Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2020/01218

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын дугаар багт оршин суух, С Ггийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэг /эрхлэгч И.А/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сд, хариуцагч байгууллагын төлөөлөгч И.А, хариуцагчийн өмгөөлөгч А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаанд ногдох нөхөн олговор 17029960 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Г намайг Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сард шийдвэрээр Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон юм. Хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимаас 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр эцсийн шийдвэр миний талд гарсан юм. Одоо шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Надад ажил олгогч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг өгөхгүй хохироож байна. Хариуцагч Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимаас 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гарсан тогтоолыг эс зөвшөөрч Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан болохыг дурдаж байна. Гэвч Улсын дээд шүүхээс 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гарсан тул Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалин хөлсний маргааныг 3 сарын дотор нэхэмжлэх заалт ёсоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

 

Иймд С.Г миний 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх 20 сарын ажилгүй байсан хугацаанд ногдох нөхөн олговорт 17029960 төгрөгийг Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Нэхэмжлэгч С.Г нь Б сумын Хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр орон тооны цомхотгол гэх нэрийдлээр ажлаас халагдсан. Энэ асуудлыг эс зөвшөөрч иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба түүний ажлаас үндэслэлгүй халагдсан гэх маргаан 3 шатны шүүхээр хянагдаж Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгосон. С.Гг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон ч хараахан ажилд аваагүй байна. С.Гг ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж гүйцэтгэх хуудас бичиж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан. С.Г нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 17029960 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч анх шүүхэд 2020 он 10 дугаар сарын 19-ны өдөр тус шүүхэд хандаж 17029960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч Б сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Бын тодорхойлолтоор С.Г 750880 төгрөгийн цалин авч байсан гэдэг нь нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд өөрчлөлт орсон. Үүнд: 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 16023780 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 750880 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан цалин хугацааны нөхөн олговорт 255300 төгрөг, нийт 17029960 төгрөг гаргуулах хүсэлттэй байна. С.Г ТҮ-8-аар цалинждаг, улсад 10 жил ажилласан. С.Г нь 2019 онд 10 сар, 2020 онд 11 сар ажилгүй байсан хугацааны нөхөн олговор нэхэмжилж байна. Хэрэгт 3 шатны шүүхийн шийдвэр болон бусад холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч И.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б аймгийн Б сумын иргэн С.Ггийн тус сумын Хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс 17029960 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцан үзэж эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. Б аймгийн Б сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны А/01 дугаартай захирамж мөн 06 дугаартай тушаалыг тус тус хуулийг ноцтой зөрчиж гаргасан үйлдлээс болж эцсийн эцэст байгууллага болон иргэн би ямар ч үндэслэлгүйгээр хохирч С.Гд дээрх их хэмжээний мөнгийг өгөх нь хэцүү байна.

2. Шат шатны шүүх нь С.Гг цэцэрлэгт нягтлан бодогчоор авах нь зүйтэй байжээ гэсэн утгаар түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ч гэсэн манай цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо 2019 оны 01 дүгээр сараас эхлэн огт байхгүй гэдгийг шүүх өмнөх болон одоо энэ хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэж танилцана гэж итгэж байна.

3. Нэгэнт нягтлан бодогчийн орон тоо, бүтэц байхгүй байгууллагад үндэслэлгүй буюу байхгүй хүнд цалин хөлс ч байхгүй.

4. Хэргийг шинээр илэрсэн нөхцөлөөр сэргээх зорилгоор Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэжээ.

Хариуцагч Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч И.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Ггийн ажлын орон тоо норм норматив Б сумын Хүүхдийн цэцэрлэгт байхгүй. Б сумын Хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчийн ажлын орон тоо, цалингийн сан байхгүй гэдгийг хэлмээр байна. 3 шатны шүүхийн шийдвэр гарч С.Гг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилсон тул надад тухайн хүнийг авч ажиллуулах үүрэг ноогдож байна. Би тус байгууллагад нягтлан бодогчийн орон тоо цалингийн сан байхгүй байхад С.Гг хэрхэн цалинжуулах юм бэ. Миний бие, шүүхэд бичгээр тайлбар гаргасан ба үүнд холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн. Би шүүхийн шийдвэрийг биелүүлж, С.Гг ажилд авна. С.Гг ажилд авч цалин өгөхөөр бол Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн төсөв зориулалт бусаар зарцуулагдах болоод байна. Би С.Гг ажилд эгүүлэн авна гэдгээ шийдвэр гүйцэтгэгчид хэлсэн гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч нарын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Г нь Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгээс 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 17029960 төгрөг гаргуулахыг хүссэн байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00414 дугаар шийдвэрээр Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх ба ажил олгогчоос уг шийдвэрийг биелүүлээгүй тул ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь манай цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо, цалингийн сан байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00414 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С.Гг Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх ба хариуцагчаас уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын гомдол гаргасан бөгөөд Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 212/МА2019/00040 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00416 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно, мөн хуулийн 36.1, 36.1.2-т Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн нотлох баримт болох Б аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчоос гаргаж өгсөн цалин хөлсний тооцооноос үзэхэд С.Г нь 2019 онд сард 750880 төгрөгийн цалин авч байсан байх ба хариуцагчийн зүгээс уг цалингийн хэмжээнд маргаагүй, дээрх баримтыг няцаах нотлох баримт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлсийг 750880 төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Гг Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлсөн байх ба одоо хүртэл ажилд эгүүлэн томилогдоогүй байх тул түүний ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаагаар тооцоход 20 сар 11 хоногийн хугацаанд /2019 оны 03 дугаар сард ажлын 11 хоног, 2019 онд 9 сар, 2020 онд 11 сар/ ажилгүй байсан байх тул энэхүү хугацааны ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байна. Дээрх хугацаа буюу 20 сард 15017600 /20 сар х 750880=15017600/ төгрөг, ажлын 11 хоногт 384164 /750880 : 21.5=34924 х 11 хоног = 384164/ төгрөг, нийт 15401761 төгрөг байх тул С.Ггийн ажилгүй байсан хугацааны олговор 15401761 төгрөгийг Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгээс гаргуулан олгож, илүү нэхэмжилсэн 1628199 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгээс 15401761 /арван таван сая дөрвөн зуун нэгэн мянга долоон зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Гд олгож, илүү нэхэмжилсэн 1628199 /нэг сая зургаан зуун хорин найман мянга нэг зуун ерэн есөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243100 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгээс 234958 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Гд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК