Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 166/ШЦТ/0018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0010/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуяа,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Хохирогч Э.У,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шинжээч Д.Даваахүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Г овогт Г.Гт холбогдох эрүүгийн 2018004420499 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г овогт Г.Г /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Гыг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хамтран амьдрагч Э.Уыг дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн ** дугаар байрны ** тоот орон сууцанд оруулахгүй, хаалганы цоожийг сольж түүний эзэмших, ашиглах эрхэд нь халдаж байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2020 оны 8 дугаар сарын 24-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг ** дугаар байрны ** тоотод буюу гэртээ хамтран амьдрагч Э.Уыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Гын өгсөн: Э.Утай 2006 онд танилцаад найз нөхдийн харилцаатай байж байгаад том охин Х 2009 онд төрөөд түүнээс хойш бид хамт амьдарч эхэлсэн. Түүнээс хойш 2013 онд бага охин С төрсөн. 2017 оны 02 дугаар сард Э.У Австрали руу сурахаар явсан. Явснаасаа хойш 6 сарын хугацаанд хааяа холбоотой байж байгаад түүнээс хойш холбоо тасарсан. Тэгээд Э.У 2019 оны 10 дугаар сард Монголд ирэнгүүтээ гэнэт гэртээ орно гэсэн. Гэрийнхээ хаалганы цоожийг сольсон тухайд Э.Уыг гадаадад сурч байхад Э.Уын аав Э гэж хүн ирээд бичиг баримтыг нь авна гэж надад ямар нэгэн байдлаар хэлэлгүй ирсэн. Тухайн үед би Э гэдэг хүнтэй таарамжгүй харилцаатай байсан. Учир нь мөнгөний асуудалтай байсан юм. Э.У 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ирээд хотод очиж амьдарна, хүнтэй сууна, хүүхэд гаргана гээд юм аа аваад явахад түүний хувцас хунар бүгд хивэндээ байдаг газраа байсан. Түүнээс хойш 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дахиад Э.У гэртээ ирсэн тэгээд хүүхдүүдийн сургалтын төлбөр энэ тэр гэсэн асуудлаар бид ярилцаж байгаад явсан. Э.Уыг би гэртээ оруулахгүй гэж хэлээгүй, эв зүйгээ олчих юмсан гэж бодож байсан. Би энэ хүний эд хөрөнгөө захиран зарцуулах эрхэд нь халдаагүй, би эв зүйгээ олъё гэж удаа дараа гуйсан. Иргэний журмаар асуудлыг эв зүйгээр шийдвэрлэе гэж хэлсэн. Энэ асуудлыг шийдвэрлээгүйн улмаас Э.У мөрдөн байцаагчаар дамжуулж түлхүүр авч гэртээ орсон. Би араас нь очоод хэл амаа ололцъё гэхэд өөдөөс хэл амаар доромжилсон. Тэгээд хоёр гараас нь бариад одоо чи гарчих гэхэд буйдангийн хажууд суусан. Уын тархи доргисон гэж байгааг гайхаж байна. Би энэ хүний биед гэмтэл учруулаагүй, гэтэл гэмтэл учруулсан гээд яллах дүгнэлт үйлдэж ирсэнд миний хувьд харамсалтай байна. 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс хойш Э.У гэртээ миний хоёр охинтой хамт байгаа, би ээжтэйгээ хамт байгаа гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Уын өгсөн: Би Г.Гтай 2006 онд танилцаад найз нөхдийн харилцаатай байж байгаад 2009 онд том охин Х маань төрсөн, дараа нь 2013 онд охин С төрсөн. Бид түрээсийн байранд амьдарч байгаад 2011 онд би өөрийн ажиллаж байсан “Капитрон банк”-ны зээлээр хуучин хорооллын 3* дугаар байрны 0 тоот 2 өрөө байрыг 32 сая төгрөгөөр урьдчилгаа 18 сая төгрөг өгч худалдаж авч байсан бөгөөд тухайн үед Г.Г 10 сая төгрөгийг би 8 сая төгрөгийг гаргаж байсан юм. Г бид 2 бага охин Сг төрсний дараа 2013 оны 7 дугаар сард 3* дугаар байрны 0* тоот 2 өрөө байраа 58 сая төгрөгөөр зараад “Худалдаа хөгжлийн банк”-ны зээлээр Г.Г бид 2 хамтран зээлдэгчээр урьдчилгаа 27, 28 сая төгрөг өгөөд Дархан сумын 13 дугаар багийн ** дугаар байрны ** тоот 3 өрөө байрыг худалдаж авч байсан. Тэгээд би 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр сурч ажиллах зорилгоор Австрали улс руу явсан юм. Би Австралиас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дарханд ирсэн. Ирээд хүүхдүүд аав ээжийнд байсан учир би шууд аавындаа ирсэн. Хүүхдүүдтэйгээ 2 хоночхоод 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэртээ явж очоод орох гэтэл Г.Г нь цоожны голоо сольсон байсан. Надад Монгол дугаар байхгүй учраас ээжийнхээ утсаар Гтай ярихад “чи яах гэж байгаа юм бэ?” гэсэн, би “сургуулиа төгсөөд ирчихлээ” гэхэд “болоо шүү дээ баяр хүргэе, гэртээ чамайг оруулахгүй” гэсэн. Тэгээд Г.Гыг оруулахгүй болохоор нь би хот руу явсан. Учир нь миний мэргэжил энд байхгүй, Г.Г ч гэсэн өөрөө хот руу шилжинэ гэж ярьж байсан. Түүнээс хойш короно вирус гээд 3 сар хүртэл хүүхдүүдтэйгээ хамт байсан. Тэгээд хавар болсон учраас Дарханд ирээд хүүхдүүдийнхээ хувцсыг авъя гэхэд үгүй, би өөрөө аваачиж өгнө гэдэг. 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Мөнхдөл гээд байцаагч гэрийн түлхүүрийг авч өгсөн. Энэ үед 12 цаг 30 минут болж байсан. Ингээд би гэртээ ганцаараа очихоосоо айгаад найз Цоийн ажил дээр очоод хоёулаа хамт очъё би айгаад байна гээд найзтай хамт 13 цаг өнгөрч байхад гэртээ орж ирсэн. Гэртээ найзтайгаа хамт цайгаа уугаад сууж байтал Г.Г орж ирээд Цоогийг “гарч бай би энэ хүнтэй яримаар байна” гэсэн. Цоийг гарсны дараа хаалга түгжээд “чи хэн юм бэ? зайлаач чи муу Энхбаярын янхан, гичий, би чамтай амьдарлаа юу” гээд дайрч эхэлсэн, бичлэг нь байгаа. Халуун цай ууж байхад цай барьсан гарыг маань мушгисан, бичлэг хийж байсан утас гараас унаж бичлэг тасарсан, би толгойгоороо савж унасан. Тэгээд би Саран эмнэлэг дээр очиж дусал хийлгэж тайвшрах тариа хийлгээд зүгээр болохгүй байсан. Тэгээд орой нь эмнэлэг орж өдөр ийм зүйл болсон толгойн өвчин намдахгүй байна гэж хэлэхэд “...та гэмтлийн эмчид үзүүл” гээд би гэмтлийн эмчид үзүүлэхэд “маргааш шүүхийн шинжилгээний эмчид үзүүлээрэй” гэсэн. Маргааш нь миний нүд угаараа маш хүчтэй өвдөөд, хөшгөө нээж ч чадахгүй хэвтэж байхад Г.Г ирсэн. Би тэр өдрөө хөдөлж чадаагүй маргааш нь шүүх шинжилгээний эмчид үзүүлэхээр очиход эмч нь Нэгдсэн эмнэлэг рүү хүн үзэхээр явсан гэж хэлсэн. Тэгээд өвчин намдахгүй байхаар нь Саран эмнэлэг дээр дахин очиж хүчтэй өвдөөд байна гэхэд тархины бичлэг хийсэн. Дахиад маргааш нь шинжээч эмч дээр очиход Шарын гол сум руу явсан байсан. Би Нэгдсэн эмнэлэг орж үзүүлэхэд надад хэвтэх бичиг хийж өгсөн. Би журмын дагуу явсан, дараа нь шинжээч эмч ирсэн гэхээр нь очиж үзүүлсэн. Тэгэхэд эмч үзчихээд тухайн үед яг миний гэдэс базлаад эхэлсэн байсан “эмчээ би нойл орох хэрэгтэй байна” гэхэд “чи гүйлгээд эхэлсэн юм уу” гэж эмч надаас асууж байсан. Эмч бол өөрийнхөө үзсэн процессыг л хэлж байгаа байх. Ийм л зүйл болсон. Санал гомдол гэхээр хэцүү байна. Г.Г бол миний 2 хүүхдийн эцэг мууг нь үзмээргүй байна. Даанч надаас нэг ч удаа уучлаарай гэж уучлал гуйж үзээгүй, гэхдээ би хорьж цагдуулахыг хүсэхгүй байгаа. Намайг гэрт оруулахгүй байснаас би Улаанбаатар хотод байр хөлсөлсөн бөгөөд энэ зардлаа дараа иргэний хэргийн шүүхэд жич нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

