Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2021/00007

 

        С.Ггийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2020/01218 дугаар шийдвэртэй, Баяннуур сумын 5 дугаар багт оршин суух, С.Г-гийн нэхэмжлэлтэй, Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны  01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаанд ногдох нөхөн олговор 17029960 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: “С.Г намайг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2019 оны 6 дугаар сард Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон. Хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимаас 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр эцсийн шийдвэр миний талд гарсан. Надад ажил олгогч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг өгөхгүй хохироож байна. Хариуцагч Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимаас 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гарсан тогтоолыг эс зөвшөөрч Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан болохыг дурдаж байна. Гэвч Улсын дээд шүүхээс 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гарсан тул Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалин хөлсний маргааныг 3 сарын дотор нэхэмжлэх заалт ёсоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд С.Г миний 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх 20 сарын ажилгүй байсан хугацаанд ногдох нөхөн олговорт 17029960 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс гаргуулж өгнө үү.” гэжээ.  

Хариуцагчийн тайлбарт: “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны А/01 дугаартай захирамж мөн 06 дугаартай тушаалыг тус тус хуулийг ноцтой зөрчиж гаргасан үйлдлээс болж байгууллага болон иргэн би ямар ч үндэслэлгүйгээр хохирч С.Г-д дээрх их хэмжээний мөнгийг өгөх нь хэцүү байна. Шат шатны шүүх нь С.Гг цэцэрлэгт нягтлан бодогчоор авах нь зүйтэй байжээ гэсэн гэж шийдвэрлэсэн ч манай цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо 2019 оны 01 дүгээр сараас эхлэн огт байхгүй гэдгийг шүүх өмнөх болон одоо энэ хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэж танилцана гэж итгэж байна. Нэгэнт орон тоо, бүтэц байхгүй байгууллагад цалин хөлс ч байхгүй. Хэргийг шинээр илэрсэн нөхцөлөөр сэргээх зорилгоор Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2020/01218 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгээс 15401761 /арван таван сая дөрвөн зуун нэгэн мянга долоон зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г-д олгож, илүү нэхэмжилсэн 1628199 /нэг сая зургаан зуун хорин найман мянга нэг зуун ерэн есөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “1.С.Г нь тус сумын ЗДТГ-ын нягтлан бодогчоор ажиллаж байхад дарга 3.Мадениет үндэслэлгүйгээр манай цэцэрлэгт орон тоо, төсөв байхгүй байхад орон тоо, төсөв цалинг нь өгнө гэж хуурч мэхлэн манай цэцэрлэгийн нягтлан бодогчоор томилуулсан.

2.Энэ маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж С.Г нь тус цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллахаар болж одоо шүүхийн шийдвэрээр манай цэцэрлэгт нягтлан бодогчоор ажилд орчхоод байна.  Гэвч нэгэнт орон тоо, төсөв, цалин мөнгө байхгүй болохоор С.Г-д хаанаас ямар цалин хөлс олж өгөхөө мэдэхгүй байна. Аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд С.Г-г нябогоор томилсон тухай эрхийн актыг хянуулахаар нэхэмжлэл өгсөн байгаа. С.Г-д өгөх цалин мөнгө тус цэцэрлэгт байхгүй тул хэргийг зөв бодит үнэн байдлаар нь хянаж шийдэж өгөхийг хүсье.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

С.Г нь Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаанд ногдох нөхөн олговор 17.029.960.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ажил олгогчоос ажилтны ажилгүй байсан нийт хугацааны  олговорт 15.401.761.00 төгрөгийг гаргуулж, 1.628.199.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, С.Г нь тус аймгийн Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгджээ. Тэрээр уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 130/шШ2019/00414 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 212/МА2019/00040 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00416 дугаар тогтоолоор түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон байна.

            Нэхэмжлэгч С.Г-гийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчоос гаргаж өгсөн цалин хөлсний тооцооноос үзэхэд сард 750.880.00 төгрөг байх бөгөөд талууд үүнд маргаагүй. Хэрэгт цугларсан баримтуудад тулгуурлан түүний ажлын нэг өдөрт ногдох цалин хөлс 34.924.00 төгрөг, ажилтны ажилгүй байсан 20 сар х 750.880.00=15.017.600.00 төгрөг,  11 хоног х 34.924.00=384.164.00 төгрөг, нийт 15.401.761.00 /15.017.600.00 +384.164.00 =15.401.761.00 / төгрөг гэсэн тооцоолол гарч байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасанд маргахгүй, анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тооцооллын алдаа гаргасан талаар тайлбарлажээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь заалтад заасан зохицуулалтыг хэрэгт үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэсэн байна.

            Иймд хариуцагчийн “нэгэнт орон тоо, төсөв, цалин мөнгө байхгүй болохоор С.Гг хаанаас ямар цалин хөлс өгөхөө мэдэхгүй байна, аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд С.Г-г нягтлан бодогчоор томилсон тухай эрхийн актыг хянуулахаар нэхэмжлэл өгсөн” гэх хууль зүйн үндэслэлгүй давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2020/01218 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3  дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

                       

Д.КӨБЕШ