Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2020/01167

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгчид А.Жархынгүл, Б.Мангилик нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 0 дүгээр баг   тоотод оршин суудаг Б А/утас:, РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 0 дүгээр багт оршин суудаг Т А /утас:, РД: /-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, хариуцагчийн өмгөөлөгч Х.Б, орчуулагч Б.А, иргэдийн төлөөлөгч А.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 1) Б аймгийн Ө сумын 0 дүгээр баг Их буланд байршилтай Ж авто угаалгын газрыг одоогийн байрнаас нь өөр газарт нүүлгэхийг хариуцагч Ж.Ат даалгах;

2) Ж авто угаалгын байшингийн дээврээс борооны ус гоожсоны улмаас учирсан хохирол 5356000 төгрөгийг хариуцагч Ж.Аээс гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Б.Ашүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн гэр бүлдээ зориулж одоо амьдарч буй өвлийн байшин сууцыг маань 2010 онд одоогийн байранд барьсан билээ. Гэтэл баруун талын хөрш гэх Ж.А нь гэр бүлийн хэрэгцээндээ зориулж авсан газарт хууль бусаар Ж нэртэй авто угаалга, засварын газрыг манай байшингийн баруун талын ханыг залгуулан надаас ямар ч зөвшөөрөлгүйгээр барьсан. Энэ асуудлаас болж бид шүүхэд ч маргаж очсон бөгөөд үр дүн нь Ж гэх авто угаалга, засварын газрын дээврээс гоожсон борооны олон жил урссан ус нь манай өвлийн байшингийн ханыг нурааж, ус чийг нь шал газарт шингэн чийг үүсгэж эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хэмжээнд хүрсэн тул мэргэжлийн хяналтын газарт үзлэг шалгалт хийж дүгнэлт хийж дүгнэлт гаргаж өгнө үү гэж хүсэлт гаргасан юм. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 8 дугаар сарын 12-нд улсын байцаагчийн 0404020\141 дугаартай дүгнэлт гарсан. Дүгнэлтэд: Ж авто угаалгын газрын шувуун дээврээс гоожсон ус нь миний өвлийн сууцанд гоожсоноос болж хана нуурсан, шавар унасан суулт өгснөөс болж нурах аюултай болсон. Ж авто угаалгын барилгыг миний өвлийн сууцанд 20-40 см-ийн зайтай тулган барьсан тул Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.5-д заасан заалт зөрчигдөж миний өвлийн сууц хүн амьдрах боломжгүй, нурах аюултай болсон байна гэж бичигдсэн байна. Тийм дүгнэлт гарсан болохоор би гэр бүлээрээ энэ байшинд амьдарч суух боломжгүй болж байшингаа нурааж шинээр барихаар боллоо. Тухайн байшинг нураах, барих зэрэгт гарсан хохирлыг жич нэхэмжлэх болно. Би өвлийн байшингаа яг хуучин суурин дээр дахин барих болно. Өөр газар нүүлгэн барихгүй. Учир нь, энэ буйр бол надад болон гэр бүл хүүхдүүдэд маань маш халуун дулаан санагддаг, буянтай гэж үздэг тул хуучин бууриндаа барих гэж гэр бүлээрээ ярьж шийдсэн. Байшингаа өнөө маргааш нурааж 10 дугаар сард бариад дуусгахаар төлөвлөж байна. Тийм учраас Ж нэртэй авто угаалга, засвар хийдэг байрыг хуучин газраас нь хашааныхаа өөр өнцөг буланд шилжүүлэн нүүлгүүлэх шаардлагатай байна. Учир нь, дахин борооны ус дээврээр дамжин урсахгүй, манай байшингийн суурт чийг болохгүй, болзошгүй эрсдэл үүсэхгүй юм. Барилга хоорондын баригдах зайг нь 5 метрээс хол байх тухай хуулийн заалт зөрчигдөхгүй. Иймд Ж авто угаалга, засварын газрыг одоогийн байрнаас нь өөр газарт нүүлгэхийг эзэн нь Ж.Ат даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.А шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие Ж авто угаалгын газрыг 2015 онд өөрийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний 031304403 нэгж талбарын дугаартай 365 м.кв газарт барьж ашиглалтад оруулсан. 365 м.кв газар нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 04-04-029\141 дугаартай Барилгын чанарын тухай дүгнэлт нь иргэн Б.Аын Ө сумын 0 дүгээр багт байршилтай байшингийн чанарын байдалд хийсэн дүгнэлт болохоос биш Ж.