Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 17

 

Б.Б-д холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2021/0009/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

                      Хохирогчийн өмгөөлөгч             Б.Цэдэндамбаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч              П.Буманзаяа /онлайнаар/

                 Нарийн бичгийн дарга                Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолтой Б-гийн Б-д холбогдох, 2018004120418 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч П.Буманзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай Г- овогт Б-гийн Б-.

Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт 09-94 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг 12.1, 12.3-т заасныг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас 6 настай Ц.А-гийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Г- овгийн Б-гийн Б-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан эрх хасах ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд заасныг журамлан Иргэний хуулийн 497 дугаар дугаар 497.1, 508 дугаар зүйлийн 508.1.т зааснаар шүүгдэгч Б.Б-гаас 10.583.188 /арван сая таван зуун наян гурван мянга нэг зуун наян найм/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум, 9-р баг, 4-р хороолол, 3-88 тоотод оршин суух А.Ц- /РД:**********, утас:********/-Д олгож,

-Шүүгдэгч Б.Б-гийн насанд хүрээгүй хүү Г-ийн С- /**********/-т асран хамгаалагч тогтоохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газарт даалгаж,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, цагаан өнгийн 1 хос сандаалыг хохирогч А.Ц-д, цайвар өнгийн машины хагархай, дугуйны тагийг шүүгдэгч Б.Б-д тус тус буцаан олгож, №767331 дугаартай жолоочийн үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

-Хэрэгт шүүгдэгч Б.Б-гийн цагаан өнгийн 09-94 ДАА улсын дугаартай “Приус 40” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, 09-94 ДАА улсын дугаартай “Тоёота Приус 40” маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж шүүгдэгч Б.Б-д оногдох хэсгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц-д 10.583.188 төгрөгийг олгуулахаар Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт 09-94 ДАА тээврийн хэрэгсэл, №02535569 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт шилжүүлж,

-Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа давж заалдах гомдолдоо:

...Б.Б- нь хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа ба хувийн амьдралын хувьд мөнгөний ямар ч боломжгүйн улмаас хохирлыг бүрэн төлж чадаагүй байсан боловч хохирлыг төлөхөө илэрхийлж байсан. Б.Б- нь 2 хүүгийнхээ хамт өрх толгойлж амьдардаг ба гэр бүлийн хүн нь 2018 онд нас барсан, том хүү Г.Б- нь хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан, бага хүү Г.С- нь насанд хүрээгүй, өөрөө хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан зэрэг хүнд нөхцөлд амьдардаг.

Хэрэг учрал болохын урьд өдөр ээж нь нас барсан зэрэг нь тухайн үед сэтгэлийн хямралтай байсныг үгүйсгэх аргагүй.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг ЭХЕА-н 6.7 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг хэрэглэн тэнсэж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа тайлбартаа: Шүүгдэгчийн хувьд хохирол төлбөрийг өөрийн сайн дураар төлж байсан. Нийт хохирол 14 сая 100 мянган төгрөгийг төлсөн. Өөрөө хөдөлмөрийн чадвар 50 алдсан. Хүү нь 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай. Миний үйлчлүүлэгч хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байгаа. Тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон. Түүний хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа тайлбартаа: Шүүгдэгч хохирлыг бүрэн төлсөн. Түүний ар гэр, эрүүл мэнд, гэмт хэрэг гарах үеийн сэтгэл санааны байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг тэнсэхэд татгалзах зүйлгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Б-г 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт 09-94 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг 12.1, 12.3-т заасныг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас 6 настай Ц.А-гийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Б-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, оногдуулсан эрх хасах ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Б-гаас 10.583.188 төгрөг гаргуулж хохирогч А.Ц-д   олгох, шүүгдэгч Б.Б-гийн насанд хүрээгүй хүү Г-ийн С-т асран хамгаалагч тогтоохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газарт даалгаж, шүүгдэгч Б.Б-гийн цагаан өнгийн 09-94 ДАА улсын дугаартай “Тоёота Приус 40” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг худалдан борлуулж шүүгдэгч Б.Б-д оногдох хэсгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц-д 10.583.188 төгрөгийг олгуулахаар Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт 09-94 ДАА тээврийн хэрэгсэл, гэрчилгээний хамт шилжүүлж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тус тус зааж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт 09-94 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг 12.1.д заасан ...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна., 12.3.т заасан ... Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...гэснийг зөрчин, зам хөндлөн гэнэт гүйж гарч ирсэн 6 настай Ц.А-г мөргөж зам тээврийн осол гаргаж, ослын улмаас хохирогчийн биед баруун уушгны няцрал, цээжний гялтан доорх болон гол судас дагасан цус хуралт, баруун талын 5-9-р хавирганы хугарал, тархины баруун чамархайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, цээжний баруун өмнөх хэсгийн цус хуралт, нүүр, цээж, баруун бугалга, зүүн өвдөгний зулгаралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирч, улмаар хавсарсан хүнд гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас барж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлджээ.

            Шүүгдэгчийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн болон хохирогч А.Ц-, гэрч Б.Б-, О.Н-, насанд хүрээгүй гэрч Б.А- нарын мэдүүлэг, зам тээврийн ослын болон хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын болон хэргийн газарт үзлэг, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын талаарх мөрдөгчийн 2020 оны 08 сарын 12-ны өдрийн магадалгаа, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020-08-10-ны өдрийн 58 дугаар талийгаачийн биед учирсан гэмтлийн талаарх дүгнэлт /х.х-ийн 105-р тал/., Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн 2020-08-04-ны өдрийн 27 дугаар дүгнэлт, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн 2020-12-15-ны өдрийн 14/12 дугаар техникийн шинжээчийн дүгнэлт,  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020-10-30-ны өдрийн 4202 дугаар шинжээчийн дүгнэлт, цогцосны гадна болон өмссөн хувцсанд хийсэн тэмдэглэл, хохирол нэхэмжилсэн болон төлсөн баримт, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож тогтоогдсон  байна.

Шүүгдэгч Б.Б- нь замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд заасан зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлээгүй ч хөдөлгөөний эрчим, тухайн зорчих замын хоёр талд мод тарьж ургуулснаас хүн, хүүхэд зам хөндлөн гарах үед харагдахгүй байх эрсдэлтэй, хөдөлгөөнд аюул саад тулгарч болохоор замын нөхцөл байдалтай байдгийг анхаарч яваагүйгээс зам тээврийн осол гаргасан гэж үзэхээр байна.  

Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч Б.Б-гийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т заасан ял оногдуулсан байна.

Гэвч шүүгдэгч Б.Б- нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадвараа 50% алдсан, өрх толгойлсон, ганц бие эх бөгөөд ар гэртээ хөдөлмөрийн чадвараа 70% алдсан бүрэн асаргаанд байдаг 21 настай хүү Г.Б-, охины хамт амьдардаг нь багийн Засаг даргын тодорхойлолт, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрүүдээр тогтоогдож байх ба тэднийг асран хамгаалдаг, түүнээс өөр харж хандах, хамгаалж асрах хүн байхгүй, түүнчлэн асран хамгаалагч тогтоосон тухай Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газрын ямар нэгэн шийдвэр, баримт давж заалдах шатны шүүхэд ирээгүй, хүүхдүүдийн эрх ашиг, эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс Б.Б-д 2 жилийн хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

           Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяагийн ...шүүгдэгч Б.Б-д   оногдуулсан хорих ялыг тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.7 дугаар зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2., 3., 4 дүгээр заалтыг:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т зааснаар шүүгдэгч Г- овгийн Б-гийн Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй., гэж,  

           -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Б.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8., 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй., гэж,

           -Шүүгдэгч Б.Б-д тэнссэн хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай., гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 6 дугаар заалтыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Б- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум, 9-р баг, 4-р хороолол, 3-88 тоотод оршин суух А.Ц-д олгуулахаар шийдвэрлэсэн 10.500.000 төгрөг болон амь хохирогчийн эцэг Б-ын Б-ын 1 сарын цалин болох 3.600.000 төгрөг нийт 14.100.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, цаашид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

3. Шүүгдэгч Б.Б-д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

5. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                           ШҮҮГЧИД                         Ц.ТУЯА

                                                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