Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 15

 

  Г.Г-т холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2021/0010/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

                      Прокурор                                     Ч.Мядагбадам

                      Хохирогч                                      Э.У-

                      Хохирогчийн өмгөөлөгч              Ж.Эрдэнэбаатар

Шүүгдэгч                                       Г.Г-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ө.Ганзориг

                 Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолтой, Г-гийн Г-т холбогдох, 2018004420499 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Г- овогт Г-гийн Г-.

Шүүгдэгч Г.Г- нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хамтран амьдрагч Э.У-ыг дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 27 дугаар байрны 50 тоот орон сууцанд оруулахгүй, хаалганы цоожийг сольж түүний эзэмших, ашиглах эрхэд нь халдаж байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.3.т  гэмт хэрэгт,

-2020 оны 8 дугаар сарын 24-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 27 дугаар байрны 50 тоотод буюу гэртээ хамтран амьдрагч Э.У-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г- овогт Г-гийн Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 1.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж,

Шүүгдэгч Г- овогт Г-гийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Г-ыг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дуу болон дүрсний бичлэг бүхий 3 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг давж заалдах гомдолдоо:

Шинжээч эмч Д.Д- нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 692 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа өөрийн үзлэгээр толгой өвдөнө, огиулж бөөлжинө, гүйлгэнэ, нүдний ухархай руу хатгана, үзлэгт биеийн ерөнхий байдал дунд, нүдний алимын чичирхийлэл хөндлөн, дагзны хөшингө нэг хуруу болон эрүүл мэндийн карт, яаралтай тусламжийн хуудсыг үндэслэж гаргадаг. Гэтэл яаралтай тусламжийн хуудас бичсэн эмч Ч.Д- нь гэрчийн мэдүүлэгтээ дагзны хөшингө байхгүй байсан, тархи доргилтын шинж тэмдэг илэрсэн гээд яаралтай тусламжийн хуудаст томографын зураг авхуулах талаар бичсэн байдаг.

Мөн эмч Б.М- нь мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн, Эрүүл мэндийн карт бичсэн эмч З.Л- нь гэрчийн мэдүүлэгтээ битүү гэмтэл байх магадлалтай гэж үзэн толгойн томограф хийлгэхийг зөвлөсөн. У-ын биед илэрсэн зовууриас үзэхэд тархины битүү гэмтэл байх магадлалтай байсан тул томографын зураг харж байж эмнэлэгт хэвтүүлэх эсэхийг шийдэхээр болсон байдаг. Дээрх шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон яаралтай тусламжийн хуудас болон эрүүл мэндийн карт мөн эмч нар томографын зураг авхуулахыг удаа дараа хэлсээр байтал авхуулаагүй, хавтаст хэрэгт хохирогч нь эмчилгээ хийлгэсэн эсэх талаар нотлох баримт огт авагдаагүй, гэмтлийн зэрэг тогтоож журмын тархи доргилтын үлдэц шинж тэмдэг илрээгүй зэрэг нөхцөл байдалтай байхад шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүй байна гэж дүгнээд шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь буруу юм.

Дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг Г.Г- болон өмгөөлөгч миний зүгээс гаргаж байсан боловч энэ хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд байхад л мөрдөгчөөсөө эхлээд хүсэлт гаргах боломж олгоогүй.

 Учир нь энэ хэрэг хэрэг бүртгэлтийн шатанд байхад өмгөөлөгч миний бие Мөнхнасан мөрдөгчтэй уулзаж шинжээчийн дүгнэлттэй танилцах хүсэлт гаргахад нэгдүгээрт таны хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ алга, хоёрдугаарт Г.Г-ыг яллагдагчаар татчихаад шинжээчийн дүгнэлтийг нь танилцуулна гэж хууль бус зүйл ярьдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2.т мөрдөгч, прокурор нь өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шаардахыг хориглодог мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.3-т өмгөөлөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхийг тус тус зөрчсөн.

Дараагаар нь өмгөөлөгч миний бие хэрэг прокурорт шилжсэний дараа прокурорт дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй тул тус шийдвэртэй холбогдуулан аймгийн ерөнхий прокурорт гомдол гаргаад хариугаа аваагүй байхад шүүх рүү шилжүүлдэг. Шүүх дээр урьдчилсан хэлэлцүүлэх хийлгэх хүсэлт гаргасан боловч урьдчилсан хэлэлцүүлгээр мөн хүсэлтийг хангаагүй тул дахин шинжилгээ хийлгэж эргэлзээг арилгах боломжгүй болсон.