А миний өмчлөлийн авто угаалгын газрыг одоогийн байрнаас нь өөр газарт нүүлгэх тухай дүгнэлт биш юм. Улсын байцаагчийн дээрх дүгнэлтийг үндэслэн миний эзэмшлийн Ж авто угаалгын газрыг одоогийн байрнаас нь өөр газарт нүүлгэхийг хариуцагч надад даалгах хууль зүйн үндэслэл байхгүй. Би тухайн угаалгын газрыг өөрийн өмчлөлийн газарт барьсан. Угаалгын газар оршин байгаа газар нь нэхэмжлэгч Б.Аын эзэмшил газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд өмчлөх эрхийн тухай заасан бөгөөд мөн зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр,х уулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Ж угаалгын газар нь өөрийн өмчлөлийн газар дээр барьсан өөрийн хөрөнгө бөгөөд түүнийг би өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Б.Ань энэ асуудлаар өмнө нь танай шүүхэд мөн нэхэмжлэл гаргаж тухайн хэрэгт 2 жил гаруй хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж хамгийн сүүлд нь танай шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 130\ШЗ2020\01893 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлээ татаж авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Иймд нэхэмжлэгч Б.Аын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагад: ...хариуцагч Ж.Аийн буруутай үйл ажиллагаанаас болж түүний Ж авто угаалгын байрны дээврээс гоожсон борооны ус нь миний өвлийн байшин сууцны хана, дээвэрт гоожсоны улмаас байшин маань чанар алдаж барилгын материал нь ялзарч, цуурч нурах аюулд хүрч, хүн амьдрах аргагүй байдлаас болж намрын хүйтэнд буулгаж түр амьдрах 2 өрөө зуны байшин барьсан билээ. Миний муудаж нурах дөхсөн байшингийн болон Ж авто угаалгын байшингийн дээврээс борооны ус гоожсоны улмаас хүн оршин сууж амьдрах боломжгүй аюултай гэсэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт дүгнэлт гарсныг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Энэ дүгнэлтийг үндэслээд байшингаа нурааж түр амьдарч суух 21 өрөө байшинг барьсан байгаа. Байшингаа нурааж түр амьдрах зуны байшин барихад гарсан зардал хөрөнгө мөнгийг тооцоход нийт 5356000 төгрөгийн хохирол гарсныг баримтаар хавсаргасан. Энэ 5356000 төгрөгийг хариуцагч Ж.Аээс гаргаж өгөхийг хүсэж нэхэмжлэлийн шаардлыг ихэсгэж байна. Миний бие Ж.Аийн буруутай үйл ажиллагаанаас болж ийм хэмжээний хохирол амссан болохоор хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд Ж авто угаалгын газрын эзэн Ж.Аээс 5356000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.А нэхэмжлэгчийн ихэсгэсэн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: 1.Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 04-04-029\14 дугаартай дүгнэлтээр...Ж авто угаалгын газрын шувуу дээврээс гоожсон ус нь ус зайлуулах хоолойн эвдрэлээс болж иргэн Б.Аын өвлийн сууцанд гоожсоноос болж баруун хойд талын булан нь цуурсан, шавар нь унасан, суулт өгснөөс болж нурах аюултай болсон гэж дүгнэсэн. Миний Ж авто угаалгын газрын шувуун дээврээс ус гоожсоноос иргэн Б.Аын өвлийн сууцанд бүхэлдээ эвдрэл, гэмтэл учраагүй, зөвхөн байруун хойд талын булан нь цуурсан, шавар нь унасан, суулт өгсөн байсан. Ийм байхад Б.Ань байшингаа өөрөө дур мэдэн бүхэлдээ буулгасан нь түүний буруутай үйл ажиллагаа. Миний хувьд зөвхөн ус гоожсоноос үүссэн бодит хохирлыг төлөх ёстой болохоос бүхэлдээ төлөх ёсгүй. Миний бие 8 дугаар сарын эхээр Б.Аын байшинд ус гоожиж эвдэрсэн байна гэдгийг сонсоод түүний гэрт өөрийн биеэр очиж ус гоожсон байдлыг үзээд Б.Аад би таны байшинг засаж өгье, та материалаа сонго, тоосгоор засуулна гэвэл тоосгоор, газо блокоор засуулна гэвэл газо блокоор засаж өгье, мөн засварлахад гарах бүх материал, засварын хөлсийг би өөрөө хариуцъя гэж хэлэхэд Б.Ань би хамаатан садантай ярилцаж байгаад хариу өгье гэсэн. Хэд хоногийн дараа Б.Атай ярилцахад би хамаатан садантай ярилцсан, байшинг бүхэлдээ буулгаж байгаад барина, гэмтсэн хэсгийг засварлуулахгүй гэж хариу өгсөн. Хэрэв Б.