Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2020/00606

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч Б.Мангилик, шүүгч А.Жархынгүл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Д сумын .. дугаар багт оршин суух, С.Жийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Д сумын .. дугаар багт оршин суух, Т Нэд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ж, хариуцагч Т.Н, түүний өмгөөлөгч Т.Б, иргэдийн төлөөлөгч Н.А, орчуулагч Б.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Е.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3025060 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч С.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д сумын иргэн Т.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас намайг зодож миний биед хөнгөн хохирол учруулсан. Би үүний улмаас аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 6 хоног хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлгээс гарсны дараа бие бүрэн сайжраагүй, толгой байнга өвддөг болсон учир нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид тогтмол үзүүлж амбулаториор эмчилгээ хийлгэж байсан. Гэвч толгойн өвчин намдаагүй учир аймгийн Нэгдсэн эмнэлгийн шийдвэрээр 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн онгоцоор Улаанбаатар хот руу явсан. Тэнд холбогдох эмнэлгүүдэд шинжилгээ хийлгэж, Энх ундарга мэдрэлийн эмнэлэгт 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. MRI бичлэг хийлгэж, компьютер томографын болон бусад шинжилгээнүүдийг хийлгэсэн. Эмнэлгээс гарсны дараа Өлгий руу буцах гэсэн боловч хөл хорио тогтоосон учир 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн онгоцоор Өлгийд буцаж ирсэн. Энэ хугацаанд нийт 2825060 төгрөгийн зардал гарсан. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон тул мал хариулах хүнгүй болж Т.Ж гэгчийг хоногийг нь 20.000 төгрөгөөр 10 хоног хөлсөлж авч 200.000 төгрөг төлсөн. Би эдгээр хохирлоо эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлүүлэхээр Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Дээрх хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолоор Хи овогт Тн Кийг миний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 төгрөгөөр торгох ял шийтгэж эмчилгээний болон бусад зардалд нийт 3.025.060 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэлэлцэхгүй орхисон. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон учир миний бие Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн Т.Нээс эмчилгээний болон бусад зардалд нийт 3.025.060 төгрөг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж гэм хор учруулсан хохиролд 3.025.060 /гурван сая хорин таван мянга жаран/ төгрөгийг буруутай этгээд Т.Нээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Жийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн ойрын хамаатан болох С.Жтэй нийлж архи уугаад маргалдах үед миний төрсөн ах С.К нь С.Жийг унтуулах гэхэд түүнийг зодсоноос болж ах биедээ гэмтэл авч, улмаар харилцан зодоон үүсч С.Ж бид хоёр мөн бие биенээсээ гэмтэл авсан. Түүний дараа С.Ж нь зөв зүгээр явж байгаад олон хоног өнгөрсний дараа аймгийн төвд ирж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм байна. Тухайн үед эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний зардал 312000 төгрөг, КТГ-ын зардал гэх 95000 төгрөг, нийт 407000 төгрөгийг би төлж өгөхөөр илэрхийлээд, шийтгэх тогтоол гарсны дараа төлж барагдуулж өгсөн. Тухайн үед болсон харилцан зодооны улмаас Т.Н би өөрөө С.Жийн үйлдлээс болж миний биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон юм. Мөн түүнээс гадна С.Ж нь зодооныг зогсоох гэж оролдсон миний төрсөн эх болох Х.Ж, төрсөн ах болох Т.К нарын биед мөн адил хөнгөн хохирол учруулсан. Гэтэл миний эх Х.Ж болон Т.Н миний бие эмнэлэгт ч очиж үзүүлээгүй, хэрүүл маргаан ч үүсгээгүй, түүнээс мөнгө төгрөг ч нэхэмжлээгүй юм. Гэтэл хэрэг гарснаас хойш хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа буюу 100 хоног өнгөрсний дараа С.Ж нь эмчид үзүүлнэ гэж Улаанбаатар хот руу явж бичиг цаас цуглуулж ирээд маргаан үүсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4-д Гэмтлийн хөнгөн зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно гэжээ. Үүнд:

-Гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан.

-Ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан байвал гэжээ. Энэ нь хүний биед учирсан хөнгөн гэмтэл бол 1 сарын дотор бүрмөсөн эдгэрэх боломжтой гэж үзсэн шинжлэх ухааны аргаар тодорхойлсон нотолгоо юм. Хэрэв түүний биед хүндэвтэр буюу хүнд гэмтлийн аль нэг нь учирсан байвал өөр хэрэг байх байсан. Жишээлбэл: Т.Н би 2019 оны 11 дүгээр сард гэмтэл авсан түүнийг эмчлүүлнэ гэж эмнэлгийн байгууллагад одоо хандаж, хохирол төлүүлэхээр хандах боломж байна уу гэдгийг харьцуулан бодох ёстой юм. Яагаад гэвэл би ч гэсэн адилхан харилцан зодолдох явцад биедээ хөнгөн гэмтэл авсан байдаг. Мөн С.Ж нь малчин хөлсөлж авсан гэдэг нь худлаа, сумын төвд байдаг ганц бие архи дарс хэрэглэдэг хүнээр бичиг хийлгүүлж авсан байдаг. С.Ж нь зодоон болсны дараа зөв зүгээр явж байсан бөгөөд өөрийн хүнд даацын ачааны машинаараа Хотгорын уурхайгаас нүүрс тээвэрлээд явж байсан. Иймд С.Жийн гэм хор учруулсны хохирол 3.025.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл огт үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Т.Н нь хувийн таарамжгүй харьцааны улмаас намайг зодож миний биед хөнгөн хохирол учруулсан. Тухайн үед зардлын улмаас Улаанбаатар хотод очиж чадаагүй. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр 7 хоног аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эмчид тогтмол үзүүлж байсан. Эмчээс Улаанбаатар хотод очиж онош тодруулах шаардлагатай гэсний дагуу 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод очиж 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өлгийн буцах онгоцны тийз авсан боловч Covid-19 өвчний улмаас хорио цэргийн дэглэм тогтсон учраас 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр аймагт ирсэн.

 

Аймагт ирсний дараа шүүх хуралдаан болсон шүүх хуралдаан болох үед нотлох баримтаа бүрдүүлж дараа нь иргэний шүүхэд нэхэмжлэлээ шүүхэд гаргаарай гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хөдөө мал малладаг малчин хүн. Энэхүү өвчтэй байх хугацаанд Т.Ж гэсэн хүнээр малаа хариулсан. Тэр үед хариуцагч тэр залууд 200 мянган төгрөг өгсөн байна. Шүүх хуралдааны үед ч гэсэн өчигдөр ч гэсэн 1 сая төгрөг өгсөн гэж хэлээрэй гэж хэлсэн байна лээ. Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэхэд гарсан зардал болох нийт 2825060 төгрөгт Т.Ж мал хариулахад төлсөн хөлс болох 200,000 төгрөгийг нэмж нийт 3.025.060 төгрөг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3.025.060 /гурван сая хорин таван мянга жаран/ төгрөгийг буруутай этгээд Т.Нээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надаас 3.025.060 /гурван сая хорин таван мянга жаран/ төгрөгийг С.Ж нь үндэслэлгүй нэхэмжилж байна. Тэрийг сайн ойлгохгүй байна. Тухайн үед С.Ж намайг болон ээжийг ч бас зодсон байсан. Би ч гэсэн хохирогч. Тухайн үед эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний зардал 312000 төгрөг, КТГ-ын зардал гэх 95000 төгрөг, нийт 407000 төгрөгийг би төлж өгсөн.

 

Түүнээс хойш 2-3 сарын дараа гэнэт өвдөнө гэсэн ойлголт байхгүй. Өдий хүртэл нүүрс зөөж явж байсан. Би ч гэсэн хохирогч хамаатны хүмүүс учраас би эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй. 3.025.060 /гурван сая хорин таван мянга жаран/ төгрөгийг төлж чадахгүй. Тухайн үед Т.Ж гэдэг хүн малыг нь хариулсан гэж 200 мянган төгрөг нэхэмжилж байна. Би ч тухай үед малчин авч малаа хариулж болох байсан. Би Т.Ж гэдэг хүнд 200 мянган төгрөг өгсөн талаар баримт бичүүлэх гэж очсон тэр үед ээж нь хэлж байсан. Т.Ж мал хариулж байгаагүй. Нэг удаа нүүрсэнд явахад 150 мянган төгрөг өгсөн байна лээ. Дээр нь миний хүүхдэд архи өгсөн байна гэсэн. Би тухайн үед чи 200 мянган төгрөг аваагүй байсан бол яах гэж авсан гэж баримт өгсөн вэ гэж Т.Жгаас асуусан. Тэгэхэд С.Ж надад малчнаар авч ажиллуулна нийгмийн даатгалын шимтгэл төлж өгнө гэхээр би тийм бичиг хийж өгсөн. Тухайн үед өөрөө ч бас согтуу байсан. Сүүлд нь ийм маргаан гарна гэдгийг мэдээгүй гэж хэлж байсан. Өчигдөр Т.Жтай уулзаагүй. Иймд С.Жийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 3.025.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл огт үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ж нь хариуцагч Т.Нээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3025060 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Учир нь, хариуцагч Т.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цагийн үед өөрийн гэрт архидан согтуурсны улмаас хамт архи уусан С.Жтэй зодолдон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

 

Уг шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч (хохирогч) С.Жт 407500 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа гэж дүгнэж тогтоох хэсгийн 5 дахь заалтаар хариуцагч Т.Нээс 407500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч (хохирогч) С.Жт олгосон ба мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад ....хохирогч С.Жийн иргэний нэхэмжлэлээс эмчилгээний болон бусад зардалд нийт 3025060 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэхэмжлэгчийн биед хүндэвтэр буюу хүнд гэмтлийн аль нэг нь учирсан байвал өөр хэрэг түүний биед хөнгөн хохирол учруулсан бөгөөд тэр нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4-д зааснаар нэг сарын дотор бүрмөсөн эдгэрэх боломжтой байхад 3 сарын дараа хотод очиж эмчилгээ хийлгэсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлажээ.

 

Гэтэл Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 482 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: 1.Иргэн С.Жийн биед тархины няцралт, доргилт, духны хэсэгт хавантай, хамрын хянга хэсэгт шалбарсан, шархтай, зүүн нүдний салстад цус харвасан, хоёр талын гойморын хөндийд үрэвсэлтэй зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл болно. 3. Иргэн С.Жийн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 4.Иргэн С.Жийн дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл болно гэсэн байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4-т Гэмтлийн хөнгөн зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:

 

2.4.1. гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан;

 

2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан ойлгоно гэж заасан боловч нэхэмжлэгчээс гэмтлийн зэрэгт маргаагүй харин хариуцагч Т.Нийн зодсоны улмаас толгой нь байнга өвдөж эмчийн хяналтад байж улмаар эмчийн бичгээр тархины доргилт, гэмтлийн дараах толгой өвдөлт тул онош тодруулах шаардлагатай гэж үзэж онош тодруулахаар Улаанбаатар руу явж эмчилгээ хийлгэсэн асуудал нь гэмтлийн зэрэгт хамааралгүй гэж шүүх үзлээ.

 

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч С.Жийн гэмтлийн зэргийг хөнгөн гэмтэл авсан гэж шинжээчийн дүгнэлт гарсан боловч уг шинжээчийн дүгнэлтэд: С.Жийн биед тархины няцралт, доргилт, духны хэсэгт хавантай, хамрын хянга хэсэгт шалбарсан, шархтай, зүүн нүдний салстад цус харвасан, хоёр талын гойморын хөндийд үрэвсэлтэй гэж бичигдсэн байх бөгөөд түүний амбулаториор эмчлүүлэгсдийн картад аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч Н.Маргуланаас тархины доргилт, гэмтлийн дараах толгой өвдөлт тул онош тодруулахаар 13А маягтыг олгов гэсэн ба 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б аймгийн Нэгдсэн эмнэлгээс олгосон №487 дугаартай Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас-нд:...С.Жийн тархины доргилт, хамрын таславчийн мурийлт онош тодруулахаар...гэж илгээсэн ба харин 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Улаанбаатар хотын Гэмтэл согог Үндэсний төв поликлиникээс олгосон №200115 дугаартай Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас-нд:... С.Ж нь толгойд MRI хийлгэж, мэдрэлийн эмчийн хяналтад байх, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх талаар бичиж тамга тэмдэг дарж буцаасан байна.

 

Үүний дагуу нэхэмжлэгч С.Жээс Улаанбаатар хотод очиж MRI шинжилгээ хийлгэж, Энх ундарга эмнэлэгт хэвтэн эмчлүүлж ирсэн ба энэ нь хариуцагч Т.Нийн гэм буруутай, хууль бус үйл ажиллагаанд шууд хамааралтай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч С.Жийн хариуцагч Т.Нээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3025060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох:

-2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Өлгийгөөс Улаанбаатар руу зорчиж байсан онгоцны тийзийн үнэ 191600 төгрөг,

2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Улаанбаатараас Өл руу зорчих онгоцны тийзийн үнэ 272000 төгрөг,

-2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Улаанбаатар хотын Гэмтэл согог Үндэсний төв поликлиникээс олгосон №200115 дугаартай Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас-нд:... С.Ж нь толгойд MRI хийлгэж, мэдрэлийн эмчийн хяналтад байх, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх талаар бичиж өгсний дагуу тэрээр Med travma эмнэлэгт томограф хийлгэсэн үнэ 320000 төгрөг,

 

-Энх ундарга эмнэлэгт 2020.02.18-2020.02.28 хүртэл хэвтсэн ор хоногийн мөнгөнд 450000 төгрөг төлсөн тасалбар, тус эмнэлэгт үзлэг хийхэд төлсөн 25000 төгрөг,

-2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Хамрын томографт төлсөн 80000 төгрөг, Улаанбаатар хотын Тэргэл төв зочид буудалд 2020.02.16-02.18-ний хүртэл хэвтсэн хоёр өдрийн мөнгө 130000 төгрөгийг Жээр төлсөн тухай тус тус баримттай байх тул эдгээр хохирол болох нийт 1468600 төгрөгийн Сы хохирлыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэгч С.Жээс 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Монос эмийн сангаас 22260 төгрөгт эм авсан байх ба энэ үед тэрээр Энх ундарга эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд тус эмнэлгийн эмчээс Флексид 500мг, Фцрамаг 50мг, Дротоверин 40мг эмийг гаднаас авч эмчилгээ хийлгэх талаар болон 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Бе зул эмийн сангаас Плабикс үнэ 87000х7ширхэгийг 609000 төгрөгт, Отгонбуянт хүрээ ХХК эмийн сангаас Брайнакт 500мг эмийг 51300 төгрөгт тус тус эм худалдаж авсан ба эдгээр эмүүдийг авч эмчилгээ хийлгэх талаар түүний картад тус тус бичигдээгүй буюу эмчийн жоргүй, мөн 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Эн Ар Би эрүүл мэндийн үйлчилгээ гэж 270000 төгрөг төлсөн баримт байгаа боловч хэний эрүүл мэндийн үйлчилгээний хөлс төлсөн эсэх нь тодорхой бус байх тул эдгээр хохирол гэж нэхэмжилсэн нийт 952560 (22260+609000+51300+270000) төгрөг,

 

мөн эмнэлгээс гарсны дараа Х зочид буудалд 2020.02.28-03.04-ний өдөр хүртэл байсан гэж 300.000 төгрөг нэхэмжилсэн боловч Х зочид буудлаас олгосон баримтад уг зочид буудалд хэн гэдэг хүн байрлаж, уг мөнгийг С.Ж нь төлсөн эсэх нь тодорхой бус байх тул зочид буудалд төлсөн гэх 300.000 төгрөг,

-Т.Ж гэх хүнд 2019 оны 11 дүгээр сарын 20-ы өдрөөс эхлэн өдөр нь 20000 төгрөгөөр 10 өдөр 200.000 төгрөг төлсөн гэж байгаа боловч энэ нь хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа талаар 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 79 дугаартай шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт дүгнэсэн байх тул мал хариулсан гэх 200.000 төгрөг, нэхэмжлэгчээс У хотод байхдаа хоол авч идэж, хүнсний зүйл авч байсан гэж нийт 103900 төгрөг нэхэмжилсэн боловч энэ нь хариуцагч Т.Нийн гэм буруутай үйлдэлд шууд хамааралгүй байх тул нийт 1556460 (952560+300000+200000+103900) төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч Т.Нуээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1468600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1556460 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэл тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т.Нудаулетээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 1468600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 38447 төгрөгийг гаргуулан улсын орлого болох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Тн Нээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1468600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сы Жт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1556460 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч Т.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 38447 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК

 

ШҮҮГЧИД Б.МАНГИЛИК

 

А.ЖАРХЫНГҮЛ