Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2020/00586

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумд үйл ажиллагаа явуулах, Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв /эрхлэгч Г.Д/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Г.Д, хариуцагчийн өмгөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн Б/03 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай.

Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Х" ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б сумын Эрүүл мэндийн төвтэй "Б аймгийн Б сумын Эрүүл, мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх тухай" гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ныг хүртэл буюу 3 жилийн хугацаатай байгуулсан юм. Гэтэл Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилогдсон Г. Д нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээг цуцалсан нь буруу болохыг Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2018/01789 тогтоолоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн юм. Тус компани нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр "Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ"-г 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 22-ныг хүртэл 3 жилийн хугацаагаар байгуулсан юм. Гэтэл Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Г.Д нь албан тушаалын байдлыг хэтрүүлэн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн "Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай" Б/03 тушаал гаргасан явдалд гомдолтой байна. Тус компани нь Б сумын Эрүүл мэндийн төвийн уурын зуухны барилга байгууламж, ажлын байр, тоног төхөөрөмж, газрын хамт 3 жилийн хугацаатайгаар түрээсээр эзэмшүүлэхээр харилцан тохиролцсон байна. Түрээслэгчийн талаас 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 12 дугаар сарын 01-ныг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ сайн гүйцэтгэж ирсэн ба ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй, түрээсэлсэн хөрөнгийг зохих ёсоор ашиглан, гарсан эвдрэл гэмтлийг цаг тухайд нь нь сэргээн засварлах, харуул хамгаалалт, орчны цэвэрлэгээ, галын аюулгүй байдлыг зохих түвшинд ханган ажиллаж ирсэн юм. Талуудын хооронд байгуулсан Гэрээний Тавдугаар зүйлийн 5.1. Гэрээний үйлчлэх хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаатайгаар байгуулав. 5.2 Гэрээний заасан хугацааны эцэст хоёр тал хамтран уг гэрээг дүгнэн, гэрээнд заасан ажил үйлчилгээгээ зохих журмын дагуу гүйцэтгэсэн нөхцөлд гэрээгээ сунган ажиллуулна. 5.3. Гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй ба гэрээг дүгнэх, сунгах эсэх асуудалд аливаа этгээд хөндлөнгөөр оролцохыг хориглоно". гэж заасан юм. Гэтэл Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.Д нь албан тушаалын байдлыг хэтрүүлэн тус компанитай байгуулсан гэрээг ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүй цуцалсан явдалд гомдолтой байна. Тухайн гэрээг талуудын аль нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй ба хэрвээ гэрээг цуцалсан тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмыг заавал баримтлах үүрэгтэй юм. Г.Д нь тухайн албан тушаалд ажиллах шаардлагыг хангахгүй байгаа тул тэрээр гэрээг цуцлах эрхгүй этгээд гэж үзэж байна. Учир нь тухайн албан тушаалд хүний их эмчийн мэргэжилтэй хүн ажиллах ёстой.

 

