Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 00454

 

 

 

 

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2019/00454

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: С И ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.М-д холбогдох,

125,038,227.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Болдбаатар, түүний өмгөөлөгч Ж.Ариунаа, хариуцагч А.М, түүний өмгөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С И ХХКнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С И  ХХК-ийн захирал Д.Болдбаатар нь анх "Эрдэм транс ХХК-ийн захирал н.Эрдэмбилэг, н.Наянчулуун нараар дамжуулан А.Мтай танилцсан байдаг. А.М нь Солонгос улсад ажиллаж амьдарч байсан. Манай нийтийн тээврийн бусад компанид ийм төрлийн автобус оруулж өгдөг байсан хүн. С И ХХКнь нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд парк шинэчлэлт хийх санаатай байсан. Тэгтэл 2014 оны 03 сарын 18-ны өдөр А.М Солонгосоос Д.Болдбаатар руу залгаж, энд 2 автобус байна, та авах уу гэхэд, би мөнгөгүй байна гэхэд нь маргааш өдөр нь дахиж залгаад та автобус авах уу, энд ер нь бол нийт 5 автобус байна гэхээр нь Д.Болдбаатар мөнгө хайж олоод авъя гэсэн. Ингээд Банк бус санхүүгийн байгууллагаас 100 сая төгрөгийн зээл авч 98 сая төгрөгийг нь вонн болгоод өөрийн хүү Б.Пүрэвдоржоор явуулсан. Автобус захих үед А.М Солонгос улсад байсан болохоор Б.Пүрэвдорж вонныг доллар болгоод А.Мд өгсөн. С И ХХКнь Daewoo ВS106 маркийн 5 ширхэг автобус авах, А.М Солонгос улсаас Daewoo ВS106 маркийн автобус авч өгч явуулах тохиролцоо тэдний хооронд хийгдсэн байдаг. А.М мөнгийг аваад 2014 оны 04 сарын 14-ний өдөр эхний 2 автобусыг явуулсан бөгөөд үлдсэнийг нь удахгүй явуулна гэж хэлсэн. Түүнээс хойш үлдсэн автобусыг явуулна гээд явуулахгүй болохоор нь мөнгөө авъя гэж удаа дараа шаардсан. Монголд ирээд ч уулзахгүй зугтаад байсан. 2014 оны 08 сарын 04-ний өдөр А.Мтай уулзаж, үлдэгдэл мөнгөө авъя гэхэд үлдсэн 49,395,000 төгрөгийг 1,200 ам.долларын хамт 2014 оны 08 сарын 14-нөөс эхлээд боломжоороо өгч, 2015 оны 09 сарын 04-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах болно гэсэн. Гэтэл хугацаандаа мөнгөө өгөхгүй зугтаад алга болоход нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч иргэнд хоорондын маргаан байна гээд хэрэгсэхгүй болгосон. С И ХХКнь А.Мд өгсөн мөнгийг одоо хүртэл аваагүйгээс зээл, зээлийн хүүний дарамтад давхар орж ихээхэн хэмжээгээр хохироод байна. Иймд иргэн А.Мгаас автобус захиалсан мөнгөний үлдэгдэл 26,492,400 төгрөгийг гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С И  ХХК-ийн төлөөлөгч Д.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 03 дугаар сарын 15-ны үед А.М гэж хүн над руу утсаар яриад Солонгост сайхан, алдаж болохгүй 2 автобус байна. Д.Болдбаатар ах аа та авахгүй юм уу гэсэн. Би тэгэхэд нь надад мөнгө байхгүй байна, болъё гэж хэлсэн. Маргааш, нөгөөдрөөс нь 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл өдөрт 2, 3 удаа намайг шахаж шаардаад та энэ хоёр автобусыг авчих. Алдаж болохгүй их сайхан автобус байна гээд байхаар нь би А.Мд хэрвээ авна гэвэл би 5 автобус авна гэж хэлсэн. Гэхдээ би 5 автобус захиагүй. Эхлээд 2 автобус байж байгаад, 5 автобус болсон. Дараа нь 7 автобус болоод, сүүлдээ 9 автобус авахаар болсон. Алдаж болохгүй сайхан автобус байна. Та авчихаач гээд байхаар нь би мөнгө олоод авъя гэсэн юм. Миний таньдаг хүмүүс А.Мг зальтай. Олон компанийг залилж байсан гэж хэлж байсан. А.М биWoori bus ХХК-ийн дистрибьютер. Би эндээсээ цалин авдаг. Би танаас нэг ч төгрөг авахгүй гэж байсан болохоор миний бие 100,000,000 төгрөгийн зээл аваад өөрийнхөө хүүгээрээ мөнгийг биечлэн хүргүүлж өгсөн. А.М надад та мөнгөө каргогоор явуулчих гэж байсан. Би хүү Б.Пүрэвдоржид Солонгост очоод тэр автобуснууд нь ямар автобуснууд байна үзээд ир, болбол аваарай. Болохгүй бол авалгүй хүрээд ирээрэй гэж хэлсэн. Гэтэл хүүг маань очиход А.М бэлэн автобус байгаа нэг газар нь 3 хоноод очдог. Нөгөө газарт нь 5 хоноод очдог гэж хэлээд худлаа яриад манай хүүгээс мөнгийг нь аваад буцаасан байсан. Солонгос улсад 3 хоног, 5 хоног болж очдог газар байхгүй. Манайхтай харьцуулбал жижиг улс. Манай Монголчууд Солонгосоос 7, 8 жил болоод актлагдсан автобусуудыг авдаг. А.Мгаас өмнө манай хүү яваад ирсэн. Үүнээс хойш би ч гэсэн өөрөө автобус авч ирж байсан. Тэнд шинэ автобус шиг өндөр үнэтэй автобусууд байдаггүй. Миний өгсөн мөнгийг зөвхөн 5 автобус авахаар захиж өгсөн мөнгө мэтээр хуулийн байгууллага, шүүхэд ойлгуулаад байна. Тэнд нэг автобус 3,000 ам.доллароос 6,000 ам.долларын хооронд байдаг. Гэхдээ Daewoo, Hyundai гэсэн төрлийн автобус байгаа. Hyundai маркийн автобус нь арай үнэтэй. А.Мгийн надад авчирч өгсөн Daewoo маркийн автобус нь хямдхан үнэтэй байдаг. Daewoo маркийн автобус дотроо энгийн дизель, турбатай дизель, гаазан автобус, цахилгаан секцтэй автобус гэж 4 төрөл байдаг. Хамгийн хямд, муу автобусыг нь А.М над руу явуулсан. Эхний 2 автобусыг авсныхаа дараа би А.Мгаас үлдсэн мөнгөө авъя гээд 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өмгөөлөгчөө дагуулаад А.Мгийн ажил дээр очсон. Би автобус авахгүй гэхэд А.М би таны мөнгийг 1 сарын дотор буцааж өгнө гэж хэлсэн. Гарын үсэгтэй бичиг нь хэрэгт байгаа. Миний хүүгээрээ өгч явуулсан мөнгийг зөвхөн 5 автобусны мөнгө гэж тайлбарласан. Тэр мөнгө бол би хүүдээ автобуснуудыг үзэж харж байгаад бололцоотой бол 9 автобус авчраарай гэж явуулсан мөнгө. Тэр автобусууд А.М Хариу тайлбартаа өөрөөсөө 500 ам.доллар гаргасан гэж бичсэн байна. тээврийн зардал 500 ам.доллар болохгүй. Би автобус зөөж байсан, зөөлгөж байсан хүний хувьд сайн мэднэ. Хэргийн материалын 47-48 хуудаст байгаа Наос ХХК гэдэг тээврийн компанитай гэрээ хийгээд би өөрөө бүх тээврийн зардлыг төлсөн. А.Мгаас нэг ч төгрөг гараагүй. Энэ дээр А.Мгийн оролцоо нэг ч байхгүй. автобусны үнийн талаар 7, 8 төрлийн баримт байгаа. Эдгээрээс хамгийн ойролцоо бодитой үнэ нь Инчеон хотын захиргаанаас гаргасан 4,500 доллар гэдгийг би авсан. А.Мгаас гаргасан 500 ам.долларыг нэмье. Энэ бүх мөнгө А.Мд дандаа ашигтайгаар шийдэгдэж байгаа. Бидний А.Мд өгсөн мөнгөнөөс А.М надад ямар ч баримт өгөөгүй. Замын-Үүдийн гаалиар орж ирсэн, улсын хилээр тогтоосон үнийг бид авсан. Инчеон хотоос гаргаж өгсөн үнийг бид авсан. Ингээд 4.500 ам.доллар гэж бид эцсийн үнийг барьсан. Би 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр А.Мтай уулзахдаа би хохирлоо төлүүлэлгүй дэндүү удлаа. Чи намайг дэндүү хүнд байдалд хийлээ гэж хэлж, ойлгуулсан. А.М ч өөрөө би үнэхээр буруу юм хийлээ. Танаас уучлалт гуйж байна. Би таны мөнгийг будгийн үйлдвэр байгуулах гээд хэрэглэсэн гэдгээ хэлсэн. Иймд 46,000,000 ам.долларыг өгч явуулсан. А.М нэмж 1,200 ам.доллар авсан. Нийт 47,200 ам.доллар болсон өгсөн. Үүнээс А.Мгийн 1 автобус авахад 4,500 ам.доллар, автобусны тээвэрлэлтийн зардал 100 ам.долларын зардал гаргасан байдаг ба 5 автобусны үнэ 22,500 ам.долаар, нэмэлт зардал 500 ам.доллар нийт 23,000 ам.доллароор худалдан авсан байна. Үлдэх 24,200 ам.долларыг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Монголбанкны ам.долларын ханш 2,636 төгрөгөөр тооцож нийт 63,791,200 төгрөг гаргуулна. Мөн С И ХХКнь Солонгос улсаас автобус авахаар 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 100,000,000 төгрөг зээлж авсан. Үүнээс 84 сая орчим төгрөгийг 47,200 ам.доллар болгон 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр А.Мд өгсөн. 2014 оны 04 дүгээр сард захиалсан автобусаа хүлээлгэн өгч, үлдэх 24,200 ам.долларыг буцааж өгөөгүйгээс 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 25,000,0000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 30,000,0000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 50,000,000 төгрөгийн зээл авч, зээлийн хүүгийн хохиролд орсон. Учирсан хохирлыг аудитаар тогтоолгоход нийт 62,954,977 төгрөг болсон тул хариуцагч А.Мгаас нийт 125,038,227.31 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч А.М шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Тухайн үед хувийн хэвшлийн 2, 3 компанид Солонгос улсаас 20 орчим автобус нийлүүлсэн. Эрдэм транс ХХК-ийн захирал н.Эрдэнбилэг, НЧБ ХХК-ийн захирал Б.Наянчулуун хоёр А.Болдбаатар гэж хүн автобус сураад байна. Чи туслаач гэсний дагуу би А.Болдбаатар гэж хүнд 100,000,000 орчим төгрөгт 5 автобус авч өгөхөөр тохиролцсон. А.Болдбаатар 9 автобус гэж ярьсан гэж байна. Ийм яриа гарч байгаагүй. Яагаад ийм юм ярьж байгааг ойлгохгүй байна. Энэ автобустай цуг орж ирсэн олон автобус байгаа. Автобус ямар үнэ, ханштай байдгийг бүгд мэднэ. Тэр үед автобус олдохгүй, ховор байсан. Өнөөдрийг хүртэл би автобус компаниудад автобусаа нийлүүлж байгаа. Тэр үеийн автобус авч байсан хүмүүс бүгд автобусны үнэ ханшийг нь мэдэж байгаа. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэл нь гаалийн баримтад дээрх автобусны үнэ 4,500 ам.доллар гэж бичсэн байхад надад 100,000,000 төгрөгөөр 5 автобус өглөө, 4,500 долларыг 5 автобусаар үржүүлэхээр 22,500 ам.доллар болоод байна гэсэн нэхэмжлэл гаргасан. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага, өөрчилж үндэслэлээсээ өөр зүйл ярьж байна. 500 ам.долларыг А.Мгаас гаргасан гэдгийг бид бичээгүй. Та нэхэмжлэлдээ автобусыг боомт хүртэл ачих ачилтын 100 ам.долларыг А.М өөрөөсөө гаргасан. Энэ 5 автобусны зардлыг хасаад 23,000 ам.долларын асуудлыг нэхэмжилж байна гэж бичсэн байна. А.М Солонгос улсаас автобус авдаг. Авсан автобусаа Монголд үйл ажиллагаа явуулдаг автобусны компаниудад худалддаг. Анх Сайхан Ирээдүй ХХК-д А.М сайхан автобус байна, автобус аваач гэж санал тавьсан. Сайхан ирээдүй ХХК автобус сонирхъё, авъя гээд 5 ширхэг автобус авахаар А.Мтай тохиролцож, 46,000 ам.долларыг өөрийн хүү Б.Пүрэвдоржоор өгч явуулсан. А.М, С И ХХКнарын хооронд 5 ширхэг автобусыг 46,000 ам.доллараар авна гэж тохирсон. Түүнээс биш А.М гэдэг хүн Солонгосын Wooribus ХХК-г Сайхан-Ирээдүй ХХК-д зуучилж өгөөгүй. Харин А.М Wooribus ХХК-иас 5 ширхэг автобус аваад Сайхан-Ирээдүй ХХК-д 46,000 ам.доллар буюу Монгол мөнгөөр 100,000,000 орчим төгрөгөөр зарахаар тохиролцоо хийсэн. Өнөөдөр С И ХХК5 автобусыг нь аваад үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг талаас нэг нь автобусыг худалдаж байна. Нөгөө талаас автобусыг худалдаж авч байна. Энэ дээр автобус худалдаж байгаа хүн ашиг хийнэ. Хэдэн төгрөгийн ашиг хийсэн нь тодорхойгүй. Нэгэнт 5 автобусыг 46,000 ам.доллараар авахаар тохиролцоо хийгээд, автобус авсан байхад Солонгосын компаниас хямд автобус аваад, надад үнэтэй зарлаа гэдэг байдлаар өнөөдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь эрх зүйн хувьд үндэслэлгүй. Солонгосын компаниас ирсэн баримтаар БНСУ-ын Үндэсний шүүхийн удирдах газраас ирсэн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн хавсралтад борлуулалт хийсэн талаар баталгаажуулалтын талаар баримт байгаа. 5 машиныг 2014 оноос 2015 оны хооронд монгол улсад борлуулсан болохыг санаж байна. Ойролцоогоор ширхэг тутам нь 13,000,000 вон байсан гээд Wooribus ХХК-ийн захирал Moon Woo-suk гэж гарын үсэг зурсан байгаа. А.М нь ойролцоогоор ийм үнээр аваад Сайхан-Ирээдүй ХХК-д худалдсан. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 100,000,000 төгрөгөөр 5 автобус авахад зориулагдсан гэж байна. Үүнтэй холбоотойгоор 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 25,000,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 50,000,000 төгрөгийг тус тус авсан байна. Ингэж зээлсэн мөнгөний хүүгийн зөрүү 62,954,977 төгрөг болж А.Мгаас гаргуулъя гэж тайлбарлаад байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт хохирлыг ямар тохиолдолд нэхэмжилж болох вэ гэдгийг заасан. Нэгэнт тохиолдох ёстой байсан хохирлыг нөгөө тал хариуцахгүй. Та 5 автобус авахын тулд 100,000,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээлсэн. Тухайн зээлийн үр дагавар Сайхан-Ирээдүй ХХК-тай холбоотой үр дагавар. Хүүгийн төлбөртэй асуудалд А.Мтай холбоотой зүйл байхгүй учир өөрсдөө эрсдэлээ үүрэх хэрэгтэй. Банкнаас мөнгө зээлэх боломжтой байсан боловч өөрсдөө банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй мөнгө зээлсэн. Ийм учраас хохирол гэж нэхэмжлээд байгаа зүйл хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С И ХХКнь хариуцагч А.Мд холбогдуулан 26,492,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэн 125,038,227.31 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч С И ХХКнь хариуцагч А.Мд холбогдох нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсан байна. Үүнд:

 

1.С И ХХКнь Daewoo BS106 маркийн 5 ширхэг автобус авах, А.М нь Солонгос улсаас Daewoo BS106 маркийн автобус авч, Монгол Улс руу тээвэрлүүлэх тохиролцоо хийсэн. Иргэний хуульд заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн. А.Мд даалгавар гүйцэтгүүлэхээр 46,000,000 ам.доллар, нэмж 1,200 ам.доллар нийт 47,200 ам.доллар өгсөн. Худалдан авсан 1 автобусны үнэ 4,500 ам.доллар, автобус тээвэрлэлттэй холбоотой зардал 100 ам.доллар, 5 автобусны үнэ 22,500 ам.доллар, нэмэлт зардал 500 ам.доллар нийт 23,000 ам.доллар болсон. Үлдэх 24,200 ам.доллар буюу 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Монголбанкны ам.долларын ханш 2,636 төгрөгөөр тооцож нийт 63,791,200 төгрөгийг гаргуулах;

2.С И ХХКнь Солонгос улсаас автобус авахад зориулж 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 100,000,000 төгрөгийн зээл авсан. Үүнээс 84 сая орчим төгрөгийг 47,200 ам.доллар болгон 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр А.Мд өгсөн. 2014 оны 04 дүгээр сард захиалсан автобусаа хүлээлгэн өгч, үлдэх 24,200 ам.долларыг буцаан өгөөгүйгээс 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 25,000,0000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 30,000,0000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 50,000,000 төгрөгийн зээл авч, зээлийн хүүгийн хохирол үүссэн. Зээлийн хүүг учирсан хохиролд тооцож нийт 62,954,977 төгрөг гаргуулна гэжээ.

 

Хариуцагч А.М нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... С И ХХКнь иргэн А.Мгаас 5 ширхэг Daewoo BS106 маркийн автобусыг 46,000 ам.доллараар худалдан авахаар тохиролцсон. 47,200 ам.доллараар Солонгос улсад үйл ажиллагаа явуулдаг Woori bus компаниас 5 ширхэг автобусыг авч, Сайхан-Ирээдүй ХХК-д хүлээлгэн өгсөн. ... Солонгос улсад үйл ажиллагаа явуулж буй Woori bus компаниас 1 ширхэг автобусыг ойролцоогоор 13,000,000 вон буюу 22,230,000 төгрөгөөр, нийт 5 ширхэг автобусыг 111,150,000 төгрөгөөр худалдан авсан нь нотлох баримтаар нотлогдож байна. Худалдах худалдан авах хэлцэл хийсэн ч хэзээ автобус өгөх талаар хугацааг тохиролцоогүй тул хохирол шаардах үндэслэлгүй. Сайхан-Ирээдүй ХХК-иас авсан 47,200 ам.доллар нь тухайн үеийн ханшаар ойролцоогоор 84,000,000 төгрөг болж байна. 25,000,000, 30,000,000, 50,000,000 төгрөгийн зээл авч хүү төлөхөөр хохирсон нь нотлогдохгүй байхаас гадна А.Мд хамааралгүй гэж тайлбарласан.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийнн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэлийн 63,791,200 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд

 

Талууд анх харилцан тохиролцсон хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр гэрээ байгуулаагүй байх бөгөөд тэдний тохиролцоо ямар байсан, Daewoo BS106 маркийн 5 автобусны үнэ болон болсон үйл баримтын талаар зөрүүтэй тайлбар гарган маргаж байна.

 

Нэхэмжлэгч 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчид нийт 47,200 ам.долларыг өөрийн хүү Б.Пүрэвдоржоор дамжуулан өгсөн, хариуцагч нь БНСУ-аас Daewoo BS106 маркийн автобус худалдан авч, Монгол Улс руу ачуулсныг нэхэмжлэгч 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 2 ширхэг, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 3 ширхгийг тус тус хүлээн авсан талаар зохигч маргаагүй.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын болон эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу тохиролцсон гэрээний зүйлийг бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. Харин ддаалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч А.Мгийн бичсэн Мөнхбуяан миний бие Сайха ирээдүй автобус компанийн захирал Болдбаатараас 5 автобусны мөнгө хүлээж аваад 2 автобусыг явуулсан болно. Үлдэгдэл мөнгө болох 49,395,080 төгрөгийг 1,200 долларын хамт 2014.9.04-ний дотор төлж барагдуулах болно гэх баримт /хх-ийн 175 дугаар тал/, Ачаа тээврийн бичиг баримт, Нэхэмжлэх бараа бүтээгдэхүүний жагсаалт гэх баримт, нэхэмжлэгч Сайхан-Ирээдүй ХХК-иас Б.Пүрэвдоржоор дамжуулан 46,000 ам.долларыг 1,200 ам.долларын хамт нийт 47,200 ам.долларыг хариуцагч А.Мд өгч, БНСУ-аас 5 ширхэг автобус худалдан авч, Монгол Улс руу тээвэрлүүлсэн зэрэг үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-Худалдан авах гэрээний агуулгатэй гэрээний харилцаа үүсээгүй байна.

Хариуцагч А.М нь нэхэмжлэгч С И  ХХК-ийн нэрийн өмнөөс түүний зардлаар 5 ширхэг автобусыг БНСУ-аас худалдан авч, тээвэрлүүлэн Монгол Улсад оруулж ирэх үүргийг хүлээсэнбайдал дээр дурдсан нотлох баримтаар үгүйсгэгдэхгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

 

Даалгавар өгөгч нь даалгавар гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах зүйлийг даалгавар гүйцэтгэгчид олгох, даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зардлыг төлөх үүрэгтэй. Даалгавар гүйцэтгэхтэй холбоотойгоор А.М нь зардалд 1,200 ам.доллар нэмж авахаар шаардсан, зөвшөөрч шилжүүлэн өгсөн үйл баримт шүүхэд гэрч Б.Пүрэвдорж, зохигчийн тайлбараар нотлогдож байх тул 1,200 ам.долларыг С И ХХК-д буцаан төлөх үндэслэлгүй байна.

 

Даалгавар гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.3-т заасны дагуу даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн шаардлагаар гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх, даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид нэн даруй шилжүүлэх үүрэгтэй.

 

Хэрэгт автобусны үнийн талаар дараах нотлох баримт авагдсан:

- Нэхэмжлэх бараа бүтээгдэхүүний жагсаалт гэх баримтад BS106 KL5UM52PD7U000573, BS106KL5UM52PD7U000723, BS106 KL5UM52PD7U000722 маркийн 3 ширхэг автобусны үнийг 4,500 ам.доллар; /хх-ийн 8-9, 16-17 дугаар тал/

- шүүгчийн захирамжаар хилийн чандад нотлох баримт бүрдүүлэх ажиллагааны дагуу БНСУ-ын Пусан хотын даргаас ирүүлсэн баримтад BS106 KL5UM52PD7U000573 маркийн автобусны үнийг худалдааны нэхэмжлэх, барааны жагсаалтад 10,000 ам.доллар, BS106 KL5UM52PD7U000723 маркийн автобусны худалдааны нэхэмжлэх, барааны жагсаалтад 5,000 ам.доллар; /хх-ийн 149-160 дугаар тал/

- БНСУ-ын Wooribus компаниас ирүүлсэн баримтад BS106 KL5UM52PD7U000573, BS106KL5UM52PD7U000723, BS106 KL5UM52PD7U000722, BS106 KL5UB52PD7U000744, BS106KL5UM52PD7P027301 маркийн 5 автобусыг ойролцоогоор ширхэг тутмын үнэ 13,000,000 вон гэх баримт. /хх-ийн 206, 214 дүгээр тал/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад автобусны үнэ зөрүүтэй байх боловч BS106KL5UB52PD7U000744, BS106 KL5UM52PD7P027301 маркийн 2 автобусыг нэхэмжлэгч хүлээн авснаас хойш хариуцагч нь нэхэмжлэгчид 49,395,080 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй байсан нь 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр А.Мөнхбянгийн баталгаа болгон бичсэн баримт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр нотлогдож байна гэж үзэв.

 

Үлдэх BS106 KL5UM52PD7U000573, BS106 KL5UM52PD7U000723, BS106 KL5UM52PD7U000722 маркийн 3 ширхэг автобусны үнийг хариуцагч А.М нэг бүр нь 4,500 ам.доллар гэж гаалийг баримтад мэдүүлсэн байна. Улсын хилээр оруулах барааны үнийг мэдүүлэгч үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Түүнчлэн даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн шаардлагаар гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх үүрэгтэй тул дээрх 3 автобусыг нийт 13,500 ам.доллар худалдан авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх 49,395,080 төгрөгөөс 3 автобусны үнэ 26,310,555 төгрөг /Монголбанкнаас зарласан ханш 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр буюу 3 автобус авах өдрийн 1 ам.доллар 1,948.93 төгрөг х 13,500 ам.доллар = 26,310,555 төгрөг/-ийг хасч, үлдэх 23,084,525 төгрөгийг буцаан шилжүүлэх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэлийн 62,954,977 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр БНСУ-аас автобус худалдан авахтай холбоотойгоор Нэткапитал финанс корпораци ХХК-иас 100,000,000 төгрөгийн зээл авсан байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд даалгавар гүйцэтгэх үүргийг хэрхэн, ямар хугацаанд гүйцэтгэх талаар тохиролцсон тохиролцоог нотлох баримтгүй байна. Даалгавар гүйцэтгэгч 5 автобус авч, хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул даалгавар өгөгч ямар эх үүсвэрээс даалгавар гүйцэтгүүлэх мөнгө авч, буцаан төлсөн нь даалгавар гүйцэтгэгчид хамааралгүй.

 

Өөрөөр хэлбэл бусдаас зээл авсанд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй тул зээлийн хүү төлөхөөр дахин зээл авсан, хүү төлж хохирсон хохирлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна. Нөгөө талаар 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 25,000,0000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 30,000,0000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 50,000,000 төгрөгийг зээлсэн зээлийн гэрээ, аудитын тайлан зэрэг нотлох баримт нь даалгавар гүйцэтгэх хэлцлийн дагуу хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс 62,954,977 төгрөгийн хохирол учирсан болохыг нотолж чадахгүй байна.

Иймд хариуцагч А.Мгаас 23,084,525 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Сайхан-Ирээдүй ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 101,953,702.31 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.3-т заасны дагуу хариуцагч А.Мгаас 23,084,525 /хорин гурван сая наян дөрвөн мянга таван зуун хорин тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 101,953,702.31 /нэг зуун нэг сая есөн зуун тавин гурван мянга долоон зуун хоёр төгрөг, гучин нэг мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч С И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,024,535 төгрөгөөс 783,141 төгрөгийгулсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 241,393 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас А.М гаас 273,372 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР