дүгээр сард өөрөө сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргаж, манаачийн ажлаас чөлөөлөгдөж, сантехникч, мужааны ажилд томилогдсон байгаа. Ийм учраас ажил олгогч Е.Мийг гэнэт ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байгаа. Манаач, жижүүрийн цалингаас сантехник мужааны цалин өндөр байдаг. Тус цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар нийт 26 орон тоотой ажиллаж байгаа. Шинээр жижүүр манаачаар Е.М, нягтлан бодогчоор Пернебек гэдэг хүнийг авсан. Пернебек нь одоо хүртэл нягтлан бодогчийн ажлаа хийж байгаа. Гэтэл Е.Мийг ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байна. Уг асуудлын саад утга нь өмнө нь цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.Ж, С.Л хоёр хоорондоо таарамжгүй харилцаатай хүмүүс байгаа. С.Ж эрхлэгч ажлаас чөлөөлөгдөж явсан. Е.Мд ямар нэгэн буруутай ажиллагаа байхгүй учраас Е.Мийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж өгөхийг хүсэж байна гэв.

 

Хариуцагч Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн тус шүүхэд гаргасан Е.Мийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна.

 

1. Е.Мийг ажлаас нь гэнэт чөлөөлөөгүй бөгөөд ажлаас чөлөөлөх талаар болон хууль бусаар ажилд томилогдсон тухай өөрт нь болон өвөө нь С.Солтанд тайлбарлан хэлж өгсөн. Мөн Е.Мд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Мэдэгдэх хуудсаар ажлаас чөлөөлөх талаар мэдэгдсэн.

 

2. Е.Мийг сахилгын зөрчлийн улмаас ажлаас чөлөөлөөгүй.

 

3. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Я С нь цэцэрлэгийн эрхлэгч С.Жтэй хувийн өш хонзонгоос болж уг тушаалыг гаргасан гэж үзэх болсон үйл явцыг тогтоогоогүй байж намайг гүтгэж байгаад гомдолтой байгаа ба энэ асуудлаар зохих газарт нь хандах болно.

 

4. Иргэн Е.Мийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Иймд дээрх гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.Л шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ намайг С.Жтэй хувийн өш хонзонтой, таарамжгүй харилцаатай гэж дурдсан байна лээ. Бид хоёрын хооронд ямар нэгэн өш хонзонгийн асуудал байхгүй. С.Ж эрхлэгч өөрөө хууль зөрчсөн үйлдлүүд маш их хийсэн учраас хуулийн хүрээнд ажиллахыг шаардаж, дээд шатны байгууллагуудад өргөдөл бичдэг байсан. Түүнээс биш ямар нэгэн өш хонзонгоос болж, Е.М хохирч байгаа асуудал биш. Е.М нь С.Жгийн төрсөн ахын хүүхэд. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад С.Ж тэнцээгүй байсан. Тэгээд тухайн эрхлэгчийн албан тушаалаа өгөхийг мэдсэн учраас өөрийнхөө дүү Е.Мийг ажилд томилсон. Е.Мийг ажилд томилохдоо үндсэн ажилтан Ж.Бгийн эрх ашгийг хөндөж, бодит байдлыг нуун дарагдуулж сантехник, мужааны орон тоо байгаа мэтээр Ж.Бд хүчээр өргөдөл бичүүлж аваад, Ж.Бгийн оронд Е.Мийг томилсон байсан.

 

2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр би тус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсоноос хойш цэцэрлэгийн бүтэц орон тоог харахад сантехникч, нягтлан бодогч гэсэн орон тоо байхгүй. 26 орон тоогоор ажиллаж байгаа боловч үнэндээ 24 орон тоо байгаа. Цаашид цалин төсөв нь хүрэхгүй учраас орон тоог цэгцлэх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж ажиллаж байгаа. С.Ж Ж.Б гуайг өөрийн хүсэлтээр чөлөөлсөн гэж тушаалдаа үндэслэсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалтыг үндэслэсэн. Энэ нь өөрөө ажил олгогчийн санаачилгаар чөлөөлсөн гэсэн хуулийн заалтыг баримталсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Дээрээс нь Ж.Б ямар нэгэн томилолтоор яваагүй, өөр орон нутагт шилжээгүй учраас мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримталж хуулийг буруу хэрэглэсэн. Ж.Б сантехник, мужааны орон тоо байхгүй гэдгийг мэдээд өргөдөл гаргасан учраас Хүүхдийн цэцэрлэгийн зөвлөлийг хуралдуулж, Е.Мийг ажлаас чөлөөлөх нь зөв гэсэн зөвлөлийн шийдвэр гарсан. Мөн төсөв орон тоо хүрэхгүй байсан учраас Е.Мийг ажлаас чөлөөлөх зайлшгүй шаардлагатай байсан. Е.М анхнаасаа цэцэрлэгийн ажилчин байгаагүй.

 

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Е.Мийг ажилд томилж, бүтэц орон тоо батлах тухай, цалин тогтоох тухай тушаалыг С.Ж өөрөө гаргасан. Ж.Бг сантехник, мужаанаар томилсон тушаал нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гарсан. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бүтэц орон тоо батлах тухай, цалин тогтоох тухай тушаалыг гаргахдаа Ж.Бг сантехник, мужааны албан тушаалтан гэж дурдаад, огт ажиллаагүй Е.Мийг 1 жил ажилласан гэж төсөв орон тооны цалин баталсан байгаа. Гэтэл тухайн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Е.Мд ч, Ж.Бд ч тушаал гараагүй байсан. Дараа нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Б/03, 04, 05 дугаартай тушаалууд нэг өдөр гарсан. Энэ эрх зүйн байдлууд хоорондоо зөрчигдөж байгаа. Мөн цалин тогтоохдоо үндсэн ажилчдын нэмэгдэл хөлс, цалин, шатлалыг ахиулахгүйгээр цалин тогтоосон. Үндсэн ажилчдын нэмэгдэл хөлс, урамшуулал гэх мэт бусад цалинг буруу тооцож олгож байсан. Үндсэн ажилчдын эрх ашиг хохирч байсныг зарим нь мэдээд гомдол гаргаж, зарим нь мэдэхгүй явж байсан. Үндсэн ажилчдад олгох ёстой мөнгийг олголгүй төсөв цалин хэмнэж байгаа юм шиг харагдуулж, өөрийнхөө дүүг авч ажиллуулсан. Бүтэц орон тоо баталсан тушаал нь Ж.Б, Е.М хоёрт тушаал гаргахаас өмнө төлөвлөгдсөн байгаа. Ийм зөрчлүүд гарсан учраас зөрчлийг арилгахын тулд хуулийн хүрээнд шийдвэр гаргаж ажиллаж байгаа. Мөн Ж.Бгаар өргөдөл бичүүлж авсан мөртлөө тэрийг цэцэрлэгийн архивт үлдээгээгүй. Ж.Б өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн талаарх бичиг баримтыг цэцэрлэгийн архиваас хайж үзэхэд, архивд байхгүй. Өргөдөл гомдлын бүртгэлд бүртгэгдээгүй. Ж.Бгийн өөрөөс нь асуухад өргөдлийн хуулбарласан хувийг авчирсан. Мөн Е.М манай цэцэрлэгт ажиллаж байгаа гэх албан ёсны тушаалын эх хувь болон хөдөлмөрийн гэрээ нь байхгүй. Е.Мийг дуудаж тушаалын эх хувь болон хөдөлмөрийн гэрээг авчир гэж хэлэхэд дандаа хуулбарласан хувийг авчирдаг. Хавтаст хэрэгт танилцаж үзэхэд, хөдөлмөрийн гэрээний эх хувийг хавсаргасан байна. С.Ж өөрөө цэцэрлэгийн чухал бичиг баримтыг санаатайгаар байгууллагын эсрэг ашиглах зорилгоор авч явсан нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан тушаалаас болж, цаашид олон албан хаагчид хохирч байгаа учраас 2020 оны 05 дугаар сард А/08 дугаартай тушаал гарснаар үндсэн ажилчдын нэмэгдэл хөлс, цалин, шатлал удаан жилийн нэмэгдэл хуулийн хүрээнд олгогдож байгаа. Ингэж олгогдож эхлэхэд, Е.М, нягтлан бодогч хоёрын цалин цомхотгогдож байгаа. Төсвийн захиран зарцуулалтыг зориулалтын дагуу захиран зарцуулаагүй учраас Е.Мийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Гуравдагч этгээд Ж.Б миний бие нэхэмжлэгч Е.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн нэхэмжлэлтэй Е.Мийг урьд эрхэлж байсан ажилд эгүүэн томилох тухай Б сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхэлэгч С.Лт холбогдох иргэний хэрэгт танилцаж, нэхэмжлэлийн шаардлага хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй, Е.Мийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, тухайн албан тушаалд хууль бус томилогдсон гэж үзээд дараах тайлбарыг гаргаж байна.

 

Нэг: Хэргийн болсон нөхцөл байдал:

 

1.1 Гуравдагч этгээд Ж.Б миний бие 2009 оны 9 дүгээр сараас эхлэн Б сумын хүүхдийн цэцэрлэгт жижүүр, манаачийн албан тушаалд томилогдож, эдүгээ 11 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байгаа, ахмад ажилтан билээ. Тус цэцэрлэгийн эрхэлэгчээр ажиллаж байсан С.Ж нь 2020 оны 01 дүгээр сарын эхээр манай цэцэрлэгийн Манаач, жижүүрийн албан тушаалд ажиллаж байсан Одгэрэл, Гэндэн нарт тус цэцэрлэгт шинээр нэмэгдсэн сантехник мужаан-ны албан тушаалд шилжин ажиллахыг удаа дараа санал болгосон боловч, тэд зөвшөөрөөгүй байна. Тэгээд Ж.Б надад цэцэрлэгийн эрхлэгч С.Ж нь Тус цэцэрлэгт 2020 оноос эхэлж Сантехник-мужаан-ны албан тушаал шинээр батлагдсан байгаа юм. Төсөв мөнгө нь шилжээд ирсэн. Манаач, жижүүр албан тушаалын цалингаас 32.000 төгрөгөөр илүү, өдрийн 8 цагийн ажилтай тул Манаач, жижүүр-ээс давуу талтай юм. Таныг Сантехник-мужааны ажилд шилжүүлэн томилох саналтай байна гэж хэлсэн ба Ж.Б миний бие тус цэцэрлэгийн эрхэлэгчийн хувьд худал хэлэхгүй, хариуцлагатай ажил хийж байгаа гэж бодоод, төсвийн шууд захирагч хүн учраас С.Жгийн үгэнд итгэж, тус цэцэрлэгийн Сантехник-мужаан-ны албан тушаалд шилжүүлэн томилсныг зөвшөөрсөн юм. Ингэж Б сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Ж.Бг ажлаас чөлөөлөх тухай 03 дугаартай тушаалаар манаач-жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрийн эрхлэгчийн Ж.Бг ажилд томилох тухай Б/05 дугаартай тушаалаар Сантехник-мужаанаар томилогдсон юм.

 

Харин Ж.Б миний 2009 оны 9 дүгээр сараас эхэлж 2020 оны 1 дүгээр сарын24-ний хүртэл 11 жил ажиллаж байсан Б сумын хүүхдийн цэцэрлэгийн Манаач, жижүүр гэх байнгын ажлын байрны албан тушаалд цэцэрлэгийн эрхлэгч С.Ж өөрийн дүү Е.Мийг Б сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Мийг ажилд томилох тухай Б/04 дугаартай тушаалаар томилсон болно.

 

Хоёр: Е.Мийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, тухайн томилгоо хууль бус гэж үзэх үндэслэл:

 

2.1 Б сумын хүүхдийн цэцэрлэгийн 2020 оны батлагдсан төсөв орон тооны дээд хязгаар 24 орон тоотой байгаа бөгөөд, үүнээс манаач-жижүүр-4; Уурын зуухны галч-3 гэсэн орон тоо батлагдсан байх юм. Харин Сантехник-мужаан гэх орон тоо батлагдаагүй, 2020 оны төсөвт тусгагдаагүй байтал эрхлэгч асан С.Ж нь өөрийн хамаарал бүхий этгээд болох дүү Е.Мийг ажилтай болгох үүднээс Ж.Б намайг хууран мэхэлж, төөрөгдөлд оруулж, урьд ажиллаж байсан манаач, жижүүр гэх орон тооны ажлаас чөлөөлж, батлагдаагүй орон тоо болох Сантехник-мужаан гэх орон тоонд хуурч мэхлэн хууль бус томилгоо хийсэн байх юм.

 

2.2 Эрхлэгч асан С.Ж нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Мийг ажилд томилох тухай Б/04 дугаартай тушаал гаргаж, тус хүүхдийн цэцэрлэгт өөрийн дүү Мийг манаач, жижүүр гэсэн албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан явдал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан ... өөрийн болон өөртэй хамаарал бүхий этгээдийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах,... гэрээ байгуулах ... зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн явдал юм.

 

2.3 Ж.Б намайг ажлаас чөлөөлсөн тухай 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Ж.Бг ажлаас чөлөөлөх тухай 03 дугаартай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримталсан нь хуулийг буруу тайлбарлаж, хууль бус эрхийн акт гаргасан гэж үзэж байна. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон гэсэн үндэслэлээр чөлөөлсөн нь бодит байдалд нийцэхгүй байна. Ж.Б би ямар нэг сонгууль хүлээж сонгогдоогүй, ямар нэгэн байгууллага албан тушаалтнаас томилгоо хийгдээгүй томилолт аваагүй болно.

 

2.4 Мөн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Ж.Бг ажлаас чөлөөлөх тухай 03 дугаартай тушаалын 1 дэх заалтаар манаач, жижүүр Ж.Бгийн өөрийн хүсэлтийг үндэслэн өөр ажилд томилох болсон тул 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн манаач-жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэжээ. Гэтэл Ж.Б би манаач-жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай хүсэлтийг бичгээр гаргаагүй бөгөөд хэрэв ажилтны хүсэлтээр ажлаас чөлөөлөх нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1- д Ажилтан санаачилсан гэх хуулийн заалтыг баримтлах ёстой байтал мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д Ажил олгогч санаачилсан гэх хуулийн заалтыг баримталсан нь хууль хэрэглээний ноцтой алдаа бөгөөд тухайн тушаалыг хүчингүй болгох үндэслэл юм.

 

2.5 Ж.Б миний бие эрхлэгч асан С.Ж нь ажлаас өөрчлөгдсөн шинээр томилогдсон эрхлэгч С.Л ажлыг хүлээн авсны дараа Сантехник-мужаан гэх орон тоо 2020оны бүтэц, орон тоонд батлагдаагүй болохыг мэдээд шинээр томилогдсон эрхлэгч С.Лт өөрийн гомдлыг гаргаж, өмнөх албан тушаал болох манаач, жижүүр гэх орон тоонд буцааж томилогдсон юм. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн Мийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие анх 2009 онд тус сумын Хүүхдийн цэцэрлэгийн манаачаар ажилд орж, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл манаач, жижүүрийн орон тоонд ажилласан. 2020 оны 01 дүгээр сарын эхээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.Ж намайг өдөр болгон өрөөндөө дуудаж, манайд сантехникийн орон тоо нэмэгдсэн, цалин нь манаачийн цалингаас илүү юм байна. Та энэ орон тоонд очиж ажилла гэж хэлсэн. Би ийм орон тоо нэмэгдсэн нь үнэн юм уу гэхэд, надад итгэхгүй байгаа бол нягтлангаас очиж асуу гэж хэлсэн. Тэгээд нягтлангаас очиж асуухад, үнэн сантехникийн орон тоо батлагдаж ирсэн гэж хэлсэн. Тэгээд цалин нь илүү гэсэн учраас ажиллая гэж зөвшөөрсөн. С.Ж та заавал ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичих ёстой гэж надаар өргөдөл бичүүлж авсан. Дараа нь Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр С.Л томилогдож ирсний дараа сантехникийн орон тоо байхгүй гэдгийг хэлсэн учраас би өмнөх өөрийнхөө манаач, жижүүрийн оронд ажиллаж эхэлсэн. Өмнөх өөрийнхөө орон тоонд ажиллая гэхэд, ийм маргаан гарсанд гомдолтой байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Е.М нь Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгийн манаач жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүссэн байна.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/13 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.2.4 дахь заалтууд, Авлигатай тэмцэх газрын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 05/5162 дугаар албан бичиг, цэцэрлэгийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Е.Мийг тус цэцэрлэгийн манаач жижүүрийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Дээрх тушаалаас үзэхэд ажил олгогч нь Е.Мийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д зааснаар буюу ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар буюу аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудын талаар:

 

Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай Бүтэц орон тоо батлах, цалин тогтоох тухай тушаалаар тус цэцэрлэгийн албан тушаалын бүтэц, орон тоог баталсан байх ба уг тушаалын хавсралт болох тус цэцэрлэгийн ажилчдын судалгаанаас үзэхэд нийт 26 орон тоотой байхаар тусгаж, үүнд сантехник 1, манаач 4 байхаар баталжээ.

 

Тухайн тушаалын хүрээнд Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаартай тушаалаар манаач жижүүрээр ажиллаж байсан Ж.Бг өөрийнхөн хүсэлтийг үндэслэн өөр ажилд томилогдсон гэсэн үндэслэлээр манаач жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдөр Б/05 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн сантехник мужааны ажилд томилсон байна.

 

Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/04 дугаартай тушаалаар Есилийн Мийг тус цэцэрлэгийн жижүүр манаачийн ажилд томилж, тус өдөр ажил олгогч Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.Ж болон ажилтан Е.М нар харилцан тохиролцож хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан байна.

 

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.Ж нь эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж, Төсвийн тухай хуулийг зөрчиж, батлагдаагүй орон тоонд манаачаар ажиллаж байсан хүнийг томилсон, тухайн цэцэрлэгийн орон тоо нийт 24 байхаар байхад илүү хоёр хүн авч ажиллуулснаас болж албан хаагчдын удаан жилийн болон ур чадварын нэмэгдлийг олгох боломжгүй байсан тул Е.Мийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

 

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагч байна, 16.4-т Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна, 16.4.18-д төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн 16.5-д төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 16.5.3-т батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэж тус тус заажээ. Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд төсвийн шууд захирагч болох цэцэрлэгийн эрхлэгч нь байгууллагын үйл ажиллагааг удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий этгээдийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагчаас тогтоосон зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, мөн цалингийн санд багтаан байгууллагын орон тоог тогтоох буюу ямар албан тушаал байхыг шийдвэрлэх эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч талаас Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай Бүтэц орон тоо батлах, цалин тогтоох тухай тушаал нь төсвийн ерөнхийлөн захирагчаас тогтоосон зохион байгуулалтын бүтэц орон тооны хязгаар, цалингийн сангаас хэтрүүлж тус цэцэрлэгийн албан тушаалын бүтэц, орон тоог баталсан тухай нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна. Тухайлбал, төсвийн ерөнхийлөн захирагч болох Б аймгийн Засаг даргаас Б сумын хүүхдийн цэцэрлэгийн бүтэц орон тооны хязгаар, цалингийн санг ямар хэмжээгээр баталсан тухай баримтгүй бөгөөд Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай Бүтэц орон тоо батлах, цалин тогтоох тухай тушаал Төсвийн тухай хууль зөрчсөнийг тогтоосон тухай эрхийн акт байгаа эсэх, тухайн тушаалыг хүчингүй болгосон тухай эрх бүхий этгээдийн шийдвэр байгаа эсэх нь тодорхойгүй байна. Мөн Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.Л нь төсвийн шууд захирагчийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагчаас тогтоосон зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, цалингийн санд багтаан тус цэцэрлэгийн бүтэц орон тоог шинээр баталж, тухайн байгууллагын бүтцээс ямар ажил, албан тушаалын байр байхгүй болж орон тоо хасагдсаныг тогтоохгүйгээр Е.Мийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар буюу орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ. Хариуцагч талаас Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн тамга, даргын гарын үсэг бүхий Б аймгийн хүүхдийн цэцэрлэг гэх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч энэхүү баримтыг төсвийн ерөнхийлөн захирагч болох аймгийн Засаг даргаас Б сумын хүүхдийн цэцэрлэгийн бүтэц орон тооны хязгаар, цалингийн санг тогтоосныг шууд нотлох баримт гэж үзэх боломжгүй болно.

 

Хариуцагчаас тус хүүхдийн цэцэрлэгийн бүтэц орон тоог дээрх байдлаар тогтоосны улмаас ажиллагсдын удаан жилийн болон ур чадварын нэмэгдлийг олгох боломжгүй болсон, урьдах эрхлэгч нь эрх хэмжээгээ хэтрүүлж, урвуулан ашиглаж илүү орон тоогоор ажиллуулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоосон тухай баримт байхгүй байгаа тул ажил олгогчийн дээрх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.

 

Ажил олгогчоос Е.Мийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д заасныг буюу ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч ажлаас буруу халагдсаныг тогтоосон тухай ямар баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй, ажилтан Ж.Бярвааг өөр ажилд буруу шилжүүлсэн байдлыг тогтоосон тухай нотлох баримтгүй байх тул ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Ажил олгогчоос ажилтан Е.Мийг ажлаас чөлөөлсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д зааснаар буюу ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар буюу аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлүүд нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Е.Мийг Бн аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгийн манаач жижүүрийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Е.Мийг Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгийн манаач жижүүрийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгээс 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК