Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 700

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/00478 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Э.Ггийн нэхэмжлэлтэй

Хариуцагч П.Хт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 19 734 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтаншагай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч П.Хт 30 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлүүлдүүлсэн. Гэвч П.Х нь зээлсэн мөнгөө бүрэн төлөхгүй буюу 2016 оны 9 дүгээр сарын 30-нд 2 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 02-нд 1 000 000 төгрөг төлсөн тул 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үлдэгдэл болох 27 000 000 төгрөгт зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээг бичгээр байгуулснаас хойш 2016 оны 12 дугаар сарын 19-нд 7 500 000 төгрөг, 12 дугаар сарын 28-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 09-нд 2 000 000 төгрөг, нийт 13 500 000 төгрөгийг төлсөн. Одоо зээлийн үлдэгдэл 16 500 000 төгрөг байх бөгөөд бичгээр байгуулсан зээлийн гэрээний 2.6 дах хэсэгт зээлийг хугацаандаа төлөөгүй хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги тооцож төлүүлнэ гэж заасны дагуу 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа буюу нийт 98 хоногийн алдангид 3 234 000 төгрөг, нийт 19 734 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Аман хэлцлээс бичгийн хэлбэртэй гэрээ байгуулж буйгаас үзэхэд хэлцлийн талаар маргаангүй, түүнийг нотлох баримт шүүхэд гаргаж өгөхгүй байна гэв.

Хариуцагч П.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Надад зээлдүүлсэн гэх 16 500 000 төгрөг нь 2012 оноос 2016 оны хооронд Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Н.Батаа 2012 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дахин сонгууль болж болзошгүй гэж үзээд дүүргийн намд хандив маягаар бэлэн өгсөн мөнгө болно. Надад дээрх хандивын мөнгийг өгөх үед би Багахангай дүүргийн ардчилсан намын даргаар ажиллаж байсан. Тухайн үед Н.Батаа нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Багахангай дүүргээс өрсөлдөж байсан. Сонгууль нь маргаантай болсон учир Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж Н.Батаагийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон үеэс эхлээд Н.Батаа нь надаас хандив гэж өгсөн мөнгөө нэхэх болсон. Надаас нэхэмжилж буй Э.Г нь Н.Батаагийн хувийн компанийн нягтлан бодогч юм. Би Э.Ггаас мөнгө зээлээгүй, мөн зүс мэдэхээс цаашгүй болно. Э.Г гэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр намайг хүчээр дарамталж, хэл үгээр дайрч тэрхүү зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж, нотариатаар гэрчлүүлсэн болно. Ийнхүү дарамталж гэрээ байгуулсныг нотариатч Б.Батсүрэн гэрчилнэ. Миний хувьд Н.Батаад ямар нэгэн төлбөр төлөхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч П.Хаас 18 480 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Гд олгож, нэхэмжлэлээс үлдсэн хэсэг 1 254 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256 700 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч П.Хаас 240 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Гд олгон шийдвэрлэсэн байна.

Хариуцагч П.Х давж заалдах гомдолдоо: Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг үндэслэн хэргийг шийдвэрлэхэд тухайн хэрэгт ач холбогдол бүхий үйлдэл болох Э.Ггийн нэхэмжилж буй 27 000 000 төгрөгийг хэрхэн, хэзээ хариуцагчид хүлээлгэн өгсөн, хэрхэн шилжүүлсэн талаарх нотлох баримт авагдаагүй, хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс уг үйл баримтыг тодруулахаар шүүхэд хүсэлт гаргаж, мөн нэхэмжлэгчийн зүгээс холбогдох нотлох баримтыг өгөөгүй байхад өгсөн, мөн хариуцагч гэрээний зүйлийг хүлээн авсан бодит үйлдлийн талаар маргаагүй хэмээн үзсэн. Гэтэл шүүх хуралдааны явцад өмгөөлөгч уг мөнгийг Э.Ггаас зээлийн болон бусад зориулалтаар аваагүй талаар маргасан байхад маргаагүй мэтээр бичсэн. Мөн уг баримтуудыг тодотгох, хэргийн гол гэрч Н.Батааг гэрчээр оролцуулах хүсэлтийг хангасан боловч шүүх хуралдааны явцад хүчингүй болгосон. Хэрэгт ач холбогдол бүхий хүсэлтүүдийг хангахаас татгалзсан. Өмгөөлөгчийн зүгээс мэтгэлцэх зарчмыг хангах, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийн тулд намайг оролцуулахыг хүссэн боловч шүүхээс хангаагүй. Зээлийн гэрээний 3.2, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус тодорхой заасан байхад нэхэмжлэгч Э.Г нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлсэн эсэх, хэрхэн биелүүлсэн эсэх, мөнгө өгсөн эсэх, холбогдох баримтууд байгаа эсэх, бусад тайлбар нотлох баримтыг шалгалгүйгээр гэрээг хүчин төгөлдөр гэж үзэн Э.Ггаас аваагүй мөнгийг буцаан олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гурван шатны шүүхээр хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх газраас холбогдох мөнгийг гаргуулахаар заасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч П.Хт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19 734 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

Хэрэгт Э.Г, П.Х нарын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, П.Хын мөнгө хүлээн авсан тухай тодорхойлолт, Э.Ггийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга зэрэг баримтууд авагджээ. /хх 4, 101-104 дэх тал/ Нэхэмжлэгч тал дээрх бичмэл нотлох баримтуудыг нотолгооны эх сурвалжаа болгон, хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан байна.

Уг баримтуудаас үзэхэд хариуцагч П.Х нь нэхэмжлэгч Э.Ггаас 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 30 000 000 төгрөг хүлээн авсан  баримт үйлдэн гарын үсэг зуржээ. Мөн талууд мөн оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 27 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь уг үйл баримтыг “зээлийн үлдэгдлийг тооцон, аман гэрээг бичгийн хэлбэрт оруулсан” гэж тайлбарлажээ. Түүнчлэн хариуцагч П.Х нь нэхэмжлэгч Э.Ггийн Худалдаа хөгжлийн банк дахь 423001225 тоот данс руу 2016 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 4 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь нотлогдож байна. Хариуцагч тал мөнгө хүлээн авсан, зээлийн гэрээ байгуулсан үйл баримтын талаар “... Э.Ггаас мөнгө зээлээгүй, ... Н.Батаа намд хандив гэж бэлэн мөнгө өгсөн ..., ... дарамталж гэрээ байгуулсан ...” гэж тайлбарлах боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. /хх 19 дэх тал/

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. Иймээс гэрээний нэг тал нөгөө талаасаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч П.Х нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг няцааж чадаагүй байх тул түүнээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16 500 000 төгрөг, алдангид 1 980 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Хариуцагч тал, анхан шатны шүүхийг шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй, гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангасан атлаа шүүх хуралдааны үеэр хүчингүй болгосон гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч П.Хт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар нотлогдож байна. Хариуцагч өөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйн улмаас нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт нийцжээ. Түүнчлэн гэрчийн хаяг тодорхойгүйн улмаас түүнийг шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй болсон гэж үзэн хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/00478 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                       

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

 

                                      ШҮҮГЧИД                             Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Ч.ЦЭНД