Иймд Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн "Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай" 03 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн Б/03 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг дараах байдлаар тайлбарлая. Өмнө бол Х ХХК нь Б сумын Эрүүл мэндийн төвтэй 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байдаг. Тус төвийн даргаар томилогдсон Г.Д 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрээ цуцалсан байдаг. Тухайн асуудал 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэж, Б сумын эрхлэгчийн тушаалыг хүчингүй болгосон байдаг. Саяны маргаан бүхий гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар байгуулсан байдаг. Тухайн гэрээг албан тушаалын байдлаа хэтрүүлэн, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдөр тушаал гаргасан явдалд гомдолтой байна. Нэгдүгээр үндэслэл маань анх энэ төвийн эрхлэгч гэрээг цуцалж байхад тухайн гэрээг 1 жилээр байгуулсан байна. Тухайн гэрээг 3 жилийн хугацаагаар байгуулах ёстой юм байна. Мөн 2017 оны Засгийн газрын тогтоолын 7.3 дахь хэсэгт төвлөрсөн халаалтад холбохыг эрх бүхий байгууллагаас үүрэг болгосон гэж явж байгаа. Тухайн гэрээний 5.3 дахь хэсэгт гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй ба гэрээг цуцлах дүгнэх эсэх асуудалд аливаа этгээд хөндлөнгөөр оролцохыг хориглоно гэж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд ийм заалт байсаар байхад яагаад гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байгаад гэж гомдолтой байна. Тухайн гэрээнд яагаад хөндлөнгөөс байгууллагууд буюу сумын Засаг дарга яагаад оролцож байгаа вэ? Хамгийн гол асуудал нь төвлөрсөн халаалтын шугамд холбогдоогүй гэсэн асуулт явагдаж байна. Тухайн гэрээ ёсоор 10 дугаар сарын 15-ны өдрөөс халаалт эхлэх ёстой байдаг. Тухайн үед гэрээ нь хэвийн үргэлжилж байгаад 2 дугаар сард буюу хавар болж байхад тухайн гэрээг цуцалсан байдаг. 2020 оны төсөв батлагдсан байгаа. Тийм учраас гэнэт 2 дугаар сарын 20-ны өдөр covid-19 өвчин гарсан үед тухайн аж ахуйн нэгжийг дампууруулахын тулд албан тушаалаа урвуулан ашиглаж гэрээг Иргэний хуульд заасан үндэслэлгүйгээр цуцалж байгаа явдал гомдолтой байна. Мэргэжлийн хяналтын газрын бичиг 3 дугаар сарын 26-ны өдөр гарсан байдаг. Тухайн бичиг гарахаас өмнө гэрээ аль түрүүн цуцалсан байдаг. Хариуцагчийн зүгээс төвлөрсөн халаалтад холбох ёстой гэсэн асуудлыг ярьж байгаа. Тухайн асуудал тухайн гэрээнд ямар нэгэн байдлаар хамаарахгүй. Тухайн компани бага оврын уурын зуухаар хариуцагч байгууллагыг халааж байгаа. Дараагийн асуудал бол нэхэмжлэгч байгууллага гэрээнд заасан нэг ч төрлийн зөрчил гаргаагүй. Зуух дэлбэрэх буюу өвчтөнүүдийн хэвтэж байгаа өрөөний халаалтад ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Мөн хүнсний ямар нэгэн хортой бүтээгдэхүүн нийлүүлсэн зөрчил гаргаагүй байхад гэрээг цуцалж байгаа. Гэрээг цуцлах үндэслэл нь гэрээг ноцтой зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлах ёстой. Гэрээг талууд хүндэтгэн үзэх үндэслэл байгаа тохиолдолд цуцалж болохыг Иргэний тухай хуулийн 228 дүгээр зүйл заасан байдаг. Тухайн заалтад заасан үндэслэл тогтоогдохгүй байгаа. Мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Тэгэхээр талуудын хооронд байгуулагдсан гэрээг Х ХХК ноцтой зөрчсөн гэсэн үндэслэл тогтоогдохгүй байгаа ба хариуцагч тал үүнийг нотолж чадахгүй байгаа. Талууд сайн дурын үндсэн дээр иргэний хуулийн 189 дугаар зүйл зааснаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулж талууд хүсэл зоригоо илэрхийлсэн. Хүчин төгөлдөр эрх зүйн харилцааны хувьд иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль зөрчиж байгуулсан гэрээ биш. Гэрээг ямар нэгэн үндэслэлгүйгээр өвлийн улиралд цуцалсанд гомдолтой байна. Би хариу тайлбараа өгсөн. Хариуцагч танилцсан байх. Энэ гэрээний зарим заалтыг хуульд нийцүүлэх тухай гэж хуурамч тушаал гаргасан. 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэж тус байгууллагын менежер Х очсон юм байна. Өнөөдрийн хүртэл ямар нэгэн ажил хийлгээгүй. Хайв гэдэг хүн эмнэлэгт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж явж байгаа. 27-ны өдрийн шүүх хуралдааны байдлыг харж байгаад цаашид таныг ажиллуулах үгүй шийднэ гэсэн юм байна. Худлаа тушаал гаргаж үүнээс болж шүүх хуралдаан хойшилж байсан. Шүүх хуралдаан хойшлох нь нэхэмжлэгчид ашиггүй байна. Хариуцагч байгууллагад ашигтай байгаа. Нэхэмжлэгчийн нийлүүлэх ёстой юмыг Хайв гэдэг хүнтэй нийлж өөрсдөө нийлүүлж байгаа. Сүүлд гаргасан тушаал нь хүртэл хэрэгжих боломжгүй тушаал. Хэрэв тухайн өдөр хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж явж байвал нэхэмжлэгч тал зөвшилцөх бодолтой байгаа гэсэн. Өнөөдрийн хүртэл тухайн сэргээсэн заалтаа хэрэгжүүлээгүй. Ямарваа нэг байдлаар нэхэмжлэгчийн эрх ашгийг бодолцоогүй. Нэхэмжлэгч байгууллага мөн энэ хугацааны хохирлоо мөн нэхэмжлэх эрхтэй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Г.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б аймгийн Б сумын "Х" ХХК-ийн захирал Ж.Алтангүл төсвийн байгууллагын зарим ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай ажлаар 2018 оны 12 сарын 07-ны өдөр уг гэрээг 2020 он хүртэл 3 жилээр байгуулсан. Б сумын ЭМТ-ийн эрхлэгч Г.Д миний бие албан тушаалын байдлыг хэрэгжүүлж ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай Б/03 тушаалыг гомдолтой гэснийг 2017 оны Б сумын төсөвт байгууллагуудыг нэгдсэн халаалтад холбох аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орж 2017 оны 4 дүгээр сараас эхэлж "А" ХХК нь сумын төвд нэгдсэн халаалтад холбох зураг төсөвт захиалга өгч газраа сонгох барилгын зөвшөөрөл авсан.

 

Сумын Засаг даргын захирамж гарсан тул сумын төвд байгаа сургууль, дотуур байр, цэцэрлэг, хүн эмнэлэг, ЗДТГ, соёлын төвийг нэгдсэн халаалтад холбохоор сумын засаг дарга "А" ХХК-ний захирал дээрх байгууллагын дарга, эрхлэгч нартай хүлээн зөвшөөрсөн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 2017 оны 10 дугаар сард ЭМТ-ийг нэгдсэн халаалтад холбож 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл "А" ХХК нь нэгдсэн халаалтыг бага оврын зуухны төсвөөр санхүүжүүлж гүйцэтгэж байсан. Гэтэл "Х" ХХК 2018 оны 03 дугаар сарын 30-ний өдөр БӨ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд тухайн халаалтын ажлыг манай кампани гүйцэтгэх ёстой гэсэн утгаар нэхэмжлэл гаргасан. Сум дундын анхан шатны шүүхийн 130/ШШ2018/016, аймгийн иргэний хэргийн давж заалдах шүүхийн шийдвэрийн 2018 оны 05 сарын 29 өдрийн 212/МА2018/0062 дугаар магадлал, МУДШ-ийн 2018 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн 001/ХТ2018/01789 дугаар тогтоолоор "Х" ХХК-ний нэхэмжлэлийг хангасан шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Миний бие 2018 оны 12 дугаар сарын 07-ний өдөр 01 дугаартай дээрх шүүхийн шийдвэрийг хүндэтгэн "Х" ХХК гэрээ байгуулсны дараа 2018 оны 12 дугаар сарын 10-ний өдөр Б сумын ЗД-ийн орлогч бөгөөд ЗД-ийн үүргийг гүйцэтгэгч К.К намайг ЭМТ-ийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн.

 

"Х" ХХК нь "А" ХХК-ний нэгдсэн халаалтад холбосон шугамыг тасалж, урьд халааж байсан бага оврын зууханд холбосон байна. 2018 оны 12 дугаар 10-нийөдөрЭМТ-ийн эрхлэгчээр түр томилогдсон О.С 2018 оны 12 дугаарын сарын 20-ныөдөр "А" ХХК-тай гэрээ байгуулсан боловч 2019 оны 01 дүгээр сараас эхлэн "Х" ХХК-нд 2019 оны 12 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл бага оврын зуухаар халааж байсан. "А" ХХК нь 2018 онд нэгдсэн халаалтад холбогдсон учраас улсын төсвийн 1м3-1298 төгрөгөөр тооцож халаалтын санхүүжилтийг ЭМ-ийн яамнаас нэгдсэн халаалтын тарифаар баталж өгсөн. Миний бие 2019 оны 06 дугаар сарын 20-ний өдөр сумын засаг даргын захирамж болон шүүхийн шийдвэрээр ЭМТ-ийн эрхлэгчээр эргүүлэн томилогдсон. "Х" ХХК 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 15, мөн тус оны 10 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарын 30-ний өдөр хүртэл төсвөөс батлагдсан санхүүжилтийг нэхэмжлэл падаанаар шилжүүлэн авч байсан. 2019 оны 10 дугаар сараас "А" ХХК нь 2019 оны 01 дүгээр сараас улсын төсөвт халаалтын санхүүжилтийг нэгдсэн халаалтын төсвөөр баталж өгсөн манай компани авах ёстой маргасан. Би "А" ХХК болон "Х" ХХК-ний захирал нарыг хоорондоо тохиролцох талаар санал болгосон боловч хоорондоо тохиролцоогүй учраас 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдөр тус 2 компанийн гэрээг цуцалсан. 2019 оны 10 дугаар сараас эхлэн АЭХЗХ, СЗДМХГ-аас "Х" ХХК нь халаалтын зөвшөөрөлгүй учраас гэрээг цуцалж "А" ХХК-тай гэрээ байгуулахыг удаа дараа шаардсан байсан. "Х" ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 28-ний өдөр сум дундын иргэний *эргийн анхан шатны шүүхэд ЭМТ-ийн даргын 02 дугаарын 20-ний өдрийн Б/03 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан байна, "А" ХХК нь ЭМТ-ийн амрах байрыг нэгдсэн халаалтад холбосон учраас хэвээр үлдээсэн байгаа.

 

"А" ХХК нь их хэмжээний халаалтын мөнгийг нэхэмжилсэн. ЗГ-ийн 2017 оны 337-дугаар тогтоолоор төвлөрсөн халаалтад холбохыг үүрэг болгосноор Б сумын бүх төсөвт байгууллагууд төвлөрсөн халаалтад 2018 оны 01 дүгээр сарны 01-ний өдрөөс эхлэн холбогдсон. Нэхэмжлэгч "Х" ХХК-ний дулаан эрчим хүчээр хангах чиг үүрэг нь дуусгавар болсон. Бид нэг жил шүүхийн шийдвэрийг хүндэтгэсэн. Хоёр кампани хоорондоо маргаантай, санхүүгийн зөрчилтэй, халаалтын зөвшөөрөлгүй байгаа тул хугацаанаас нь өмнө гэрээг цуцалсан. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд хүндэтгэн үзэх үндсээр гэрээнээс татгалзах эрхийг заасан ба Б сумын ЭМТ эрчим хүч, дулаанаар хангах талаар дэвшилтэт технологи нэвтэрсэн тул гэрээг цуцалсан. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар гэрээгээ дуусгавар болгох хугацааг харгалзахгүй гэрээнээс татгалзах үндэслэл болсон юм. ЗГ-ийн 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралт 3 дахь хэсгийн 3.5-д заасан талууд гэрээг жил бүр дүгнэж, цаашид сунгах, цуцлах эсэхийг шийдвэрлэнэ гэснийг зөрчиж байгуулсан байна. Өөрөөр хэлбэл 1 жилээр байгуулж жил бүр дүгнэж, сунгах, цуцлах асуудлыг шийдвэрлэх ёстой. ЗГ-ийн 2003 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 233 дугаар тогтоолын үндсэн дээр байгуулсан зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх 2019 оны 12 дугаар сарын 07-ний гэрээг мөн тогтоолын 3.5-д заасныг зөрчиж байгуулсан тул захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар илт хууль бус эрхийн акт болно. Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д зааснаар цуцлах үндэслэлтэй. Хоёр талын байгуулсан гэрээ маргаантай. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлон гэж заасан. Мөн иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-д ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэх дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан. Тухайн халаалтын санхүүжилтийг улсын төсвөөс ЭМТ-ийн төсвийн захирагч зарцуулах эрхтэй. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-д төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх, 8 дугаар зүйлийн 8.9.1-д төсвийн шууд захирагч жилийн төсвийн гүйцэтгэлийг хянах. 16 дугаар зүйлийн 16.5.2-д батлагдсан төсөв хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхий захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулахад нь хяналт тавих, 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, 16.5.7-д байгууллагын санхүү болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ тайлан үр дүнгийн гэрээний биелэлт үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах гэсэн заалтыг хангаж байна. Иймд "Х" ХХК-ний сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэн "Х" ХХК-ний нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Г.Д шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Намайг энэ байгууллагатай гэрээ хийсний дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Миний оронд томилогдсон С гэдэг эмч А ХХК-тай гэрээ хийсэн байдаг. Хоёр байгууллага хоёулаа маргаж байсан. Үүнийг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. А ХХК манай байгууллагаас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн. Бид халаалтын мөнгө авах ёстой гэсэн шаардлага тавьж байсан. Алинд нь өгөхөө мэдэхгүй. Миний оронд ажиллаж байсан С ч гэсэн Х ХХК-нд мөнгө өгч байсан юм байна лээ. Өөрөө А ХХК-тай гэрээ хийсэн мөртлөө Х ХХК-нд мөнгө өгч байсан. Манай байгууллагын төсөв төлөвлөсөн халаалтын санхүүжилтээр мөнгө ирж байгаа. Урьд нь бага оврын зуухад жилд 12 сая төгрөг орчим төгрөг хуваарилагддаг байсан бол одоо 29 сая төгрөг болж нэмэгдсэн байдаг. Улсын хэмжээнд агаарын бохирдлоос бол яндангийн тоог багасгах гэж дүүрэг даалгавар мөн өгч байгаа.Тийм учраас тухай гэрээг цуцлах болсон гэж үзэж болно. Х ХХК-тйн захирал уг нь Алтангүл гэж хүн байгаа. Харин манай байгууллагад дандаа нөхөр нь ирж ажилладаг. Тэр хүнийг би 2-3 жил ажилдаа ирж байсныг үзээгүй. Байнга нөхөр нь ирдэг. Мөн тухайн хүн өндөр настны тэтгэвэрт гарсан байдаг. Нэг нутгийн хүн учраас амаар олон удаа шаардлага тавьж байсан. Тэр нь миний буруу болсон байна. Тухайн шаардлагууд ерөөсөө биелэгдэж байгаагүй. Дараа нь сумын Засаг дарга надад удаа дараа бичиг өгч байсан. Тухайн гэрээг цуцалж яндангийн тоог багасгаж, төлөвлөсөн халаалтын шугамд холбо гэсэн үүрэг даалгавар өгч байсан. Засаг даргаас надад өгсөн албан бичигт бүх хуулийн заалтыг бичсэн байсан. Тухайн заалтуудыг үндэслэж тухай гэрээг цуцлах болсон. Тухайн үед өөрт нь мэдэгдэх хуудас өгч байсан. Мөн манай байгууллагад удирдлагын баг гэж байдаг ба тухайн багаар ярьж байгаад тухайн гэрээг цуцлах болсон. Энд би ганцаараа шийдвэр гаргаагүй гэж бодож байна. Төсөвт тусгагдсанаар төлөвлөсөн халаалт болон бага оврын зуух нь хоёр өөр төсөвтэй, тэгсэн мөртлөө их мөнгө авсан. Тийм учраас байгууллагыг хохиролгүй болгох үүднээс тухай гэрээг цуцлах болсон. Мөн тухайн байгууллагад бага оврын зуухаар халаалт хийх тусгай зөвшөөрөл байхгүй. Түүнчлэн тухайн байгууллагад хоёр галч ажилладаг ба тухайн хүмүүс хөдөлмөр аюулгүй байдлын хувцас өгдөггүй. Тэр хүмүүсийн надад бичиг өгч байсан өргөдөл хүсэлтүүд нь байгаа. Тухайн үед асуудал их байсан, нэг нутгийн хүмүүс учраас нэг нэгнээ хамгаалсаар байгаад зохих ёсны баримт бичиг бүрдүүлж чадаагүй. Гэхдээ тухайн шийдвэр үндэслэлтэй гэж бодож байна. Би тухайн байгууллагын төсвийн захиран зарцуулагчийн хувьд тухайн байгууллагад бага оврын халаалтын зуухаар ирсэн төсвийн өгнө үү гэхээс биш төлөвлөсөн халаалтын төсвөөр мөнгө өгсөн тохиолдолд ямар нэгэн аудитын байгууллагаас шалгасан тохиолдолд би буруутан болно гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн Б/03 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн Б/03 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай тушаалаар Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4, 221 дугаар зүйлийн 221.1, 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэг, Засгийн газрын 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн төсвийн байгууллагын зарим ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх тухай 233 дугаар тогтоолын хавсралтын 5.1 дэх заалт, Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 2018 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай 337 дугаар тогтоолын 7 дугаар хэсгийн 7.3 дахь заалт тус тус үндэслэн 1. Б сумын Эрүүл мэндийн төв болон Х ХХК нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 505 тоот тушаалыг дагаж мөрдөөгүй, Сумын Засаг даргын орлогч А.Жын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар 141, 2020 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн дугаар 17, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 23 албан тоотыг мэдэгдэх хуудасны зарим албан даалгаврын биелэлтийг ханган 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай 01 тоот гэрээг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн цуцалсугай. 2. Х ХХК-тай холбогдох тооцоо хийж гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг зохих журмын дагуу хүлээн авахыг ня-бо /Х.Хайв/, эд хөрөнгө хариуцагч нярав /Х.Ахерке/ нарт даалгасугай гэсэн байх ба энэхүү тушаалыг нэхэмжлэгч Х ХХК нь эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч ... 2019 оны 10 дугаар сараас эхлэн АЭХЗХ, СЗДМХГ-аас Х ХХК халаалтын зөвшөөрөлгүй учраас гэрээг цуцалж, А ХХК-тай гэрээ байгуулахыг удаа дараа шаардсан байсан. ЗГ-ийн 2017 оны 337 дугаар тогтоолоор төвлөрсөн халаалтад холбохыг үүрэг болгосноор Б сумын бүх төсөвт байгууллагууд төвлөрсөн халаалтад 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн холбогдсон. Нэхэмжлэгч Х ХХК-ийн дулаан эрчим хүчээр хангах чиг үүрэг нь дуусгавар болсон. Бид нэг жил шүүхийн шийдвэрийг хүндэтгэсэн. Хоёр компани хоорондоо маргаантай, санхүүгийн зөрчилтэй, халаалтын зөвшөөрөлгүй байгаа тул хугацаанаас нь өмнө гэрээг цуцалсан. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхийг заасан ба Б сумын ЭМТ эрчим хүч, дулаанаар хангах талаар дэвшилтэт технологи нэвтэрсэн тул гэрээг цуцалсан. Иймд Х ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэн Х ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар Б аймгийн Б сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг А ХХК нь ... бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, уг иргэний хэрэгт тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШЗ2020/01571 дугаартай Хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай шүүгчийн захирамжаар А ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А ХХК-ийн захирал К.Муратхан нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай албан бичгээр ... Бид бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээсээ татгалзаж байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд манай компанийг оролцуулахгүйгээр дээрх хэргийг хянан шийдвэрлэхийг хүсье гэх тайлбарыг ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Х ХХК-тай 01 дугаартай Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ-г 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаатайгаар, мөн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Гэрээгээр гүйцэтгэх ажил үйлчилгээ буюу 1. Нүүрс, түлээ, дулааны талаар үзүүлэх ажил үйлчилгээ, 2. ЭМТөвийг хүнсний бүтээгдэхүүнээр хангах, өвчтөний хоол үйлчилгээ зэрэг гэрээг тус тус байгуулсан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай Б сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ-гээр нотлогдож байна.

 

Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.

 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай ... Зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ-ний 5.1-д гэрээний үйлчлэх хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаатайгаар, 5.2-д гэрээний заасан хугацааны эцэст хоёр тал хамтран уг гэрээг дүгнэн, гэрээнд заасан ажил үйлчилгээгээ зохих журмын дагуу гүйцэтгэсэн нөхцөлд гэрээгээ сунган ажиллуулна, 5.3-т гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй ба гэрээг дүгнэх, сунгах эсэх асуудалд аливаа этгээд хөндлөнгөөр оролцохыг хориглоно, 9.1-д гэрээ нь талууд гарын үсэг зурж, баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно, 9.3-т гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэж талууд гэрээгээр харилцан тохиролцож гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Зохигч талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай ... Зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ 3 жилийн хугацаатай байгуулагдсан байх ба уг гэрээг жил бүр дүгнэнэ гэж гэрээгээр тохиролцсон боловч уг гэрээг дүгнээгүй, Х ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээг ноцтой зөрчсөн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул гэрээг цуцлах үндэслэл нь тогтоогдохгүй байна.

 

Гэрээг аль нэг талын санаачилгаар цуцалж болох боловч гэрээг цуцлахдаа хуульд заасан үндэслэл журмыг баримтлах үүрэгтэй юм.

 

Ажил гүйцэтгэх гэрээ нь хиймэгц биелэх бус харин хугацаа шаардагддаг гэрээ тул энэ төрлийн гэрээнээс Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал гэрээний талууд гэрээг дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүний цуцлах үндэслэл болж байвал зөвхөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болохоор заасан байна.

 

Гэтэл Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн Х ХХК-тай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 01 дугаартай Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ-тэй холбогдуулан Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3, 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үндэслэлүүд тогтоогдоогүй байхад хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв нь гэрээг цуцалсан нь хуулинд нийцээгүй байна.

 

Хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нь ... Х ХХК нь дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөлгүй, мөн Б сумын Засаг дарга удаа дараа шаардаж албан бичиг хүргүүлсэн учир Х ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах болсон гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв нь Х ХХК-тай дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөлгүй гэдгийг мэдсээр байж 3 жилийн хугацаатай зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх гэрээг байгуулсан нь учир дутагдалтай бөгөөд гэрээний 5.3-т ... асуудалд аливаа этгээд хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэж гэрээ байгуулсан мөртлөө Б аймгийн Б сумын Засаг дарга удаа дараа Х ХХК-тай байгуулсан гэрээг цуцлахыг шаардсан гэж байгаа нь гэрээний дээрх заалтыг зөрчсөн байна.

 

Хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 04-07-002/001 дугаартай Зөрчил арилгуулах тухай Улсын байцаагчийн албан шаардлага нь хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн Б/03 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай тушаал гарсны дараа гарсан улсын байцаагчийн албан шаардлага болон Б аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 20/27 дугаартай Төвлөрсөн халаалтын зууханд холбох тухай зэрэг албан бичгүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

 

Хариуцагч хавтаст хэрэгт Б аймаг Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаартай Захиргааны актыг хуульд нийцүүлэх тухай тушаалыг нотлох баримтаар гарган өгч, Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн Б/03 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай тушаалын 1 дүгээр заалтын ... 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээний 1.2-т заасны дагуу хавсралтаар тохиролцсон гэрээгээр гүйцэтгэх ажил үйлчилгээний 1 дэх хэсэг Нүүрс, түлээ дулааны талаар үзүүлэх ажил үйлчилгээ гэсэн хэсгийг цуцалсугай гэж өөрчилж байна гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа бөгөөд энэхүү эрхийн актыг хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрэх боломжгүй гэж тайлбарлаж байсныг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн Б/03 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв нь А ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдөр 01 дугаартай Төсвийн байгууллага, аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүчээр хангах гэрээ-г нэг жилийн хугацаатай байгуулсан болох нь дээрх гэрээгээр нотлогдож байх ба энэхүү гэрээний 6.1-д ... гэрээг байгуулсан өдрөөс хойш нэг жил хүчинтэй гэсэн бөгөөд энэхүү гэрээг цааш нь сунгагдсан эсэх нь тодорхойгүй учир энэ талаар хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв нь ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн Б аймгийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаартай Б сумын Засаг дарга танаа гэх албан бичиг, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 146 дугаартай Г.Дын тухай гэх албан бичиг, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 613 дугаартай Хариу хүргүүлэх тухай гэх албан бичиг, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 715 дугаартай Санал хүргүүлэх тухай гэх албан бичиг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 1а/278 дугаартай Хүсэлт уламжлах тухай гэх албан бичиг, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2018/01789 дугаартай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0159 дугаартай магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд болон хариуцагчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Нэхэмжлэх гэх баримт, Монгол Улсын Эрчим Хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн в/3509 дугаартай Тушаалын хэрэгжилт хангах тухай гэсэн албан бичиг болон Эрчим хүчний Сайдын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 134 дугаартай Цахилгаан, дулааны техникийн нөхцөл олголтыг түр зогсоох тухай 134 дүгээр тушаал, Б аймгийн Эрүүл мэндийн газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 179 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Б аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 5-03/166 дугаартай Х ХХК-ийн захирал Ж.Алтынгүл танаа гэх албан бичиг, Хар Нуур-Ховд голын сав газрын захиргааны 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 165 дугаартай, мөн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 200 дугаартай, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 60 дугаартай Асуудал шийдвэрлүүлэх тухай гэх албан бичгүүд, Б аймаг Б сумын Эрүүл мэндийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай Мэдэгдэх хуудас хүргүүлэх тухайгэх албан бичиг, Б аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1-01/380 дугаартай А ХХК-ийн захирал К.Муратхан танаа гэх албан бичиг, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн төлбөрийн хүсэлт №96, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/20 дугаартай Хамтран ажиллах гэрээ, 257/19 дугаартай Эрчим хүчний яам ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, Монгол улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04-04-029/05 дугаартай дүгнэлт зэрэг зэрэг нотлох баримтууд нь нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хын Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргасан Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд байх ба өмнөх маргааны талаар шүүхээс дүгнэлт хийж шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул энэхүү маргаанд хамааралгүй, нотлох баримтууд байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3, 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг тус тус баримтлан Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн Б/03 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН