Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 212/МА2022/00013

 

Б.А-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Булдирген даргалж, шүүгч Б.Мангилик, Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 130/ШШ2021/00889 дүгээр шийдвэртэй,

нэхэмжлэгч ***** оршин суух, М овогт Б.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***** оршин суух, Т овогт Ж.А, ***** оршин суух Б овогт С.Н нарт  холбогдох,

(1) Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг ИБД  байршилтай С.Н-ийн өмчлөлийн 196.2м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг одоогийн байрнаас нь өөр газарт нүүлгэхийг хариуцагч Ж.А, С.Н нарт даалгах, 2) 2020 онд “Ж” авто угаалгын газрын дээврээс борооны ус гоожсоны улмаас орон байранд амьдрах боломжгүй болж, түр амьдрах байр барьсантай холбогдон өөрт учирсан хохирол 5,356,000 төгрөгийг Ж.А-ээс гаргуулах, 3) 2020 онд "Ж" авто угаалгын газрын дээврээс борооны ус гоожсоны улмаас 2012 онд баригдсан, 00000000 тоот гэрчилгээтэй, Ү-00000000 тоот улсын бүртгэлийн дугаартай 90 м.кв талбайтай 6 өрөө өвлийн сууц дахин ашиглагдах боломжгүй болсон тул, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 50.000.000 төгрөгийг Ж.А-ээс тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, орчуулагч А.Ахмерей нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэлийн үндэслэл:

1. Миний бие өөрийн гэр бүлдээ зориулж одоо амьдарч буй өвлийн байшин сууцыг 2010 онд одоогийн байранд барьсан.

2. Гэтэл баруун талын хөрш гэх Ж.А нь гэр бүлийн хэрэгцээндээ зориулж авсан газарт хууль бусаар Ж нэртэй авто угаалга, засварын газрыг манай байшингийн баруун талын ханыг залгуулан надаас ямар ч зөвшөөрөлгүйгээр барьсан.

3. Энэ асуудлаас болж бид шүүхэд маргаж очсон бөгөөд үр дүн нь Ж гэх авто угаалга, засварын газрын дээврээс гоожсон борооны олон жил урссан ус нь манай өвлийн байшингийн ханыг нурааж, ус чийг нь шал газарт шингэн чийг үүсгэж эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хэмжээнд хүрсэн тул мэргэжлийн хяналтын газарт үзлэг шалгалт хийж дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан.

4. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 8 дугаар сарын 12-нд улсын байцаагчийн 0404020\141 дугаартай “Ж авто угаалгын барилгыг өвлийн сууцанд 20-40 см-ийн зайтай тулган барьсан тул Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.5-д заасан заалт зөрчигдөж өвлийн сууц хүн амьдрах боломжгүй, нурах аюултай болсон байна” гэсэн дүгнэлт гарсан.

5.Тиймээс би гэр бүлээрээ энэ байшинд амьдарч суух боломжгүй болж байшингаа нурааж шинээр барихаар боллоо. Тухайн байшинг нураах, барих зэрэгт гарсан хохирлыг жич нэхэмжлэх болно. Би өвлийн байшингаа яг хуучин суурин дээр дахин барих болно. Өөр газар нүүлгэн барихгүй. Учир нь, энэ буйр бол надад болон гэр бүл хүүхдүүдэд маань маш халуун дулаан санагддаг, буянтай гэж үздэг тул хуучин бууриндаа барих гэж гэр бүлээрээ ярьж шийдсэн. Байшингаа өнөө маргааш нурааж 10 дугаар сард бариад дуусгахаар төлөвлөж байна.

6. Ж нэртэй авто угаалга, засвар хийдэг байрыг хуучин газраас нь хашааныхаа өөр өнцөг буланд шилжүүлэн нүүлгүүлэх шаардлагатай. Учир нь, дахин борооны ус дээврээр дамжин урсахгүй, манай байшингийн сууринд чийг болохгүй, болзошгүй эрсдэл үүсэхгүй юм. Барилга хоорондын баригдах зайг нь 5 метрээс хол байх тухай хуулийн заалт зөрчигдөхгүй.

7. Иймд Ж авто угаалга, засварын газрыг одоогийн байрнаас нь өөр газарт нүүлгэхийг эзэн нь Ж.А-т даалгаж өгнө үү.

 

Хариуцагчийн тайлбар, татгалзал:

1. Миний бие Ж авто угаалгын газрыг 2015 онд өөрийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний 00000000 нэгж талбарын дугаартай 365 м.кв газарт барьж ашиглалтад оруулсан. 365 м.кв газар нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 04-04-029\141 дугаартай Барилгын чанарын тухай дүгнэлт нь иргэн Б.А-гийн Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай байшингийн чанарын байдалд хийсэн дүгнэлт болохоос биш Ж.А миний өмчлөлийн авто угаалгын газрыг одоогийн байрнаас нь өөр газарт нүүлгэх тухай дүгнэлт биш. Улсын байцаагчийн дээрх дүгнэлтийг үндэслэн миний эзэмшлийн Ж авто угаалгын газрыг одоогийн байрнаас нь өөр газарт нүүлгэхийг хариуцагч надад даалгах хууль зүйн үндэслэл байхгүй.

3. Угаалгын газар оршин байгаа газар нь нэхэмжлэгч Б.А-н эзэмшил газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд өмчлөх эрхийн тухай заасан бөгөөд мөн зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Ж угаалгын газар нь өөрийн өмчлөлийн газар дээр барьсан өөрийн хөрөнгө бөгөөд түүнийг би өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.

4. Б.А нь энэ асуудлаар өмнө нь танай шүүхэд мөн нэхэмжлэл гаргаж тухайн хэрэгт 2 жил гаруй хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж хамгийн сүүлд нь танай шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 130\ШЗ2020\01893 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлээ татаж авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Иймд нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын агуулга:

1.  ...Ж авто угаалгын байшингийн дээврээс борооны ус гоожсоны улмаас хүн оршин сууж амьдрах боломжгүй аюултай гэсэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт дүгнэлт гарсныг үндэслээд байшингаа нурааж түр амьдарч суух 2 өрөө байшинг барьсан. Уг байшинг барихад гарсан зардлыг тооцоход нийт 5356000 төгрөгийн хохирол гарсныг баримтаар хавсаргасан. Энэ 5356000 төгрөгийг хариуцагч Ж.А-ээс гаргаж өгөхийг хүсэж нэхэмжлэлийн шаардлыг ихэсгэж байна.

 

Хариуцагч Ж.А нэхэмжлэгчийн ихэсгэсэн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга:   

1... Миний Ж авто угаалгын газрын шувуун дээврээс ус гоожсоноос иргэн Б.А-н өвлийн сууцанд бүхэлдээ эвдрэл, гэмтэл учраагүй, зөвхөн баруун хойд талын булан нь цуурсан, шавар нь унасан, суулт өгсөн байсан.

2. Ийм байхад Б.А нь байшингаа өөрөө дур мэдэн бүхэлдээ буулгасан нь түүний буруутай үйл ажиллагаа. Миний хувьд зөвхөн ус гоожсоноос үүссэн бодит хохирлыг төлөх ёстой болохоос бүхэлдээ төлөх ёсгүй.

3. Миний бие 8 дугаар сарын эхээр Б.А-н байшинд ус гоожиж эвдэрсэн байна гэдгийг сонсоод түүний гэрт өөрийн биеэр очиж ус гоожсон байдлыг үзээд Б.А-д би таны байшинг засаж өгье, та материалаа сонго, тоосгоор засуулна гэвэл тоосгоор, газо блокоор засуулна гэвэл газо блокоор засаж өгье, мөн засварлахад гарах бүх материал, засварын хөлсийг би өөрөө хариуцъя гэж хэлэхэд Б.А нь би хамаатан садантай ярилцаж байгаад хариу өгье гэсэн. Хэд хоногийн дараа Б.Атай ярилцахад би хамаатан садантай ярилцсан, байшинг бүхэлдээ буулгаж байгаад барина, гэмтсэн хэсгийг засварлуулахгүй гэж хариу өгсөн.

4. Хэрэв Б.А тухайн үед надтай харилцан тохиролцсон бол миний хувьд байшингийн ус гоожиж гэмтсэн хэсгийг тухайн үед сэргээн засварлаж гэмтэл учрахаас өмнө байсан байдалд нь сэргээх бүрэн боломжтой байсан.

5. Б.А түр амьдрах зориулалтаар барьсан 2 өрөө зуны байшин нь нурсан гэх байшингийн хохиролтой ямар ч хамааралгүй бие даасан объект. Нэгэнт өөрийн хэрэгцээнд 2 өрөө зуны байр барьсан учир түүнийг барихад гарсан зардлыг би хариуцан төлөх хууль зүйн үндэслэл байхгүй.

6. Хавтаст хэрэгт баримтаар авагдсан материалуудыг зуны байр барихад ашигласан гэдэг нь эргэлзээтэй бодит байдалд нийцэхгүй байна. Чухам ямар хэмжээтэй 2 өрөө зуны байрыг ямар материалаар хэзээ барьсан болох, түүнд дээр дурдсан материалуудыг зарцуулсан эсэх нь тодорхой бус байна. Ковш ашиглуулсан гэх З.Т гэгч Б.А-ын төрсөн баз, Х.Г нь гэр бүлийн найз, Б.Т хөрш нь бөгөөд эдгээр хүмүүсээс тодорхойлолт авч хэрэгт хавсаргасан нь үндэслэл муутай байна. Тийм учир нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын агуулга:

1. ...Миний өвлийн сууц хүн амьдрахад аюултай нөхцөл байдал бий болсон учраас аргагүйн эрхэнд түүнийг нурааж дахин барих болсон боловч түүнийг нурахад хүргэсэн буруутай этгээд болох Ж.А нь ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлэхээс татгалзсан учир өнөөдрийг байшингаа барьж чадахгүй байна.

2. Иймээс түүний буруугаас болж хүн амьдрах боломжгүй болсон өвлийн байшингийнхаа үнийг гэм хорын хохирол болгон нэхэмжилж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг ИБД  байршилтай "Ж" авто угаалгын газрыг одоогийн байрнаас нь өөр газарт нүүлгэж, "Ж" авто угаалгын байшингийн дээврээс борооны ус гоожсоны улмаас орон байранд амьдрах боломжгүй болсны улмаас түр амьдрах байр барьсантай холбогдон өөрт учирсан хохирол 5,356,000 төгрөг, 2012 онд баригдсан, 00000000 тоот гэрчилгээтэй, "Ж" авто угаалгын байшингийн дээврээс борооны ус гоожсоны улмаас орон байранд амьдрах боломжгүй болсны улмаас нурсан 00000000 тоот улсын бүртгэлийн дугаартай 90м.кв талбайтай 6 өрөө өвлийн сууцны үнэ 50.000.000 /тавин сая/ төгрөгийг тус тус Ж.А-ээс гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хангаж өгнө үү.

 

Хариуцагч Ж.А нэхэмжлэгчийн ихэсгэсэн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга: 

1. Миний бие Ж авто угаалгын газрыг 2015 онд өөрийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний 00000000 нэгж талбарын дугаартай 365 м.кв газарт барьж ашиглалтад оруулсан. 365 м.кв газар нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй. БИБд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг Т.А 1 дүгээр гудамжны 127 тоотод байршилтай 192.6 м.кв талбайтай авто угаалгын газрын зориулалтыг агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болгон өөрчилж 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд дахин бүртгүүлж гэрчилгээ авсан. 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн 0766 дугаартай гэрээгээр 196.2 м.кв талбайтай агуулахын зориулалттай дээрх үл хөдлөх эд хөрөнгө, мөн өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн 0767 дугаартай гэрээгээр 365 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **** оршин суух, ***** регистрийн дугаартай Б овогт С.Н-д тус тус шилжүүлсэн.

2. Одоо тухайн үл хөдлөх эд хөрөнгөнүүд надад хамааралгүй болсон учир “Ж" авто угаалгын газрыг одоогийн байрнаас нь өөр газарт нүүлгэхийг хариуцагч Ж.А-т даалгах шаардлага надад холбогдолгүй.

3. Б.А-н түр амьдрах зориулалтаар барьсан 2 өрөө зуны байшин нь нурсан эх байшингийн хохиролтой ямар ч хамааралгүй бие даасан объект. Нэгэнт өөрийн хэрэгцээнд 2 өрөө зуны байр барьсан учир түүнийг барихад гарсан зардлыг би хариуцан төлөх хууль зүйн үндэслэл байхгүй...

