Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                           Хэргийн индекс:166/2021/0009/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа ,

Прокурор  Ч.Мядагбадам,

Хохирогч А.Ц-,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ц-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Б-,

Шүүгдэгч Б.Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2018004120418 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, 2 хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Б-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Б.Б.Б- нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт 09-** ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг 12.1, 12.3-т заасныг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас 6 настай Ц.Ц.А-гийн амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Б.Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хохирогчийн ар гэрээс би уучлалт гуйхгүй биш, миний зүрх хүрээгүй, би юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан. Би дотроо зөндөө уучлалт гуйсан. Одоо гэсэн маш их шаналж байгаа. Би ч гэсэн адилхан эх хүн шүү дээ /уйлав/. Өдөр бүр би зул өргөдөг, одоо ч гэсэн миний нүдэнд харагдаж байна. Эгч нь чамаас уучлалт гуйж байна. Надад чамаас уучлалт гуйх зориг хүрээгүй. Чиний нүүрийг харах зориг хүрээгүй.

Нартай, халуун өдөр байсан. Хүмүүс байхгүй машинууд л зам дээр байсан. Урьд өдөр нь ээж маань өнгөрөөд ажил явдлыг нь хийж гаргасан. Манай ахынх 5.4 дүгээр байранд байдаг. Тэнд дүү дээрээ очъё гээд явж байсан. Миний машины хянах нь урдаа байдаг. Би хүнгүй болохоор нь жаахан гишгээд хянахаа харахад 56 км.цаг орчмын хурдтай байсан. Гэнэт цагаан даашинзтай охин зам дээр гарч ирээд түс гээд маш хүчтэй мөргүүлсэн. Би тоормос гишгээд нөгөө тал руу нь дарж зогсоогоод буугаад харахад тэнд нэг эмээ явж байсан түүнийг та хүүхдээ авахгүй яасан юм бэ? гэхэд миний хүү наад охин чинь миний хүүхэд биш гэж хэлсэн. Би цагаад эмнэлэг дуудаарай гэж орилсон” гэв.

Хохирогч А.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний охин талийгаач Ц.А- 2013 оны 3 сарын 20 өдөр төрсөн. Манай том охин байгаа юм. 2020 оны 7 сарын 28 өдөр найз нь гадаа гарч тоглоё гээд 9 цаг 20 минутад орж ирсэн. Тэгээд охин маань гэгэлзээд гараад тоглож байгаад ирье гээд гуйгаад байсан. Би жаахан тоглож байгаад ороод ирээрэй гэж хэлээд 11 цагийн үед гаргасан. Өдрийн 13 цаг өнгөрөөд цагдаа нар гэрт ирсэн. Тэд “ ...сургуулийн хүүхэд машинд дайруулсан байна” гээд зураг гаргаж үзүүлэх миний охин байсан /уйлав/

Охин маань өнгөрөөд 173 хоног өнгөрч байхад энэ хүн /Б.Б-д хандаж хэлэв/ надаас уучлалт гуйгаагүй. Хүний ёсоор хандаагүй. Миний охиноос уучлалт гуйгаарай. Би охиноо 1 настай байхад өөрөө тэврээд л цэцэрлэгт ажилдаа явдаг. Би одоо ч гэсэн охиноо өнгөрсөн гэдэгт итгэхгүй байгаа. Тухайн үед би зам дээр очиход намайг харуулаагүй, тэгэхэд би ямар ч гэсэн охин маань амьд л байгаасай гэж бодож байсан. Маргааш нь ноорогт орж үзэхэд миний охин мөн байсан. Би маш их гомдолтой байна.  Санаатай ч бай, санаагүй ч бай миний охиныг алсан нь үнэн. Хэсэг хэсгээр нь тасдаж алсан байсан. Миний охиноос чи уучлалт гуйгаарай” гэв.

Эрүүгийн  2018004120418 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсаг тэмдэглэл /хх 02/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын ёхем зураг /хх 04-24/,

Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хх 25/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 26-30/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 31/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дугаартай прокурорын тогтоол /хх 38-39/,

Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 12 цаг 50 минутын үед байх Хуучин Дарханаас Шинэ Дархан руу урд замаар уруудаад өөрийн эзэмшлийн 79-96 ДАР улсын дугаартай Марк Эксзио маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байхад замын зурвас хэсэг дээр модны дундаас нэг эмэгтэй уйлах шиг болохоор нь хурдаа сааруулж цонхоороо зүүн тийш хартал нэг хүүхэд хэвтсэн байдалтай хажууд нь эмэгтэй хүн уйлж байсан юм. Тэгэхээр нь би Цагдаагийн газар болон эмнэлэг рүү дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх 95/,

Гэрч О.Н-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 12 цаг өнгөрөөд Дархан сумын 09-р баг 4-9-25 тоотод байх эгч Э- гэрээс гараад дэлгүүр орох гээд машинаасаа мөнгөө авсан юм. Тэгээд машинаа цоожлоод дэлгүүр рүү явах гэтэл гэнэт автомашины дугуй хагарч байгаа юм шиг дуу гарсан юм. Би эргээд хартал Приүс-40 маркийн цагаан өнгийн автомашин замын хажууд зогссон юм. Би “ямар аймар дугуй нь хагардаг юм бэ” гэж бодоод байж байтал нэг эмэгтэй тухайн машинаас гарч ирээд замын хөвөөн дээр байх модны дэргэд суугаад “Би хүүхэд дайрчихлаа шүү дээ түргэн тусламж дуудаач” гээд маш чангаар орилоод, уйлаад байсан. Тэгээд би “Хүн дайрчихсан юм байх даа” гэж бодоод зогсож байгаад дэлгүүр рүү явсан юм. Тухайн үед олон машин хажууд нь зогсоод байхаар нь би очихгүй дэлгүүр рүү явсан юм.

Би дэлгүүр орчхоод буцаад иртэл хүмүүс хүүхэд нас барсан байна гэж ярихаар нь би тухайн тээврийн хэрэгсэл их л хурдтай явж байсан юм байна даа гэж бодсон юм. Осол болсон замаар машинууд их хурдтай явж байдаг. Ямар нэгэн хурд сааруулагч ч байхгүй зам.” гэх мэдүүлэг /хх 98/,

Насанд хүрээгүй гэрч Б.А- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байрныхаа урд найз Ц.А-тай тоглож байгаад манай хажууд байдаг байрны орц руу дээш доошоо лифтээр тоглосон юм. Тэгээд лифт зогсохоор нь онгойлгодог товчийг нь дартал онгойсон юм. Бид хоёр 5 давхраас шатаар буугаад гадаа гартал Ц.А- зам гаръя гээд байсан. Ц.А- машин ирж байхад зам руу гүйхээр нь би араас нь гүйсэн чинь Ц.А-г цагаан өнгийн машин байсан байх мөргөсөн юм. Тэгээд би айгаад буцаад зам гараад гэр рүүгээ явсан юм. Би Ц.А-д зам дээр тоглож яах гээд байгаа юм гээд зам гарах гэж байхад нь хэлсэн. Ц.А- тэгээд гүйгээд зам руу гарчихсан юм.” гэх мэдүүлэг /хх 100/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Т- 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаартай мөрдөгчийн магадлагаа:

“Дархан-Уул аймгийн Дархан сумын 09 дүгээр баг 4/9 дүгээр байрны ертөнцийн зүгээр баруун талд байх төв зам дээр 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 12 цаг 45 минутанд Тоёота Приүс-40 маркийн 09** ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Баян овогтой Б.Б- нь жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад

-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг 12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна; 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн.

-Хохирогчийн эх А.Ц- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар бүлгийн 13.2.7.эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ц.Ц.А- /6 настай, эмэгтэй/ нь зам тээврийн осолд орж амь насаа алдсан гэж үзэж байна.

Жич: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлэг 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтанд 10 хүртэлх насны хүүхэд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөх, түүнээс үүсч болзошгүй хариуцпагыг хүлээх үүрэг хүлээх боломжгүй юм.” /хх 101/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Талийгаачийн биед баруун уушигны няцрал, цээжний гялтан доорх болон гол судас дагасан цус хуралт, баруун талын 5-9-р хавирганы хугарал, тархины баруун чамархайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, цээжний баруун өмнө хэсгийн цус хуралт, нүүр, цээж, баруун бугалга, зүүн өвдөгний зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.3, 3.3.1-д зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

3.Дээрх гэмтлүүд нь зам тээврийн осол үйлдэгдсэн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл болно.

4.Талийгаач нь зам тээврийн ослын үед хавсарсан хүнд гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ.

5.Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй.

6.Талийгаачийн цусны бүлэг OI Rh/+/ байна.” /хх 105-106/,

 

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлт:

“1.09-** ДАА дугаартай Тоёота Приус 40 маркийн тээврийн хэрэгслийн техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлагад үзлэг хийхэд Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих.Ерөнхий шаардлага MNS 4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна.

2.Техникийн хувьд бүрэн бүтэн ямар нэгэн эд ангийн эвдрэл гэмтэлгүй байсан байна.

3.Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул зам, тээврийн осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна.

4.Б.Б.Б-гийн жолоодож явсан 09-** ДАА улсын дугаартай Тоёота Приус 40 маркийн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө эвдрэл гэмтэлгүй байсан байна. 09-** ДАА улсын дугаартай Тоёота Приус 40 маркийн тээврийн хэрэгслийн зүүн гар талын урд гэрэл дохио хагарсан, крыло, туслах крыло тахийсан зэрэг нь ослын дараах эвдрэл байна

5.Осол үйлдэгдэх үед дээрх автомашины тормосны эд ангиуд /систем/ бүрэн бүтэн ажиллагаатай байсан байна.

6.Техникийн хувьд эвдрэлгүй байсан тул зам, тээврийн осол үйлдэгдэх нөлөөлсөн зүйлгүй. Техник оношилгооны дүгнэлт, автомашин дээр хийгдсэн үзлэгээс ослын шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй байна.

7.09-** ДАА улсын дугаартай Тоёота Приус 40 маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.” /хх 126-127/,

 

ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14/12 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт:

 

1.Тоёота Приус-40 маркийн 09** ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн бодит хурдыг тогтоох боломжгүй Харин мөргөх үеийн анхны агшинд байж болох хамгийн бага хурдыг тогтооё. Хамгийн бага хурдыг тогтоохын тулд хавтаст хэрэгт авагдсан 'А' цэгээс “Дугуйн мөрний эхлэл" цэг хүртэлх 19,74 метр зайг асфальтан зам дээр өнхөрсөн Дугуйн мөрний урт 18,48 метр зайг гулссан дугуйн мөрний төгсгөлөөс цааш 9,95 метр зайг өнхрөөд зогссон гэж тооцоог хийе.

...тооцоонд автомашиныг бүрэн тоормос гишгэсэн гэж тооцоогүй. Тиймээс автомашины жинхэнэ хурд 58.3 км/цаг-аас илүү явсан байх магадлалтай гэж үзэж байна.

2.Тээврийн хэрэгслийн жолооч Б Б.Б- нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-р заалт "Жолооч хөдөлгөөний эрчим, ...замын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3.Тээврийн хэрэгслийн жолооч Б.Б.Б- нь зам тээврийн осол гаргахгүйгээр (гэнэт гарч ирсэн саадыг мөргөхгүйгээр) зогсоох арга хэмжээ авах нь үзэгдэх орчин (мод бут) хязгаарлагдсан, жолоочийн самбаачлах болон автомашины тоормосны системийн ажиллах хугацаа хамаарч осол гарахаас өмнө зогсоох боломжгүй байсан гэж үзэж байна.” /хх 205-206/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4202 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.№1,2 асуултуудад хариулах зам тээврийн ослоос зайлж болох байсан эсэхийг тогтоох боломжгүй.

2.Тээврийн хэрэгслийн хурд тодорхойгүй тул тогтоох боломжгүй.

3.Гэрэл зургийн үзүүлэлтийн №3 гэж дугаарласан гэрэл зургийн үзүүлэлтийн модны бутны цаанаас явган зорчигч харагдах боломжтой эсэх нь тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй.

4.Тээврийн хэрэгсэл осол болсон цэгээс хэдэн метрийн зайд явсныг тодорхойлох боломжгүй.

5.Осол гарахад хүргэсэн шууд шалтгаан юу болохыг тогтоох боломжгүй.

6.Тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөний ямар заалт зөрчсөн эсэх нь тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул тодорхойлох боломжгүй. /хх 187-188/,

Хохирогч А.Ц- хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт /хх 43-87, 218/,

 

Шүүгдэгч Б.Б.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 143/, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар /хх 154-155/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 158/, Г.Бүрэнбаяр, Г.Э- нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 159-160/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Б-... “Улсын яллагчийн яллах дүгнэлт дээр мөрдөгчийн магадалгааг оруулсан байдаг. Яллах дүгнэлт 2020 оны 12 сарын 15 өдөр гаргасан шинжээчийн дүгнэлттэй зөрөөд байгаа. 2020 оны 12 сарын 15 өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт нь осол гарахаас өмнө ...зогсоох арга хэмжээ авах боломжгүй байсан гээд байсан. Гэтэл Мөрдөгчийн магадалгаанд ... зогсоох арга хэмжээ авах боломжтой гэсэн байгаа. Баримтууд зөрүүтэй байгаа учир мөрдөгчийн магадалгааны  энэ заалтыг нотлох баримтаас хасаж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн  дахь хэсэгт” шүүх ...нь хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгах журмын дагуу шалгаж үнэлэх боломжтой гэж үзлээ. Түүнчлэн мөрдөгчийн магадлагаа нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул  нотлох баримтаар тооцохгүй байх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 12 цаг 45 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт 09-** ДАА улсын дугаартай Тоёота Приус40 маркийн тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гаргаж, ослын улмаас 6 настай Ц.Ц.А-гийн амь нас хохирсон үйл баримт  тогтоогдсон байна.

 

Зам тээврийн ослын үед 09**ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг В ангиллын 767331 дугаарын жолоочийн үнэмлэхтэй Б.Б- жолоодож явсан байна. /хх35, 145 хуу/

 

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь Автотээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүйг  ойлгоно.

 

“Зам тээврийн осол” гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал гэж тодорхойлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэг /хх-4-6 хуу/...” уг хэрэг болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4-9 дүгээр байрны ертөнцийн зүгээр баруун урд талд байх зам дээр болсон байв. Хэргийн газарт Замын цагдаагийн алба хаагч нар хамгаалалт авсан байв. Осол болсон гэх газрын зүүн талд нь мод болон явган хүний зам байв. Баруун урд хэсэгт 09**ДАА улсын дугаартай Тоёота Приус40 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл аваарын шар гэрлээ асаасан байдалтай зогсож байв”, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын схем зураг, /хх-7-24 хуу/, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /25-30 хуу/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-31-33/,  Гэрч Б.Б-...“замын зурвас хэсэг дээр модны дундаас нэг эмэгтэй уйлах шиг болохоор нь хурдаа сааруулж цонхоороо зүүн тийш хартал нэг хүүхэд хэвтсэн байдалтай хажууд нь эмэгтэй хүн уйлж байсан юм” гэх мэдүүлэг /хх 95/, Гэрч О.Н-...”машинаа цоожлоод дэлгүүр рүү явах гэтэл гэнэт автомашины дугуй хагарч байгаа юм шиг дуу гарсан юм. Би эргээд хартал Приүс-40 маркийн цагаан өнгийн автомашин замын хажууд зогссон юм. Би “ямар аймар дугуй нь хагардаг юм бэ” гэж бодоод байж байтал нэг эмэгтэй тухайн машинаас гарч ирээд замын хөвөөн дээр байх модны дэргэд суугаад “Би хүүхэд дайрчихлаа шүү дээ түргэн тусламж дуудаач” гээд маш чангаар орилоод, уйлаад байсан” гэх мэдүүлэг /хх 98/, Насанд хүрээгүй гэрч Б.А-...”Ц.А- машин ирж байхад зам руу гүйхээр нь би араас нь гүйсэн чинь Ц.А-г цагаан өнгийн машин байсан байх мөргөсөн юм. Тэгээд би айгаад буцаад зам гараад гэр рүүгээ явсан юм” гэх мэдүүлэг /хх 100/, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Мөрдөгчийн магадлагаа...”Тоёота Приус40 маркийн 09** ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтүүлэхгүйгээр сонгож явна”, 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн” гэх /хх-101 хуу/, Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт: 1. Талийгаачийн биед баруун уушигны няцрал, цээжний гялтан доорх болон гол судас дагасан цус хуралт, баруун талын 5-9-р хавирганы хугарал, тархины баруун чамархайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, цээжний баруун өмнө хэсгийн цус хуралт, нүүр, цээж, баруун бугалга, зүүн өвдөгний зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.3, 3.3.1-д зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. 3.Дээрх гэмтлүүд нь зам тээврийн осол үйлдэгдсэн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл болно” гэх /хх- 101-105хуу/, Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2020 оны 08 сарын 04-ний өдрийн 27 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн 1. 09**ДАА дугаартай Тосота Приус 40 маркийн тээврийн хэрэгслийн техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлагад үзлэг хийхэд Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих Ерөнхий шаардлага MNS4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. 2. Техникийн хувьд бүрэн бүтэн ямар нэгэн эд ангийн эвдрэл гэмтэлгүй байсан байна. 3. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул зам, тээврийн осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна. 4.Б.Б.Б-гийн жолоодож явсан 09**ДАА улсын дугаартай Тоёота Приус40 маркийн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө эвдрэл гэмтэлгүй байсан байна. 5.Осол үйлдэгдэх үед дээрх автомашины тоормосны эд ангиуд/систем/ бүрэн бүтэн ажиллагаатай байсан байна. Техникийн хувьд эвдрэлгүй байсан тул зам тээврийн осол үйлдэгдэхэд нөлөөлсөн зүйлгүй. 6. Техник, оношилгооны дүгнэлт, автомашин дээр хийгдсэн үзлэгээс ослын шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй байна./хх-126-27 хуу, 128-129хуу/, ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14/12 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт: 1.Тоёота Приус-40 маркийн 09** ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн бодит хурдыг тогтоох боломжгүй. ...Харин мөргөх үеийн анхны агшинд байж болох хамгийн бага хурдыг тогтооё. ...автомашины жинхэнэ хурд 58.3 км/цаг-аас илүү явсан байх магадлалтай гэж үзэж байна. 2.Тээврийн хэрэгслийн жолооч Б Б.Б- нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-р заалт "Жолооч хөдөлгөөний эрчим, ...замын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.Тээврийн хэрэгслийн жолооч Б.Б.Б- нь зам тээврийн осол гаргахгүйгээр (гэнэт гарч ирсэн саадыг мөргөхгүйгээр) зогсоох арга хэмжээ авах нь үзэгдэх орчин (мод бут) хязгаарлагдсан, жолоочийн самбаачлах болон автомашины тоормосны системийн ажиллах хугацаа хамаарч осол гарахаас өмнө зогсоох боломжгүй байсан гэж үзэж байна.” /хх 205-206/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Б.Б.Б-гийн гэмт үйлдлийг нотлон тогтоосон байна.

 

Автотээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчих нь хоромхон зуурт осол гаргаж хүний амь нас, эрүүл мнд, эд хөрөнгөнд хохирол, хор уршиг учруулдагт энэ гэмт хэргийн нийгмийн аюул оршино.

 

Хэдийгээр шүүгдэгч Б.Б.Б- замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн км/цагаас хэтрүүлээгүй явсан хэдий ч Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 хөдөлгөөний эрчим...хөдөлгөөнийй дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явна, 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Б-...”хурдыг дүрэмд заасан хязгаараас хэтрүүлээгүй, Шинжээчийн дүгнэлтээр хурд тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй.  Учир нь: хэргийн газрын үзлэг, тэмдэглэл /хх4-6хуу/,зам тээврийн ослын схем зураг /хх24хуу/, шүүгдэгч Б.Б.Б-гийн ...”урд явж байсан тээврийн хэрэгслийг гүйцэд түрүүлээд хяна самбар руу харахад 57, 58 км/цагийн хурдтай явж байсан санагдаж байна. ....урд ямар нэгэн тээврийн хэрэгсэл байхгүй болохоор нь би хаазаа гишгээд явж байтал гэнэт модны цаанаас хүүхэд гарч ирсэн бөгөөд би тоормоз гишгэж амжихгүй мөргөчихсөн юм” гэх мэдүүлэг зэргээр тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваа Б.Б.Б- тоормоз гишгээгүй тул хэргийн газраас дугуйн мөр илрээгүй нь тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн, түүнчлэн ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14/12 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтээр байж болох хамгийн бага хурдыг автомашины жинхэнэ хурд 58.3 км/цаг-аас илүү явсан байх магадлалтай гэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэж байна гэж үзэх боломжтой юм.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б.Б-  хөдөлгөөний эрчим, замын хөдөлгөөний дагуух үзэгдэлтийг харгалзан хурдыг тохируулаагүй гэх, аюул тохиолдсон даруйд тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээг аваагүй гэж үзэх үндэслэл тогтоогдсон болно.

 

Иймд шүүгдэгч Б.Б.Б-гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д  заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжид нийцэж байх тул шүүгдэгч Б.Б.Б-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжэний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Б.Б-г Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3 заалтуудыг зөрчсөн үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэй, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон байх тул энэ гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж тодорхойлсноор шүүгдэгч Б.Б.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нь 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, амь хохирогчийн оршуулгын зардлыг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн болон  шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолохоор шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно”  гэжээ.

 

Гэмт хэргийн улмаас Ц.Ц.А-гийн амь хохирч хүнд хор уршиг учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...-д хууль бусахар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, Мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэмт хэр учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэснээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц- нь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардлыг шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй байна. /хх-161-162, 172/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц- шүүгдэгч Б.Б.Б-гаас 19.229.808 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Б.Б- 5000.000 төгрөг нөхөн төлсөн, үлдэх 10.583.188 төгрөгийг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн, амь хаохирогчийн аав Батбаярын ажилгүй байсан хугацааны цалин болох 3.648.620 төгрөгийг иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болно.

 

Шүүгдэгч Б.Б.Б-гийн эзэмшилд байх 09** ДАА “ТБ АВТО финанс” ХХК-ий нэр дээр бүртгэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед тухайн байгууллагыг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар татаагүй, санхүүгийн ямарваа нэгэн баримт ирүүлээгүй байх бөгөөд шүүгдэгч нь тухайн санхүүгийн байгууллагад 2000000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлтэй байгаа гэж мэдүүлсэнийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ. Түүнчлэн уг тээврийн хэрэгслийн үнэлгээг 23000000 төгрөг гэж мэдүүлж, тээврийн хэрэгслийг худалдан борлуулж иргэний нэхэмжлэл 10.583.188 төгрөгөө төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.

 

Иргэний нэхэмжлэлээс амь хохирогч Ц.Ц.А-гийн аав Б- Оюу толгой ХХК-д засварчнаар ажилладаг бөгөөд сард 1278 ам.долларын цалин авдаг. 2020 оны 07 сарын 29-ний өдрөөс 2020 оны 08 сарын 11-ний өдрүүдэд гашуудлын чөлөө авсан гэжээ. Үүнтэй холбоотойгоор ажилгүй байсан хугацааны цалинг тухайн үеийн ам.долларыг төгрөгт хөрвүүлэн 3.648.690 төгрөгийг нэхэмжилнэ гэснийг шүүх эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ. Учир нь: Энхэүү нэхэмжлэлд  “Оюу толгой” ХХК-ий тодорхойлолт, цахим шуудангаар харилцсан захидлаас өөр ажил хөдөлмөр эрхлэлт, цалин хөлсийг нотолсон холбогдох баримт хангалттай ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, тухайн хэлэлцээгүй иргэний нэхэмжлэлийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,  цагаан өнгийн 1 хос сандаалыг хохирогч А.Цэндсүрэнд, цайвар өнгийн машины хагархай, дугуйн тагийг шүүгдэгч Б.Б.Б-д тус тус буцаан олгох, №767331 дугаартай жолоочийн үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 09** ДАА улсын дугаартай Приус40 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байх тул худалдан борлуулж шүүгдэгч Б.Б.Б-гийн хувьд оногдох хэсгээс иргэний нэхэмжлэлийн 10.583.188 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Цэндсүрэнд олгуулахаар Дархан-Уул аймгийн Шүүхийн Шийдвэр биелүүлэх газарт даалгаж шийдвэрлэсэн тул №02535569 дугаартай 09** ДАА улсын дугаартай Тоёота Приус 40 маркийн тээврийн хэрэгсэл, гэрчилгээний хамт Дархан-Уул аймгийн Шүүхийн Шийдвэр биелүүлэх газарт тус тус шилжүүлэх нь зүйтэй.

 

 Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Б.Б.Б-д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б.Б-гийн насанд хүрээгүй хүү Г.С-д холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй т асран хамгаалагч тогтоох боломжгүй гэж үзэн Г.С- асрн хамгаалагч тогтоохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газарт даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овгийн Б.Б-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Б.Б-д оногдуулсан эрх хасах ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд заасныг журамлан Иргэний хуулийн 497 дугаар дугаар 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Б.Б.Б-гаас 10.583.188 /арван сая таван зуун наян гурван мянга нэг зуун наян найм/ төгрөг гаргуулан хохирогч А.Ц- -д олгосугай.

 

6.Шүүгдэгч Б.Б.Б-гийн насанд хүрээгүй хүү Г-С-д -т асран хамгаалагч тогтоохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газарт даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,  цагаан өнгийн 1 хос  сандаалыг хохирогч А.Ц-, цайвар өнгийн машины хагархай, дугуйны таг шүүгдэгч Б.Б.Б-д  тус тус буцаан олгож, №7673** дугаартай жолоочийн үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

8.Хэрэгт шүүгдэгч Б.Б.Б-гийн цагаан өнгийн 09** ДАА улсын дугаартай Приус 40 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, 09** ДАА улсын дугаартай Тоёота Приус40 маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж шүүгдэгч Б.Б.Б-д оногдох хэсгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц- 10.583.188 төгрөгийг олгуулахаар Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт 09** ДАА тээврийн хэрэгсэл, №02535569 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт шилжүүлсүгэй.

 

9.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.ТӨМӨРХҮҮ