Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/02400

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/02400

 

 

 

Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 103/ШШ2018/00284 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б ХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 2 625 853 841 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний нэмэлт нөхцөлийн 1.3, 1.4-т заасан үүргээ биелүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХК нь тус банктай 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ЗГ1540000482 дугаартай зээлийн гэрээ байгуулж 10 000 000 000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ЗГ5002017165 дугаартай Зээлийн шугамын гэрээ байгуулж 700 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаагаар, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ1540000618 дугаартай зээлийн гэрээ байгуулж 6 000 000 000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар, мөн өдрөө ЗГ1540000617 дугаартай зээлийн гэрээ байгуулж 7 445 775 000 төгрөгийн зээлийг жилийн 14 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ1540000666 дугаартай зээлийн гэрээ байгуулж 3 128 835 380 төгрөгийн зээлийг жилийн 14 хувийн хүүтэй 22 сарын хугацаатайгаар, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ1540000714 дугаартай зээлийн гэрээ байгуулж 8 500 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар тус тус авсан. 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ1540000482 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дууссан боловч хариуцагч нь гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, мөн бусад гэрээний үүрэг зөрчигдсөнөөс 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаарх төлбөр хуримтлагдаад байна. ЗГ1540000714 дугаартай зээлийн гэрээний нэмэлт нөхцөлийн 1.3-т зааснаар хариуцагч нь ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4 байгууллагуудаас орох орлогыг зөвхөн тус банкин дахь өөрийн харилцах дансаар дамжуулах үүрэг хүлээсэн боловч эдгээр үүргүүдийг огт биелүүлэхгүй байна. Бидний зүгээс хариуцагчтай холбогдож зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч үр дүнгүй байгаа тул уг асуудлыг шийдвэрлүүлэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагчаас 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар ЗГ1540000482 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1 096 105 198 төгрөг, ЗГ5002017165 дугаартай зээлийн шугамын гэрээний үүрэгт 2 965 217 төгрөг, ЗГ1540000617 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 331 581 524 төгрөг, ЗГ1540000618 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 766 719 799 төгрөг, ЗГ1540000666 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 39 705 714 төгрөг, ЗГ1540000714 дугартай зээлийн гэрээний үүрэгт 388 776 388 төгрөг, нийт 2 625 853 841 төгрөг гаргуулж ЗГ1540000714 дугаартай зээлийн гэрээний нэмэлт нөхцөлийн 1.3,1.4-т заасан үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү. Зээлийн гэрээнүүдийн мөнгөн төлбөр 2 625 853 841 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч биелүүлж төлбөрийг төлж дуусгасан. Зээлийн 1540000714 дугаартай гэрээний 1.3, 1.4 дэх заалтыг биелүүлээгүй, нийт зээлийн 6 гэрээ байгуулсанаас 2 гэрээний үүргийг биелүүлсэн, одоо 4 гэрээ үргэлжилж байгаа, энэ нэхэмжлэлийн дүн бол шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн үнийн дүн түүнээс хойш нэхэмжлэлийн үнийн дүн нэмэгдээд байгаа, тиймээс гэрээгээр тохирсон үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардаж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Б ХК нь Дулааны цахилгаан станцуудыг өөрийн байгууллага руу шилжүүлэх төлбөрөө Хбанкны дансаар шилжүүлээрэй гэж тохирсон байхад болох асуудал, гэтэл эднийх борлуулалтын орлогоо манай банкны дансаар дамжуулахгүй, дамжуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсан учраас 2 625 853 841 төгрөгийн үүрэг үүссэн. Иргэний хуульд заасан гэрээний чөлөөт байдлыг үндэслэн 2 тал гэрээ байгуулсан, хүлээн зөвшөөрсөн. Дулааны станцуудаас эдний байгууллагад орж байгаа орлогууд манайхаар дамжихгүй байгаа учраас зээл төлөлт арай өөр байдлаар хийгдэж төлөгдсөн байгаа, өөр банкаар орлогоо хүлээж авсан юм бол тэр мөнгөө аваад манайх руу шилжүүлэх боломжтой байсан гэж үзэж байна. Тиймээс хариуцагчийг энэ үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Гэрээний 1.3, 1.4-т заасан заалтын дагуу л зээл олгосон. Иргэний хуулийн 195 дугаар зүйлд зааснаар манай байгууллагын хүсэл зориг бол эдний байгууллагын орлогыг манай банкаар дамжуулах байсан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн. Хариуцагч байгууллага гэрээнд зааснаар Дулааны станцуудад албан бичгээ хүргүүлсэн байна, гэхдээ борлуулалтын орлогоо манай дансаар дамжуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч нь үүргийг тогтоосон газар, зохих ёсоор шударгаар биелүүлэх үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байгаа, гуравдагч этгээдэд ашигтай, ашиггүй гэрээ гэж яригдахгүй, энэ гэрээнээс болоод дулааны станцуудын эрх ашиг хөндөгдсөн, хохирсон асуудал огт байхгүй, тэдний дотоод ажилд оролцоод байгаа асуудал ч байхгүй, эднийх Дулааны станцуудтай байгуулдаг гэрээнийхээ заалтад Б ХК-д оруулах орлогоо Хбанкны дансаар оруулахаар гэрээндээ тусгаж болохоор байсан. Тиймээс гэрээний дээрх заалтыг биелүүлээгүй гэж үзэхээс өөр аргагүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХК нь Хбанктай ЗГ1540000482, ЗГ5002017165, ЗГ1540000617, ЗГ1540000618, ЗГ1540000666, ЗГ0000714 дугаартай зээлийн гэрээнүүдийг байгуулж гэрээний дагуу компанийн зүгээс өөрийн санхүүгийн боломж бололцооны хүрээнд үүргээ зохих ёсоор биелүүлсээр ирсэн. Б ХК болон Х банкны удирдлагууд харилцан тохиролцож дээрх гэрээтэй холбоотой өр, авлагыг нүүрсээр болон бэлэн мөнгөөр төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлээд байгаа 2 625 853 841 төгрөгийг бүрэн төлж дуусгасан. Гэрээ 2018 оны 01 дүгээр сарын 21ий өдөр хийгдсэн, 1.3, 1.4 дэх заалтыг биелүүлэхийн тулд манай байгууллагаас 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр харилцагч Дулааны станцуудад Нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлж буй нүүрсний үнийн төлбөрийг манай компанийн Х банкин дахь 5000199440 тоот дансанд төвлөрүүлэхийг энэхүү албан бичгээр мэдэгдэж байна гэсэн албан бичгүүдээ хүргүүлсэн учраас гэрээнийхээ үүргийг биелүүлсэн гэж үзэж байна. Нэгэнт албан бичгүүдээ явуулсаар байхад тухайн байгууллагууд албан бичгийн дагуу Х банкин дахь данс руу хийхгүй байгаа тохиолдолд манай байгууллага яах ёстой юм бэ, тэдний үйлчлүүлэх банкаа сонгох, төлбөрөө ямар хэлбэрээр хийх эрхэнд бид халдаж болохгүй. Иргэний эрх зүйн гэрээний чөлөөт байдлын зарчим гэж байгаа, энэ гэрээний дээрх заалтууд бол гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн гэрээ болсон. Энэ гэрээнд Дулааны станцууд гуравдагч байдлаар оролцоод 3 талт гэрээ байгуулагдсан бол үүрэг хүлээх байх, өөрөөр төлбөрөө заавал Хбанкаар төлөх үүрэг Дулааны станцуудад үүсэхгүй. Манай талаас станцуудыг мөнгөө заавал тэр банкаар оруул гээд шахаж шаардах эрхгүй, тийм боломж ч байхгүй, бид ч гэсэн аль банкаар үйлчлүүлэхээ өөрсдөө сонгодог, бид Х банкаар төлбөрөө дамжуулаач гэсэн албан бичгээ явуулсан, харин тэр байгууллагуудэдний дансаар шилжүүлэхгүй байгааг манайхыг гэрээний үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэж болохгүй, бид гэрээний заалтыг зөвшөөрөөд бичгээ явуулаад байгаа, бид дулааны станцуудын дотоод ажилд оролцох боломжгүй гэдгийг шүүх анхаарна уу. Нүүрсний үнийн зохицуулалт манай байгууллага өөрсдөө шийддэг асуудал биш, манай үнийг төрөөс хязгаарладаг, Засгийн газраас хараат байдаг учраас өр зээлд ордог, зээл авдаг асуудал үүсдэг, энэ гэрээнүүдээс өөр гэрээний үүрэг үлдсэн байгаа, хойшдоо ч Х банктай хамтран ажиллана гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Б ХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт шаардсан 2 625 853 841 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдаж, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан 1540000714 дугаартай зээлийн гэрээний нэмэлт нөхцөлийн 1.3, 1.4-д заасан үүргээ биелүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсынтэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 357 420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13 357 420 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 103/ШШ2018/00284 дугаар шийдвэрийн зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 625 853 841 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдаж заахдаа нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар бодогдсон эээлийн гэрээний үүрэгт гэж тусгаагүй. Хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусаагүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар гэж заасан нь зөвхөн энэ өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг шаардсан. Гэтэл шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацааг тусгаагүйгээс энэхүү хэргииг эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч нь дахин хариуцагчтай бэйгуулсан зээлийн гэрээний үүргийг шүүхийн журмаар нэхэмжлэх боломжгүй болгох үр дагавар үүсгэж байна.

ЗГ540000714 дугааргай зээлийн гэрээний нэмэлт нөхцөлийн 1.3, 1.4-т заасан үүргээ биелүүлэхийг даалгах шаардлагын тухайд хариуцагч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг биелүүлэхгүй байгаагаа зөвшөөрсөн бөгөөд талууд гэрээ байгуулахдаа дараах нөхцөлийг тохирсон. Үүнд:

Хэдийгээр нэмэлт нөхцөл гэж заасан боловч нь энэ нь гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт биш гэрээний гол нөхцөл учраас Зээлийн гэрээ болон нэмэлт нөхцөлийн огноо адилхан байгаа. Үүнээс үзвэл талууд гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний агуулгыг чөлөөтэй илэрхийлсэн.

Хариуцагч нь гэрээ байгуулах санал гардаж, хүсэл зоригоо илэрхийлэхдээ буюу зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхдээ үндсэн орлого болох Дулааны цахилгаан станцуудад нүүрс борлуулснаас олох орлогоос зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэнэ гэсний үндсэн дээр талууд гэрээний нөхцөлд ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4-өөс олох орлогыг нэхэмжлэгч банкин дахь өөрийн дансаараа дамжуулахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл, энэхүү тохиролцоо нь гэрээ байгуулах үндсэн нөхцөл болсон тул талууд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.2 дахь хэсэгт заасны дагуу уг нөхцөлийг гэрээнд заасан. Нэгэнт талуудын хооронд гэрээний гол нөхцөлийг тохиролцож гэрээ хүчин төгөлдөр болсон тул хариуцагч мь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргийг зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ.

Дээрх байдлаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар гүйцэтгэхийг шаардах эрхтэй байтал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй зүйл болох хариуцагч нэхэмжилсэн төлбөрийн үүргээ гүйцэтгэсэн болохыг уг шаардлагад хамааруулсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн огт хамааралгүй тусдаа шаардлагыг хооронд нь хамааралтай гэж буруу дүгнэсэн. Мөн гэрээний огт хамааралгүй бусад зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлагад хамааруулан дүгнэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч нь хуульд заасан ямар үндэслэлээр шаардах эрхгүй болохыг тодорхойлоогүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлага нь зээлдэгчийн банкаа сонгох эрхийг хаасан, хохиролтой байна гэж үзсэн хэдий ч ийнхүү дүгнэсэн үндэслэлээ тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтад үндэслэлгүйгээр ийм дүгнэлт хийсэн. Гэрээний энэхүү зохицуулалтаас болж хариуцагчид хохирол учирсан болоод ирээдүйд хохирол учрах нөхцөл байдал бий болсон талаарх баримт хэрэгт байхгүй байхад ийнхүү дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Нэхэмжлэгчид хариуцагчаас шаардах хууль зүйн үндэслэл бий. ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4-өөс орсон орлогоос нэхэмжлэгч нь зөвхөн зээлийн гэрээнд заасан хэмжээгээр л төлбөр суутган авах эрхтэй бөгөөд бусад байдлаар Банкны тухай хуулиар харилцагчийн анхны шаардлагаар төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг хүлээдэг тул хариуцагчийн эрх зөрчигдөхгүй, хохирохгүй. Нөгөө талаас хариуцагч нь нэгэнт гэрээгээр үүрэг хүлээсэн тул ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4-өөс авах орлогыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд авах нь эдгээр байгуулагуудын эрхийг зөрчихгүй. Тодруулбал, эдгээр байгууллагууд нь өөр банкинд харилцах данстай байлаа ч төлбөрийг банк хоорондын гүйлгээрээр Х банкин дахь хариуцагчийн дансанд шилжүүлэх бүрэн боломжтой бөгөөд энэ нь гагцхүү хариуцагчийн санаачилгаас хамаарах юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүд болон талуудын гэрээ байгуулахдаа илэрхийлсэн хүсэл зоригийг зөв дүгнэн үзэж шийдвэрт гомдолд дурдсан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Б ХК-д холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээнүүдийн төлбөрт 2 625 853 841 төгрөг гаргуулж, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ1540000714 дугаартай зээлийн гэрээний нэмэлт нөхцөлийн 1.3, 1.4-т заасан үүргээ биелүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ЗГ1540000482 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж 10 000 000 000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ЗГ5002017165 дугаартай Зээлийн шугамын гэрээ байгуулагдаж 700 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаагаар, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ1540000618 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж 6 000 000 000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар, мөн өдөр ЗГ1540000617 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж 7 445 775 000 төгрөгийн зээлийг жилийн 14 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ1540000666 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж 3 128 835 380 төгрөгийн зээлийг жилийн 14 хувийн хүүтэй 22 сарын хугацаатайгаар, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ1540000714 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж 8 500 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар нийт 35 774 610 380 төгрөг зээлдэж авснаас 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 2 625 853 841 төгрөгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй байсан нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд, талуудын тайлбараар тогтоогдож байна. / хэргийн 6-44, 54 дүгээр талд /

 

Хариуцагч Б ХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээнүүдийн хуваарийн дагуу төлөх 2 625 853 841 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлсэн талаар талууд маргаагүй байна.

 

Харин хариуцагч байгууллага нь ЗГ1540000714 дугаартай зээлийн гэрээний нэмэлт нөхцлийн 1.3, 1.4-т заасан үүргээ биелүүлж, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 05/304, 05/302, 05/303 тоот албан бичгүүдийг харилцагч Дулааны станцуудад хүргүүлсэн гэж, нэхэмжлэгч нь хариуцагч байгууллага гэрээнд зааснаар Дулааны станцуудад албан бичгээ хүргүүлсэн боловч борлуулалтын орлогоо манай дансаар дамжуулах үүргээ биелүүлээгүй гэж тус тус маргажээ.

 

Энэ талаар анхан шатны шүүх талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан 1540000714 дугаартай зээлийн гэрээг судалж зээлдэгчид давхар давхар хариуцлага ногдуулж, зээлдүүлэгч нь өөрт ашигтай, илтэд давуу байдал тогтоосон гэрээний стандарт нөхцөлүүдийг зээлдэгч талд санал болгосон, талуудын харилцан итгэлцэл, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байх, гэрээний эрх чөлөө, шударга ёсны зарчимд харш, зээлдэгчид хохиролтой, зээлдэгчийн тухайн банкнаас өөр банкаар үйлчлүүлэх, орлогоо оруулах эрхийг хаасан заалтуудыг гэрээнд тусгасан гэж дүгнэж ЗГ1540000714 дугаартай зээлийн гэрээний нэмэлт нөхцөлийн 1.3, 1.4-т заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Учир нь хариуцагч бусдад худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн нүүрсний төлбөрийг гуравдагч этгээд болох дулааны цахилгаан станцууд аль банкны дансаар шилжүүлэх нь тухайн этгээдийн эрх хэмжээний асуудал бөгөөд тэдгээрийн хоорондын гэрээний харилцааны оролцогч нь нэхэмжлэгч биш байна.

 

Шүүх хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 625 853 841 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг дурьдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 106 дугаар зүйлд заасан журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дуусгавар болоогүй дээрх гэрээнүүдийн үүрэгт 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үүссэн 2 625 853 841 төгрөгт төлбөрийн хугацааг тодорхой тусгаагүй байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй. Харин Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан үндэслэлгүй тул ЗГ1540000714 дугаартай зээлийн гэрээний нэмэлт нөхцөлийн 1.3, 1.4-т заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагыг хангуулах талаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 103/ШШ2018/00284 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б ХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар ЗГ1540000482 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1 096 105 198 төгрөг, ЗГ5002017165 дугаартай зээлийн шугамын гэрээний үүрэгт 2 965 217 төгрөг, ЗГ1540000617 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 331 581 524 төгрөг, ЗГ1540000618 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 766 719 799 төгрөг, ЗГ1540000666 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 39 705 714 төгрөг, ЗГ1540000714 дугартай зээлийн гэрээний үүрэгт 388 776 388 төгрөг, нийт 2 625 853 841 төгрөгийн төлбөрийг төлж, барагдуулсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан үндэслэлгүй тул 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан 1540000714 дугаартай зээлийн гэрээний нэмэлт нөхцөлийн 1.3, 1.4-т заасан үүргээ биелүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

С.ЭНХТӨР