Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2018/00284

 

Дугаар 103/ШШ2018/00284

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэг, өөрийн байранд байрлах, Багануур ХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.625.853.841 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний нэмэлт нөхцөлийн 1.3,1.4-т заасан үүргээ биелүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сэргэлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Багануур ХК нь тус банктай 2016 оны 06 сарын 10-ны өдөр ЗГ1540000482 дугаартай зээлийн гэрээ байгуулж 10.000.000.000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, 2017 оны 02 сарын 17-ны өдөр ЗГ5002017165 дугаартай Зээлийн шугамын гэрээ байгуулж 700.000.000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаагаар, 2017 оны 06 сарын 29-ний өдөр ЗГ1540000618 дугаартай зээлийн гэрээ байгуулж 6.000.000.000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар, мөн өдрөө ЗГ1540000617 дугаартай зээлийн гэрээ байгуулж 7.445.775.000 төгрөгийн зээлийг жилийн 14 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, 2017 оны 09 сарын 27-ны өдөр ЗГ1540000666 дугаартай зээлийн гэрээ байгуулж 3.128.835.380 төгрөгийн зээлийг жилийн 14 хувийн хүүтэй 22 сарын хугацаатайгаар, 2018 оны 01 сарын 26-ны өдөр ЗГ1540000714 дугаартай зээлийн гэрээ байгуулж 8.500.000.000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар тус тус авсан билээ. 2016 оны 06 сарын 10-ны өдрийн ЗГ1540000482 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 сарын 21-ний өдөр дууссан боловч хариуцагч нь гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, мөн бусад гэрээний үүрэг зөрчигдсөнөөс 2018 оны 08 сарын 27-ны өдрийн байдлаарх төлбөр хуримтлагдаад байна. ЗГ1540000714 дугаартай зээлийн гэрээний нэмэлт нөхцөлийн 1.3-т зааснаар хариуцагч нь ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4 байгууллагуудаас орох орлогыг зөвхөн тус банкин дахь өөрийн харилцах дансаар дамжуулах үүрэг хүлээсэн боловч эдгээр үүргүүдийг огт биелүүлэхгүй байна. Бидний зүгээс хариуцагчтай холбогдож зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч үр дүнгүй байгаа тул уг асуудлыг шийдвэрлүүлэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагчаас 2018 оны 08 сарын 27-ны өдрийн байдлаар ЗГ1540000482 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1.096.105.198 төгрөг, ЗГ5002017165 дугаартай зээлийн шугамын гэрээний үүрэгт 2.965.217 төгрөг, ЗГ1540000617 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 331.581.524 төгрөг, ЗГ1540000618 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 766.719.799 төгрөг, ЗГ1540000666 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 39.705.714 төгрөг, ЗГ1540000714 дугартай зээлийн гэрээний үүрэгт 388.776.388 төгрөг, нийт 2.625.853.841 төгрөг гаргуулж ЗГ1540000714 дугаартай зээлийн гэрээний нэмэлт нөхцөлийн 1.3,1.4-т заасан үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээнүүдийн мөнгөн төлбөр 2.625.853.841 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч тал биелүүлж төлбөрийг төлж дуусгасан. Зээлийн 1540000714 дугаартай гэрээний 1.3, 1.4 дэх заалтыг биелүүлээгүй, нийт зээлийн 6 гэрээ байгуулсанаас 2 гэрээний үүргийг биелүүлсэн, одоо 4 гэрээ үргэлжилж байгаа, энэ нэхэмжлэлийн дүн бол шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн үнийн дүн түүнээс хойш нэхэмжлэлийн үнийн дүн нэмэгдээд байгаа, тиймээс гэрээгээр тохирсон үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардаж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. БНХК нь Дулааны цахилгаан станцуудыг өөрийн байгууллага руу шилжүүлэх төлбөрөө Хас банкны дансаар шилжүүлээрэй гэж тохирсон байхад болох асуудал, гэтэл эднийх борлуулалтын орлогоо манай банкны дансаар дамжуулахгүй, дамжуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсан учраас 2.625.853.841 төгрөгийн үүрэг үүссэн. Иргэний хуульд заасан гэрээний чөлөөт байдлыг үндэслэн 2 тал гэрээ байгуулсан, хүлээн зөвшөөрсөн. Дулааны станцуудаас эдний байгууллагад орж байгаа орлогууд манайхаар дамжихгүй байгаа учраас зээл төлөлт арай өөр байдлаар хийгдэж төлөгдсөн байгаа, өөр банкаар орлогоо хүлээж авсан юм бол тэр мөнгөө аваад манайх руу шилжүүлэх боломжтой л байсан гэж үзэж байна. Тиймээс хариуцагчийг энэ үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Гэрээний 1.3, 1.4-д заасан заалтын дагуу л зээл олгосон. Иргэний хуулийн 195 дугаар зүйлд зааснаар манай байгууллагын хүсэл зориг бол эдний байгууллагын орлогыг манай банкаар дамжуулах л байсан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн. Хариуцагч байгууллага гэрээнд зааснаар Дулааны станцуудад албан бичгээ хүргүүлсэн байна, гэхдээ борлуулалтын орлогоо манай дансаар дамжуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч нь үүргийг тогтоосон газар, зохих ёсоор шударгаар биелүүлэх үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байгаа, гуравдагч этгээдэд ашигтай, ашиггүй гэрээ гэж яригдахгүй, энэ гэрээнээс болоод дулааны станцуудын эрх ашиг хөндөгдсөн, хохирсон асуудал огт байхгүй, тэдний дотоод ажилд оролцоод байгаа асуудал ч байхгүй, эднийх Дулааны станцуудтай байгуулдаг гэрээнийхээ заалтад БНХК-д оруулах орлогоо Хас банкны дансаар оруулахаар гэрээндээ тусгаж болохоор байсан. Тиймээс гэрээний дээрх заалтыг биелүүлээгүй гэж үзэхээс өөр аргагүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сэргэлэн шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Багануур ХК нь Хас банктай ЗГ1540000482, ЗГ5002017165, ЗГ1540000617, ЗГ1540000618, ЗГ1540000666, ЗГ0000714 дугаартай зээлийн гэрээнүүдийг байгуулж гэрээний дагуу компанийн зүгээс өөрийн санхүүгийн боломж бололцооны хүрээнд үүргээ зохих ёсоор биелүүлсээр ирсэн. Багануур ХК болон Хас банкны удирдлагууд харилцан тохиролцож дээрх гэрээтэй холбоотой өр, авлагыг нүүрсээр болон бэлэн мөнгөөр төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлээд байгаа 2.625.853.841 төгрөгийг бүрэн төлж дуусгасан. Одоо манай хоёр байгууллага гэрээний нэмэлт нөхцөлийн 1.3, 1.4 дэх заалтыг биелүүлэхийг хариуцагчид даалгаж өгөөч гэсэн шаардлага дээр маргаад байгаа, гэрээ 2018 оны 01 сарын 21 ний өдөр хийгдсэн, 1.3, 1.4 дэх заалтыг биелүүлэхийн тулд манай байгууллагаас 2018.04.03-ны өдөр харилцагч Дулааны станцуудад Нүүрс худалдах худалдан авах гэрээний дагуу нийлүүлж буй нүүрсний үнийн төлбөрийг манай компанийн Хас банкан дахь 5000199440 тоот дансанд төвлөрүүлэхийг энэхүү албан бичгээр мэдэгдэж байна гэсэн албан бичгүүдээ хүргүүлсэн учраас гэрээнийхээ үүргийг биелүүлсэн гэж үзэж байгаа. Нэгэнт албан бичгүүдээ явуулсаар байхад тухайн байгууллагууд албан бичгийн дагуу Хас банкан дахь данс руу хийхгүй байгаа тохиолдолд манай байгууллага яах ёстой юм бэ, тэдний үйлчлүүлэх банкаа сонгох, төлбөрөө ямар хэлбэрээр хийх эрхэнд бид халдаж болохгүй биз дээ. Иргэний эрх зүйн гэрээний чөлөөт байдлын зарчим гэж байгаа, энэ гэрээний дээрх заалтууд бол гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн гэрээ болсон. Энэ гэрээнд Дулааны станцууд гуравдагч байдлаар оролцоод 3 талт гэрээ байгуулагдсан бол үүрэг хүлээх байх, өөрөөр төлбөрөө заавал Хас банкаар төлөх үүрэг Дулааны станцуудад үүсэхгүй. Манай талаас станцуудыг мөнгөө заавал тэр банкаар оруул гээд шахаж шаардах эрхгүй, тийм боломж ч байхгүй, бид ч гэсэн аль банкаар үйлчлүүлэхээ өөрсдөө сонгодог, бид Хас банкаар төлбөрөө дамжуулаач гэсэн албан бичгээ явуулсан, харин тэр байгууллагууд эдний дансаар шилжүүлэхгүй байгааг манайхыг гэрээний үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэж болохгүй, бид гэрээний заалтыг зөвшөөрөөд бичгээ явуулаад байгаа, бид дулааны станцуудын дотоод ажилд оролцох боломжгүй гэдгийг шүүх анхаараач гэж хүсэж байна. Нүүрсний үнийн зохицуулалт манай байгууллага өөрсдөө шийддэг асуудал биш, манай үнийг төрөөс хязгаарладаг, Засгийн газраас хараат байдаг учраас өр зээлд ордог, зээл авдаг асуудал үүсдэг, энэ гэрээнүүдээс өөр гэрээний үүрэг үлдсэн байгаа, хойшдоо ч Хас банктай хамтран ажиллана гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Багануур ХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2.625.853.841 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний нэмэлт нөхцөлийн 1.3,1.4-т заасан үүргээ биелүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.625.853.841 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, ЗГ1540000714 дугаартай зээлийн гэрээний нэмэлт нөхцлийн 1.3,1.4-т заасан үүргээ биелүүлэхийг даалгах шаардлагыг Гэрээний 1.3, 1.4 дэх заалтыг биелүүлэхийн тулд манай байгууллагаас 2018.04.03-ны өдөр харилцагч Дулааны станцуудад Нүүрс худалдах худалдан авах гэрээний дагуу нийлүүлж буй нүүрсний үнийн төлбөрийг манай компанийн Хас банкан дахь 5000199440 тоот дансанд төвлөрүүлэхийг энэхүү албан бичгээр мэдэгдэж байна гэсэн албан бичгүүдээ хүргүүлсэн учраас гэрээнийхээ үүргийг биелүүлсэн гэж, нэхэмжлэгч нь Хариуцагч байгууллага гэрээнд зааснаар Дулааны станцуудад албан бичгээ хүргүүлсэн байна, гэхдээ борлуулалтын орлогоо манай дансаар дамжуулах үүргээ биелүүлээгүй гэж тус тус маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.Зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэгт 2.625.853.841 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Зээлдүүлэгч Хас банкны Багануур салбар, зээлдэгч БНХК-ийн хооронд 2016 оны 06 сарын 10-ны өдөр ЗГ1540000482 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж 10.000.000.000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, 2017 оны 02 сарын 17-ны өдөр ЗГ5002017165 дугаартай Зээлийн шугамын гэрээ байгуулагдаж 700.000.000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаагаар, 2017 оны 06 сарын 29-ний өдөр ЗГ1540000618 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж 6.000.000.000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар, мөн өдөр ЗГ1540000617 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж 7.445.775.000 төгрөгийн зээлийг жилийн 14 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, 2017 оны 09 сарын 27-ны өдөр ЗГ1540000666 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж 3.128.835.380 төгрөгийн зээлийг жилийн 14 хувийн хүүтэй 22 сарын хугацаатайгаар, 2018 оны 01 сарын 26-ны өдөр ЗГ1540000714 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж 8.500.000.000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар нийт 35.774.610.380 төгрөг зээлдэж авсанаас 2.625.853.841 төгрөгийн төлбөртэй үлдсэн болох нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд, нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаар тогтоогдож байгаа ба зээлдэж авсан болон төлөөгүй үлдсэн мөнгөн төлбөрийн үүрэгт талууд маргаагүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээний үүргээ гүйцэтгэх хугацааг хариуцагч хэтрүүлсэн, үүрэг гүйцэтгэх хугацаа болсон учраас зээлдүүлэгч нь үүргийн гүйцэтгэлээ зээлдэгчээс шаардах эрхтэй.

Зээлдэгч БНХК нь зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүргийг хүлээн зөвшөөрч, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2.625.853.841 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна.

2. ЗГ1540000714 дугаартай зээлийн гэрээний нэмэлт нөхцөлийн 1.3, 1.4-д заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

ЗГ1540000714 дугаартай зээлийн гэрээний нэмэлт нөхцөлийн 1.3-д зээлдэгч нь гэрээ байгуулсанаас хойш 3 сарын дотор ДЦС-4, ДЦС-3, ДЦС-2-оос орох борлуулалтын орлогыг банк дахь өөрийн дансаар дамжуулах тухай албан бичгийг дээрх байгууллагуудад хүргүүлж, цаашид борлуулалтын орлогыг банк дахь өөрийн дансаар дамжуулна, 1.4-д Зээлдэгч нь цаашид хийгдэх гэрээнүүдэд банк дахь өөрийн дансыг тусгана гэж заасан байна.

Талуудын хооронд 2018 оны 01 сарын 26 ны өдөр байгуулагдсан 1540000714 дугаартай зээлийн гэрээг судалж үзэхэд тухайн гэрээний 1.11-д хэсэгчилсэн үүргийг зөрчсөн нь гэрээний 4.1-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлд хамаарна, 2.2.1-д Зээлдэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд 4.4.1-д заасан данснаас болон уг дансанд орох орлогоос зээлийн төлбөр, бусад төлбөрийг үл маргах журмаар суутган авах, бусад арга хэмжээ авах, 4.4.1-д Хас банкан дахь зээлдэгчийн болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн 5000199440 дугаар харилцах данс болон харилцах хадгаламж, картын бусад бүх данс, Худалдаа хөгжлийн банкан дахь 499031495, 49903257 дугаар харилцах данс, Голомт банк дахь 21040610, 21250610 дугаар харилцах данс, энэхүү гэрээ байгуулсанаас хойш шинээр нээлгэсэн аливаа дансууд дахь мөнгөн хөрөнгийг болон уг дансанд орох орлогыг банк үл маргах журмаар зээлийн төлбөрт шилжүүлэн авна, 4.4.2-д барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үндсэн төлбөр, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, барьцаа хөрөнгийг худалдан борлуулахтай холбогдон гарсан бусад зардлыг тэргүүн ээлжинд төлүүлнэ, 5.3-д барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна, зээлийн гэрээний нэмэлт нөхцөлийн 1.5-д Зээлдэгч нь зээлийн хугацаанд томоохон хөрөнгө оруулалтын зардал гаргах, бусад банк санхүүгийн байгууллагаас зээл авах, ногдол ашиг тараах, аж ахуйн нэгжийн өмчлөл, бүтцэд өөрчлөлт орох тохиолдолд урьдчилж банканд бичгээр мэдэгдэж зөвшөөрөл авна, 1.7-д Зээлдэгч нь борлуулалтын орлогыг 100 хувь банк дахь өөрийн дансаар төвлөрүүлнэ гэх зэргээр зээлдэгчид давхар давхар хариуцлага ногдуулж, зээлдүүлэгч нь өөрт ашигтай, илтэд давуу байдал тогтоосон гэрээний стандарт нөхцөлүүдийг зээлдэгч талд санал болгосон, талуудын харилцан итгэлцэл, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байх, гэрээний эрх чөлөө, шударга ёсны зарчимд харш, зээлдэгчид хохиролтой, зээлдэгчийн тухайн банкнаас өөр банкаар үйлчлүүлэх, орлогоо оруулах эрхийг хаасан заалтуудыг гэрээнд тусгажээ.

Зээлдэгч БНХК нь гэрээний нэмэлт нөхцөлийн 1.3-д заасан албан бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлсэн, Дулааны станцууд нь орлогоо Хас банкаар дамжуулан оруулахгүй байгаа нь БНХК-иас шалтгаалаагүй, БНХК нь Дулааны станцуудын орлогыг өөрсдөө бие даан шууд Хас банкны дансаар дамжуулан авах боломжгүй, БНХК-тай харилцагч байгуулагуудын орлогоо ямар хэлбэрээр төлөх, аль банкаар дамжуулах, банкаар дамжуулахгүй байх эрхэд нь халдсан, 1.4-д заасан үүрэг нь тухайн гэрээнд хамааралгүй, ирээдүйд байгуулагдах гэрээнд хамааралтай, хариуцагч нь мөнгөн төлбөрийн 2.625.853.841 төгрөг төлөх үүргээ бүрэн гүйцэтгэсэн байх тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан ЗГ1540000714 дугаартай зээлийн гэрээний нэмэлт нөхцөлийн 1.3, 1.4-д заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв .

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 13.357.420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13.357.420 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХнь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Багануур ХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт шаардсан 2.625.853.841 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдаж, 2018.01.26-ны өдөр байгуулагдсан 1540000714 дугаартай зээлийн гэрээний нэмэлт нөхцөлийн 1.3, 1.4-д заасан үүргээ биелүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.357.420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13.357.420 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