Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00933

 

 С.Жайдарбекийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2020/00606 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 212/МА2020/00058 дугаар магадлалтай,

С.Жайдарбекийн нэхэмжлэлтэй

Т.Нурдаулетэд холбогдох

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3,025,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Т.Нурдаулетийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Жайдарбек, орчуулагч Б.Жанерке, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч С.Жайдарбекээс Т.Нурдаулетэд холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3,025,060 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2020/00606 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Тыныбайн Нурдаулетээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,468,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сураганы Жайдарбект олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,556,460 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч Т.Нурдаулетээс улсын тэмдэгтийн хураамжид 38,447 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 212/МА2020/00058 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2020/00606 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Т.Нурдаулет хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

С.Жайдарбек Т.Нурдаулет нар 2019.11.11-ний өдөр хоорондоо маргах үед Нурдаулетийн ах Көлдаулет салгах гэхэд Жайдарбек түүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулж, улмаар түүний ээж Жазира болон ах Көлдаулет нарын биед халдаж хөнгөн хохирол учруулсан байдаг. Харилцан зодооны явцад Жайдарбекийн биед мөн хөнгөн гэмтэл учирсан байдаг. Уг хэрэгт мөрдөн байцаалт явуулж, шүүхэд шилжүүлээд улмаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Жайдарбекийг 2300 нэгжээр, Нурдаулетийг 900 нэгжээр торох ялаар шийтгэсэн юм.

Хариуцагч Д.Нурдаулет нь Жайдарбекийн тухайн цаг үед 2019 оны 11-р сард аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн мөнгө болох 312,000 төгрөг+КТГ зураг авхуулсны төлбөр болох 95,000 төгрөг, бүгд 407,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж бүрэн төлж өгсөн ба харин Т.Нурдаулет болон настай ээж Х.Жазира нар С.Жайдарбекээс нэг ч төгрөг нэхээгүй байдаг. Гэтэл С.Жайдарбек нь 2019.11.22-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж гараад зөв зүгээр явж байснаа хэрэг шүүхэд шилжсэний дараа хот руу эмнэлэг үзүүлнэ гэж явсан гэж маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй юм.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014.12.05-ны өдрийн тушаалын 1-р хавсралтаар Гэмтлийн зэрэг тогтоох журмыг баталж, уг журмын 2-т Гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжүүдийг тогтоосон байдаг ба гэмтлийн хөнгөн зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг Гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5-10 хувь тогтонги алдагдсан гэмтэл хамаарахаар заажээ.

Үүнээс үзэхэд Жайдарбекийн биед учирсан гэмтэл нь 4 долоо хоногийн дотор буюу 2019.12.09-ний өдөр гэхэд эдгэрсэн байх боломжтой юм. Энэ шалгуур шинж бол ШУ-ны аргаар тооцоолж тогтоосон бодит үзүүлэлт гэж ойлгож байна. Гэтэл гэмтэл учирснаас хойш 100 гаруй хоногийн дараа эмчилгээ хийлгэсэн гэдэг нь дээрх журамд цаг хугацааны хувьд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл түүний эмчилгээ хийлгэсэн гэж байгаа нь дээрх журмаар тогтоосон хугацаанаас хол зөрүүтэй буюу шалтгаант холбоогүй, цаг хугацааны хувьд тохирохгүй байна. Өөрөөр хэлбэл хөнгөн гэмтэл гэдэг нь хөдөлмөрийн чадварыг их буюу удаан хугацаагаар алдаагүй байдаг онцлогтой гэж ойлгож байна.

Гэтэл анхан шатны шүүх нь дээрх нөхцөл байдлуудыг сайтар харгалзан үзэлгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж С.Жайдарбекийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байдаг.

Мөн МРI шинжилгээ хийлгэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нь Т.Нурдаулетийн гэм буруутай, хууль бус үйл ажиллагаанд шууд хамааралтай байна гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлгүй зөвтгөсөн. Тэгвэл Жайдарбек нь МКI шинжилгээ КТГ хийлгэсэн гэж баримт гаргаж өгсөн боловч шинжилгээ хийлгэсэн талаарх шинжилгээний дүгнэлтийн талаарх баримт гаргаж өгөөгүй байдаг. Хэрвээ шинжилгээ хийлгэсэн талаарх баримтыг гаргаж өгсөн бол шинжилгээний дүнгээр ямар ямар эд эрхтэнд ямар өөрчлөлттэй гарсан эсэх нь тодорхой харагдах байсан. Шинжилгээний дүгнэлт хавтас хэрэгт авагдаагүй байгаа тул түүний бие эрхтэнд ямар голомтот өөрчлөлт, өвчин зовиур илэрснийг мэдэж хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байсан.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн бодит байдалд нийцэхээргүй дүгнэлт гаргасан гэж үзээд хяналтын гомдол гаргаж байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Т.Нурдаулет нь 2019.11.11-ний өдөр намайг зодож миний биед хөнгөн хохирол учруулсан, ...гэм буруутай болох нь хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон, эрүүгийн хэрэгт эмчилгээний зардал 3,025,060 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэлэлцэхгүй орхисон тул Т.Нурдаулетээс эмчилгээний болон бусад зардалд нийт 3,025,060 төгрөг гаргуулна... гэж тайлбарласан,

Хариуцагч: ...2019.11.11-ний өдөр өөрийн ойрын хамаатан болох С.Жайдарбектэй нийлж архи уугаад маргалдах үед харилцан зодоон үүсэж С.Жайдарбек бид хоёр бие биеэсээ гэмтэл авсан, ...шийтгэх тогтоол гарсны дараа эмчилгээний төлбөрт 407,000 төгрөгийг төлж барагдуулсан. ...Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014.12.05-ны өдрийн А/216/422 дугаар Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-д ...хөнгөн гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан, Ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан байвал гэжээ. Энэ нь хүний биед учирсан хөнгөн гэмтэл бол 1 сарын дотор бүрмөсөн эдгэрэх боломжтой гэж үзсэн шинжлэх ухааны аргаар тодорхойлсон нотолгоо юм. Мөн С.Жайдарбек нь малчин хөлсөлж авсан гэдэг нь худлаа, сумын төвд байдаг ганц бие архи дарс хэрэглэдэг хүнээр бичиг хийлгүүлж авсан байдаг. С.Жайдарбек нь зодоон болсны дараа зөв зүгээр явж байсан бөгөөд өөрийн хүнд даацын ачааны машинаараа Хотгорын уурхайгаас нүүрс тээвэрлээд явж байсан. Иймд С.Жайдарбекийн гэм хор учруулсны хохирол 3,025,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл огт үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагчаас 1,468,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

8. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.24-ний өдрийн №2020/ШЦТ/79 тогтоолоор хариуцагч Т.Нурдаулетыг нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, хариуцагчийн дээрх буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид тархины няцралт, доргилт, духны хэсэгт хавантай, хамрын хянга хэсэгт шалбарсан шархтай, зүүн нүдний салстад цус харвасан, хоёр талын гамморейн хөндийд өрөвсөлтэй зэрэг зөөлөн эдийн бэртэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, нэхэмжлэгч нь тухайн үед аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн боловч бие бүрэн сайжраагүй, толгой байнга өвддөг үндэслэлээр эмчилгээ хийлгэж байсан боловч Аймгийн нэгдсэн эмнэлгийн ...тархины доргилт, хамрын таславчийн мурийлт онош тодруулах...-аар илгээсэн №487 дугаартай Эмнэлэгт өвчтөн илгээх хуудсанд бичигдсэн оношийг тодруулахаар Улаанбаатар хотод ирж, Гэмтэл согог Үндэсний төв поликлиникт үзүүлж, шинжилгээ хийлгэж, Энх ундарга эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эрүүл мэндэд гэм хор учирсны улмаас зайлшгүй зардалд нийт 1,468,600 төгрөгийг зарцуулсан нь баримтаар нотлогдсон үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн, шүүхийн энэ шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан,

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д нийцжээ.

9. Хариуцагч Т.Нурдаулет хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх нөхцөл байдлыг сайтар хяналгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2019.11.11-ний өдрийн хариуцагчийн учруулсан хамрын ясны хугаралд эмчилгээ хийлгээгүй, толгойн өвчин эдгээгүй үндэслэлээр Улаанбаатар хотод мэдрэлийн өмчийн хяналтад байж нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн нь баримтаар нотлогдсон, дээрх баримтыг хариуцагч татгалзсан, үгүйсгэсэн үндэслэлээ нотлоогүй, энэ талаар хэрэгт баримтгүй байна.

11. Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,...ийнхүү гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, ...сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж, мөн гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэр хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирлоо эмчлүүлсэн, эмчилгээ хийлгэсэн зардлыг түүний гэм буруутай үйлдлээс учирсан хохиролд хамаарахгүй болохыг хариуцагч нотлоогүй тул тэрээр гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

12. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014.12.05-ны өдрийн тушаалын хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-т зааснаар эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5-10 хувь тогтонги алдагдсан гэмтлийг хөнгөн гэмтэл гэж тодорхойлсон нь хохирогчийн биед тухайн үед учирсан гэмтлийн шинж байдлыг, мөн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдах хугацааг тогтоосон тодорхойлолт бөгөөд энэ нь дээрх гэмтэлтэй холбоотой өвчнийг эмчлэх эмчилгээг тухайн хугацаанд хийлгэнэ гэсэн ойлголтыг агуулаагүй тул ...хөнгөн гэмтэл учирсан байхад нэхэмжлэгчийн эмчилгээ хийлгэсэн гэх цаг хугацаа гэмтэл учирснаас хойш 100 гаруй хоногийн дараа байгаа нь дээрх журамтай нийцээгүй, ...хол зөрүүтэй буюу шалтгаант холбоогүй, цаг хугацааны хувьд тохирохгүй байхад шүүх дээрх нөхцөл байдлыг сайтар харгалзан үзэлгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн... талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

13. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үйл баримтыг үндэслэл бүхий тогтоосны үндсэн дээр нотлох баримтаар тогтоогдсон хэмжээнд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2020/00606 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 212/МА2020/00058 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Т.Нурдаулетийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Т.Нурдаулетээс 2020.10.01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,447 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЯРМАА

                                       ШҮҮГЧИД                                           Г.БАНЗРАГЧ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД