Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 789

 

 

 

 

 

 

 

 

 

 “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00445 дугаар шийдвэртэй, “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй “С” ЗБН-д холбогдох хохирол 63 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр, алданги, цахилгааны төлбөр, хадгалалтын зардалд нийт 78 231 131 гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнххишиг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “С” ЗБН-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, Пирамид үйлчилгээний төвийн 1 дүгээр давхарт байрлах талбайд солонгос хоолны ресторан ажиллуулах зорилгоор 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 5 жилийн хугацаагаар түрээсийн гэрээ байгуулсан. Уг газар нь нийтийн хоолны зориулалтаар ашиглах шаардлага хангахгүй тул захиралтай нь тохиролцон 60 000 000 төгрөгийн засан сайжруулалтын ажил хийсэн.

Манай компанийн хувьд 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 4 000 000 төгрөг дутуу, цахилгааны төлбөрийн хувьд гэрээнд заасны дагуу эрх бүхий байгууллагын нэхэмжлэхээр төлөөд явдаг ба цахилгаан түгээх байгуулагаас манайд ямар ч нэхэмжлэх өгөхгүй байсаар хуримтлал үүссэн. Гэтэл нэг сарын түрээсийн төлбөр дутуу төлснөөс шалтгаалан “Сонгинохангай” ХХК-аас гэрээ цуцлах мэдэгдэл өгч, “С” ЗБН нь ажлын байр, тоног төхөөрөмжийг хууль бусаар битүүмжилсэн. Иймд битүүмжилсэн эд хөрөнгийг, түрээсийн гэрээний барьцаанд өгсөн 7 000 000 төгрөгөөс түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4 000 000 төгрөгийг суутган үлдэх 3 000 000 төгрөгийн хамт гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас битүүмжилсэн эд хөрөнгийг буцаан авсан учир энэ шаардлагаас татгалзаж, засан сайжруулалтын зардалд 60 000 000 төгрөг, түрээсийн төлбөрийн барьцаанд өгсөн 3 000 000 төгрөг, нийт 63 000 000 төгрөгийг хариуцагч “С” ЗБН-өөс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч ”С” ЗБН-ийн төлөөлөгч Ч.Батчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “К” ХХК-ийн хийсэн засан сайжруулалтыг 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 114/1-1 дугаар гэрээнд “түрээслэгч аливаа эд зүйлс, тоног төхөөрөмжөө салган авах нөхцөлтэй суурилуулна, салгах боломжгүй хөрөнгө оруулалт засан сайжруулалт хийх тохиолдолд түрээслүүлэгчийн зөвшөөрлийг бичгээр урьдчилж авна” гэж тохиролцсон. Гэвч “К” ХХК нь салгаж үл болох засан сайжруулалт хийгээгүй, энэ талаар зөвшөөрөл аваагүй боловч 60 000 000 төгрөгийн засан сайжруулалтын зардлыг гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Түүнчлэн, хийж гүйцэтгэсэн засан сайжруулалтын зардал нь 60 000 000 төгрөг болсон эсэх нь тодорхойгүй тул нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.

Шүүхээс анх “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилоход “дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн хариуг албан бичгээр ирүүлсэн боловч дараа нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй байна. 60 000 000 төгрөгийн засан сайжруулалтын ажил хийснийг нотлох “Их монгол сүйдояа ариун ус” ХХК-ийн баримтыг шинжээчийн дүгнэлтээс 4 сарын дараа буюу 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр гаргаж өгөхдөө шинжээчийн дүгнэлттэй үг, үсэг ижил баримт тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Барьцааны зөрүүд 3 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2 500 000 төгрөгийн барьцаа төлсөн байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “С” ЗБН-ийн төлөөлөгч Ч.Батчимэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Талууд 2014 оноос 2017 оныг хүртэл сарын 7 000 000 төгрөгөөр түрээслэх мөн цаашид зах зээлийн үнээс шалтгаалан төлбөр өөрчлөгдөхөөр харилцан тохиролцсон. “К” ХХК-ийн зүгээс түрээсийн төлбөрийг багасгах хүсэлтийг удаа дараа гаргасны дагуу түрээсийн төлбөрийг багасгаж, улмаар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн буцаан түрээсийн төлбөрийг 7 000 000 төгрөг байхаар тохиролцсон. “К” ХХК нь 2014 оны 12 дугаар сард 900 000 төгрөг төлсөн ба энэ үүнээс хойш түрээсийн төлбөрийг дутуу төлсөн. Иймд түрээсийн төлбөрт 13 280 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон 47 681 575 төгрөг, цахилгааны төлбөр 13 269 556 төгрөг, “К” ХХК-ийн эд хөрөнгийг 10 сар гаруй хугацаанд хадгалсан зардалд 4 000 000 төгрөг, нийт 78 231 131 төгрөгийг “К” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнххишиг сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргахдаа түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3 700 000 төгрөг байсныг хүлээн зөвшөөрсөн байдаг. Манай компани  2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр дараа сарын түрээсийн төлбөрийг урьдчилан төлсөн байхад түрээсийн төлбөрийн үлдэгдэл 13 280 000 төгрөг болсон нь ойлгомжгүй байна.

Цахилгааны зардлын хувьд нэхэмжлэх эрхгүй этгээд гэж үзэж байна. Цахилгааны зардал нь хэдий хугацааны төлбөр, “К” ХХК-ийн хэрэглэсэн төлбөр мөн эсэх талаар эргэлзээтэй байна. Мөн хадгалалтын зардлын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар арга хэмжээ авагдаж шүүгчийн захирамж гарсан байтал өөрсдөө эд зүйлээ дур мэдэн зөөж гарган шүүгчийн захирамжийг зөрчсөн тул хадгалалтын зардал бидэнд хамааралгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх : Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “С” ЗБН-өөс 24 173 282 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгон, нэхэмжлэлээс 38 826 718 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “К” ХХК-аас 78 231 131 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 591 150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 766 010 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 278 816 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч “С” ЗБН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Манай байгууллагын зүгээс гэрээ цуцлах талаарх мэдэгдлүүд хэрэгт авагдсан байхад шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг үндэслэн гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь буруу. Тодруулбал, “К” ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнххишиг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хүлээн авч, актад гарын үсэг зурсан байдаг ба мөн сарын 11-ний өдөр шүүхэд эд хөрөнгөө гаргуулан авахаар нэхэмжлэл гаргасан юм. Шүүх дээрх хуулийг баримталсан тохиолдолд “С” ЗБН-ийг гэрээний үүргээ зөрчсөн эсэх, гэрээнээс татгалзсан бол буруу байсан эсэх талаар шалгах ёстой байсан. Манай байгууллага гэрээний үүргээ зөрчөөгүй харин түрээслэгч нь түрээсийн төлбөрөө хугацаандаа бүрэн төлөөгүй, цахилгааны төлбөрөө төлөөгүй учраас гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч тал энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй.

Шүүх Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасныг баримтлахдаа “К” ХХК засан сайжруулалт хийх зөвшөөрөл авсан эсэхийг шалгах ёстой. Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн 114/1-1 тоот түрээсийн нэмэлт гэрээг түрээслэгчид засвар хийх зөвшөөрөл өгсөн мэтээр тайлбарлаж хуулийг буруу хэрэглэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг заасныг хэрэглээгүй байна. Учир нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “эд хөрөнгө гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, татгалзлаа илэрхийлсэн байхад шүүх тогтоох хэсэгт дурдаагүй байна.

Бичгээр гаргасан шийдвэрийн үндэслэл нь амаар танилцуулсан үндэслэлээсээ өөрчлөгдсөн байсан. Тухайлбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “баримтыг үндэслээд шинжээч томилогдсон” мэтээр бичсэн нь амаар танилцуулснаас зөрсөн. Би 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн бичлэг болон дуу хураасан бичлэг гаргуулахаар хандахад өөр бичлэг байхгүй гэсэн тайлбар өгсөн тул шийдвэр танилцуулсан хэсгийн бичлэг устгагдсан гэж үзэхээр байна.

Шүүх 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШЗ2017/08245, 9 дүгээр сарын 25-ны 184/ШЗ2017/09580 дугаар “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжийг тус тус гаргасан боловч тэмдэглэл хэрэгт авагдаагүй, түүнчлэн хариуцагчийг оролцуулаагүй.

“К” ХХК шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 60 000 000 төгрөгийн засан сайжруулалтын зардал гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн боловч үүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй. Улмаар “Лэндс” ХХК шинжилгээ хийх боломжгүй гэсэн боловч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна.

Шүүх 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШЗ2018/07220 дугаар захирамжаар шинжээч Ж.Уртнасанг шүүх хуралдаанд оролцуулахыг хангасан боловч оролцоогүй.

“К” ХХК болон “Их монгол сүйдояа ариун ус” ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, “К” ХХК болон “Эм вон газ” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ, кассын орлогын ордер 3 ширхэг баримтуудыг хуурамчаар нөхөн бүрдүүлсэн гэж үзэж байна. Учир нь кассын орлогын ордер дээр гараар баллаж огноог нь дарсан ба ажил гүйцэтгэх гэрээр 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хийсэн мэтээр худал нөхөн хийсэн. Тухайн үед хийгээгүй ба 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн хавсралтын үг, үсэг, дараалал бүх зүйл нь ижил дуурайлган хийж тухайн 2014 оны 3 дугаар сарын 19-ний гэрээний хавсралт мэтээр хийж шүүхэд өгсөн.

2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр, мөн сарын 26-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д заасан эрхийн хүрээнд хүсэлт гаргасныг шүүх хангаагүй. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан боловч шүүхээс өгөхгүй гэсэн хариу өгсөн.

 “К” ХХК түрээсийн төлбөрөө бүрэн төлсөн талаарх баримтаа гаргаж өгөөгүй. “К” ХХК нь цахилгааны төлбөрт 13 269 556 төгрөгийг төлөхөө 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр хүлээн зөвшөөрсөн байдаг. “Сонгинохангай” ХХК цахилгааны төлбөрийг нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн ба “С” ЗБН болон “Сонгинохангай” ХХК нарын хооронд гэрээ, итгэмжлэл хийгдсэн учраас нэхэмжлэл гаргах эрхтэй гэтэл шүүх үүнийг буруу дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

            Нэхэмжлэгч “К” ХХК, хариуцагч “С” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл /цаашид ЗБН гэх/-д холбогдуулан түрээсийн төлбөрийн дэнчингийн үлдэгдэл 3 000 000 төгрөг, засварын зардалд 60 000 000 төгрөг, нийт 63 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс түрээсийн төлбөр, цахилгааны зардал, алданги, учирсан хохиролд нийт 78 231 131 төгрөг шаардан сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Үндсэн шаардлагын тухайд:

            “К” ХХК нь “С” ЗБН-тэй 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 114/1-1 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирамид үйлчилгээний төвийн оффис, 1 давхрын үйлчилгээний зориулалттай талбайг солонгос хоолны рестораны зориулалтаар 5 жилийн хугацаатай, 1 сарын 7 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцжээ. /хх 9-14 дэх тал/ Энэ гэрээнд талууд мөн сарын 27-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа түрээслэгч нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн төлбөр тооцох, төлбөрийг сар бүрийн 05-ны өдөр төлөх, түрээсийн талбайд засвар үйлчилгээ хийхээр тохирсон болох нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, 114/1-1 тоот түрээсийн гэрээний нэмэлт гэрээ, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна. /хх 99 дэх тал/

Дээрх үйл баримтад гэрээний талуудын хэн аль нь маргаангүй учир тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, улмаар гэрээний нэг тал нөгөө талаасаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж үзнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.  

Хариуцагч “С” ЗБН нь нэхэмжлэгчийг түрээсийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээг хугацаанаас өмнө цуцлан, түрээсийн обьектод  байсан эд хөрөнгийг нь хураан авсны улмаас нэхэмжлэгч “К” ХХК эд хөрөнгө болон түрээсийн төлбөрийн дэнчингийн үлдэгдлээ гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал саатуулан барьсан эд хөрөнгийг нь буцаан өгсөнтэй холбогдуулан дээрх шаардлагаа өөрчлөн засан сайжруулалтын зардалд 60 000 000 төгрөг нэхэмжилсэн байна. Хариуцагч нь уг нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “гэрээний дагуу түрээсийн обьектод засвар хийх тухай нэхэмжлэгч бичгээр мэдэгдээгүй, мөн засан сайжруулалтын зардлын үнэ бодитой биш” гэж тайлбарлан маргажээ.

Зохигчид түрээсийн гэрээний 4.3.1 дэх заалтаар “түрээслэгч аливаа эд зүйлс, тоног төхөөрөмжөө салган авах нөхцөлтэйгээр суурилуулна. Салгах боломжгүй хөрөнгө оруулалт, засан сайжруулалт хийх тохиолдолд түрээслүүлэгчийн зөвшөөрлийг бичгээр урьдчилан авна” гэж тохирсон байна. Гэхдээ 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 114/1-1 дугаартай түрээсийн гэрээний нэмэлт гэрээний 1 дэх заалтаар “түрээсийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан өдрөөс хойш хуанлийн 100 хоног буюу мөн оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрөөс түрээслэгчийг чөлөөлж, энэ хугацаанд түрээслэгч нь түрээсийн талбайд засвар үйлчилгээ хийх үүрэг хүлээнэ.” гэсэн өөрчлөлт  түрээсийн гэрээнд оруулжээ. /1хх 99 дэх тал/ Талуудын 5 жилийн хугацаатай байгуулсан гэрээ нэхэмжлэгч түрээсийн төлбөрөө төлөх үүргээ бүрэн биелүүлээгүйгээс цуцлагдсан хэдий ч хариуцагч нь гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр нэхэмжлэгчид засвар хийх зөвшөөрлийг олгосон гэж үзэх тул түүнийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасны дагуу өөрийн зардлаар засан сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй.  

Талууд засан сайжруулалт хийсэн зардлын үнийн дүн дээр маргаж, нэхэмжлэгчээс шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авчээ. Шинжээч “Лэндс” ХХК-ийн хувьд  “түрээсийн обьектод хийсэн засан сайжруулалтыг нурааж дахин шинээр засвар хийсэн, засан сайжруулалт хийсэн санхүүгийн баримт байхгүй” гэх үндэслэлээр шинжилгээ хийхээс татгалзсан байна. /1хх 159 дэх тал/ Харин шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь түрээсийн обьектод маргалдагч талуудыг байлцуулан, тэдгээрийн өгсөн фото зураг, СД бичлэг зэрэг баримтыг үндэслэн засвар хийсэн ажлыг тодорхойлон хэмжилт хийж, хийсэн ажил, материалын болон ажлын хөлсний зардал, зах зээлийн үнэ цэнийг 2017 оны 5 дугаар сарын байдлаар тодорхойлон засан сайжруулалтын зардлыг 52 933 133 төгрөгөөр үнэлжээ. /2хх 7-41 дэх тал/ Хариуцагч “С” ЗБН нь түрээсийн обьектыг нураасны улмаас шинжээч нь бодитоор хийсэн засварын үнийг тодорхойлох боломжгүй болсон хэдий ч тухайн түрээсийн талбайд дотоод засал хийхэд ямар хэмжээний өртөгтэй байх вэ гэдгийг тооцон зах зээлийн үнэ цэнэтэй харьцуулан дүгнэлт гаргасан байна. Мөн хэрэгт нэхэмжлэгч “К” ХХК нь түрээсийн талбайг гэрээнд заасан зориулалтын дагуу буюу ресторан ажиллуулж байх үеийн фото зургийг нотлох баримтаар шүүхэд гарган өгсөн байх бөгөөд уг баримтыг няцаах баримт хэрэгт авагдаагүй учир дээрх нотлох баримтуудыг харьцуулан үнэлэх боломжтой. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж нэхэмжлэгч талын түрээсийн обьектыг ашигласан хугацааны элэгдэл, хорогдлыг тооцон засан сайжруулалтын зардал нэхэмжилсэн шаардлагаас 21 173 282  төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д нийцжээ. Иймээс энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч “С” ЗБН нь нэхэмжлэгч “К” ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдлийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцон 13 280 000 төгрөг, цахилгааны төлбөр 13 269 556 төгрөг, алданги 47 681 575 төгрөг, нийт 78 231 131 төгрөг шаардан сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч “түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн, цахилгааны төлбөрийг шаардах эрх бүхий этгээд биш” гэх үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүх хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн дагуу хэргийг бүхэлд  нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Түрээсийн төлбөр гаргуулах тухайд:

Нэхэмжлэгч “К” ХХК нь түрээсийн гэрээний 2.2.2-т зааснаар түрээсийн талбайг 7 000 000 төгрөгөөр тооцож төлбөр төлөх, 114/1-1 тоот түрээсийн нэмэлт гэрээний 2 дахь заалтаар түрээсийн төлбөр болох 7 000 000 төгрөгийг нэхэмжлэл шаардахгүйгээр сар бүрийн 05-ны өдрийн дотор төлөх үүргийг хүлээсэн байна. Нэхэмжлэгч “К” ХХК нь түрээсийн гэрээний 2.1.1-д зааснаар дэнчинд 7 000 000 төгрөг өгсөн гэдгийг хариуцагч үгүйсгээгүй.