4. Миний Ж авто угаалгын газрын шувуун дээврээс ус гоожсоноос иргэн Б.А-н өвлийн сууцанд бүхэлдээ эвдрэл, гэмтэл учраагүй, зөвхөн баруун хойд талын булан нь цуурсан, шавар нь унасан, суулт өгсөн байсан. Ийм байхад Б.А нь байшингаа өөрөө дур мэдэн бүхэлдээ буулгасан нь түүний буруутай үйл ажиллагаа. Миний хувьд зөвхөн ус гоожсоноос үүссэн бодит хохирлыг төлөх ёстой болохоос бүхэлдээ төлөх ёсгүй.

5. ...Хэрэв Б.А тухайн үед надтай харилцан тохиролцсон бол миний хувьд байшингийн ус гоожиж гэмтсэн хэсгийг тухайн үед сэргээн засварлаж гэмтэл учрахаас өмнө байсан байдалд нь сэргээх бүрэн боломжтой байсан.Нөхцөл байдал ийм байхад надаас байшингийн үнэ 50,0 сая төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Иймд түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хамтран хариуцагч С.Н-ы тайлбар, татгалзал:

1. ...Ж.А нь дээрх маргаан бүхий авто угаалгын газрын зориулалтыг агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болгон өөрчилж 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд дахин бүртгүүлж гэрчилгээ авсан байсан. Үүний дараа нь 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн 0766 дугаартай гэрээгээр 196.2 м.кв талбайтай агуулахын зориулалттай дээрх үл хөдлөх эд хөрөнгө, мөн өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн 0767 дугаартай гэрээгээр 365 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ****** оршин суух, НЫ0000000 регистрийн дугаартай Б овогт С.Н надад тус тус шилжүүлсэн.

2. Би одоо тухайн авто угаалгын зориулалтаар ашиглаж байсан 196.2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг зөвхөн агуулахын зориулалтаар ашиглаж байна. Би цаашид тэнд авто угаалгын газар ажиллуулахгүй, тэнд байсан авто угаалга ажиллуулахад шаардлагатай бүх эд зүйлсийг Ж.А өөрөө авч явсан.

3. Нэгэнт тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ гэрээгээр миний нэр дээр шилжүүлсэн, цаашид авто угаалгын газрын зориулалтаар ашиглахгүй болсон тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийг албадан нүүлгэх хууль зүйн үндэслэлгүй.

4. Ж авто угаалгын байшингийн дээврээс борооны ус гоожсоны улмаас орон байранд амьдрах боломжгүй болсны улмаас түр амьдрах байр барьсантай холбогдон өөрт учирсан хохирол 5,356,000 төгрөг, 2012 онд баригдсан, 00000000 тоот гэрчилгээтэй, Ү-00000000 тоот улсын бүртгэлийн дугаартай 90 м.кв талбайтай өвлийн сууцны үнэ 50,000,000 /тавин сая/ төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд эдгээр шаардлагууд нь Ж авто угаалгын газар, түүний орчин байгаа газрыг надад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхээс өмнөх үйл баримт учир надад хамааралгүй.Тийм учраас үүнтэй холбоотойгоор тайлбар гаргах шаардлагагүй гэж үзэж байна.

5. Иймд Б.А-н Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг ИБД  байршилтай Ж  авто угаалгын газрыг одоогийн байрнаас нь өөр газарт нүүлгэхийг хариуцагч Ж.А  нарт даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 130/ШШ2021/00889 дүгээр шийдвэрээр:  

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Төлек овогт Ж.А-с хохирлын мөнгө 5356000 (таван сая гурван зуун тавин зургаан мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М  овогт Б.А-д олгож, нэхэмжлэгч Б.А-н Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг, ИБд  байршилтай С.Н-ны өмчлөлийн 196.2 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг одоогийн байрнаас нь өөр газарт нүүлгэхийг хариуцагч Ж.А, С.Н нарт даалгах, 2020 онд Ж  авто угаалгын байшингийн дээврээс борооны ус гоожсоны улмаас 2012 онд баригдсан, 00000000 тоот гэрчилгээтэй, Ү-00000000 тоот улсын бүртгэлийн дугаартай 90 м.кв талбайтай 6 өрөө өвлийн сууцны үнэ 50000000 төгрөгийг Ж.А-с гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

            1. Миний бие зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг ИБд  байршилтай "Ж " авто угаалгын газрын эзэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг Т овогт Ж.А-т холбогдуулан шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж яваад олон жилийн нүүр үзэж байна. Нэхэмжлэлийг маань олон ч удаа шүүхээс шийдвэрлэсэн боловч сүүлдээ орон байр ч үгүй, байшин барих газар ч үгүй болж байна.

2. Үнэн байдалд шүүх миний өмчийг хамгаалж, бусдын буруугаас болж орон байраа алдсан миний эрхийг хамгаалах байх гэж боддог боловч бодит байдалд албан тушаалтны эрх ашигт нийцсэн, түүнийг хамгаалсан, ядуу намайг доромжилсон шийдвэр гаргасаар байгаад гомдолтой байна.

3. 2012 онд баригдсан, 00000000 тоот гэрчилгээтэй, Ү-00000000 тоот улсын бүртгэлийн дугаартай 90 м.кв талбайтай 6 өрөө өвлийн сууц маань Ж.А-ийн буруутай үйлдлээс болж нурж, хүн амьдрах боломжгүй болсон. Нэгэнт хүн амьдрах боломжгүй болсон учраас түүнийг өөрийнхөө зардлаар буулгаж, өвлийн сууцны зах зээлийн үнэ болох 50.000.000 /тавин сая/ төгрөгийг Ж.А-ээс гаргуулахыг хүссэн.

4. Гэтэл шүүх нь ядуу Б.А-ын 6 өрөө байрыг 50 сая гэж үнэлсэн нь эргэлзээтэй, Б.А хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байрыг өөрөө буулгах ёсгүй байсан. Тухайн нурах гэж байсан байранд хүссэн ч хүсээгүй ч амьдарч байх ёстой гэж намайг доромжлон шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

5. Хариуцагч өвлийн сууцны зах зээлийн үнийг 50.000.000 /тавин сая/ гэж үнэлсэн үнэ тогтоох комиссын үнэлгээнд маргаагүй байхад шүүх энэ талаар буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

6. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 0404020/141 дугаартай дүгнэлтээр "Ж ” авто угаалгын газрын дээврээс гоожсон ус нь Б.А  миний өвлийн сууцанд гоожсоноос болж, хана нуурсан, шавар унасан суулт өгснөөс болж нурах аюултай... хүн амьдрах боломжгүй болсон гэдгийг тогтоож байсан.

7. Миний өвлийн сууц хүн амьдрахад аюултай нөхцөл байдал бий болсон учраас аргагүйн эрхэнд түүнийг нурааж дахин барих болсон боловч түүнийг нурахад хүргэсэн буруутай этгээд болох Ж.А  нь ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлэхээс татгалзсан учир өнөөдрийг байшингаа барьж чадахгүй байна.

8. Хамтран хариуцагчаар С.Н-г татсан шалтгаан нь хариуцагч Ж.А  нь би энэхүү Ж  угаалгын газрыг бусдад өгсөн, шилжүүлсэн, цаашид хариуцахгүй гэж холбогдох баримтуудыг хавсаргаж өгч байсан. Тэгээд Ж  угаалгын газрын эзэн хэн болохоо мэдэхээ байлаа.

9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн эс зөвшөөрч байгаа тул бусдын буруутай үйл ажиллагаанаас болж орон байргүй болсон. Ж.А  миний өвлийн сууцны зах зээлийн үнэ болох 50.000.000 /тавин сая/ -ний гэм хорыг Ж.А-с гаргуулж шийдвэрлэж өгнө үү.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

1. Анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

2. Нэхэмжлэгч 3 төрлийн нэхэмжлэл гаргасан. Давж заалдах гомдолд эхний хоёр шаардлагын талаар гомдол гаргаагүй. 50 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй холбоотой давж заалдах гомдол гаргасан гэж ойлгож байна.

3. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтээр ...“Ж” авто угаалгын газрын шувуун дээврээс гоожсон ус нь ус зайлуулах хоолойн эвдрэлээс болж нэхэмжлэгч Б.А өвлийн сууцанд гоожсоноос болж баруун хойд талын булан нь цуурсан, шавар нь унасан суулт өгснөөс нурах аюултай болсон” гэсэн дүгнэлт гаргасан. Б.А  байшин 9х10 хэмжээтэй 90 м.кв байшин байгаа. Байшин бүхэлдээ нураагүй, зөвхөн нэг талын булан байсан. Энэ гэмтэл гарсны дараа тухайн байшин бүхэлдээ нурах аюулд ороогүй.

4. Б.А би “...Ж.А-т гэр олж өг” гэж ярьсан гэсэн асуудал яриад байна. Энэ асуудал болсны дараа Ж.А Б.А  очиж уулзаад “...би таны байшинг засаж өгье, ямар материалаар засах юм вэ, тоосгоор засуулах уу, цемент блокоор засуулах уу” гэж саналаа хэлж уулзахад, “...би ах дүү хамаатан садантай хэлье” гэж үлдсэн. Дараа нь хэд хоногийн дараа “...би засвар хийлгэхгүй, байшингаа бүхэлдээ нураана” гэж байшингаа нураасан байна.

5. Б.А-н өвлийн сууцанд ус гоожсоноос болж баруун хойд талын булан нь цуурсан, шавар нь унасан суулт өгснөөс нурах аюултай болсон асуудалд Ж.А-н буруутай ажиллагаа байгаа учраас бид маргахгүй. Гэхдээ энэ гэм буруугаас болж байшинг бүхэлд нь буулгах шаардлагагүй байсан. Тухайн Ж.А-н буруугаас болж байшин бүхэлдээ нураагүй. Зөвхөн баруун хойд талд эвдрэл гарахад тэрийг шалтаг болгоод байшингаа бүхэлд нь буулгаад хаясан. Үүнээс болж 50 сая төгрөгийн маргааны асуудал үүссэн.

6. Мал эмнэлэг хяналтын байцаагчаас 50 сая  төгрөг гэж дүгнэлт гаргасан. Тэр Хөрөнгө үнэлгээний хуульд заасны дагуу албан ёсоор гарсан дүгнэлт биш гэж үзэж байна. Тиймээс энэ дүгнэлт үндэслэлгүй.

7. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан. Энэ гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээхэд гарсан зардлаа нэхэмжлэх асуудалтай холбоотой заалт. Б.А байшингаа бүхэлд нь өөрөө нураачхаад одоо шинээр барьсан байшингийн үнэ 5356000 төгрөг, шинээр байшин барихад 50 сая төгрөг авна гэж байгаа нь үндэслэлгүй.

8. 5356000 төгрөгийг бид зөвшөөрч байна. Хэрэг шийдвэрлэхээс өмнө тухайн газарт үзлэг хийлгэсэн. Б.А газар 741 мкв байгаа. Тэгэхэд амбаар болон хашааны хооронд 18 м 97 см гарсан. Б.А байшингаа барихад жоохон зай аваад барих боломж байна.

9. Мөн тухайн газрыг одоо С.Н нэр дээр шилжүүлсэн. Одоо тэнд авто угаалгын газар ажиллахгүй. Улсын бүртгэлд очиж бүртгүүлье гэхээр Б.А улсын бүртгэлд гомдол гаргаад түдгэлзүүлсэн байна.

10. Бид нар тодорхой хүмүүсээс мэдээлэл авахад Б.А тухайн газраа худалдсан байна. Улсын бүртгэлд очиж албан ёсоор баталгаажаагүй болохоос тухайн газраа худалдсан гэсэн мэдээлэл байна. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Тиймээс давж заалдах гомдлыг хангахгүй орхихыг хүсэж байна.

 

Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч: “А-х үндэслэлтэй гэж бодож байна” гэх дүгнэлтийг гаргажээ.

 

ХЯНАВАЛ:

            1. Хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж үзээд, гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ж.А, С.Н нарт холбогдуулан:  (1) Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг, ИБД  байршилтай С.Н-ы өмчлөлийн 196.2 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг одоогийн байрнаас нь өөр газарт нүүлгэхийг хариуцагч Ж.А, С.Н нарт даалгах, (2) 2020 онд Ж авто угаалгын газрын дээврээс борооны ус гоожиж орон байранд амьдрах боломжгүй болсны улмаас түр амьдрах байр барьсантай холбогдон өөрт учирсан хохирол 5,356,000 төгрөгийг Ж.Аээс гаргуулах, (3) 2020 онд Ж авто угаалгын газрын дээврээс борооны ус гоожсоны улмаас 2012 онд баригдсан, 00000000 тоот гэрчилгээтэй, Ү-00000000тоот улсын бүртгэлийн дугаартай 90 м.кв талбайтай 6 өрөө өвлийн сууц дахин ашиглагдах боломжгүй болж, нураасан тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 50.000.000 төгрөгийг Ж.А-ээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ  “Ж авто угаалгын газрын шувуун дээврээс миний өвлийн сууцанд гоожсоноос болж хана нурсан, шавар унаж суулт өгсний улмаас байшин нурах аюултай болж тус өвлийн сууцанд цаашид амьдран суух боломжгүй болсон. Хүн оршин сууж амьдрах боломжгүй аюултай гэсэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсныг үндэслээд байшингаа нурааж, түр амьдрах 2 өрөө байшинг барьсан. Уг байшинг барихад гарсан зардлыг тооцоход нийт 5.356.000 төгрөгийн хохирол гарсан, “Ж” авто угаалгын байшингийн дээврээс борооны ус гоожсоны улмаас орон байранд амьдрах боломжгүй болсон тул нурсан 00000000 тоот улсын бүртгэлийн дугаартай 90 м.кв талбайтай 6 өрөө өвлийн сууцны үнэ 50.000.000  төгрөгийг буруутай этгээдээс гаргуулна” гэж тайлбарлажээ.

 

3. Хариуцагч уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч  “...Миний Ж авто угаалгын газрын шувуун дээврээс ус гоожсоноос иргэн Б.Аын өвлийн сууцанд бүхэлдээ эвдрэл, гэмтэл учраагүй, зөвхөн баруун хойд талын булан нь цуурсан, шавар нь унасан, суулт өгсөн байсан. Ийм байхад Б.А нь байшингаа өөрөө дур мэдэн бүхэлд нь буулгасан нь түүний буруутай үйл ажиллагаа. Миний хувьд зөвхөн ус гоожсоноос үүссэн бодит хохирлыг төлөх ёстой болохоос байшингийн үнийг бүхэлдээ төлөх ёсгүй. Б.А тухайн үед надтай харилцан тохиролцсон бол миний хувьд байшингийн ус гоожиж гэмтсэн хэсгийг тухайн үед сэргээн засварлаж, гэмтэл учрахаас өмнө байсан байдалд нь сэргээх бүрэн боломжтой байсан.  Б.А-ын түр амьдрах зориулалтаар барьсан 2 өрөө зуны байшин нь нурсан гэх байшингийн хохиролтой ямар ч хамааралгүй бие даасан объект. Нэгэнт өөрийн хэрэгцээнд 2 өрөө зуны байр барьсан учир түүнийг барихад гарсан зардлыг би хариуцан төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Нөхцөл байдал ийм байхад надаас байшингийн үнэ 50,0 сая төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй...” гэж шүүхэд маргасан байна.

 

4. Анхан шатны шүүх хариуцагч Ж.А-ээс хохирлын мөнгө 5,356,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжлэгч Б.А-ын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг, ИБД  байршилтай С.Н-ы өмчлөлийн 196.2 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан нүүлгэхийг хариуцагч Ж.А, С.Н нарт даалгах, 2020 онд Ж авто угаалгын байшингийн дээврээс борооны ус гоожсоны улмаас 90 м.кв талбайтай 6 өрөө өвлийн сууцны үнэ 50,000,000 төгрөгийг Ж.А-ээс гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Б.А нь 90 м.кв талбайтай 6 өрөө өвлийн сууцны үнэ болох 50,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 

5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 04-04-029\141 дугаартай барилгын чанар байдлын тухай дүгнэлтэд “Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр №129 тоотод байрлах иргэн Б.Аын өвлийн сууцны зориулалттай барилга нь Монгол Улсын Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “Механик аюулгүй байдлыг хангах барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюулгүй байдлыг хангах, барилга байгууламж ашиглалтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй...байхаар төлөвлөгдөн баригдсан байх гэсэн заалтын хэрэгжилтийг хангахгүй, хүн амьдрах боломжгүй, нурах аюултай болсон байна.” гэх дүгнэлтээр  Ж авто угаалгын газрын шувуун дээврээс ус гоожсоны улмаас нэхэмжлэгч Б.А-ын өвлийн байшингийн зөвхөн баруун талын хана, дээвэрт нөлөөлж баруун хана хэсэг, унтлагын өрөөний тааз, баруун талын хананы суурь хэсэг нь усанд норж, шавардлага ховхорч унаж, таазнаас дотогш ус нэвтэрч баруун хойд талын булан нь цуурсан, шавар нь унасан, суулт өгсөн болох нь нотлогджээ.

 

 6. Нэхэмжлэгч Б.А нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 04-04-029\141 дугаартай дүгнэлт гарсны дараа өөрийн өмчлөлийн байшинг нураасан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

7. Анхан шатны шүүхийн “нэхэмжлэгч Б.А-ын өвлийн байшин нь хариуцагч Ж.А-ийн буруутай үйл ажиллагааны улмаас бүхэлдээ нураагүй байх бөгөөд хариуцагч нь зөвхөн гэм хор учруулсан хэмжээгээр хариуцлага хүлээх үүрэгтэй, хариуцагч тухайн байшинг өөрөө нураасан тул байшинг хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан бодит хохирлыг тооцох боломжгүй. Нэхэмжлэгчээс Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтэн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Б-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух Б овогтой А-н 2021 оны байдлаар эд зүйлийн үнэлгээ гэх 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримтаар 2012 онд баригдсан нэг давхар, 90 м.кв талбайтай, 6 өрөө өвлийн сууцны үнэлгээг 50,000,000 төгрөгөөр тогтоосон боловч уг үнэлгээний байдлыг, ямар аргаар, юуг үндэслэн тогтоосон нь тодорхой бус байх тул тухайн баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй” гэх дүгнэлтийг гомдолд заасан үндэслэлээр няцаан үгүйсгэх бодит үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн эл шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

8. Нэхэмжлэгч Б.А-ын байшинг тэрээр өөрөө нураах болсон үйл баримтад хариуцагч Ж.Аийг бүхэлдээ буруутай гэж үзэхгүй. Нэхэмжлэгчийн өвлийн байшинд хариуцагч Ж.А-ийн өмчлөлд байсан, одоо хамтран хариуцагч С.Н-ы өмчлөлийн Ж угаалгын газрын дээврээс гоожсон борооны уснаас хохирол учирсан нь тогтоогдсон, энэ талаар хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй үйл баримт тогтоогддог боловч нэхэмжлэгч Б.А нь өөрөө байшингаа бүхэлдээ нурааж, буулгасан учир Ж авто угаалгын газрын шувуун дээврээс ус гоожсоны улмаас Б.А-ын өвлийн байшинд учирсан хохирлыг бодитой тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсжээ. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн, өөрийн өмчлөлийн байшинг үнэлүүлсэн гэх Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтний нураасан байшинд тогтоосон үнэлгээг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, бодитой гэж үзэхэд эргэлзээтэй бөгөөд хариуцагч Ж.А-ийн авто угаалгын газраас борооны ус гоожсоны улмаас хариуцагч Б.А-ын өвлийн байшинд хохирол учирсан талаарх үйл баримтын бодит хохирлыг энэхүү үнэлгээний баримтыг үндэслэн тогтоох үндэслэлгүй байна. Иймээс шүүх анхан шатны шүүх уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчаас 50.000.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

9. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хуульд зааснаар хэргийн үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар “А-х үндэслэлтэй гэж бодож байна” гэх дүгнэлтийг гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-д “хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах;”, мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д ”Иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ бичгээр гаргана...” гэж хуульчилсан бөгөөд иргэдийн төлөөлөгчдийн дээрх агуулга бүхий дүгнэлтийг нотлох баримтад үндэслэгдээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэж, Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзаж үзсэн болно.

 

          10.  Иймд давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдах гомдлын хүрээнд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдоогүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 130/ШШ2021/00889 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407950 /дөрвөн зуун долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

ШҮҮГЧ                                                           Д.КӨБЕШ