Иймд шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмын дагуу Г.Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн  1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч болон өмгөөлөгч нар оролцох хүсэлттэй гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Хэрэгт авагдсан баримтуудаар тус аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 27 дугаар байрны 50 тоот орон сууц нь Г.Г-, Э.У- нарын дундын өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдсон.

Гэтэл шүүгдэгч Г.Г- нь хамтран амьдрагч Э.У-ыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу 10 сарын турш дундын өмчлөлийн орон сууцанд оруулахгүй, хаалганых нь цоожийг сольж, хүүхдүүдийнхээ дэргэд түүнийг янхан, банзал гэх зүй бус үг хэллэгээр доромжилж, энэ хугацаанд 3 удаа оруулахдаа өөрийн хараа хяналт дор гэрт нь оруулж үүнийгээ баримтжуулахын тулд нууцаар бичлэг хийж байгаа уг үйлдэл нь Э.У-ын дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхэд нь халдаж буй гэр бүлийн хүчирхийллийн нэг хэлбэр тул анхан шатны шүүх энэ үйлдлийг хохирогчийн эд хөрөнгөө ашиглах, эзэмших эрхэд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Анхан шүүх  шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Г.Г-ын хохирогч Э.У-ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 27 дугаар байрны 50 тоотод оруулахаас татгалзаж байгаа үйлдэл нь гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй боловч хохирогчийг өөрийн эрхшээл. дарамтад байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилготой гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхад шүүгдэгчийг хамтран амьдрагч Э.У-ын дундын өмчлөлийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг үндэслэлгүй гэж үзлээ" гэж дүгнэснээс үзэхэд, шүүх уг үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болох үндэслэлтэй байхад, хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийг баримтлан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах, эсвэл өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг тайлбартаа:

Давж заалдах гомдлоо дэмжиж  байгаа,  шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бөгөөд удаа дараа дахин  дүгнэлт гаргуулахаар хүсэлт өгсөн.  Давж заалдах гомдлоо мөн энэ талаар гаргасан тул хүлээн авч нэмэлт ажиллагаа хийлгэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Г- тайлбартаа:

Өмгөөлөгчтэй нэг саналтай байгаа.,  дүгнэлтэд эргэлзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Шүүгдэгчийн үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон, дүгнэлт гаргах шаардлагагүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдэх саналтай байна гэв.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Э.У- тайлбартаа:

         Би гомдолтой, урьд өмнө ч намайг зодож байсан, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тайлбартаа:

         Хэргийн бүрдэл хангагдсан, шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй  тул шийтгэх тогтоолыг хэвэр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн шийтгэх тогтоолыг болон   хэргийн бүх ажиллагааг хянаж үзвэл :

                Дархан-Уул аймгийн Прокуророос  шүүгдэгч Г.Г-ыг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хамтран амьдрагч Э.У-ыг дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 27 дугаар байрны 50 тоот орон сууцанд оруулахгүй, хаалганы цоожийг сольж түүний эзэмших, ашиглах эрхэд нь халдаж байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.3.т  гэмт хэрэгт,

             -2020 оны 8 дугаар сарын 24-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 27 дугаар байрны 50 тоотод буюу гэртээ хамтран амьдрагч Э.У-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2.т зааснаар  Прокуророос шүүгдэгч Г-гийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 1.7 дугаар зүйлийн 1.3.т заасан хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар Г.Г-ыг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

            Шүүгдэгчийн  өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон шүүгдэгч, хохирогчийн давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  гомдол, тайлбараас  мөн хэргийн нөхцөл байдлаас  үзвэл  шүүгдэгч хохирогч  нар нь  гэр бүл болж , тэдний дундаас 2009 онд охин Хулан,  2013 онд охин С- төрсөн бөгөөд  тэд  албан ёсны гэр бүлийн баталгаагүй  амьдарч байсан,  мөн хохирогч  Э.У- нь  сүүлийн 3 жил Австрали улсад сурч байгаад  2019 оны 10 дугаар сард Дархан-Уул аймагт  ирээд  эцэг, эх дээрээ байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэртээ ирэхэд нь   тэдний  дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 27 дугаар байрны 50 тоот орон сууцанд оруулахгүй, хаалганы цоожийг сольсон байсан..,  үүнээс маргаан гарч 2020 оны 8 дугаар сарын 24-нд  гэртээ хамтран амьдрагч Э.У-ыг гэртээ оруулахгүй гэж  түлхэхэд  У- газар унасан.., энэ үеэс хойш Э.У- 27 дугаар байрны 50 тоот байрандаа амьдарч шүүгдэгч Г.Г- гэрээсээ явсан    үйл баримт болжээ.

          Энэ үйлдлийн улмаас хохирогчийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан гэсэн  шинжээчийн дүгнэлт гарсан байна.

           Иймд шүүгдэгч нь хэрэг мөрдөн байцаалтын шатанд байхад   ... бидний хооронд маргаан байгаа У- гадаад яваад 6 сар болсны дараагаас надтай холбоогүй болсон., түүнийг гадаад явсан  хойгуур манай гэрт аав нь ирээд бичиг баримт авна гэсэн.,   энэ байдлаас болж би У-ыг ирээгүй байхад хаалганы голоо сольсон   бөгөөд харин У-ыг гэртээ оруулахгүй гэсэн  санаа байгаагүй,  У- анх гадаадаас ирэхдээ  хотод амьдарна.., гээд  надтай уулзаад явсан..,  мөн  зодсон гэсэн үйлдлийг зөвшөөрөхгүй  маргалдаад түүнийг түлхэхэд буйдангийн хажууд суусан..,  гэтэл  шинжээч гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гаргасныг ойлгохгүй байна.,  дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэж байгаа бөгөөд мөн шүүгдэгчийн өмгөөлөгч  Ө.Ганзориг нь  эргэлзээтэй дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй  талаараа хэд хэдэн үндэслэл зааж  дахин  бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах талаар мөрдөн байцаагч болон прокурор, ерөнхий прокурорт  удаа дараа   хүсэлт өгч байжээ. / 2-р х.хийн 23,  41, 43, 40 -р хуудас /    

           Прокурор хүсэлтийг хүлээж аваад   ....хохирогчийн биед гэмтэл учирсан нь тогтоогдсон, дүгнэлт үндэслэлтэй... гэсэн дүгнэлт хийж  хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж  хэргийг  анхан шатны шүүхэд  шилжүүлсэн бөгөөд өмгөөлөгч мөн    шүүхэд     ... шинжээчийн  дүгнэлт эргэлзээтэй, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаах талаар  үндэслэл зааж урьдчилсан хэрэлцүүлэг явуулах... тухай  гаргасан хүсэлтийг шүүх хүлээн аваагүй байна.

       Гэтэл энэ нь  хэргийн оролцогч хуульд заасан эрх хэмжээний дагуу  дүгнэлт эргэлзээтэй талаар үндэслэлээ зааж удаа дараа  дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт хийлгэх  хүсэлт өгсөөр  байхад яагаад дахин шинжилгээ хийх шаардлага байхгүй талаарх үндэслэлээ тодорхой заалгүй   зөвхөн  “дүгнэлт үндэслэлтэй, тогтоогдсон” гэж үзсэн нь  буруу бөгөөд   оролцогчийн хүсэлтийг хүлээн авч  дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид  даалгаж хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

        Мөн энэ нь гэмт хэргийн улмаас учирсан  хохирол, хор уршгийн шинж чанарыг тогтоож чадаагүй гэж үзэхээр байна.

        Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцааж байгаа учраас  Прокурорын   .... анхан шатны шүүх шүүгдэгчийн нэг үйлдлийг  үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү...гэсэн    эсэргүүцэлд  энэ удаа дүгнэлт өгөх боломжгүй байна.

        Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул  хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин шинжилгээ хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.  Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г-гийн Г-т холбогдох, 2018004420499 дугаартай, 2 хавтастай  эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасугай.

           2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

            3. Хэрэг Прокурорт очтол шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                            ШҮҮГЧИД                         Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                                 Ц.ТУЯА