| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2018/04262/И |
| Дугаар | 701 |
| Огноо | 2019-04-19 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 701
Б.Угийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/00371 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.Угийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Г” ХХК-д холбогдох
Нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлал гуйх, худал мэдээллийг залруулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Отгондорж
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г” ХХК-ийн захирал М.Бадамсүрэн нь Авлигатай тэмцэх газар болон Авлигатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөл, Улсын Их Хурлын ёс зүйн дэд хорооны дарга, Монгол Ардын намын дарга, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан албан бичгүүдээр гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээлэл тарааж, үндэслэлгүй гомдлуудыг гарган, иргэн Б.Угийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан байна.
Б.У нь 2016 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдмогцоо Бишрэлт группын өөрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлэн өгч, хувийн бизнесийн үйл ажиллагаанд оролцдоггүй болсон.
Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу “Г” ХХК-ийн захирал М.Бадамсүрэн нь гомдол, мэдээлэл, олон нийтийн мэдээллийн сайтаар нэхэмжлэгчийн талаар худал мэдээлэл тараасан үйлдэлдээ хариуцлага хүлээх тул нэхэмжлэгч Б.Угийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэхэмжлэгчээс уучлал гуйх, худал мэдээллийг тараасан хэлбэрээрээ залруулахыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч “Г” ХХК-ийн төлөөлөгч М.Бадамсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Голденсэркл” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Дорноговь аймаг, Замын-Үүд суманд 65 айлын орон сууцны барилга барьсан. Барилга барих үед “Голденсэркл” ХХК-ийн захирал Б.Бүд нь “Капитал банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, барилга “Капитал банк” ХХК-ийн хөрөнгө оруулалттай, мөнгөнд санаа зоволтгүй, санжүүжилттэй холбоотойгоор “Капитал банк” ХХК-д харилцах данс нээлгэ, барилгын ажлаа сайн гүйцэтгээрэй гэж хэлсний дагуу барилгын ажлыг нийт 186 ажилчидтайгаар, 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгээд 95 хувийн гүйцэтгэлтэй байх үед, сүүлийн 3 сарын санхүүжилт өгөөгүйгээс 2015 оны 8 дугаар сард ажилчдаа татсан. Гэтэл “Их модун” ХХК нь “Голденсэркл” ХХК-тай 2015 оны 02 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байсныг сүүлд мэдсэн. Манай хийсэн барилгын ажлыг “Их модун” ХХК-аар гүйцэтгүүлсэн мэтээр баримтыг хууль бусаар бүрдүүлж, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр барилгыг ашиглалтад хүлээж авах улсын комисс ажиллуулсан байсан.
“Голденсэркл” ХХК-ийг 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Капитал банк” ХХК нь өөрийн охин компаниар бүртгүүлэн, манай барилгыг өөртөө шилжүүлэн авч, захиран зарцуулах эрх үүсгэж, хуурамч баталгаа дүгнэлт гаргуулан, хуурамч материалууд ашиглан улсын комисст хүлээлгэн өгсөн. 2016 оны 02 дугаар сард “Голденсэркл” ХХК-ийг шилжүүлж авахад “Капитал банк” ХХК-ийн 99.9 хувийн хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгч Б.У байсан.
Захиргааны хэргийн гурван шатны шүүх барилгыг ашиглалтад хүлээн авсан 2016 оны 9 дүгээр сарын 15 өдрийн 26/2016 дугаартай улсын комиссын актыг хүчингүй болгосон. Б.У нь Улсын Их Хурлын гишүүн болсноос хойш 2016, 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Капитал банк” ХХК-ийн охин компаниар бүртгэгдсэн “Голденсэркл” ХХК-ийг тусгаагүй нуусан. Бид үүний дагуу Улсын Их Хурлын Ёс зүйн хороонд, Авилгатай тэмцэх газарт тус тус шалгуулахаар гомдол гаргасан.
65 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын акт хүчингүй болсон, оршин суугчид нь улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй байхад ипотекийн 8 хувийн зээлд хамруулан зарж байгаа нь өөрөө мөн хууль зөрчиж байна. Иймд манай байгууллага уучлалт гуйх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг баримтлан Улсын Их Хурлын гишүүн Б.У Авилгын эсрэг хуулийг зөрчиж, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Голден Сэркл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Шинэ дэлхий” ХХК, “Нью даниста рөүд энд интернэшнл” ХХК, “Би энд Си” ХХК, “Катеринг” ХХК, “Зуун найман суварга” ХХК, “Монгол анар трейд” ХХК-иудыг мэдүүлэлгүйгээр нуун дарагдуулж, тусгаагүй, “Голденсеркл” ХХК-ийн захиалгаар барьсан 65 айлын орон сууцыг 2016 оны 02 дугаар сард өөрийн компанийн өмчлөлд авсан, олон зуун барилгын ажилчдаар барилга байгууламжаа бариулж, зохих хөлсийг өгөлгүйгээр хохироосон, “Их модун” ХХК-аар барилгын ажлыг гүйцэтгүүлсэн тухай баримтыг хууль бусаар бүрдүүлж, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр улсын комисс ажиллуулсан, “Голден Сэркл” ХХК-ийг 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Капитал банк” ХХК өөрийн охин компаниар бүртгүүлэн, дээрх барилгыг шилжүүлэн авч, захиран зарцуулах эрх үүсгэж, хуурамч баталгаа дүгнэлт гаргуулан хуурамч материалууд ашиглан улсын комисст өгсөн, 2016 оны 02 дугаар сард “Голден Сэркл” ХХК-ийг шилжүүлж авахад “Капитал банк” ХХК-ийн 99.9 хувийн хувьцаа эзэмшигч Б.У байсан, 2016 оны 7 дугаар сард нэр дэвшигч байхад нь бид Б.Угийн сонгогчтой хийх уулзалтанд очиж, уулзахад маргааш өргөдлөө гаргаад ир, шийдэж өгье гэсэн боловч одоог хүртэл бидний ажилчдын цалинг өгөөгүй гэсэн мэдээллийг хариуцагч “Г” ХХК-ийн захирал М.Бадамсүрэн үндэслэлгүйгээр тараасныг тогтоож, уг мэдээллээр гутаагдсан нэхэмжлэгч Б.Угийн нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг баримтлан дээрх мэдээллийг тараасан www.news.zindaa.mn цахим сайтаар үндэслэлгүй мэдээллээ няцаах, үндэслэлгүй мэдээлэл тараасан үйлдэлдээ нэхэмжлэгчээс уучлалт гуйхыг хариуцагчид даалган, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.
Хариуцагч “Г” ХХК-ийн төлөөлөгч М.Бадамсүрэн давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
“Капитал банк” ХХК нь “Голден сэркл” ХХК-г 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр охин компаниараа авч дүрмээ шинэчилсэн байдаг. Үүнийг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Сийлэгмаагийн хавтаст хэрэгт авсан материалаас улсын бүртгэлийн газраас татаж авсан материалд байсан. Гэтэл одоо улсын бүртгэлийн газраас хуулийн байгууллагууд лавлагаа авахад 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэж засагдаж, янз бүрээр гарч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. “Капитал банк” ХХК нь, “Голден Сэркл” ХХК-ийг 2016 оны 02 дугаар сарын 08-нд охин компаниараа шилжүүлэн авснаас хойш 7 сарын дараа буюу 2016 оны 9 дүгээр сарын 15-нд хуурамч материал бүрдүүлэн хууль бусаар улсын комисс ажиллуулсныг нуух, өөрөөсөө зайлуулах гэсэн үйлдэл гэж үзэж байна,
Одоогийн байдлаар “Капитал банк” ХХК нь улсын комиссын акт байхгүй байхад банкныхаа 8 хувийн зээлд хамруулж борлуулалт хийж одоогоор 48 айл өрх, аж ахуй нэгжид зарж борлуулалт хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл байна. Иймд би энэ хүний нэр хүндэд халдаж, гутаан доромжилж, гүтгэсэн гэж үзэхгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзул нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлал гуйх, худал мэдээллийг залруулахыг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч, маргажээ.
Аливаа этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хэнд холбогдуулан ямар шаардлага гаргаж байгаа нь тодорхой байснаар эрхийг нь зөрчсөн гэх тал нэхэмжлэлд хариу тайлбар гаргах, улмаар зохигч талууд хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцдэг журамтай.
Нэхэмжлэгч Б.Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “Г” ХХК-ийн захирал М.Бадамсүрэн нь Чингэлтэй дүүргийн прокурорын газар, Монгол Ардын намын дарга, Улсын Их Хурлын ёс зүйн дэд хорооны дарга, Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөл, Авлигатай тэмцэх газруудад үндэслэлгүй гомдол гарган гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээлэл тарааж, иргэн Б.Угийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан...” гэж тайлбарлах боловч ямар мэдээлэл нь нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэг нь тодорхойгүй байна. Тодруулбал, хариуцагч “Г” ХХК-аас холбогдох байгууллага, албан тушаалтанд хандан нэхэмжлэгчийн талаар гомдол гаргасныг нэр төрд халдаж худал мэдээлэл тараасан гэж үзэж байгаа эсэх, мөн хариуцагч “Г” ХХК-ийн захирал М.Бадамсүрэнгийн хэвлэлийн бага хурал дээр хийсэн мэдээнээс ямар мэдээ нь нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хэрхэн гутааж байсан нь ойлгомжгүй байна.
Энэ тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар хүлээн авахаас татгалзах эрхтэй. Нэгэнт иргэний хэрэг үүсгэсэн бол нэхэмжлэл, түүний үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийх учиртай. Шүүх дээрх ажиллагааг явуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.
Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/00371 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ч.ЦЭНД