Шинжээч Д.Даваахүүгийн өгсөн: ...Ер нь тархи доргилтын үед заавал компьютер томограф шаарддаггүй, тархи доргилт өөрөө эмнэл зүйн клиникийн шинжээрээ оношлогддог, энгийн нэг унасан юм уу тийм зүйл дээр томограф авхуулаад байдаггүй, эмнэл зүйн шинж тэмдгээрээ оношлогдоод буцаад эмнэл зүйн физик эмчилгээ хийгдээд явдаг. Тархины няцрал, хугарал байна гэж оношилбол шууд компьютер томографын шинжилгээ заавал хийх ёстой. Тархи доргилтыг эмнэлгийн практикт эмч нар өөрийн эмнэл зүйн оношоор оношилдог. Дүгнэлт гаргахдаа би хохирогчийг өөрийг нь үзсэн, дээрээс нь эрүүл мэндийн хуудас, яаралтай тусламжийн хуудас зэргийг үндэслэсэн байгаа. Гэмтлийн эмч тархины битүү доргилт гэж оношлоод гэмтлийн эмнэлэгт хэвтүүлье гэсэн заалттай байсан. Тархины битүү гэмтэл гэдэгт тархи доргилт орно. Эмнэл зүйн оношилгооны хэлээр эхлээд бид зовуурь асуудаг, толгой өвдөнө, цочно, нүдний ухархай руу хатгана, огиулж бөөлжинө гэдэг, огиулж бөөлжинө гэдэг бол тархи доргилтын гол шинж байгаа. Мөн үзлэгт энэ хүний нүдний алимын чичирхийлэл хөндлөн болсон байсан. Энэ шинж тэмдгүүдээр энэ хүнд тархины доргилтын шинж байна гэдэг нь тогтоогдож эхэлж байгаа. Э.Уын биед үүссэн гэмтлийн зүүн бугалга хүзүүнд гарсан зулгаралт нь 1 хувь хүрэхгүй байгаа, ийм учраас энэ нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, зөвхөн энэ нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна гэж гэмтлийн хүчин зүйлийг хэлж байгаа. Ер нь бол тархины доргилт л байгаа. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, 2.4.1-т гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан гэдгээр тархи доргилт нь гэмтлийн хөнгөн зэрэгт орж байгаа гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Насанд хүрээгүй гэрч Г.Хгийн өгсөн: ...Ээжийг гадаад улсад байхад аав дүү бид хоёрыг аваад гэртээ 5-6 хоног байлгаж байгаад эмээгийн гэрт хүргэж өгдөг байсан. Манай аав гэрийн хаалганы голыг сольсон байсан. Манай ээж гадаад улсаас ирээд өмнө нь амьдарч байх хугацаандаа онгойлгож байсан түлхүүрээ хийгээд дүү бид хоёрын хувцсыг авах гэхэд хаалга онгойхгүй байсан. Ээжийг гэртээ орох гэхээр аав “чи гадаад улс руу намайг хаяж явчхаад одоо гэрт орж яах гээд байгаа юм бэ? Энэ чинь манай хоёр охины гэр” гээд оруулахгүй байсан. Манай аав, ээж хоёр дандаа утсаар хоорондоо хэрэлддэг байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52/,

Насан хүрээгүй гэрч Г.Сгийн өгсөн: ...Ээжийг ирэхээс өмнө аавтайгаа хамт байдаг байсан. Одоо аав хамт байдаггүй. Аав ээжийг гэрт оруулдаггүй, эгч бид хоёрыг гэрт оруулдаг хамт байдаг... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54/,

Гэрч В.Огийн өгсөн: ...2019 онд Г нь улирлын чанартай ажил хийдэг, өвөл нь ажил багатай, зун нь ажил ихтэй гээд намайг хүүхдүүд хараад өгөөч гэж хэлсэн. Тухайн үед Гын эхнэр У нь гадаад улс руу яваад хүүхдүүдтэйгээ ямар нэгэн холбоо барьдаггүй байсан. Гын хүүхдүүд ихэвчлэн аав дээр байдаг байсан. Заримдаа эхнэр Уын аав ээж дээр байдаг байсан. Г нь эхнэр Уыг болон өөрийн хоёр хүүхдээ гэртээ оруулахгүй байсан зүйл байгаагүй. Намайг хааяа Гын хүүхдүүдийг харах гэж очиход ирж байгаагүй. Харин Г надад хэлэхдээ “У өөрөө хүүхдүүдээ авахгүй, надтай хамт байж чадахгүй гэж хэлээд 2020 оны 3 дугаар сард ирж уулзаад хэлж ярьж тохироод явсан” гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55/,

...Намайг Гын гэрт байхад У ирж байгаагүй. У нь утсаар яриад “маргааш хүүхдүүдийг аав ээж дээр аваачиж өгөөрэй, би Дархан орно” гэж хэлж байсан. Тэгээд би Уыг ер нь гэртээ ирдэггүй юм байна гэж ойлгосон. Г хэлэхдээ “Уыг гадаадаас хэлж ярихгүй ирсэн. Яг ирэхэд нь Г гэртээ байхгүй байж таарсан. У нь ирчхээд Гтай амьдрахгүй гээд гэрээсээ хувцас хунараа аваад хоёр хүүхдээ 2 талаасаа харж хандаад байя. Улаанбаатар хотод амьдарлаа” гээд явсан гэсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102/,

Гэрч Л.Цн өгсөн: Манай охин У нь Гтай хамтран амьдраад 10 жил орчим болж байгаа, дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Тэгээд манай охин 2017 оны 02 дугаар сард Австрали улс руу сургуульд сурахаар явсан. Г нь манай охиныг Дарханд ирэхэд нь гэрийнхээ хаалганы цоожийг солиод гэртээ оруулахгүй байгаа. Манай охин 2019 оны 10 дугаар сард ирээд Г нь гэртээ оруулахгүй болохоор нь Улаанбаатар хотод байр түрээслээд амьдарч байсан. Дархан сумын ** дугаар байрны ** тоот 3 өрөө байрны гэрчилгээ дээр У, Г нарын буюу хоёр хүний өмч гэж заасан байдаг. Зөрчлийн тухай хуулийн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан дундын өмчийг захиран зарцуулах эрхэд халдаж байна гэж үзэж байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58/,

...Г, У хоёр хуучин хорооллын 3* дугаар байрны 0 тоот 1 өрөө байрыг хоёулаа мөнгөө нийлүүлж аваад амьдарч байгаад 2013 онд тэр байраа зараад одоо амьдарч байгаа ** дугаар байрны ** тоот 3 өрөө байрыг урьдчилгааг нь өгөөд зээлээр худалдаж авсан. Тэгээд У 2017 оны 02 дугаар сард Австрали улсад суралцахаар яваад 2019 оны 10 дугаар сарын 20-ны хавьцаа ирсэн. Тэгээд У гадаадаас ирээд гэртээ орох гэхэд нь гэрийнхээ хаалганы цоожны голыг солиод гэртээ оруулахгүй байсан гэсэн. У манайд ирсэн байхдаа Гтай утсаар яриад “гэртээ ормоор байна, чи хаана байна?” гэхэд өөдөөс нь хэл амаар доромжлоод “муу янхан минь чамайг гэртээ оруулахгүй, муу бузар минь, энэ байр чиний байр юм уу?” гэсэн. Г эхнэр, хүүхдүүдээ гэртээ оруулахгүй У хоёр хүүхэдтэйгээ гадуур яваад байхаар нь цагдаагийн байгууллагад дахиж хандаад зөрчлийн хэрэг нээгдээд явж байхдаа хэсгийн байцаагч нь 2020 оны 8 дугаар сард Гаас түлхүүрийг авч У хүүхдүүдтэйгээ гэртээ орсон юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-95/,

...У нь Австрали улсаас 2019 оны 10 дугаар сард ирээд өөрийн амьдарч байсан гэртээ орох гээд очиход хаалгаа тайлахгүй байсан ба түлхүүрээрээ онгойлгох гэхэд хаалганы цоожны голыг сольчихсон түлхүүр нь таарахгүй байсан учир арга буюу манай гэрт хоёр охинтойгоо буцаж ирсэн. У нь утсаар Гтай удаа дараа холбогдож гэртээ очих талаар ярихад өмнөөс нь хэл амаар доромжилж, хэлэх хэлэхгүй үгээр дайрдаг байсан. 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр У өөрийн найз Цогийн хамт гэртээ буюу Дархан сумын 13 дугаар багийн ** дугаар байрны ** тоотод цай уугаад юм яриад сууж байхад Г гаднаас орж ирээд Цог гэрээсээ гаргаж явуулчхаад Уын эрх чөлөөнд халдаж цохиж зодсон байсан. Тухайн үед Цо ч над руу “Г гэртээ нэлээн ууртай орж ирээд намайг гэрээсээ гаргаж явуулчхаад Утай маргалдаад үлдлээ, цохиж зодчих вий дээ” гэж ярьсан. Тухайн өдрийн орой У манайд ирэхэд зүүн гар, хүзүүнд нь улайлт үүсчихсэн, толгой өвдөөд байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 212-213/,

Гэрч П.Цогийн өгсөн: ...Хуучин хорооллын ** дугаар байрны ** тоот 3 өрөө байр нь энэ хоёр хүний дундын өмч юм. Тэгээд Уыг гадаадаас ирэхэд Г нь гэртээ оруулаагүй тухайн үед У цагдаагийн байгууллагад хандсан. У өөрөө над дээр ирж энэ талаар хэлж байсан юм. Г Уыг гэртээ оруулахгүй болохоор У хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хотод 2 өрөө орон сууц түрээсэлж амьдарч байсан. Саяхан 2020 оны 8 дугаар сарын сүүлээр У над дээр ирээд “гэрийнхээ түлхүүрийг цагдаагаар дамжуулаад авхууллаа. Одоо гэр лүүгээ явах гэж байна. Айгаад байна, хамт орооч” гэхээр нь би гэрт нь хамт орсон. Удалгүй Г гаднаас маш ууртай орж ирээд “чи шүүх дээр юу гээд байгаа юм бэ?” гээд намайг гарч бай гэхээр нь би гараад Уын ээж рүү залгасан. 30-аад минутын дараа У над руу дүрсээ харж яриад “намайг зодчихлоо, миний толгой өвдөөд байна” гээд үс нь сэгсийчихсэн ярьж байсан. Г нь Уыг гэрээсээ хөөж гаргах гээд чирч, түлхээд шалан дээр толгойгоор нь унагааснаас болоод Уын тархи доргисон гэж надад хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-100, 211/,

Гэрч Ч.Мийн өгсөн: ...Ингээд 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Г, У нар миний өрөөнд өөрсдөө ирээд Г нь гэрийнхээ түлхүүрийг Уд өгчхөөд манай өрөөнөөс хамт гараад явсан. Тэгээд ойролцоогоор нэг цаг гаруйн дараа У над руу утсаар “би таны өрөөнөөс гараад найз Цогийн хамт өөрийн гэртээ буюу Дархан сумын 13 дугаар багийн ** дугаар байрны ** тоотод орж ирээд цай уугаад сууж байтал Г гаднаас орж ирээд Цог гаргаж явуулчхаад намайг хэл амаар доромжлоод гэрээс гарч зайл гээд хөөж туугаад намайг зодчихоод яваад өглөө. Миний толгой тархи өвдөөд байна” гэж ярьсан. Тэгэхээр нь би “та эмнэлэгт очиж үзүүлчхээд цагдаагийн газар дээр очиж гомдол гаргаарай” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 214/,

Гэрч Ч.Дийн өгсөн: ...2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр жижүүр эмчээр ажиллаж байхад 22 цаг 38 минутад Уын биед үзлэг хийхэд баруун эгэм, зүүн шуу орчимд зулгарсан шинэ шархтай, дагзны хөшингө байхгүй байсан бөгөөд клиник шинжээрээ хоёр нүдний алимын чичирхийлэлтэй, хоёр нүдний зовхины унжилттай тархи доргилтын шинж тэмдэг илэрсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 215-216/,

Гэрч Б.Мийн өгсөн: ...2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр эмнэлэг дээрээ байхад У ирж биеийн байдлаа үзүүлсэн. Үзлэг хийхэд артерийн даралт 150/100, судасны цохилт 1 минутад 116 цохилж, хөлөрсөн байдалтай байсан байна. Уын хүзүүний баруун өмнө хэсэг улайсан, зүүн гарын бугалга, суганы орчимд улайсан шинж тэмдэгтэй байсан. Мөн Уын тархины судасны бичлэгийг хийхэд гавлын дотор артерийн бүсэд, өмнөд, дунд артерийн бүсэд судасны агчилт илэрсэн. Энэ нь тархи доргилтын анхны шинж тэмдэг илэрч байсан гэж үзээд нарийн мэргэжлийн эмчил үзүүлэхийг зөвлөж явуулсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 217/,

Гэрч З.Лгийн өгсөн: ...2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Уын биед үзлэг хийхэд зүүн эгмээр эмзэглэнэ, зүүн гарын бугалга хөхөрсөн, хүүхэн хараа бага зэрэг өргөссөн байсан. Эдгээр эмнэл зүйг үндэслэн тархины битүү гэмтэл байх магадлалтай гэж үзэн толгойн томограф хийлгэхийг зөвлөсөн. Уын биед илэрсэн зовууриас үзэхэд тархины битүү гэмтэл үүссэн байх магадлалтай байсан. Уын биед үзлэг хийхэд толгойн зовуурь ихтэй, хүүхэн хараа хоёр талдаа бага зэрэг өргөссөн байсан нь эмнэл зүйн шинжээрээ тархи доргилтын шинж тэмдэг илэрсэн байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 218/,

Шинжээч Д.Даваахүүгийн өгсөн: ...Уын биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийж дүгнэлт гаргасан. Үзлэгээр зовуурь толгой өвдөнө, огиулж бөөлжинө, гүйлгэнэ, нүдний ухархай руу хатгана, үзлэгт биеийн ерөнхий байдал дунд, нүдний алимын чичирхийлэл хөндлөн, дагзны булчингийн хөшингөө нэг хуруу, эмнэлгийн бичиг баримт, эрүүл мэндийн картад 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн гэмтлийн эмчийн үзлэгт тархины битүү гэмтэл гэсэн оноштой, эмнэлэгт хэвтүүлэх заалттай байна гэснийг үндэслэн тархи доргилт гэсэн оношийг тавьж, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна гэж дүгнэлт гаргасан. Уын биед учирсан зүүн бугалга, хүзүүнд үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэг хамаарна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220, 222/,

Хохирогч Э.У нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 1 дүгээр хорооллын ** дугаар байрны ** тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон багийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 717 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 18/,

Хохирогч Э.У нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хилээр гарч, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хилээр орж ирсэн тухай түүний гадаад паспортын хуулбар /1-р хх-ийн 19-20/,

Шүүгдэгч Г.Гаас гаргаж өгсөн эрэгтэй, эмэгтэй хоёр хүний харилцан ярианы 3 бичлэг бүхий 1 ширхэг сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 46/,

Шүүгдэгч Г.Гын Худалдаа хөгжлийн банк дахь зээлийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1-р хх-ийн 77-84/,

Монгол Улсын иргэн Г.Г, Э.У нар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 1 дүгээр хорооллын ** дугаар байрны ** тоот 3 өрөө орон сууцны зориулалттай 38.0 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэх 000220596 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 87/,

Шүүгдэгч Г.Гын Самсунг галакси Эс-7 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 195-196/,

Шүүгдэгч Г.Гын Самсунг галакси Эс-7 загварын гар утсанд бичигдсэн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн бичлэгийг хураан авч бэхжүүлсэн ANGTE гэх бичвэртэй сидийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 197/,

Хохирогч Э.Уаас гаргаж өгсөн ANGTE гэх бичвэртэй цагаан алаг өнгийн 4 бичлэг бүхий сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 200/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 692 дугаартай “Э.Уын биед 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 14:00 цагийн орчимд бусдад зодуулсны улмаас гэмтэл учирсан байна. Э.Уын биед тархи доргилт, зүүн бугалга, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Э.Уын биед учирсан гэмтэл тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 224-225/,

Э.Уын баруун эгэм болон зүүн шуу орчим зулгарсан шархтай, нүдний алим чичирхийлэлтэй... гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 226-227/,

Хохирогч Э.Уын “Саран элит” клиник эмнэлэгт хийлгэсэн тархины судасны допплерографийн дүгнэлт болон мэдрэлийн эмч Б.Мт үзүүлсэн үзлэгийн баримт /1-р хх-ийн 228-229/,

Хохирогч Э.Уын зүүн эгмээр өвдөнө, эмзэглэнэ, зүүн гар бугалга хөхөрсөн, тархины битүү гэмтэл гэх амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /2-р хх-ийн 8-9/,

“Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ дунд түвшин” гэх үнэлгээний тэмдэглэл /1-р хх-ийн 43-44, 2-р хх-ийн 12-13/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийлээ.

Шүүгдэгч Г.Г, хохирогч Э.У нар нь 2006 онд танилцаж, 2009 оноос хамтран амьдарсан бөгөөд тэдний дундаас 2009 оны 10 дугаар сарын 18-нд охин Г.Х, 2013 оны 3 дугаар сарын 07-нд охин Г.С нар төрсөн. 2013 онд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 1 дүгээр хорооллын ** дугаар байрны ** тоотод байрлах 38 метр квадрат 3 өрөө орон сууцыг худалдан авч амьдарч байгаад 2017 оны 02 дугаар сард Э.У Австрали улс руу сурахаар явж 2019 оны 10 дугаар сард ирсэн байна.

Энэ хугацаанд шүүгдэгч, хохирогч нар нь бие биеэ үл хүндэтгэх, үл итгэх, хардах зэрэг шалтгааны улмаас гэр бүлийн таарамжгүй харилцаа бий болж улмаар 2019 оны 10 дугаар сард Э.У нь Австрали улсаас ирснээс хойш Г.Г нь түүнийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 1 дүгээр хорооллын ** дугаар байрны ** тоотод байрлах гэртээ оруулахаас татгалзсан боловч цагдаагийн байгууллагын албан хаагчийн шаардлагаар 2020 оны 8 дугаар сарын 24-нөөс Э.Уыг гэртээ оруулж, өөрөө тусдаа амьдарч байгаа ба тус орон сууцанд өнөөдрийг хүртэл Э.У нь 2 хүүхдийн хамт амьдарч байна.   

Мөн Г.Г нь 2020 оны 8 дугаар сарын 24-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 1 дүгээр хорооллын ** дугаар байрны ** тоотод байрлах гэртээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас Э.Уыг гэрээсээ гаргах зорилгоор биед нь халдаж, түүнийг түлхэж унагаасны улмаас Э.Уын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн бугалга, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримтууд тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Э.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хамтран амьдрагч Э.Уын дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Г.Г нь хамтран амьдрагч Э.Утай хамтран өмчилдөг дундын өмч болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 1 дүгээр хорооллын ** дугаар байрны ** тоот гэрийнхээ хаалганы цоожийг сольж, хохирогч Э.Уд гэрийн түлхүүрийг өгөхгүй, түүнийг удаа дараа гэрт нь оруулахгүй байсан, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэртээ Э.Утай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан шинжээрээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шинжээрээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байгаа тул дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив талын шинж 3 буюу түүнээс дээш удаа үйлдэгдсэн байх ёстой. Хохирогч Э.У нь 4-5 удаа гэртээ орох гээд чадаагүй гэх боловч энэ байдлыг үйлдэл тус бүрээр нь тогтоосон зүйл байхгүй. Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн ** дугаар байрны ** тоот үл хөдлөх хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн дундын өмч биш юм. Учир нь Иргэний хуульд зааснаар гэрлэлтээ батлуулснаас хойш үүссэн хөрөнгө гэр бүлийн дундын өмч байна. Хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших ашиглах захиран зарцуулах эрхэд халдсан гэдэг нь албан ёсны гэр бүлийн батлахтай хүмүүст хамаарна. Мөн шинжээч эмч өөрийн үзлэг, зовуурь, эрүүл мэндийн карт, яаралтай тусламжийн хуудсыг үндэслэж энэ дүгнэлтийг гаргасан гэж сая өөрөө ч мөн хэлж байна. Хохирогч Э.У нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Д гээд эмч дээр очиж үзүүлж байсан. Энэ эмч мэдүүлэгтээ дагзны хөшингө байхгүй байсан, хоёр нүдний алимын чичирхийлэлтэй буюу хоёр нүдний зовхины унжилттай тархи доргилтын шинж тэмдэг илэрсэн гэдэг мэдүүлэг өгөөд яаралтай тусламжийн хуудас бөглөхдөө томографын зураг авхуул гэсэн байгаа. Үүнээс 3 хоногийн дараа Л эмчид үзүүлсэн, энэ эмч үзээд томографын хариуг үндэслэж эмнэлэгт хэвтэх эсэхийг шийдвэрлэе гэж өвчтөний картад нь бичиж өгсөн. Э.Уын биеийг үзэхэд тархины битүү гэмтэл үүссэн байх магадлалтай гэсэн. Магадлал гэдэг нь 50, 50 хувьтай байхыг л хэлдэг, ийм зүйлийг Л эмч хэлсэн байдаг. Шинжээчийн дүгнэлт эрүүл мэндийн дэвтэр, яаралтай тусламжийн хуудсыг үндэслэж гарсан. Тэгэхээр энэ хоёр нотлох баримт маш эргэлзээтэй байх бөгөөд эдгээр хоёр баримтыг үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Тийм учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах, эсхүл хэргийг прокурорт буцааж өгнө үү гэж тус тус мэтгэлцэж байна.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү, гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд хамаарах бөгөөд шүүгдэгч Г.Г, хохирогч Э.У нар нь хамтран амьдарч байсан, дундаасаа хүүхэдтэй буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь хэрэгт авагдсан гэрч Л.Ц, П.Цо, насанд хүрээгүй гэрч Г.Х, Г.С, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд болон Г.Х, Г.С нарын төрсний бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 10/ зэргээр нотлогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар гутаан доромжилсон, хүч хэрэглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. Үүнээс гэр бүл дэх эдийн засгийн хүчирхийлэл нь гэр бүлийн нэг гишүүн нөгөө гишүүнээ орон байр, хоол хүнс, хувцас хунар бусад эд хөрөнгө буюу хэрэгслүүдээс санаатайгаар салгах, түүнээс хүртэх байдлыг хязгаарлах, амьжиргааны эх үүсвэрт хяналт тавих зэргээр илэрдэг үйлдэл юм.

Дээрх үйлдлүүд нь хохирогчийг өөрийн эрхшээл, дарамтад байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилготой, байнгын шинжтэй үйлдэгдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйл заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцогдоно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Г.Гын хохирогч Э.Уыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн ** дугаар байрны ** тоотод оруулахаас татгалзаж байгаа үйлдэл нь гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй боловч хохирогчийг өөрийн эрхшээл, дарамтад байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилготой гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхад шүүгдэгч Г.Гыг хамтран амьдрагч Э.Уын дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг үндэслэлгүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Г.Гын 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн ** дугаар байрны ** тоот гэртээ хохирогч Э.Утай маргалдаж, улмаар түүнийг гэрээс гаргах зорилгоор биед нь халдсан гэх үйл баримт нь гэрч П.Цо, Л.Ц, Ч.Д, Б.М, З.Л, шинжээч Д.Даваахүү нарын мэдүүлэг, хохирогч Э.Уын биед тархи доргилт, зүүн бугалга, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 692 дугаартай шинжээчийн дүгнэлт болон Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, “Саран элит” клиник эмнэлэгт хийлгэсэн тархины судасны допплерографийн дүгнэлт, мэдрэлийн эмч Б.Мт үзүүлсэн үзлэгийн баримт, хохирогчийн амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Г.Гын хохирогч руу чиглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй гэж мэтгэлцэж байгаа боловч хохирогч Э.Уыг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиход үзлэг хийж, яаралтай тусламжийн хуудсыг бичсэн жижүүр эмч Ч.Дийн “...2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр жижүүр эмчээр ажиллаж байхад 22 цаг 38 минутад Уын биед үзлэг хийхэд баруун эгэм, зүүн шуу орчимд зулгарсан шинэ шархтай, дагзны хөшингө байхгүй байсан бөгөөд клиник шинжээрээ хоёр нүдний алимын чичирхийлэлтэй, хоёр нүдний зовхины унжилттай тархи доргилтын шинж тэмдэг илэрсэн...” гэх гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 215-216/, хохирогчийн “Саран элит” клиник эмнэлэгт үзүүлэхэд түүнд үзлэг хийж, тархины судасны допплерографийн дүгнэлт бичсэн эмч Б.Мийн “...2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр эмнэлэг дээрээ байхад У ирж биеийн байдлаа үзүүлсэн. Үзлэг хийхэд артерийн даралт 150/100, судасны цохилт 1 минутад 116 цохилж, хөлөрсөн байдалтай байсан байна. Уын хүзүүний баруун өмнө хэсэг улайсан, зүүн гарын бугалга, суганы орчимд улайсан шинж тэмдэгтэй байсан. Мөн Уын тархины судасны бичлэгийг хийхэд гавлын дотор артерийн бүсэд, өмнөд, дунд артерийн бүсэд судасны агчилт илэрсэн. Энэ нь тархи доргилтын анхны шинж тэмдэг илэрч байсан гэж үзээд нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөж явуулсан” гэх гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 217/, хохирогчийн биед үзлэг хийж амбулаториор эмчлүүлэгчдийн картад бичилт хийсэн эмч З.Лгийн “...2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Уын биед үзлэг хийхэд зүүн эгмээр эмзэглэнэ, зүүн гарын бугалга хөхөрсөн, хүүхэн хараа бага зэрэг өргөссөн байсан. Эдгээр эмнэл зүйг үндэслэн тархины битүү гэмтэл байх магадлалтай гэж үзэн толгойн томограф хийлгэхийг зөвлөсөн. Уын биед илэрсэн зовууриас үзэхэд тархины битүү гэмтэл үүссэн байх магадлалтай байсан. Уын биед үзлэг хийхэд толгойн зовуурь ихтэй, хүүхэн хараа хоёр талдаа бага зэрэг өргөссөн байсан нь эмнэл зүйн шинжээрээ тархи доргилтын шинж тэмдэг илэрсэн байсан” гэх гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 218/ зэрэг нь хохирогч Э.Уын биед гэмтэл өөрчлөлт илэрсэн болохыг нотолж байгаа ба дээрх мэдүүлэг өгсөн эмч нарын бичсэн эрүүл мэндийн карт, яаралтай түргэн тусламжийн хуудас болон өөрийн бодит үзлэгт үндэслэн Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 692 дугаартай шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Уын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн бугалга, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь нэхэмжлэл гаргаагүй болох нь түүний мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх санал гаргасан ба хохирогчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн санал дэмжив. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь хоёр охинтой, бас нэг хүүтэй, өөрөө хуваариа бизнес эрхэлдэг. Эцэг хүний үүргийг гүйцэтгээд явдаг. Хэрвээ 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэвэл ажлаа яаж хийж үр хүүхдээ яаж тэжээн тэтгэх билээ. Тийм учраас торгох ялаар шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Г.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 244/-аар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Г нь шүүхээс оногдуулсан 2.500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дуу болон дүрсний бичлэг бүхий 3 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г овогт Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Г овогт Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Гыг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дуу болон дүрсний бичлэг бүхий 3 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР