Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2020/01089

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын дугаар багт оршин суудаг, А Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Б аймгийн Татварын хэлтэс (дарга Т.Фь, утас)-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч Б аймгийн Татварын хэлтсийн дарга Т.Фь, орчуулагч Б.А, гэрч А.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Татварын хэлтсийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/14 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б аймгийн Татварын хэлтсийн гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч А.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б аймгийн Ө сумын 2 дугаар багт эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суудаг, бүрэн дунд мэргэжилтэй, 2006 оны 11 дүгээр сараас 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Б аймгийн Ө сумын 1 дүгээр бага сургуульд манаачаар ажиллаж байгаад 2011 оны 01 дүгээр бага сургуульд манаачаар ажиллаж байгаад 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Б аймгийн Татварын хэлтэст манаачаар ажилд орж тасралтгүй 9 жил 10-аад сар ажиллаж байгаад 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллах хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Сонгууль болгоны дараа байгууллагын дарга шинээр солигддог байсан ба бидний тушаалыг ч шинэчлэн гаргадаг байсан. Ингэхдээ манай, гэрээт ажилтан, гэрээт харуул гэх мэтээр бидний ажил, албан тушаалыг өөрчлөн тогтоож ирсэн. Гэтэл бидний хийж гүйцэтгэх ажил өөрчлөгдөөгүй байсан тул ямар нэгэн гомдол гаргаагүй билээ. Хамгийн сүүлд нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр орон тоо цөөрсөн тул ажилтантай харилцан тохиролцсон гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1, 40.1.1-т заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн. Даргын зүгээс надтай харилцан тохиролцсон зүйл огт байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-ийг баримталсан нь буруу гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасныг баримтлан орон тоо хасагдсан гэж байгаа боловч харуул хамгаалалтын зардлыг жил болгон манай байгууллагын төсөвт баталж өгдөг ба одоо ч гэсэн төсөв нь байгаа орон тоо юм. Хэрэв орон тоо хасагдсан, төсөв нь батлагдаагүй байсан бол жилийн эхнээс харуулуудыг чөлөөлөх ёстой байсан. Гэтэл даргаас 9 дүгээр сард та нарын орон тоо хасагдсан, гэж урьдчилан мэдэгдэхгүйгээр цомхотголд оруулж байгаа нь үндэслэлгүй байна. 2020 оны төсөвт харуулуудын цалин хөлс батлагдсан бөгөөд хасагдсан зүйл байхгүй юм. Дарга Т.Фь нь харуулуудыг ажлаас чөлөөлж, байгууллагын харуул, хамгаалалтын ажлыг хувийн харуул хамгаалалтын компанийн ажилтнуудаар гүйцэтгүүлсэн гэсэн хувийн ашиг сонирхолтой юм. Бид тус байгууллагад он удаан жил тасралтгүй ажиллаж ирсэн ба цаашид ч гэсэн ажиллах сонирхолтой. Заавал биднийг ажлаас чөлөөлж, хувийн компаниар харуулын ажлыг гүйцэтгүүлэх зайлшгүй шаардлага байгаагүй юм. Хувийн харуул хамгаалалтын компаниас илүүтэйгээр татварын хэлтсийн харуул, хамгаалалтын ажлыг одоо ажиллаж гүйцэтгүүлэх зайлшгүй шаардлага байхгүй юм. Хувийн харуул хамгаалалтын компаниас илүүтэйгээр Татварын хэлтсийн харуул, хамгаалалтын ажлыг одоо ажиллаж байгаа 3 манаач бид маш сайн мэднэ. Энэ хугацаанд ямар нэгэн эд зүйл алдаагүй, бүрэн бүтэн хамгаалсаар ирсэн. Харин одоо бол та нар ажлаа өгөөрэй, та нарын ажлыг Сгээр гүйцэтгүүлнэ, чамайг чөлөөлж С ажиллуулна гэж байгаад гомдолтой байна. Мөн бүтэн жил ажиллуулчхаад ээлжийн амралт олгоогүй, орон тооны цомхотголд орж байгаа гэж чөлөөлж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасны дагуу тэтгэмж олгоогүй юм. Иймд Б аймгийн Татварын хэлтсийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/14 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг Б аймгийн Татварын хэлтсийн гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б аймгийн Татварын хэлтсийн дарга Т.Фь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Х тус аймгийн Татварын хэлтэст 2011 оноос манаачаар ажиллаж байсан бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 88-р тушаалаар гэрээт ажилтнаар томилогдсон байна. 2017 оны 3 дугаар 13-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар жижүүр буюу манаачаар байнгын ажлын байраар томилогдсон. 2019 оны 4 дүгээр сарын 01-ээс эхлэн буцаад гэрээт ажилтнаар томилогдон ажиллаж байсан болно. Энэ нь 2019 оноос тус хэлтсийн төсвийн цалингийн зардлаас хасагдаж харуул, хамгаалалтын зардал гэж тусгагдаж батлагдсантай холбоотой юм. Үүнтэй холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Татварын албан Ерөнхий газрын 03/552 дугаар албан тоотоор татварын албанд ажиллаж байгаа манаач нарыг гэрээт харуул хамгаалалтын албанд шилжүүлэх талаар чиглэл ирсэн. Мөн ТЕГ-ын даргын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/103 дугаар тушаалаар харьяа нэгжийн орон тоог шинэчлэн батлагдсан бөгөөд тус бүтэц орон тоогоор манаачдын орон тоо хасагдаж батлагдсан. Иймд шинээр батлагдсан бүтэц орон тоо болон манаач нарыг гэрээт харуул хамгаалалтын албанд шилжүүлэх талаар ирсэн чиглэлийн дагуу А.Хыг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Б/14 дугаар тушаалаар холбогдох хуулийн хүрээнд чөлөөлөгдсөн болно. Ээлжийн амралтын биеэр эдлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Дээрх үндэслэлийн дагуу А.Хын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч А.Х шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Би тус байгууллагад 10 жил ажилласан болохоор намайг үндэслэлгүй ажлаас халсанд нь маш гомдолтой байгаа. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Ажилдаа хариуцлагатай ханддаг байсан. Цалин хөлснөө ч сэтгэл хангалуун илүү дутуу зүйл хэлдэггүй байдаг байсан. Тэгээд явж байтал дарга ирээд та нартай хамтран ажиллах боломжгүй болсон бид хувийн хэвшлийн харуул хамгаалалтын компанитай ажиллах болсон гээд бичигт гарын үсэг зуруулж авсан. Тэгээд 21-ний өдөр хүртэл тухайн харуул хамгаалалтын албанд ажиллаж байгаад ажлаасаа халагдсан... миний бие аймгийн Татварын хэлтэст ажиллаж байх үед 7 дугаар сард... Албаны хувцас ирнэ захиалга өгөөрэй гэсэн гэхдээ бид нар Татварын Ерөнхий газраас албаны хувцас ирэх байх гэж баярласан байсан тэгэхэд Өндөр С С ХХК-ийн хувцас байсан. Тухайн үед тус хувцсыг өмсөхийг 4 харуул бүгд зөвшөөрөөгүй байсан. Хувцас нь солигдсон ч хүн нь солигдоогүй. Би 10 жил ажиллахдаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Хамгаалах ёстой байсан объектоо зохих ёсоор нь хамгаалж байсан. Тэнд ажиллаж байх хугацаандаа харуулын ажлаас гадна аж ахуйн бүх ажлыг гүйцэтгэдэг байсан...Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, аймгийн Татварын хэлтсийн гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоолгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Б аймгийн Татварын хэлтсийн дарга Т.Фь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байгаа. А.Х нь аймгийн Татварын хэлтэст 2011 оноос 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажилласан. Энэхүү ажиллах хугацаандаа хэд хэдэн удаа тушаал нь өөрчлөлдсөн гэх тайлбарыг хэлж байна. Миний бие өөрөө 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хэлтсийн даргаар томилогдсон. А.Х 2013 онд гэрээт ажилтан болсон. Би ажил авангуутаа 2017 оны 3 дугаар сард Б/09 дүгээр тушаал гаргаж энэ хүнийг албан ёсны ажлыг байранд томилоод 2019 оны 4 дүгээр сар хүртэл ажиллуулаад буцаагаад гэрээт ажилтнаар томилсон. Ингэж томилсон гол шалтгаан бол Б аймгийн Татварын хэлтэс өөрөө Татварын ерөнхий газарт харьяалагдаж явдаг, Татварын ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03/552 тоот албан бичгээр гэрээт харуул хамгаалалт ажиллуулах тухай гэсэн чиглэл ирсэн. Энэ чиглэлийн хүрээнд аймгийн Татварын хэлтэст ажиллаж байсан жижүүрүүдийг харуул хамгаалалтаар Өндөр С С ХХК-д шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал урьдчилж мэдэгдээгүй гэх зүйл ярьсан. Бидний хувьд бол урьдчилж мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 1 сарын мэдэгдсэн. Амралтын биеэрээ эдлүүлж чадаагүй тул холбогдох тушаал шийдвэр гаргаж тэтгэмжийг нь олгосон. Төсөв мөнгийг аваад үзвэл нотлох баримтаар гаргаж өгсөн төсөв мөнгө нь дээр 2019, 2020 оны төсвийг хүргүүлсэн. Төсөв дээр харуул хамгаалалтын зардал гээд сар болгон 1,8 сая төгрөгийн зардлыг тусгаж өгсөн. Энэ мөнгө бол ажилчдын цалин биш тухайн харуул хамгаалалтын зардал дээр тавиад тухайн компанид олгогдохоор төсөвт батлагдаж ирж байгаа. Татварын ерөнхий газрын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Татварын газар болон харья нэгжийн орон тоог шинэчлэн батлах тухай А/100 тоот тушаалаар манай аймгийн Татварын хэлтсийн орон тоог 37-оор баталж өгсөн. Үүний дотор гэрээт харуул гэсэн албан тушаал байхгүй. Өөрөөр хэлбэл, гэрээт харуулын орон тоо хасагдсан байгаа. Мөн Татварын Ерөнхий газраас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03/552 тоот Татварын албанд манаач, сахиур гэсэн орон тоо нь дээр хүн авч ажиллуулах харуул хамгаалалтын ажлыг хуульд нийцүүлэхгүй, хамгаалалтын сул байгаад анхаарч мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй тусгай харуул хамгаалалтын байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх, дахин ийм асуудал үүсгэхгүй байхыг анхааруулж 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор харуул хамгаалалтаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авч хариу мэдэгдэх гэсэн албан бичиг ирүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-ийг үндэслээд тус зүйлийн 40.1-ийн 1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах гэх зохицуулалтаар шийдвэр гаргасан. Мөн ажил олгогчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-ийг үндэслээд сарын өмнө мэдэгдсэн. Нэгэнт нэхэмжлэгчийн ажлын орон тоо хасагдсан тул ажил олгогчийн хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу түүнийг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан. Харуул хамгаалалтын зардал байгууллагын төсөвт тусгагдсан гэх нэхэмжлэл гаргаж байгаа боловч дээд шатны байгууллагын ирүүлсэн тушаал, албан мэдэгдэл, чиглэлийн дагуу Өндөр С С ХХК-тай гэрээ хийж ажиллаж байгаа. Нэхэмжлэгч талын дурдсан харуул хамгаалалтын хувийн компаниар гүйцэтгүүлэх гэсэн надад ямар нэгэн хувийн ашиг сонирхол байхгүй. Үүнийг бол албан ёсоор хариуцлагатайгаар мэдэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь,

1) Нэхэмжлэгч А.Х нь Б аймгийн Татварын хэлтэст 2011 оны 01 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн манаачийн ажил үүрэг гүйцэтгэсэн нь Хөдөлмөрийн гэрээ[1]-ээр;

мөн Б аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 3 дугаар сарын 13-ний өдрийн Б/09 дугаартай Ажилд томилон, цалин нэмэгдэл тогтоох тухай тушаалаар[2] ...тус хэлтсийн жижүүрийн ажлын гэрээгээр гүйцэтгэж байсан гэрээт ажилтан .... А овогтой Х нарыг ТЕГ-ын даргын тушаалаар батлагдсан хэлтсийн бүтэц орон тоог харгалзан жижүүрээр томилон ажиллуулсан нь;

мөн Б аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ний өдрийн Б/15 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар[3] ...Татварын Ерөнхий газраас татварын албаны хэмжээнд орон тооны хэтрэлттэй ажиллаж байгаа тул аймгийн Татварын хэлтсийн жижүүрийн орон тоог цуцлах чиглэл ирүүлсний дагуу татварын хэлтсийн жижүүр ....А овогтой Х нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тасалбар болгон цуцалж ажлаас чөлөөлсөн нь;

мөн Б аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/16 дугаартай Гэрээт ажилтнаар томилох тухай тушаалаар[4] А овогтой Х ...нарыг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээт жижүүр, харуулаар томилон, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн гэрээ[5] байгуулан ажиллуулсан нь хавтаст хэрэгт авагдсан эдгээр тушаалууд болон хөдөлмөрийн гэрээгээр тус тус нотлогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан Татварын Ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/103 дугаартай Татварын ерөнхий газрын болон харьяа нэгжийн орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын[6] хоёрдугаар хавсралтаар[7] 14.Б аймгийн Татварын хэлтсийн орон тоог 37 орон тоотой баталсан байна.

Энэхүү Б аймгийн Татварын хэлтсийн 37 орон тоонд тус хэлтэст жижүүр, манаач, гэрээт харуулын гэх орон тоо батлагдаагүй болох нь нотлогдож байна.

Хариуцагч (ажил олгогч) Татварын хэлтсээс Татварын Ерөнхий газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/103 дугаартай Татварын ерөнхий газрын болон харьяа нэгжийн орон тоог шинэчлэн батлах тухай тушаалыг батлагдсан орон тооноос илүү орон тоогоор ажиллаж байгаа хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн тус хэлтэст гэрээт харуулаар ажиллаж байгаа нэхэмжлэгч (ажилтан) А.Хад мэдэгдсэн нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №02 Мэдэгдэх хуудас болон энэ мэдэгдэх хуудас гардуулсан тухай тэмдэглэлээр нотлогдож байна.

Энэхүү Мэдэгдэх хуудас-нд нэхэмжлэгч А.Х гарын үсэг зурахаас татгалзсан болох нь шүүх хуралдаанд оролцсон гэрч А.Рийн... 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Өндөр С С ХХК-ийн харуул хамгаалалтын менежер нь аймгийн татварын хэлтсийн харуул нартай уулзалт хийгээд ямар учраас шилжүүлэг хийх гэж байгаа талаар болон өөрсдийн компани талаар танилцуулгыг хийсэн.... Тухайн үед манай захиргааны удирдлагын тасгийн дарга болон манай ажилчдын ихэнх нь амралттай байсан бөгөөд би захиргааны тасагт харьяалагддаг тул мэдэгдэх хуудсыг би гардуулж өгсөн. Гардуулж өгөхдөө харуул буюу жижүүрүүдийн тус бүрийг нь хэлтсийн даргын өрөөнд дуудаж хэлтсийн даргатай хамт уулзаж мэдэгдэх хуудсыг танилцуулж гарын үсэг зуруулсан... А.Хын хувьд бол санал нийлэхгүй байна гэж татгалзаж гарын үсэг зураагүй болохоор мэдэгдэх хуудсанд татгалзсан гэж тэмдэглэгээ хийсэн гэсэн мэдүүлэг болон нэхэмжлэгч А.Хын ..... би аймгийн Татварын хэлтэст ажиллаж байх үед 7 дугаар сард Өндөр С С ХХК-ийн албаны хувцсыг бид нарт өгөөд явсан. Өөрсдөө бид нарт заавал Монгол хэл мэдэх гэх шаардлага тавихгүй гэж хэлж байсан... татварын байцаагч А.Р нь 8 дугаар сарын дундуур намайг дуудаж нэг бичиг үзүүлээд гарын үсэг зураарай гэсэн би тэр бичигт гарын үсэг зурахаас татгалзсан....Яагаад гэвэл өмнө нь А.Р Өндөр С С ХХК-ийн бие төлөөлөгч ирэх үед тэр хүмүүстэй хамт явж байсан болохоор компанитай холбоотой бичиг байх гэж бодож гарын үсэг зурахаас татгалзсан гэж шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Иймээс Б аймгийн Татварын хэлтсийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/14 дугаартай А.Хыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1,37.1.3, 37.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Татварын Ерөнхий газрын болон харьяа нэгжийн орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын хоёрдугаар хавсралтад заасныг тус тус үндэслэн тус хэлтэст гэрээт харуулаар ажиллаж байсан А овогтой Хыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу орон тоо хасагдаж ажилтны тоог цөөрүүлсэн тул 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн байна.

Дээрх нотлох баримтуудаар хариуцагч (ажил олгогч) Б аймгийн Татварын хэлтсийн дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-д зааснаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон гэснийг нотлоогүй боловч, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-ыг зөв хэрэглэж, хэрэгжүүлсэн байх тул нэхэмжлэгч А.Х ажлаас буруу халагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

2) Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Татварын хэлтсийн 2020 оны урсгал төсвийн хуваарилалтад[8] харуул хамгаалалтын зардал гэж мөнгө тусгаж өгсөн болохоос тус хэлтэст жижүүр, манаач, гэрээт харуулын гэх орон тоо батлагдаагүй болох нь дээрх Татварын Ерөнхий газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/103 дугаартай Татварын ерөнхий газрын болон харьяа нэгжийн орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын хоёрдугаар хавсралтаар нотлогдож байна.

Мөн Татварын Ерөнхий газрын төрийн захиргааны удирдлагын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03/552 дугаартай Гэрээт харуул ажиллуулах тухай албан бичгээр аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс (газар) ийн дарга нарт ажлын байрны болон аюулгүй байдал, гэмт халдлага хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад онцгой анхаарч байгууллагын харуул хамгаалалтыг Гэрээт харуул хамгаалалтын хууль-ийн 3.1.1, 4.1-д заасны дагуу зохион байгуулж ажиллахыг мэдэгдсэн байна.

Эдгээр нөхцөл байдлуудтай холбоотойгоор хариуцагч Б аймгийн Татварын хэлтэс нь Өнөр С С ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр №20/09 дугаартай Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан тус хэлтсийн харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгүүлж байгаа нь Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралт Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэл-ийн 6.2-д[9] болон 4.3-д[10] заасан заалттай тус тус нийцэж байна.

Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч А.Хын нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан нэхэмжлэгч Шыбарайгыр овогт Аийн Хын Б аймгийн Татварын хэлтсийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/14 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б аймгийн Татварын хэлтсийн гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК

 

 

 

 

 

 

[1]Хавтаст хэргийн 07 дугаар талд;

 

[2] Хавтаст хэргийн 04 дугаар талд;

 

[3]Хавтаст хэргийн 05 дугаар талд;

 

[4]Хавтаст хэргийн 45 дугаар талд;

 

[5]Хавтаст хэргийн 08 дугаар талд;

 

[6]Хавтаст хэргийн 26 дугаар талд;

 

[7]Хавтаст хэргийн 27 дугаар талд;

 

[8]Хавтаст хэргийн 27 дугаар талд;

 

[9]Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралт Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэл-ийн 6.2-д Гэрээгээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ:... харуул, хамгаалалтын үйлчилгээ..., мөн

 

[10]4.3-д байгууллагад ажиллаж байгаа ...жижүүр, харуул, манаач, сахиул...зэрэг ... ажилтныг мөн адил гэрээгээр ажиллуулах ажлыг зохион байгуулна