Хариуцагч “С” ЗБН нь түрээслэгч “К” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 сарын түрээсийн төлбөрийг 6 сарын хугацаагаар 6 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сараас хойш 5 500 000 төгрөг болгон тус тус бууруулж, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс түрээсийн төлбөрийг 7 000 000 төгрөгөөр тооцох болсон нь 2 дахь хавтаст хэргийг 139-145 дахь талд авагдсан гэрээний талуудын харилцаж байсан албан бичгүүдээр нотлогдохын зэрэгцээ энэ талаар зохигчид маргаангүй. Үүний дагуу нэхэмжлэгчийн төлөх ёстой төлбөрийг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн төлбөрийг гэрээ цуцалсан буюу хариуцагчийн шаардаж буй 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар тооцвол 205 000 000 төгрөг болж байна. Уг мөнгийг төлсөнөө нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй учир дэнчингийн үлдэгдэл 3 000 000 төгрөгөө шаардах эрхгүй. Харин түрээсийн төлбөрөө төлөхийг шаардаж буй хариуцагчийн шаардлага  нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцнэ.

Хариуцагч талаас шүүхэд цуглуулж өгсөн бэлэн мөнгөний орлогын баримтаар нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт төлсөн дүн нь 166 540 000 төгрөг болж байх ба үүнийг төлөх ёстой төлбөр 205 000 000 төгрөгөөс хасахад 38 460 000 төгрөгийн үлдэгдэлтэй харагдаж байна. Гэхдээ хариуцагч тал тооцоогоо гарган нэхэмжлэгчээс 13 280 000  төгрөг нэхэмжилсэн тул үүнээс Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн дэнчингийн үлдэгдэл 3 000 000 төгрөгийг түрээсийн төлбөрт оролцуулан тооцож, үлдэх 10 280 000 төгрөгийг, мөн түрээсийн гэрээний 5.1-д заасныг үндэслэн алдангид 5 140 000 төгрөг, нийт 15 420 000 төгрөгийг нэхэмжлэгч “К” ХХК-иас гаргуулах нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцэж байна.  

Цахилгааны төлбөр гаргуулах тухайд:

Хариуцагчийн өмчлөлийн үйлчилгээний төвийн 1 давхрыг нэхэмжлэгч “К” ХХК, 2 давхрыг “Сонгинохангай” ХХК ашиглаж байсан гэдэгт талууд маргаангүй. Хэрэгт “Сонгинохангай” ХХК-ийн цахилгааны төлбөр төлсөн баримтууд авагдсан /1хх 174-237 дахь тал/ байх тул тус компанийг нэхэмжлэгч “К” ХХК-ийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж төлсөн гэж үзлээ. Иймд нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. “Сонгинохангай” ХХК-ийн дээрх цахилгааны төлбөр төлсөн баримтуудаар нэхэмжлэгч “К” ХХК нь 13 269 556 төгрөг төлөх ёстой гэдэг нь тогтоогдоогүй, харин “Сонгинохангай” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 863 дугаартай “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичигт нэхэмжлэгч “К” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын байдлаар цахилгааны төлбөрт 11 190 154 төгрөг төлөхийг зөвшөөрсөн агуулгатай хариу албан бичиг явуулж байсан баримт хэрэгт авагджээ. /1хх 77, 104-105 дахь тал/

Хэрэгт “С” ЗБН нь “Сонгинохангай” ХХК-д 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 133 дугаартай, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 182 дугаартай албан бичгээр өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн 1 давхрыг бусдад түрээслэх, ашиглуулах гэрээ байгуулах, байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах, санхүүгийн болон талбай ашиглалт, цахилгаан, дулаан зэрэг ашиглалтын зардлын төлөлтөд хяналт тавих зорилгоор холбогдох этгээдтэй харилцах шаардах, шаардлагатай арга хэмжээг авах эрхийг итгэмжлэлээр олгож байсан үйл баримт тогтоогдож байна. /1хх 241-242 дахь тал/ Мөн “Сонгинохангай” ХХК нь “С” ЗБН-тэй 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулан нэхэмжлэгч “К” ХХК-ийн ашигласан цахилгааны зардал болох 13 269 556 төгрөгийг шаардах эрхээ шилжүүлжээ. /3хх 132 дахь тал/ Бусдаас үүргийн гүйцэтгэл шаардах эрхийг шилжүүлэхэд үүрэг гүйцэтгэгчээс зөвшөөрөл шаардахгүй учир “Сонгинохангай” ХХК-ийг хариуцагч “С” ЗБН-д Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхээ шилжүүлсэн гэж үзэх тул нэхэмжлэгчийн “шаардах эрхгүй этгээд” гэх татгалзал үндэслэлгүй. Энэхүү шаардах эрх шилжүүлсэн хэлцэлд заагдаж буй үүргийн талаар маргах эрх Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч буюу “К” ХХК-д байна. Иймд эрх шилжүүлэх хэлцэлд заагдсан үнийн дүнгээр бус, харин дээрх баримтаар нотлогдсон хэмжээгээр үүргийг тооцох нь зүйтэй. Иймээс хариуцагч “С” ЗБН-ийн сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагч “С” ЗБН нь нэхэмжлэгч “К” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээг цуцалж, ашиглаж байсан эд хөрөнгийг нь хадгалсан гэх үндэслэлээр 4 000 000 төгрөг гаргуулахаар шаардан 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Сахиулын гэрээ”-г шүүхэд гарган өгчээ. /2хх 216 дахь тал/ Уг баримтаар хариуцагч “С” ЗБН-өөс 4 000 000 төгрөгийн зардал гарсан гэдгийг эргэлзээгүй нотлохгүй байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан уг шаардлагыг хангах боломжгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтээр 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШЗ2017/08245 дугаартай захирамж гарган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан байх ба уг хүсэлтийг шүүх хуралдаанаар шийдвэрлээгүй байна. Мөн шүүх 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн тухай шүүх хуралдааны тэмдэглэл 1 дүгээр хавтаст хэргийн 90 дэх талд авагдсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хүсэлт шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэл байхгүй, хариуцагчийг оролцуулаагүй” гэх гомдол үндэслэлгүй.

Шүүх хариуцагчийн хүсэлтийг үндэслэн, шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК, үнэлгээчин Ж.Уртнасан нараас гэрчийн мэдүүлэг авах тухай шүүгчийн захирамж гаргаж, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээний мэргэжилтэн Ж.Уртнасангаас гэрчийн мэдүүлэг аваагүй нь буруу боловч тус компанийн захирал Р.Зоригтоос гэрчийн мэдүүлэг авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3 дахь хэсэгт нийцэж байна. /3хх 108-109 дэх тал/ Иймд уг зөрчлийг мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан ноцтой зөрчилд тооцох боломжгүй.

Мөн хэргийн материал алдагдсан, хэргийн нотлох баримтыг сольсон, хассан гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүйн гадна хэргийн баримтаас нотлох баримт хасуулах тухай хүсэлтийг шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан эрхийн дагуу шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Түүнчлэн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэх гомдлоор “К” ХХК-ийг шалгаж байгаатай холбогдуулан иргэний хэргээс нотлох баримтын эх хувийг гаргуулах тухай хүсэлтэд шүүгч хэргээс шаардсан нотлох баримтыг эх хувиар нь хүргүүлэхээс татгалзаж, харин эрх бүхий албан тушаалтаныг хэргийн материалтай ирж танилцах нөхцлөөр хангах боломжтой талаар албан бичгээр мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. /2хх 228-229 дэх тал/

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00445 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 233 дугаар зүйлийн 233.3, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч “С” ЗБН-өөс 21 173 282 /хорин нэгэн сая нэг зуун далан гурван мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 41 826 718 /дөчин нэгэн сая найман зуун хорин зургаан мянга долоон зуун арван найман/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 123 дугаар зүйлийн 123.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “К” ХХК-аас 26 614 154 /хорин зургаан сая зургаан зуун арван дөрвөн мянга нэг зуун тавин дөрвөн/ төгрөгийг гаргуулан хариуцагч “С” ЗБН-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 51 616 977 /тавин нэгэн сая зургаан зуун арван зургаан мянга есөн зуун далан долоон/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 591 150 төгрөг, хариуцагчаас төлсөн 766 010 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ЗБН-өөс 263 816 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгч “К” ХХК-аас 291 021 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус буцаан олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 864 105 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                          ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                 Ч.ЦЭНД