Атухайн үед надтай харилцан тохиролцсон бол миний хувьд байшингийн ус гоожиж гэмтсэн хэсгийг тухайн үед сэргээн засварлаж гэмтэл учрахаас өмнө байсан байдалд нь сэргээх бүрэн боломжтой байсан. 2.Б.Анэхэмжлэлдээ түр амьдрах 2 өрөө зуны байшин барьсан, түүнийг барихад 5356000 төгрөгийн зардал гарсан, үүнийг надаас гаргуулж өг гэжээ. Б.Аын түр амьдрах зориулалтаар барьсан 2 өрөө зуны байшин нь нурсан гэх байшингийн хохиролтой ямар ч хамааралгүй бие даасан объект. Нэгэнт өөрийн хэрэгцээнд 2 өрөө зуны байр барьсан учир түүнийг барихад гарсан зардлыг би хариуцан төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Б.Ань нэхэмжлэлдээ С ХХК-аас авсан материал гэж 19 нэр төрлийн 2136000 төгрөгийн үнэлгээтэй бараа авсан талаарх зарлагын баримт, 10 тн чулуу, 10 тн элс, 10 тн хайраг, 29 тн шар шавар буулгасан талаарх иргэн Х.Ганбатын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, 100 ширхэг пум, 220В-ын мечалка 3 хоногоор хөлсөлж авч 300000 төгрөг төлсөн талаарх иргэн Б.Тын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, ковшоор 6 цаг ажиллаж 360000 төгрөг авсан талаарх иргэн З.Тилекийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, байшинг 2 сая төгрөгийн хөлсөөр барьсан талаарх иргэн С.Нын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтуудыг хавсаргасан байна. Эдгээр материалуудыг зуны байр барихад ашигласан гэдэг нь эргэлзээтэй бодит байдалд нийцэхгүй байна. Чухам ямар хэмжээтэй 2 өрөө зуны байрыг ямар материалаар хэзээ барьсан болох, түүнд дээр дурдсан материалуудыг зарцуулсан эсэх нь тодорхой бус байна. 2 өрөө зуны байр барихад 10 тн чулуу, 10 тн элс, 10 тн хайраг, 29 тн шар шавар ашигласан гэдэг нь бодит байдалд огт нийцэхгүй байна. Тэгээд ч ковш ашиглуулсан гэх З.Т гэгч Б.Аын төрсөн баз, Х.Г нь гэр бүлийн найз, Б.Т хөрш нь бөгөөд эдгээр хүмүүсээс тодорхойлолт авч хэрэгт хавсаргасан нь үндэслэл муутай байна. Тийм учир нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ашүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Миний бие 2015 оноос эхлээд Ат барьсан барилгаас нь болж надад хохирол учралаа би эрүүл орчинд амьдармаар байна гээд 5 жилийн турш ярьж байна. 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Аийн авто угаалга миний байшинтай хэт ойрхон баригдсанаас болж миний байшин нурж би орох оронгүй болсон. Тэгээд би Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргаж миний байшинд хүн амьдрах боломжгүй аюултай гэсэн дүгнэлт гаргуулж авсан. Тэр дүгнэлтийн дагуу би байшингаа буулгаж энэ талаар Ат мэдэгдсэн. Би Ат эцсийн шийдвэр гарах хүртэл хэсэг хугацаа амьдрах байр хөлсөлж өг эвсэл эсгий гэр түр хугацаагаар барьж өг гэж шаардлага тавьсан боловч Ж.А миний шаардлагыг ерөөсөө тоогоогүй. Тиймээс би аргагүй эрхэнд өвөлжих зорилгоор 2 өрөө байшин барьж авсан. Энэхүү байшинг барихдаа гарсан зардал болон надад учирсан хохирлын талаарх бүх баримтыг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн. Хоёрдугаарт би дахин байшин барих шаардлагатай болно. Ж.Аийн угаалгын газраас болж миний шинээр барих байшин дахин нурах аюултай тул Ж.Аийн авто угаалгыг албадан нүүлгэж өгөхийг хүсэж байна. Миний бие Ж.Аийн энэ үйлдэл нь хууль бус гэж үзэж байгаа. Тиймээс миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Урьд нь нэхэмжлэгч Б.Ахариуцагч Ж.Ат холбогдуулан Б аймгийн Ө сумын 5 дугаар багт байршилтай Ж автомашин угаалгын газрыг албадан нүүлгэхийг шаардаж тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №573 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Энэ шийдвэрийг нэхэмжлэгч Б.Аэс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №212/МА2017/00129 дугаартай магадлалаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №573 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

 

Энэ магадлалыг эс зөвшөөрч хариуцагч Ж.А хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/00281 тогтоолоор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №212/МА2017/00129 дугаартай магадлалыг хэвээр үлдээж хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцээд Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн №130/ШШ2018/00684 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Энэ шийдвэрийг нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №212/МА2018/00127 дугаартай магадлалаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00684 дугаартай шийдвэрийг хэвээр үлдэж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

 

Энэ магадлалыг нэхэмжлэгч Б.Аэс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2019/00576 тогтоолоор Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00684 дугаартай шийдвэр, Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №212/МА2018/00127 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Б.А...би Ж.Ат холбогдуулан Ж авто угаалгын газрыг албадан нүүлгэхийг хүсэж нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж авто угаалгын газрын үйл ажиллагааг зогсоохыг тус угаалгын газрын эзэн нь болох Ж.Ат даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татаж авахаар шийдвэрлэж байна. Хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд жич нэхэмжлэл гаргах болно...гэсэн хүсэлт гаргаснаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШЗ2020/01893 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Энэхүү Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШЗ2020/01893 дугаартай шүүгчийн захирамж гарснаас хойш үүссэн үйл баримтыг нэхэмжлэгч Б.А2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндэслэл болгосон байна. Тухайлбал,...аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 0404020/141 дугаартай дүгнэлтээр Ж авто угаалгын байшингийн дээврээс гоожсон ус нь Б.Аминий өвлийн сууцанд гоожсоноос болж, хана нуурсан, шавар унасан суулт өгснөөс болж нурах аюултай... хүн амьдрах боломжгүй болсон тул Ж авто угаалгын газрыг одоогийн байрнаас нь өөр газарт нүүлгэхийг хариуцагч Ж.Ат даалгах...учирсан хохирол 5356000 төгрөгийг хариуцагч Ж.Аээс гаргуулахыг шаарджээ.

1) Хариуцагч Ж.Аийн Б аймгийн Ө сумын 0 дүгээр баг Их буланд байршилтай Ж авто угаалгын газрыг одоогийн байрнаас нь өөр газарт нүүлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Хариуцагч Ж.А Б аймгийн Ө сумын 0 дүгээр баг Их булан хаягт байршилтай, 013104403 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 365 м.кв газрын хууль ёсны өмчлөгч мөн болох нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0213003881 дугаарт бүртгэж 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр олгосон № 000324613 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, мөн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн газрын байршлын кадастрын зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Хариуцагч Ж.А энэхүү Б аймгийн Ө сумын 4 дүгээр баг Их булан хаягт байршилтай, 013104403 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 365 м.кв өмчлөлийн газарт 8 машин угаадаг авто угаалгын газрын барилга байгууламжийг зураг төслийн дагуу бүрэн барьж Ж авто угаалгын газрыг зориулалтын дагуу ажиллуулж байгаа нь 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №18 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, мөн Аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгч А.М, ашиглалтын инженер А.А нарын 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гаргасан №15\38 дугаартай Техникийн нөхцөл олгох тухай акт-аар нотлогдож байна.

Энэхүү 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №18 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт-нд:...Б аймаг Ө сумын 0-р баг Их булан 8 машин угаадаг авто угаалгын газрын барилга байгууламжийг нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж зориулалтаар ашиглахад хангалттай гэж үзээд ашиглагч байгууллага болох Ж констракшн ХХК-ийн мэдэлд 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн байна...гэж комиссын дарга аймгийн ГХБХБГ-н ХБХ-ийн дарга Б.М, нарийн бичгийн дарга Ж констракшн ХХК-ийн захирал Ж.А, гишүүд: аймгийн ОБХ-ийн ГХУХБайцаагч Х.С, Г ХХК-ний захирал Х.С, Ж авто угаалгын газрын менежер Х.П нар гарын үсэг зурсан байна.

Мөн Б аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 04-04-322/06 тоот дүгнэлтийн[1] тогтоох хэсэгт ...Байгаль орчны тухай хууль, Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд сөрөг нөлөөгүй. Бохир ус зайлуулах цооногийг стандартын дагуу хийж сард 2-оос доошгүй удаа зориулалтын зөөврийн машинаар усыг зайлуулж нэгдсэн шугамд цутгагдаг байна. Энэ нь орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт нийцэж байна. Иймд үйл ажиллагааны хэрэгцээний зориулалтаар орчны ариун цэврийг цэвэр байлгах. Байгаль орчинд хоргүй талаар анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн байна.

 

Б аймгийн Ө сумын Засаг даргын орлогч Г.Сын 2015 оны 8 дугаар сарын 13-ний өдрийн №2\472 дугаартай Аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газарт гэсэн албан бичигт: Ө сумын 0 дүгээр багт байрлах Ж авто угаалгын газар нь Т захын урьд бохир ус зайлуулах цооногийн зохих стандарт шаардлагын дагуу хийсэн байна. Иймд цаашид байгаль орчинд ямар нэгэн сөрөг үр дагаваргүй учир мэргэжлийн дагуу нэмэлт дүгнэлт гаргахад бидний зүгээс татгалзах зүйлгүй гэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Аын Б аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан өргөдлийн дагуу Ж авто угаалгын газраас гаргасан бохир усны шугам нь Монгол Улсын Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж дүрэм журмын шаардлагад хэрхэн нийцэж байгаа талаарх хяналт шалгалтыг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хийж гүйцэтгээд Б аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 0 дүгээр сарын 11-ний өдрийн №04-07-035\134 дугаартай Бохир усны шугамын тухай дүгнэлтэд:...Б аймгийн Ө сумын 11-р багийн иргэн ...дүгнэлт болгох нь 1.Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14 дэх заалтыг зөрчөөгүй гэсэн байна.

 

Мөн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай Шинжээчийн дүгнэлт[2]-нд:... Ж авто угаалгын газар нь авто машин угаасан бохир усыг зайлуулах шугамыг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Усан хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл \№17\08\-ийн дагуу төвлөрсөн бохир ус зайлуулах шугам сүлжээнд холбосон байх тул... Б.Аын барилга байгууламжийн аюулгүй байдал болон эрүүл ахуйд нөлөөлөх сөрөг нөлөөлөл байхгүй. Мөн үйлдвэрлэлийн бохир ус зайлуулах шугам нь үйл ажиллагааны явцад гарах бохир усыг хөрсөөр нэвчихээс хамгаалсан цемент бетон шугаман хоолойтой, хоолой нь ус зайлуулагдахаар налуу хийгдсэн байгаа нь бохир ус нь буцаад цэвэр усны худагт цутгах эрсдэл байхгүй. Нэхэмжлэгч Б.Ань хувийн хашаандаа худаггүй байна. Ж авто угаалгын газар нь Автомашины угаалгын үйлчилгээ, ангилал ерөнхий шаардлага MNS 5347:2003 стандартын 7.8 заасан автомашины угаалга эрхлэгч нь автомашины угаасан бохир усыг цэвэрлэх зайлуулах, буцааж ашиглах зориулалтын тоног төхөөрөмж бүхий барилга байгууламжид угаах үйл ажиллагаа эрхлэн явуулна...гэсэн шаардлагыг хангаж байна... гэсэн байна.

 

Мөн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01\2020 дугаартай Нэмэлт шинжилгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт[3]-нд: нэхэмжлэгч Б.Аын өвлийн сууцны гадаа гарахад буюу хашаандаа байхад Ж авто угаалгын газраас гарах дуу чимээ хэрхэн сонсогдохыг тогтоохоор 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1500-1600 цагийн орчим шуугианы хэмжээг гэрэлтүүлэг, дулаан, чийглэг, шуугиан хэмжигч 4 хэмжүүрт VOLTCRAFT-MS 4IN#DM-8820 хэмжих багажийг ашиглан нэхэмжлэгч Б.Аын хүсэлтээр шуугиан үүсгэх эх үүсвэр бүхий 4 тоног төхөөрөмжийг нэгэн зэрэг ажиллуулан хамгийн өндөр шуугиан үүсгэж байх үед дараах цэгүүдэд хэмжилт хийлээ. Хэмжилтээр: Шуугианы эх үүсвэр бүхий тоног төхөөрөмж цахилгаан носостой ус шүршигч, хөөс шүрчигч, тоос сорогч, машины дотор цэвэрлэгээний үед ашигладаг компресор зэрэг 220 вольт хүчдэлээр ажилладаг 4 тоног төхөөрөмж зэрэг ажиллаж буй үед угаалгын газрын ажлын орчинд 80-81 дцб, нэхэмжлэгч Б.Аын хувийн өвлийн сууцанд гадаа буюу хашаанд угаалгын газрын хашаатай харилцах хананаас 0.5-0.6м орчим зайд 56,8-59,7 дцб хэмжээтэй байна. Энэ нь Агаарын чанар Техникийн ерөнхий шаардлагад MNS4585:2016 стандартад заасан Агаар дахь түгээмэл тархацтай бохирдуулах бодисын хүлцэх агууламж болон физикийн сөрөг нөлөөллийг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байна гэсэн байна.

 

Эдгээр нотлох баримтуудаар хариуцагч Ж.Аийн өөрийн өмчлөлийн газарт Ж авто угаалгын газар ажиллуулж байгаа үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй гэж заасан байхад хариуцагч Ж.А Ж авто угаалгын барилгыг нэхэмжлэгч Б.Аын өвлийн сууцнаас 20-40 см-ийн зайтай тулгаж барьсан ба Ж авто угаалгын газрын шувуун дээврээс гоожсон ус нь ус зайлуулах хоолойн эвдрэлээс болж нэхэмжлэгч Б.Аын өвлийн сууцанд гоожсоноос болж баруун хойд талын булан нь цуурсан, шавар нь унасан суулт өгснөөс нурах аюултай болсон, мөн нуруу мод нь ханыг сэтэлсэн, доороос нь швелерээр тулгуур хийсэн гэдэг нь Б аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 04-04-029\141 дугаартай Барилгын чанар байдлын тухай дүгнэлт болон Б аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №004 дугаартай Иргэн Б.Аын өвлийн байшин борооны усанд өргөж нурсан тухай актаар нотлогдож байна.

 

Б аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 04-04-029\141 дугаартай Барилгын чанар байдлын тухай дүгнэлтэд:..Ө сумын 4-р багийн нутаг дэвсгэр №129 тоотод байрлах иргэн Б.Аын өвлийн сууцны зориулалттай барилга нь Монгол Улсын Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д Механик аюулгүй байдлыг хангах барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюулгүй байдлыг хангах, барилга байгууламж ашиглалтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй...байхаар төлөвлөгдөн баригдсан байх гэсэн заалтын хэрэгжилтийг хангахгүй, хүн амьдар боломжгүй, нурах аюултай болсон гэсэн байна.

 

Мөн Б аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №004 дугаартай Иргэн Б.Аын өвлийн байшин борооны усанд өргөж нурсан тухай[4] актад ....Дөрөв: Өвлийн байшин нурсан шалгаан нь: Ө сумын 11 дүгээр багийн иргэн Б.Аын өвлийн байшинтай залгаа баригдсан Ж авто угаалгын газрын барилгын шувуун дээврээс гоожсон ус нь хананд нэвтэрснээс болж байшингийн баруун хойд талын буланд цууралт үүсэж, шавар унаж суулт өгснөөр уг байшин дахин ашиглах боломжгүй болсон... гэсэн байна.

 

Мөн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай Шинжээчийн дүгнэлт[5]-нд ...Ж авто угаалгын газрын налуу дээврийн ус зайлуулах хоолой нь дээврээс ирсэн усыг бүрэн хүлээн авч зайлуулж чадахгүйгээс хоёр байшингийн хоорондын зай болон Аын өвлийн байшингийн зөвхөн баруун талын хана, дээвэрт нөлөөлж баруун хана хэсэг, унтлагын өрөөний тааз, баруун талын хананы суурь хэсэг нь усанд орж, шавардлага ховхорч унаж, таазнаас дотогш ус нэвтэрч байгаа ба мөн амбаарын зүүн талын хана, тааз, суурь хэсэг нь усанд дэвшсэн байна.....в) Аын өвлийн байшингийн гаднах байдал \тухайн өдрийн байдлаар\ үүдэн хэсгийн талын шавардлага нь унасан мөн баруун талын хана хэсэг нь усанд дэвшсэн байсан, уг өвлийн сууц нь шувуу нуруу дээвэргүй тул борооны ус тогтож дотогш нэвтэрч байшингийн бат бэх чанарт сөргөөр нөлөөлөхөөр байна.

 

Мөн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай Шинжээчийн дүгнэлт[6]-нд......а\1.Ж авто угаалгын дээврээс бороо, цасны ус гоожиж ус зайлуулах хоолойг нь давж иргэн Б.Аын өвлийн сууц, эсгий гэр барих талбай болон амбаарт шууд гоождог нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалт Зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх гэсэн заалтыг зөрчиж байна. 2.Ж авто угаалгын газрын барилга байгууламжийн дээврийн ус зайлуулах хоолой нь стандартын бус баригдсан шаардлага хангахгүй байдА байгаа нь Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дах заалт хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх гэсэн заалтыг зөрчиж байна. 3.Ж авто угаалгын дээврээс бороо, цасны ус шууд өвлийн сууц, амбаарт гоождог нь өвлийн байшин болон амбаарын хийц хэсгийн бат бэхэд шууд нөлөөлж, хана, тааз, суурь хэсэг нь усанд норж шавардлага ховхорч унаж, барилгын суурийн бат бэхийн нөхцөл алдагдаж нурах эрсдэл үүсэх нөхцөл бүрдсэн байдалтай байгаа нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийхэд нэхэмжлэгч Б.Аын өвлийн сууц болон хариуцагч Ж.Аийн Ж авто угаалгын газар нь хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хөрш залгаа эд хөрөнгө байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Ань Ж авто угаалгын газрыг одоогийн байрнаас нь өөр газарт нүүлгэхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь агуулгын хувьд хөрш залгаа Ж авто угаалгын газрын шувуун дээврээс гоожсон бороо цасны ус нь ус зайлуулах хоолойн эвдрэлийн нөлөөллөөс нэхэмжлэгч Б.Аын хөрш залгаа сууцанд эвдрэл гэмтэл үүсгэж хохироож байгаа гэдэг нь нотлогдож байгаа тул Ж авто угаалгын газрын дээврийн ус зайлуулах хоолойг хөрш залгаа эд хөрөнгийн эзэмшигч болох нэхэмжлэгч Б.Аын эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүй байдлаар зассан сайжруулахыг хариуцагч Ж.Ат даалгах нь хуульд нийнэ.

 

2) Ж авто угаалгын байшингийн дээврээс борооны ус гоожсоны улмаас учирсан хохирол 5356000 төгрөгийг хариуцагч Ж.Аээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

 

Б аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 004 дугаар Иргэн Б.Аын өвлийн байшин борооны усанд өргөж нурсан тухай актад ....Тав. Иргэнд учирсан хохирлын талаар: Мэргэжил хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн Барилгын чанар байдлын тухай 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 04-04-029\141 дугаартай дүгнэлтээр Ө сумын 11 дүгээр багийн иргэн Б овогтой А(РД:00000)-ын өвлийн байшин хүн амьдрах боломжгүй болж, Б аймгийн даатгалын хохирол үнэлэгчийн төлөөлөгчийн газрын эд хөрөнгийн үнэлгээгээр 3074000 төгрөгийн хохирол учирсан гэж,

 

Б аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 04-04-029\141 дугаартай Барилгын чанар байдлын тухай дүгнэлтэд:..Ө сумын 0-р багийн нутаг дэвсгэр №129 тоотод байрлах иргэн Б.Аын өвлийн сууцны зориулалттай барилга нь Монгол Улсын Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д Механик аюулгүй байдлыг хангах барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюулгүй байдлыг хангах, барилга байгууламж ашиглалтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй...байхаар төлөвлөгдөн баригдсан байх гэсэн заалтын хэрэгжилтийг хангахгүй, хүн амьдар боломжгүй, нурах аюултай болсон гэж тус тус дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.А өвлийн байшинд хүн амьдар боломжгүй, нурах аюултай болох нь дээрх улсын байцаагчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон тул уг байшингаа нурааж түр амьдрах 2 өрөө байшин барьсан ба 2 өрөө байшинг барихад нийтдээ 5356000 төгрөгийн хохирол гарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Сунхар Авто ХХК-ийн зарлагын баримтаар нийтдээ 19 нэр төрлийн 2136000 төгрөгийн барилгын материал, мөн байшинг С.Н 2000000 төгрөгийн хөлсөөр барьж өгсөн болох нь, мөн чулуу, элс, хайраг шавар нийтдээ 560000 төгрөгөөр буулгасан нь Х.Г, 360000 төгрөг хашаанд буулгасан өвлийн байшингийн хогийг ачиж цэвэрлэх, шорооны ажилд төлсөн болох нь З.Тилек, мөн 220 мешалк 3 хоног түрээсэлсэн үнэ 300000 төгрөг төлсөн болох нь Б.Т нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор тогтоогдож байна.

Хариуцагч Ж.А нэхэмжлэгчийн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн боловч түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулан гаргаж өгөөгүй болно.

Иймд нэхэмжлэгч Б.Ань тухайн өвлийн байшинг нэгэнт нурааснаар хариуцагч тухайн өвлийн байшинг өмнөх байдал нь сэргээн засах боломжгүй болсон тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд... учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар нэхэмжлэгчийн 2 өрөө байшин барихад гарсан зардал буюу хохирол 5356000 төгрөгийг хариуцагч Ж.Ааас гаргуулан нэхэмжлэгч Х.Аад олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ж авто угаалгын газрын дээврийн ус зайлуулах хоолойг хөрш залгаа эд хөрөнгө эзэмшигч болох нэхэмжлэгч Б.Аын эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүй байдлаар зассан сайжруулахыг хариуцагч Ж.Ат даалгаж, хариуцагч Ж.Аээс хохирол 5356000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Аад олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170846 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Аээс 170846 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4-ийг тус тус баримтлан Б аймгийн Ө сумын 4 дүгээр баг Их буланд байршилтай Ж авто угаалгын газрын дээврийн ус зайлуулах хоолойг хөрш залгаа эд хөрөнгийн эзэмшигч болох нэхэмжлэгч Б.Аын эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүй байдлаар зассан сайжруулахыг хариуцагч Төлек овогт Ж Ат даалгасугай.

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-ийг баримтлан хариуцагч Төлек овогт Ж Аээс хохирлын мөнгө 5356000 (таван сая гурван зуун тавин зургаан мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М овогт Бын Аад олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170846 (нэг зуун далан мянга найман зуун дөчин зургаан) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Аээс 170846 (нэг зуун далан мянга найман зуун дөчин зургаан) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Аад олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК

ШҮҮГЧИД А.ЖАРХЫНГҮЛ

Б.МАНГИЛИК

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 19 дах тал. Б аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 04-04-322/06 тоот дүгнэлт.

[2]Хавтаст хэргийн 46-49 дугаар талд авагдсан Б аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Хөдөлмөр эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Б.Э, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ө.А нарын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай Шинжээчийн дүгнэлт;

[3]Хавтаст хэргийн 50-51 дугаар талд авагдсан Б аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Хөдөлмөр эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Б.Э, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ө.А нарын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01\2020 дугаартай Нэмэлт шинжилгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт;

[4] Хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан Б аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №004 дугаартай Иргэн Б.Аын өвлийн байшин борооны усанд өргөж нурсан тухай акт

[5] Хавтаст хэргийн 52-53 дугаар талд авагдсан Б аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн баталгаажуулалтын шинжээч Х.Ж, Б аймгийн ГХБХБГ-ын аймгийн ерөнхий архитектур Г.М, Б аймгийн ЗДТГ-ын барилгын захиалагчийн албаны дарга М.С нарын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай Шинжээчийн дүгнэлт;

[6] Хавтаст хэргийн 46-49 дугаар талд авагдсан Б аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Хөдөлмөр эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Б.Э, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ө.А нарын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай Шинжээчийн дүгнэлт;