Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 130/ШШ2020/00701

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, С овогт А-н Бы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар /дарга Х.З/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.З, хариуцагчийн өмгөөлөгч К.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Б миний бие 2008 оноос эхэлж хариуцагч байгууллагад сахиулаар ажиллаж ирсэн. Гэтэл шинээр томилогдсон дарга Х.З нь намайг үндэслэлгүйгээр хавчин гадуурхаж байгаад ажлаас минь халчихлаа. Үндэслэлийг нь асуухад төсөв байхгүй гэсэн бүдэг бадаг хариулт өгч байна. Төсөв дутсан асуудалд миний буруу байхгүй. Хариуцагч өөрөө дур мэдэн төсөв хэтрүүлж олон хүн авч ажиллуулчхаад дараа нь төсөв хүрэхгүй байна гэсэн үндэслэлээр 10 гаруй жил тогтвор суурьшилтай ажилласан намайг ажлаас минь халж, өөрийнхөө хүмүүсийг ажиллуулаад байгаа нь шударга бус юм. Өөрөөр хэлбэл миний хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой гэж бодож байна.

 

Иймд Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын сахиулын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Х.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн А.Бы Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

 

Миний бие Х.З нь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар 2016 оны 09 дүгээр сараас томилогдон ажиллаж байгаа ба эдүгээ 3 жил гаруй хугацаа болоод байна. Үүнийг шинээр томилогдсон гэж үзэх боломжгүй. Тус газарт манаачаар ажиллаж байсан А.Быг аль нэг шалтгаанаар хавчин гадуурхаж байсан удаа байхгүй. 2019 оны эцэст А.Быг оны шилдэг үйлчилгээний ажилтнаар шалгаруулсан нь түүнийг дэмжиж ажилласны илрэл юмаа. Хариуцагч буюу аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга дур мэдэн төсөв хэтрүүлсэн удаа байхгүй, тийм эрх ч үгүй. Төсөв дутсан асуудалд дарга, ажилтнуудын аль нь ч буруугүй, дараа жилийн төсвийн төслийг хийхдээ орон тоо, цалингийн санг хангалттай тусгадаг боловч төдийлөн дэмжигдэхгүй батлагддаг.

 

2019 оны Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд Монгол Улсын төсвөөс 2019 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай гэсний дагуу мөн хуулийн 25 дугаар заалтаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцыг баталж, Боловсрол, соёл, шинжлэн ухааны сайд Ц.Ц 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1а/490 тоот албан бичгээр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны батлагдсан төсвийг ирүүлсэн. Уг төсөвт 22 орон тоогоор буюу дарга 1, гүйцэтгэх ажилтан 18, үйлчлэх ажилтан 3 хүнтэй үйл ажиллагаа явуулахаар орон тоог цөөрүүлж баталсан ба энэ онд төсөвт тодотгол хийгдэхгүй талаар хатуу анхааруулсан юм. Тус газрын төсөв, цалингийн сан олон жил дутуу батлагдаж ирж байсан бөгөөд 2016 онд 40,906,6 сая төгрөг, 2017 онд 32,2 сая төгрөг, 2018 онд 25,8 сая төгрөгөөр тус тус өртэй байсныг Боловсрол, соёл, шинжлэн ухаан, спортын яам, аймгийн Засаг даргад хүсэлт хүргүүлэн тодотголоор шийдвэрлүүлж ирсэн. Үүнийг Боловсрол, соёл урлагийн газарт зарим орон тоо илүү байгаатай холбоотой гэж тухайн үед үзэж байсан.

 

Боловсрол, соёл, шинжлэн ухаан, спортын яамнаас 2019 оны төсөвт орон тоог 22 орон тоогоор баталж ирүүлсэн үүнтэй уялдуулан цомхотгол хийгдэх талаар оны эхэнд хамт олны хурлаар танилцуулж байсан. Эдгээр орон тоог хадгалж үлдэх гэж хөөцөлдөж явсаар 6 сарын хугацаа алдсан ба А.Быг 2019 оны 6 дугаар сарын 24-нийг хүртэл тасралтгүй ажиллуулж цалинг бүрэн олгосон. Үүнээс болж төсөвт 3,778,904 төгрөгийн хохирол учраад байна. Боловсрол, соёл, урлагийн газраас орон тоо хасагдсан, цалин дутуу батлагдсан гэж зүгээр суугаагүй 2019 оны төсөвт хасагдсан орон тооны талаар жилийн эхнээсээ Монгол Улсын Сангийн яаманд 2019 оны 36 тоот албан бичиг, Боловсрол, соёл, шинжлэн ухаан, спортын яамд 2019 оны 40, 99 тоот албан бичгүүдийг тус тус хүргүүлэн орон тоогоо хадгалж үлдэх талаар хүсэлт тавьж ажилласан боловч дэмжлэг авч чадаагүй. Иймд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Боловсрол, соёл, урлагийн газар бүтэц орон тоо, төсөв, ажлын байранд хийсэн хяналт шинжилгээний дүн зэргийг тус тус үндэслэн бүтэц, орон тоог шинээр батлуулах саналаа аймгийн Засаг даргад хүргүүлэн бүтцээ батлуулсан.

 

Байгууллагын үндсэн 25 хүнээс гадна аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 30 дугаар тогтоолоор баталсан Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх, Бага боловсрол, эх хэл, монгол хэлний сургалтын чанарыг сайжруулах аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Бага боловсрол, бага боловсролын аймгийн дэд хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр З овогтой М, Монгол хэл, уран зохиолын боловсрол, аймгийн дэд хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр С овогтой Г, 2016 оны аймгийн Засаг даргын А/556 дугаар захирамжийн дагуу Соёлын өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр Т овогтой Е нарыг тус тус шинээр 2018 оноос авч ажиллуулж байгаа ба цалингийн санг 2018 онд аймгаас нэмж өгсөн. 2019 оны эхний улиралд дээрх 3 хүний цалинд аймгаас 9.0 сая төгрөг нэмсэн ба үлдсэн мөнгийг улирал болгон төсөвт нэмж өгөхөөр төлөвлөөд байна. Энэ нь тус байгууллагын цалингийн сан, төсөв хүрэлцэхгүй байгаа, орон тоо хасагдсантай холбогдолгүй болно. Иймд нэхэмжлэгч Х.Бы нэхэмжлэлийг хүчингүй болгож, хариуцагчийн тушаалыг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2008 оны 10 дугаар сараас хойш манаачаар тасралтгүй ажиллаж байсан. 2016 оноос хойш Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт орон тоо нэмэгдсэн. Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар Х.З томилогдсоны дараа тус байгууллагад нарийн бичиг байсаар байхад шинээр нарийн бичиг ажилд авсан. Тэрээр шинээр авсан нарийн бичгээ мэдээлэл технологи, дотоод сүлжээ хариуцсан мэргэжилтнээр томилсон. 5 хүний орон тоо нэмсэн. Энэ бүхэн учир шалтгаантай байх. Гэхдээ 1 орон тоонд 2 хүн авч ажиллуулж байсан. 2019 оны 06 дугаар сард төсөв хүрэлцэхгүй байна гэх шалтгаанаар 5 хүнийг ажлаас халсан. Бид нэг ажлаасаа халагдах болоод нэг халагдахааргүй болж байсан. Сонсох ажиллагаа явагдаагүй. Мөн ямар нэгэн хурал болоогүй. Би шуудангаар бичиг хүлээж авсан. Би тус байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байсан. Манай байгууллагад 3 манаач ажилладаг байсан. 2 манаач надаас сүүлд ажилд орсон. Өдрийн жижүүр ажилд авах юм байна гэх сураг сонсоод би олон жил ажилласан тул тухайн орон тоонд ажиллах байх гэж бодож байсан. Би уг асуудалтай холбоотой даргатай очиж уулзахад өдрийн жижүүрээр Дийг ажиллуулна, тэрээр нялх хүүхэдтэй, чамайг ажиллуулах боломжгүй гэж хэлсэн тул шүүхэд гомдол гаргасан. Гэхдээ хариуцагч Х.З ажлаас халсан 5 хүнийг гомдол саналгүй болгосон. Б-ы эцэг Тогтархан гэх хүн боловсролын салбарт олон жил даргаар ажилласан хүн байдаг. Би тэдний хооронд ямар тохиролцоо байсныг мэдэхгүй. Бы эхнэрийг цэцэрлэгийн эмчээр ажилд оруулаад түүнийг гомдолгүй болгосон гэж үзэж байгаа. Б 3 сарын тэтгэмж аваад өөрийнхөө хүсэлтээр гомдлоо буцааж авсан. Энэ бол тухайн хүний өөрийнх нь асуудал. Д, Сын бид гурав хуулийн байгууллагад хандаад явж байхад бид нарыг дуудаж уулзсан. Бидэнд тухайн үед дарга нэг бүрчлэн уулзаж, ажил санал болгож ажилд авна гэж хэлж байсан. Д даргатай эхэлж уулзаад урьд ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэхгүй, хийж байсан ажилдаа 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж орохоор боллоо гэж сонссон. Дараа нь Сын даргатай уулзаад мэдээлэл технологийн ажилтнаар ажиллахаар болсон гэсэн. Х.З дарга өдрийн жижүүрээр ажиллахыг Д-т санал болгоход татгалзсан тул С-ынд санал болгосон байна. Энэ талаар захиргааны хэргийн шүүх хуралдаан дээр ярьж байсан ба шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Улмаар намайг дуудах байх гэж бодсон ч дуудаагүй. Надад өдрийн жижүүрээр ажиллах санал тавиагүй. Өдрийн жижүүрийн ажил нь манаачийн ажилтай ажил үүргийн хувьд ижилхэн. Бид өглөө тухайн байгууллагын үүдийг нээж, тог залгаж, цагийн бүртгэл хөтөлдөг байсан. Бид орой хоноод 24 цагаар ажилладаг байсан. Манаачийн ажлыг өдрийн 8 цагт шилжүүлээд цагийн бүртгэл хөтөлж, орж гарсан хүнийг хянадаг үүрэгтэй болгосон. Би өдрийн жижүүрийг яагаад хийж болдоггүй юм бэ.

 

5 хүнийг ажлаас халсан учир шалтгаанаа байгууллагын төсөв хүрээгүй, Засаг даргын захирамжаар бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой гэж тайлбарлаж байна. Гэтэл тухайн 5 хүн бүгдээрээ ажилгүй суугаагүй. Мэдээлэл технологийн мэргэжилтэн, архивчийн орон тоо бүтцэд ороогүй боловч тэдгээр хүмүүс ажлаа хийгээд цалингаа аваад ажиллаад болж байна. Төсөв хүрэхгүй байгаа гэж байгаа ч хэрхэн илүү орон тоонд хүн авч ажиллуулж байгааг ойлгохгүй байна. Мэдээлэл технологийн мэргэжилтэн, архивч давхардалтай гэх тайлбар өгсөн. Архивч, мэдээлэл технологийн мэргэжилтний давхардал хэрхэн арилж, шинээр өдрийн жижүүрт хүн авч ажиллуулж байгааг мэдэхгүй байна. Гагцхүү надтай холбоотой асуудал гацаж болохгүй байна. Би ганц зүйлийг хүсмээр байна. Намайг өдрийн жижүүрээр томилж өгөхийг хүсэж байна. Өдрийн жижүүрээр намайг авч ажиллуулахад харшлах шалтгаан байгаа юм уу. Өөрөөр хэлбэл, миний нас, хүйс, мэргэжил таарахгүй байгаа бол энэ талаар тайлбарлаж өгөхийг хүсэж байна. Намайг ялгаварлан гадуурхаж байна. Намайг ийм байдлаар доромжилж байна. Хүн бүрт тэгш биш, ялгамжтай хандаж байгаад харамсаж байна. Мөн дарамталж байна. Надад хэцүү байна. Өдрийн жижүүрээр ажиллахад миний нас хүйс, мэргэжил таарахгүй байсан бол өөр хэрэг. Өдрийн жижүүрээр ажиллахад нарийн мэргэжил шаардахгүй. Өдрийн жижүүрийн ажил үүрэг нь манаачийн ажил үүрэгтэй адилхан байхад намайг ажиллуулахгүй байна. Би Б, Ссын нартай барьцаж байгаа юм биш. Гол нь тэдний асуудлыг шийдэж чадаж байгаа мөртлөө намайг яагаад үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа юм бэ. Би энэ хүнд юу хийсэн юм бэ. өш хонзон, хувийн асуудал байвал өөр. Энэ бол төрийн алба, Х.Згийн хувийн компани биш. Өнөөдрийн улс төрчид, дарга нар улс төрийн бодлогоо хууль гэж андуурдаг юм уу. Хөдөлмөрийн хууль, дүрэм журам, хууль гэж тусдаа байгаа. Бүх асуудлыг хуулийн дагуу зохицуулах ёстой. Тэрнээс даргын хүсэл зоргоор асуудлыг шийдэж болохгүй. Хүнийг дуртай үедээ ажилд авахдаа аваад, дуртай үедээ халж болох уу. Би ямар нэгэн байдлаар улсад хохирол учруулаагүй. Хариуцагч намайг цалинжуулснаас болж улсад хохирол учруулсан гэж байна. Би мөрөөрөө ажлаа хийгээд явмаар байна. Би ч гэсэн санаа зоволтгүй сайхан амьдармаар байна. Би ингэж дарамтлуулж дарамтад өртмөөргүй байна. Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж өгөхийг хүсэж байна. Намайг ажилтай, орлоготой болгож өгөхийг хүсэж байна гэв.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар 4 дэх жилдээ ажиллаж байна. 2018 оны 12 дугаар сард Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын орон тоо цалингийн санг Боловсрол соёл, шинжлэн ухаан, спортын яам батлахдаа урьд нь ажиллаж байсан 25 орон тооноос үйлчилгээний 5 орон тоог хасч баталсан талаар надад мэдэгдэж байсан. Би үүнийг мэдсэний дараа олон удаа уг асуудалтай холбоотой хөөцөлдсөн. 2019 он гарах үед надад шинээр батлагдсан бүтэц, орон тооны талаар бичиг баримт ирээгүй байсан тул анх батлагдсан 25 орон тоотой ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл 3 манаачтай буюу 5 үйлчилгээний ажилтныг хэвийн ажиллуулж байсан. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Боловсрол соёл, шинжлэн ухаан спортын яамны сайд Цгийн төсвийн шууд захирагч нарт хаягласан бүтэц орон тоог баталсан баримтад захиргааны ажилтныг 18, төрийн үйлчилгээний ажилтныг 5 болгож ирүүлсэн байсан. Энэ нь 5 ажилтныг ажлаас гаргах шалтгаан бий болгосон. Би төсөв орон тоо батлагдаж ирсний дараа нийт хамт олны хурал хийж олон удаа хөөцөлдсөн ч 5 орон тоог нэмж баталж өгөөгүй, цалингийн сан батлагдсан, бүтэц орон тооны шинэчлэл хийгдсэн гэж хэлсэн. Би 01 дүгээр сарын 24-ний өдөр бүтэц орон тоо батлагдаж ирсний дараа Сангийн сайд Хт манай байгууллагын орон тоог хасахгүйгээр, хэвийн хэмжээнд баталж өгөөч гэх хүсэлт гаргасан. Мөн 02 дугаар сарын 01-ний өдөр Боловсрол соёл, шинжлэн ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газарт манай аймаг хос хэлний боловсрол эрхэлдэг онцлогтой аймаг тул хасагдаж байгаа орон тоог хасахгүй байх арга хэмжээ авч өгөөч гэх хүсэлт гаргаж байсан. Боловсрол соёл, шинжлэн ухаан, спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар Г ажиллаж байх үед мөн хүсэлт гаргаж байсан. Миний хувьд хэн нэгэнтэй өш хонзон санаж ажлаас халах зорилго байгаагүй.

 

Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын бүтэц, орон тоонд ажлын байрны дүн шинжилгээ хийгдэж 03 дугаар сарын 05-ны А/120 дугаар захирамжаар батлагдсан. Энэ талаар А.Б мэдэж байгаа. Уг бүтэц орон тоогоор манаачийн орон тоо хасагдсан тул өдрийн жижүүр ажиллуулах зайлшгүй шаардлага гарсан. 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр би уг хүмүүсийг ажлаас чөлөөлөх үед хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулж, мэдэгдэх хуудсыг ирж авахыг мэдэгдсэн. Мэдэгдэх хуудсыг ирж аваагүй тул шуудангаар хүргүүлсэн. Дээрх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Би өдрийн жижүүрээр Дийг ажиллахыг яагаад санал болгосон бэ гэвэл тэрээр 3 нас хүрээгүй хүүхэдтэй байсан юм. Дийг уг ажлын байранд ирж ажиллаарай гэж тушаал гаргасан нь үнэн. Гэтэл гэрээт ажил байсан тул Д ирж ажиллаагүй. 8 дугаар сард мэдээлэл технологи болон архивын ажилтан тусдаа байсан. Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар нь Б аймгийн Хөгжимт драмын театрт үйл ажиллагаа явуулдаг. Тухайн байр аймгийн Хөгжимт драмын театрт байдаг учир харуул хамгаалалтыг тухайн байгууллага хариуцах ёстой гэсэн тул манаачийн орон тоог хассан. Манаачийн орон тоог хассан шалтгааныг давхардсан орон тоо байгаа тул хассан, объект аймгийн Хөгжимт драмын театрынх тул өөрсдөө манаачтай тул хассан гэж тайлбарласан. Би үүнийг Захиргааны хэргийн шүүхэд тайлбарлаж байсан. 8 дугаар сард манаач бүрэн хасагдана гэж хэлсэн. Би манаачийн орог тоог хадгалж үлдэхийн тулд нэлээн хөөцөлдсөн. 12 дугаар сарын үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас манаачийн орон тоог нэмэх боломжгүй, Төрийн үйлчилгээний цогцолборын 4 дүгээр давхарт нүүж очих тул манаач шаардлагагүй тул асуудлыг одоо шийдвэрлэ гэх үүрэг чиглэл өгсөн. Манаачийн орон тоо нэмэгдэхгүй бол нөгөө 2 хүний орон тоог хамгаалж авч үлдэх талаар хөөцөлдсөн. Би 8 дугаар сард Сынд ирж ажиллаач гэх хүсэлтийг бичгээр хүргүүлсэн. Сын өдрийн жижүүрээр ажиллах боломжгүй гэх хариу өгсөн. Боловсрол соёл, шинжлэн ухааны яамнаас 12 дугаар сарын эхээр мэдээлэл технологи болон архивчийн орон тооны цалингийн санг нэмж өгөхөөр болсон. С гэх хүн захиргаа удирдлагын хэлтсийн ажилчдыг хариуцдаг. Захиргаа удирдлагын хэлтэст манаач болон үйлчилгээний ажилтан болон бусад ажилтнууд хамрагддаг. Би захиргаа удирдлагын хэлтсийн даргад Сын, Д, Б нарыг дуудаж уулзах талаар үүрэг өгсөн. Би тэр үед Д, Сын нарын цалин 2020 оны төсөвт нэмэгдэхээр болсон, Быг өдрийн жижүүрээр ажиллуулах тухай хэлээрэй гэж үүрэг өгсөн. Сын, Д, Б, С нар байхад Быг өдрийн жижүүрээр ажиллах санал хэлсэн. Б сая дуудсан гэж тайлбарлаж байна. Б нь өдрийн жижүүрийн орон тоо гэрээт тул ажиллах боломжгүй гэх хариу өгсөн. Би 11 дүгээр сард өдрийн жижүүрээр түр хүнийг авч ажиллуулсан байсан. Б өдрийн жижүүрээр ажиллахыг зөвшөөрсөн бол би тэр түр томилсон хүнийг чөлөөлөөд Быг оронд нь томилох байсан. Би Бд ажил санал болгоогүй биш, ажил санал болгосон. Би өдрийн жижүүрээр түр томилсон хүнийг бүр орон тоонд томилсон. Би Бтай өш хонзонгийн холбоо байхгүй. Ажлаас чөлөөлсөн хүмүүстэй ч гэсэн өш хонзонгийн холбоо байхгүй. Би төрийн албаны удирдах албан тушаалыг эрхэлж байгаа хүн учир хэн нэгнийг ялгаварлан гадуурхах эрхгүй. Би бүх хүнд эрх тэгш хандсан. Надад Б, Бтай харилцан тохиролцсон асуудал байхгүй. Би манаач Б, Б, Б нарын гаргасан гомдлыг барагдуулсан. Би Б, Б нарын асуудлыг шийдээд Бы асуудлыг шийдэхгүй орхигдуулсан асуудал байхгүй. Би илүү цаг, хохирол нэхэмжилсэн мөнгийг бүгдийг нь төлж өгсөн. Быг гадуурхсан асуудал байхгүй. Би Быг дэмжсэн. Быг 2018 онд байгууллагын аварга ажилтнаар шалгаруулж урамшуулж байсан. Мөн тус байгууллагын үйлчлэгч жирэмсний амралт авах үед Бы хүсэлтээр түүний бэр дүүг ажиллуулсан. Би Быг гадуурхаж, өш хонзон санаж ажлаас чөлөөлсөн асуудал байхгүй. Би Төсвийн тухай хуулийг барьж, бүтэц орон тооны дагуу ажиллах ёстой. Би Бд мэдэгдэх хуудас өгсөн. Б эхлээд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын бүтэц орон тоон манаачийн орон тоо батлагдаагүй. Б нь өдрийн жижүүрээр ажиллаагүй тул түүнийг ажиллуулах боломжгүй. А.Быг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн авах орон тоо байхгүй. Иймд Бы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, миний гаргасан тушаалыг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б нь Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын сахиулын ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүссэн байна.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/22 дугаартай тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 42 дугаар зүйлийн 42.1, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 11/2974 дугаартай албан бичиг, Б аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/120 дугаартай захирамж, тус байгууллагын 2019 оны батлагдсан орон тоо, цалингийн санд хийсэн дүн шинжилгээ, тооцоо, комиссын дүгнэлт, Удирдлагын нэгжийн зөвлөлийн болон хамт олны хурлын тэмдэглэлийг үндэслэн Боловсрол соёл урлагийн газрын бүтэц шинэчлэгдэн батлагдаж тус байгууллагын манаачийн орон тоо хасагдсан тул А.Быг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн манаачийн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 5/01 дугаартай Орон тоо, ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай тушаалаар тус байгууллагад ажиллах 25 орон тоо /төрийн захиргааны 15, төрийн үйлчилгээний 10/ бүхий үндсэн ажилтнуудын орон тоо, ажил албан тушаалын жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар, 3 орон тоо дэд хөтөлбөр, соёлын өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнүүдийн орон тоо, ажил, албан тушаалын жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсан байх ба төрийн үйлчилгээний албан хаагчид нягтлан бодогч 1, нярав 1, архивч 1, дотоод сүлжээ, хүний нөөц хариуцсан ажилтан 1, нарийн бичгийн дарга 1, жолооч 1, үйлчлэгч 1, манаач 3 байхаар тогтоожээ. Нэхэмжлэгч А.Б нь тус байгууллагын манаачийн орон тоонд 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж ирсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаас тус салбарын 2019 оны батлагдсан төсөв санхүүжилтийн хуваарийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1а/490 дүгээр албан бичгээр ирүүлсэн ба уг хуваарийн Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын орон тооны мэдээлэл гэх хэсэгт төрийн захиргааны албан хаагч 19, төрийн үйлчилгээний бусад албан хаагч 3, нийт 22 байхаар тогтоож, төсвийг баталсан байна.

 

Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас орон тоог хадгалж үлдэх талаар холбогдох газарт хандаж албан бичгээр хүсэлт хүргүүлсэн боловч дэмжигдээгүй байх тул тус газрын Төрийн захиргааны нэгжийн дарга, санхүүгийн дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн болон нягтлан бодогч нараар дүн шинжилгээ хийлгэсэн ба 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Боловсрол, соёл, урлагийн газрын бүтцийг 2019 оны батлагдсан төсөвт нийцүүлэн аймгийн Засаг даргаар дахин батлуулах гэж дүгнэлт гаргажээ.

 

Б аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын даргаас архивч, дотоод сүлжээ, хүний нөөц хариуцсан ажилтан, манаач гэсэн төрийн үйлчилгээний 5 орон тоог хасаж, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн, дүрслэх урлаг, технологийн боловсрол хариуцсан мэргэжилтний төрийн захиргааны ангиллын 2 тоог нэмж, 2019 оны тус газрын бүтэц орон тоог шинэчлэн батлуулахаар 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 72 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад санал хүргүүлсний дагуу Засаг даргаас 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/120 дугаартай захирамжаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байна. Уг захирамжийн нэгдүгээр хавсралтаар Боловсрол, соёл, урлагийн газрын бүтэц нь Мэргэжил-арга зүйн хэлтэс, Захиргаа удирдлагын хэлтэс гэсэн 2 хэлтэстэй байхаар, хоёрдугаар хавсралтаар Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт ажиллах хүний нөөцийн орон тоог нийт 26 орон тоотой баталж, үүнд төрийн захиргааны 20, төрийн үйлчилгээний 5, гэрээт 1 байхаар тогтоожээ. Төрийн захиргааны ангилалд багтаж байгаа Соёлын өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, Бага боловсрол, бага боловсролын аймгийн дэд хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, Монгол хэл, уран зохиолын боловсрол, аймгийн дэд хөтөлбөр хариуцсан мэргэжилтний цалин хөлсийг аймгаас санхүүжүүлэхээр тусгажээ.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаас Б аймгийн Боловсрол, соёл урлагийн газар нь 22 орон тоотой байхаар төсөв, орон тооны хязгаарыг ирүүлсэн байх ба уг төсөв орон тоогоор төрийн үйлчилгээний 7 орон тоо хасагдахаар байсан тул тус байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлын байранд дүн шинжилгээ хийж архивч болон дотоод сүлжээ, хүний нөөц хариуцсан ажилтны албан тушаалын чиг үүрэг бусад ажилтнуудын чиг үүрэгтэй давхардсан, манаачийн ажлын чиг үүргийг бусдаар гүйцэтгүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг даргаас Боловсрол, соёл, урлагийн газрын орон тоог батлахдаа тус газрын манаачийн орон тоо хасагдаж батлагджээ.

 

Нэхэмжлэгч А.Баас Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/120 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба тус шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр тул дээрх үйл баримтын талаар буюу Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын бүтэц, орон тоонд өөрчлөлт орж, зарим орон тоо хасагдсан үйл баримтын талаар шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байна.

 

Ажил олгогч буюу Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нь нэхэмжлэгч А.Быг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан орон тоо хасагдсан үндэслэлээр тус газрын манаачийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч талаас Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын бүтцээс манаачийн орон тоо хасагдаагүй, манаачийн орон тоог цөөрүүлсэн гэж тайлбарласан байна.

 

Орон тоо хасагдах гэдгийг тухайн байгууллагын бүтэц орон тооноос тодорхой, ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ойлгох бөгөөд Б аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/120 дугаартай захирамжаар Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа манаачийн орон тоо хасагдсан болох нь тогтоогдсон байна. Орон тоо цөөрүүлэх гэдгийг ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгахыг ойлгох бөгөөд тухайн байгууллагад ажиллаж байсан манаачийн тоог багасгаагүй байх тул орон тоо цөөрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болно. Тухайн байгууллагад шинээр өдрийн жижүүр бий болгож, түүнийг гэрээгээр ажиллуулахаар тогтоосныг манаачийн орон тоог цөөрүүлсэн гэж үзэх боломжгүй болно.

 

Нэхэмжлэгч тухайн гэрээгээр ажиллах өдрийн жижүүрээр ажиллах талаар хүсэлт гаргаж байсан нь тогтоогдоогүй ба тухайн үед тус орон тоонд Х.Дийг ажиллуулахаар шийдвэр гаргаж байсан байна. Нэхэмжлэгчээс шүүхэд Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын сахиулын ажилд эгүүлэн тогтоож өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шинээр гэрээгээр ажиллах өдрийн жижүүрийн орон тоонд ажиллуулаагүй талаарх тайлбар нь тухайн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, мөн орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн зарим ажилтнуудыг эгүүлж ажилд авсан асуудал ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал тул хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч талаас ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажилтнуудыг бөөнөөр халсан тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэсэн хуульд заасан журмыг зөрчсөн гэж тайлбарлажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасан бөгөөд уг заалтаас үзэхэд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийхээр заасан боловч Бн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болж хасагдсан үндэслэлээр ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн болохоос аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халаагүй тул ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийгээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй болно.

 

Хариуцагчаас Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны 05 дугаар сарын 162 дугаартай Мэдэгдэх хуудсаар манаач А.Бд манаачийн орон тоо хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа мэдэгдсэн баримтыг ирүүлсэн байх ба уг мэдэгдэх хуудсанд Бд урьд нь сонсох ажиллагааны талаарх болон мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлсэн билээ. Үлдэх нэг хувьд гарын үсэг зуруулахаар дуудан ирүүлсэн боловч гарын үсэг зурахаас татгалзсан болно гэж тэмдэглэж, байлцсан ЗУХ-ийн дарга Р.С, ня-бо Н.М, нярав Е.М нарийн бичгийн дарга Б.У нарын нэр бичигдэж гарын үсэг зурагдсан ба уг баримтыг няцаах нотлох баримт байхгүй байгаа тул ажил олгогчоос ажилтан А.Быг ажлаас чөлөөлөхдөө хуульд заасан урьдчилан мэдэгдэх тухай журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй болно.

 

Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын бүтцэд байхгүй орон тоонд буюу манаачийн ажилд А.Быг томилох хууль зүйн үндэслэл байхгүй, ажил олгогчийн ажилтан А.Быг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирсон байх ба ажил олгогчийн тушаал нь хуульд заасан журмыг зөрчсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч А.Бы Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын сахиулын ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Бы Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын сахиулын ажилд эгүүлэн тогтоож өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК