Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 699

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00454 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Мд холбогдох

 

125 038 227.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Болдбаатар

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ариунаа

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Чинбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр А.М Солонгос Улсаас Д.Болдбаатар руу залгаж 5 автобус байна гэсний дагуу Д.Болдбаатар банк бус санхүүгийн байгууллагаас 100 000 000 төгрөгийн зээл авч 98 000 000 төгрөгийг вонн болгоод өөрийн хүү Б.Пүрэвдоржоор явуулсан. “С” ХХК нь Дэйвүү /Daewoo/ Би Эс 106 /ВS106/ маркийн 5 ширхэг автобус авах, А.М Солонгос Улсаас уг автобуснуудыг өгч явуулах тохиролцоо тэдний хооронд хийгдсэн байдаг. А.М 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр эхний 2 автобусыг явуулсан, түүнээс хойш үлдсэн автобус явуулаагүй болохоор мөнгөө авахаар шаардсан. 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр А.Мтай уулзаж, үлдэгдэл мөнгөө авъя гэхэд 49 395 000 төгрөг, 1 200 ам.долларыг боломжоороо өгч, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах болно гэсэн. Гарын үсэгтэй бичиг нь хэрэгт байгаа. А.М мөнгийг одоо хүртэл өгөөгүй тул зээл, зээлийн хүүний дарамтад давхар орж, их хэмжээгээр хохирч байна. А.М хариу тайлбартаа өөрөөсөө 500 ам.доллар гаргасан гэж бичсэн. Тээврийн зардал 500 ам.доллар болохгүй. Хэргийн материалын 47-48 хуудаст байгаа “Наос” ХХК гэдэг тээврийн компанитай гэрээ хийж би бүх тээврийн зардлыг төлсөн. Автобусны үнийн талаар олон төрлийн баримт байгаагаас хамгийн бодит үнэ нь Инчеон хотын захиргаанаас гаргасан 4 500 ам.доллар гэсэн баримт юм. А.М надад баримт өгөөгүй. 46 000 ам.долларыг өгч явуулсан. А.М нэмж 1 200 ам.доллар авсан. Нийт 47 200 ам.доллар болсон. Үүнээс А.Мгийн 1 автобус авахад 4 500 ам.доллар, автобусны тээвэрлэлтийн зардал 100 ам.долларын зардал гаргасан байдаг ба 5 автобусны үнэ 22 500 ам.доллар, нэмэлт зардал 500 ам.доллар нийт 23 000 ам.доллароор худалдан авсан байна. Үлдэх 24 200 ам.долларыг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Монголбанкны ам.долларын ханш 2 636 төгрөгөөр тооцож нийт 63 791 200 төгрөг гаргуулна. 2014 оны 4 дүгээр сард захиалсан автобусаа хүлээлгэн өгч, үлдэх 24 200 ам.долларыг буцааж өгөөгүйгээс 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 25 000 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 20 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 30 000 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 50 000 000 төгрөгийн зээл авч, зээлийн хүүгийн хохиролд орсон. Учирсан хохирлыг аудитаар тогтоолгоход нийт 62 954 977 төгрөг болсон тул хариуцагч А.Мгаас нийт 125 038 227.31 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч А.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Эрдэм транс” ХХК-ийн захирал н.Эрдэнэбилэг, “НЧБ” ХХК-ийн захирал Б.Наянчулуун хоёр Д.Болдбаатар гэж хүн автобус хайж байна, чи туслаач гэсний дагуу би Д.Болдбаатарт 100 000 000 орчим төгрөгт 5 автобус авч өгөхөөр тохиролцсон. Д.Болдбаатар 9 автобус гэж ярьсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Би автобус санал болгосны дагуу 5 ширхэг автобус авахаар тохиролцож, 46 000 ам.долларыг өөрийн хүү Б.Пүрэвдоржоор өгч явуулсан.

БНСУ-ын Үндэсний шүүхийн удирдах газраас ирсэн хавсралтад нэг ширхэг автобус нь ойролцоогоор 13 000 000 вон гэж Вүүрибүс /Wooribus/ ХХК-ийн захирал Мүүн Вүүсүк /Moon Woo-suk/ гарын үсэг зурсан. Би ойролцоо үнээр авч “С” ХХК-д худалдсан. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт хохирлыг ямар тохиолдолд нэхэмжилж болох талаар заасан. Тохиолдох ёстой байсан хохирлыг нөгөө тал хариуцахгүй. Зээл нь нэхэмжлэгчтэй холбоотой. Хүүгийн төлбөртэй асуудалд хариуцагчтай холбоотой зүйл байхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч А.Мгаас 23 084 525 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 101 953 702.31 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч “С” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 024 535 төгрөгөөс 783 141 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 241 393 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч А.Мгаас 273 372 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

Хариуцагч А.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Даалгаврын гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл даалгавар өгөгчөөс тэргүүн ээлжинд гардаг бөгөөд түүний хүсэл зоригийг даалгавар гүйцэтгэгч хүлээж авах эсэхэд хариу илэрхийлдэг. Би "5 ширхэг автобус" зарах саналыг Д.Болдбаатарт тавьсан бөгөөд Д.Болдбаатар түүний саналыг хүлээн авч, хариу илэрхийлсэн. Харин хариуцагч А.М БНСУ-аас автобус авч, Д.Болдбаатарт зарах сонирхолтой байсан бөгөөд түүнээс ашиг олох зорилготой байсан нь илтэд харагдана. Гэтэл анхан шатны шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тодорхойлолгүй Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх заалтыг хэрэглэсэн нь буруу болсон.

Түүнчлэн хариуцагч А.Мг "Сайхан Ирээдүй" ХХК-д 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр эхний 2 автобус, улмаар 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр үлдэх 3 ширхэг автобусыг нийлүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх эхний 2 автобус болон сүүлд нийлүүлсэн 3 автобусны үнийг ердөө нэг жилийн хугацаанд илт зөрүүтэй байдлаар үнэлсэн нь алдаатай болсон. Өөрөөр хэлбэл, автобусны үнэ нэг жилийн хугацаанд хэд дахин буурах боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн тайлбар, тодруулга, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэгт нэхэмжлэгчийн анхны хүсэл зоригийн илэрхийлэл нь 5  ширхэг Дэйвүү /Daewoo/ маркийн автобусыг худалдаж авах байсан бөгөөд уг 5 ширхэг автобусны үнийг хариуцагч өгсөн тухайгаа шүүх хуралдаан бүрт тайлбарласан. Гэтэл шүүгчийн зүгээс нэхэмжлэгчийг олон автобусны захиалга өгсөн мэтээр хүсэл зоригийн илэрхийллийг буруу тайлбарлаж, улмаар илүү авсан үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болсон.

Шүүгч нэхэмжлэгчийн уг хүсэл зоригийн илэрхийллийг бүрэн тогтоох шаардлагатай, энэ нь хэрэгт хамааралтай гэж үзсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу цагдаад хандан, хохирогчийн мэдүүлэг гаргуулж, нэхэмжлэгчийн зүгээс 5 ширхэг автобусыг анхнаасаа  ярьж байсан гэдгийг тогтоох боломжтой байсан. Гэтэл үүнийг эргэлзээтэй гэж шүүгчийн зүгээс дүгнэж, улмаар үүнийг тогтоохгүйгээр таамаглал дэвшүүлж хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч А.Мд холбогдуулан даалгаврын гэрээний үүргийн гүйцэтгэлд 125 038 227 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “...худалдах-худалдан авах гэрээ байгуулсан...”, “...үүрэг дуусгавар болсон...” гэх үндэслэлээр татгалзжээ. Талууд гэрээний төрлийн талаар маргаж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор шүүхэд гар утасны бичлэгийг дискэнд /CD/ буулган нотлох баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд шүүх хуралдаанд уг бичлэгийг иш татан мэтгэлцсэн байна. /2хх 92-94 дэх тал/

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрхийн дагуу нотлох баримтаас хасч, энэ талаар эрх зүйн акт үйлдэх ёстой. Гэтэл маргааны үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг /CD/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасны дагуу үзлэг хийж бэхжүүлэх ажиллагаа явуулаагүй, мөн уг нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна. Иймээс шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүхээс уг зөрчлийг залруулан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлэн, зохигчдын маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00454 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273 372 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

           

                                         ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                 Ч.ЦЭНД