Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2019/00445

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 14 өдөр             Дугаар 184/ШШ2019/00445                                     Улаанбаатар хот

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх  даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “К” ХХК /РД: /. Хаяг: Баянзүрх дүүрэг,  дугаар хороо, Энх тайваны өргөн чөлөө, “Х” ХХК-ийн байр,

Хариуцагч: “СЭ” ЗБН. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо,  үйлчилгээний төвийн дугаар давхар

            Хохирол 63 000 000 /жаран гурван сая/ төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр, алданги, цахилгааны төлбөр, хадгалалтын зардалд нийт 78 231 121 /далан найман сая хоёр зуун гучин нэгэн мянга нэг зуун хорин нэг/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.   

                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай компани нь нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хариуцагчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, Пирамид үйлчилгээний төвийн 1 дүгээр давхарт байрлах талбайд Солонгос хоолны ресторан ажиллуулах зорилгоор 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 5 жилийн хугацаагаар түрээсийн гэрээ байгуулсан. Энэ газрыг анх түрээслэх гээд очиж үзэхэд тог нь тасарсан, 4 халтар хананаас өөр юмгүй байсан. Ингээд захиралтай нь тохиролцоод удаан хугацаагаар буюу 5 жилээр түрээслэх болоход түүнийг нь засаж, 60 000 000 төгрөгийн засан сайжруулалиын ажил хийсэн. Яагаад энэ мөнгийг гаргасан гэхээр тухайн газар нь нийтийн хоолны зориулалтаар түрээслэх  шаардлага хангахгүй, цахилгааны болон агааржуулалтын ямар нэгэн ямар ч тоног төхөөрөмжгүй, өндөр таазнаас болооод их хүйтэн, мөн  5 жилээр түрээслэх учир зардлаа нөхнө гэж тооцсон байсан. Гэтэл түрээслэгч дураар авирлан манай хоолны газрын үйл ажиллагааг хүчээр зогсоон, эд зүйлийг маань битүүмжилсэн. Манай компани түрээсийн төлбөрийг урьдчилан төлөөд явдаг ба 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүртэл хугацаанд түрээсийн төлбөрөө өгсөн байхад хоолны газрыг маань лацдан , үүнийхээ шалтгааныг түрээсийн төлбөрийн үлдэгдэл цахилгаан дулааны мөнгө дутуу гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч компанийн хувьд 2017 оны 4 дүгээр сарын 6 өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 4 000 000 төгрөг дутуу байсан, цахилгааны төлбөрийн хувьд гэрээнд заасны дагуу эрх бүхий байгуулллагын нэхэмжлэхээр төлөөд явдаг ба цахилгаан түгээх байгуулагаас манайд ямар ч нэхэмжлэх өгөхгүй байсаар хуримтлал үүссэн байдаг. Миний анх гэрээ байгуулахдаа барьцаа болгон өгсөн 7 000 000 төгрөг байсаар байтал нэгхэн сарын төлбөр дутуу өгснөөс шалтгаалан  гэрээгээ цуцлах мэдэгдэл өгч, ажлын байр, тоног төхөөрөмжийг хууль бусаар битүүмжилсэн.  түрээсийн гэрээний барьцаанд өгсөн 7 000 000 төгрөгөөс түрээсийн үлдэгдэл төлбөр  4 000 000 төгрөгийг хассан дүн 3 000 000 төгрөг гаргуулах, битүүмжлүүлсэн эд хөрөнгөө авах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.  Мөн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, засан сайжруулалтын зардал 60 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн битүүмжилсэн эд зүйлсээ  буцаан авсан тул холбогдох шаардлагаасаа татгалзаж байна. Цахилгааны төлбөрийн хувьд эрх  бүхий байгууллагад  нь төлөхөд бэлэн байна. Иймд хариуцагчаас 63 000 000 төгрөг гаргуулж өгнө үү.

Хариуцагч ”СЭ” ЗБН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К” ХХК-ийн хийсэн засан сайжруулалт гээд байгаа зүйлийн талаар 2 тал анх гэрээ байгуулахдаа харилцан тохиролцож гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэхээр тохирсон байдаг. Гэрээнд заахдаа түрээслэгч аливаа эд зүйлс, тоног төхөөрөмжөө салган авах нөхцөлтэй суурилуулна, салгах боломжгүй хөрөнгө оруулалт засан сайжруулалт хийх тохиолдолд түрээслүүлэгчийн зөвшөөрлийг бичгээр урьдчилж авна гэж гэрээнд заасны дагуу “К” ХХК нь салгаж үл болох засан сайжруулалт огт хийгээгүй бөгөөд манай талаас албан бичгээр зөвшөөрөл авч байсан удаа байхгүй. Тэгээд ч хийж гүйцэтгэсэн засан сайжруулалт нь 60 000 000 төгрөг болсон эсэх нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Барьцаа 7 000 000 төгрөг төлсөн, зөрүү 3 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хавтаст хэрэгт байгаа баримтаас үзэхэд 2 500 000 төгрөгийн барьцаа төлсөн байдаг. “К” ХХК-ийн зархирал 2018 оны 6 дугаар сарын 4,  2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрүүдэд акт үйлдэж өөрийнхөө өмчлөлийн эд хөрөнгүүдээ авсан байдаг. Засварын ажилд 60 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд  бидний хооронд 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 114/1-1 тоот гэрээний 1.2.6-д салган авах боломжгүй гэдгийг тодорхойлохдоо “барилгыг тоноглох, тохижуулах зорилгоор суурилуулсан, нэмж байгуулсан, эд хөрөнгийг гэмтээхгүйгээр дараа нь салгаж авах боломжгүй хөрөнгө оруулалт” гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч нь өөрсдийн хүсэл зоригийн үүднээс тохижуулах боломжтой гэдгийг илэрхийлж, хоолны газрын зориулалтаар ашиглахаар тохирсон.  Энэ засварын ажлыг салган авах боломжгүй гэж тодорхойлсон байгаа боловч бодит байдал дээр гэрээнд заасан салган авах боломжгүй ажил байсан уу гэдгийг харахад эргэлзээтэй байна. Хэргийн материалаас үзэхэд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон талаарх баримт хэргийн материалд байхгүй. Анх шүүхээс шинжээч томилж “Лэндс” ХХК-ийг томилоход одоо дүгнэлт гаргах боломжгүй, мөн санхүүгийн болон зарлагын ямар нэгэн баримт байхгүй учраас боломжгүй гэсэн хариуг албан бичгээр ирүүлсэн байдаг. Үүний дараа “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилоход тухайн объектод “К” ХХК нь ямар засвар хийсэн талаар тодруулах гэсэн боловч чадаагүй. Эхний мэргэжлийн байгууллага нь боломжгүй гэсэн боловч дараагийн байгууллага дүгнэлт гаргасан байгаа нь эргэлзээтэй байна. 60 000 000 төгрөгийн засварын ажлыг хийсэн гэдгийг нотлох “ИМСАУ” ХХК-ийн баримт хугацааны хувьд 2018 оны 7 сарын 12-нд ирсэн. Дүгнэлтээс хойш 4 сарын дараа гэрээ гаргаж ирсэн. Өмнө нь ямар нэгэн баримт байна уу гэхэд гаргаж ирээгүй байж шинжээчийн дүгнэлттэй үг үсгийн хувьд яг адилхан баримт гаргаж өгсөн. Энэ засварын ажлын 60 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь тогтоогдохгүй  байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч “СЭ” ЗБН шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, нэхэмжлэлээ дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СЭ” ЗБН нь нэхэмжлэгч компанитай байгуулсан түрээсийн гэрээний дагуу Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, Пирамид үйлчилгээний төвийн 1 дүгээр давхарт байрлах үйлчилгээний талбайг түрээслүүлсэн. Сөрөг нэхэмжлэлийн тухайд “Сүлд эрдэнэ ЗБН-ийн зүгээс “К” ХХК-д холбогдуулан түрээсийн үлдэгдэл төлбөр 3 700 000 төгрөг, алданги 12 951 575 төгрөг, цахилгааны төлбөр 13 269 556 төгрөг,  нийт 29 921 131 төгрөгийг нэхэмжилсэн. “СЭ” ЗБН нь 2017 оны 11 дүгээр 29-ний өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрүүдэд  шаардлагаа тус тус нэмэгдүүлсэн бөгөөд нийт шаардлага нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 13 280 000 төгрөг, алданги 47 681 575  төгрөг, цахилгааны төлбөр 13 269 556, хадгалалтын зардал буюу “К” ХХК-ийн эд хөрөнгийг 10 сар гаруй хугацаанд хадгалсан 4 000 000 төгрөг, бүгд 78 241 575  төгрөгийг нэхэмжилж байна. Үндэслэл нь 2014-2017 оныг хүртэл сарын 7 000 000 төгрөгөөр түрээслэх мөн цаашид зах зээлийн үнээс шалтгаалан төлбөр өөрчлөгдөхөөр тохирсон. Гэвч хариуцагч тал нь түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөхгүй багасгаач гэсэн саналыг удаа дараа тавьдаг байсан. 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлээд буцаж 7 000 000 төгрөг болно гэдгийг харилцан тохирсон байдаг. Анх гэрээ хийснээс гадна нэмэлт гэрээгээр 2014 оны 03 сарын 27-ны өдрийн гэрээгээр 07 сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсээ төлөхөөр тохирсон. Тооцооллоор 2014 оны 07 сараас эхэлж тооцсон байгаа. 12 сард 900 000 төгрөг төлсөн. Энэ үеэс эхэлж байнга түрээсээ дутуу төлж эхэлсэн. Эцсийн дүнгээр 13 280 000 төгрөг болсон үүний алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар бодон 47 681 575 төгрөгийн алданги тооцсон. Хэрвээ нэхэмжлэгч тал түрээсийн гээрэний үүргээ төлж байсан бол ийм хэмжээний алданги гарахгүй байсан.

Иймд 78 231 131 төгрөгийг нэхэмжлэгч “К” ХХК-иас гаргуулж өгнө үү.

            Нэхэмжлэгч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс  сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч  нь сөрөг нэхэмжлэлдээ түрээсийн үлдэгдэл 13 280 000 төгрөг гэсэн тооцоолол гаргасан байна. Бид анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 3 700 000 төгрөгийн түрээсийн үлдэгдэл байгаа, барьцаанд байгаа 7 000 000 төгрөгөөс 4 000 000 төгрөгийг хасаад 3 000 000 төгрөгийн гаргуулахаар шаардсан. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргахдаа түрээсийн үлдэгдэл 3 700 000 төгрөг байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Талуудын хооронд түрээсийн гэрээний төлбөрийн маргаан байсан ба 2017 оны 4 сарын 06-ны өдөр дараа сарын түрээсийн төлбөрийг урьдчилж  төлсөн байдаг. Иймд яагаад түрээсийн төлбөрийн үлдэгдэл 13 280 000 төгрөг болсон нь ойлгомжгүй байна. Алдангийн хувьд хуульд зааснаар үндсэн үүргийн  50 хувиас хэтрэхгүй,  иймд тайлбар хэлэхэд илүү гэж үзэж байна. Цахилгааны зардлын хувьд  хариуцагчийн хувьд нэхэмжлэх эрхгүй этгээд гэж үзэж байна. Цахилгааны төлбөр нь хэдээс хэдэн оны хоорондох цахилгааны төлбөр, ганц “К” ХХК-ийн хэрэглэсэн төлбөр мөн эсэхэд эргэлзээтэй байна. Хадгалалтын зардлын тухайд хэлэхэд иргэний хэрэг үүсгээд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар арга хэмжээ авагдаж шүүгчийн захирамж гарсан байтал эд зүйлээ зөөж гаргасан байдаг. Өөрсдөө дур мэдэн шүүгчийн захирамжийг зөрчсөн тул хадгалалтын зардал бидэнд хамааралгүй гэж үзэж байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч “СЭ” ЗБН-д холбогдуулан 3 000 000 /гурван сая/ төгрөг гаргуулах, хууль бусаар битүүмжилсэн эд хөрөнгийг буцаан өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалснаас учирсан хохиролд 60 000 000 /жаран  сая/ төгрөг, нийт  63 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа  ихэсгэж, хууль бусаар битүүмжилсэн эд хөрөнгийг буцаан өгөхийг даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан.

Хариуцагч “СЭ” ЗБН нь түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр, алданги, цахилгааны төлбөр, хадгалалтын зардалд нийт 78 231 121 /далан найман сая хоёр зуун гучин нэгэн мянга нэг зуун хорин нэг/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. /1-р хавтас 93, 243, 2-р хавтас 50/

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Зохигчид 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 114/1-1 дугаартай “Түрээсийн гэрээ”, 2014 он 3 дугаар сарын  27-ны өдөр 14/114 дугаартай нэмэлт гэрээг тус тус байгуулсан бөгөөд гэрээнд түээслэгч талыг төлөөлж “К” ХХК-ийн захирал Б.Мөнххишиг, түрээслүүлэгч талыг төлөөлж “СЭ” ЗБН-ийн захирал Ч.Батчимэг нар гарын үсгээ зурж, 2 компанийн тамга дарагдсан байна. /1-р хавтас 9, 2-р хавтас 138/

Талууд гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх, гэрээний агуулгын  тухайд маргахгүй, харин нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ түрээслүүлэгч гэрээг үндэслэлгүй цуцалж, эд хөрөнгийг хууль бусаар битүүмжлэн авч, түрээсэлсэн объектоос хөөж гаргаснаас хохирол учирсан гэж, хариуцагч тал  татгалзал, болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээгээр хүлээсэн үүргээ түрээслэгч биелүүлээгүй, түрээсийн төлбөрийг дутуу төлсөн, түрээслэх хугацаандаа хэрэглэсэн цахилгааны зардлаа төлөөгүй, битүүмжлэн авсан эд хөрөнгийг хадгалахад зардал гарсан гэж тайлбарлаж байна.

Гэрээгээр түрээслүүлэгч нь Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Пирамид үйлчилгээний төвийн 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай талбайг солонгос хоолны ресторан ажиллуулах зорилгоор түрээслэх, түрээслэгч нь сар бүр 7 000 000 төгрөгийн түрээс төлөх, мөн нэг сарын төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа байршуулах, түрээсийн гэрээний нийт хугацаа 5 жил байхаар тохиролцсон байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр зааснаас үзэхэд талуудын хооронд  түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хэдийгээр талууд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн  318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй боловч түрээслэсэн талбай нь тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй,  нэг гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгийн нэгээхэн хэсэг байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй болно. /1 дүгээр хавтас 213/

2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.З-с түрээслэгч “К” ХХК-д 155 дугаартай албан мэдэгдэл хүргүүлж, цахилгаан, дулааны зардалд 16 730 443 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний дотор төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлах, шүүхэд хандах болсноо мэдэгдсэн, түрээслэгч нь 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хариуг албан бичгээр хүргүүлсэн байна.  /1-р хавтас, 15,16/

Хэрэгт авагдсан баримтаар “С” ХХК болон Л.З нь хариуцагч “СЭ” ЗБН-ийг төлөөлөн шийдвэр гаргах, мэдэгдэл гардуулах эрхтэй байсан нь тогтоогдохгүй байгаа боловч тухайн үед түрээсийн төлбөр болон бусад асуудлаар Л.З нь хариуцагчийг төлөөлөн харилцдаг байжээ.

Нэхэмжлэгч компани өөрт учирсан хохирлоо тодорхойлохдоо үл хөдлөх эд хөрөнгийг анх хоосон талбай байдлаар хүлээж аваад хоолны газрын зориулалтаар засварлахад 60 000 000 төгрөг зарцуулсан, 5 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахаар тооцон зардлаа гаргасан, түрээслүүлэгч талын санаачилгаар хугацаанаас 2 жилийн өмнө гэрээг цуцласан тул салгаж үл болох засан сайжруулалтын зардал болох 60 000 000 төгрөгийг хариуцагч буцаан төлөх үүрэгтэй гэж, хариуцагч “СЭ” ЗБН нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ түрээслэгч компани түрээсийн төлбөр, дулаан цахилгааны төлбөрийг удаа дараа төлөөгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцлаж, түрээсийн байр, ашиглаж байсан эд хөрөнгийг нь битүүмжлэн лацдаж, талбайг чөлөөлсөн гэж тус тус тайлбарлана.

Хариуцагч “СЭ” ЗБН 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр түрээсийн зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороооны нутаг дэвсгэр дэх Пирамид үйлчилгээний төвийн 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай талбайг болон солонгос хоолны газрын үйлчилгээ явуулахад ашиглаж байсан эд зүйлсийг битүүмжлэн хурааж, эд хөрөнгө битүүмжлэх тухай акт, тэмдэглэл үйлджээ. 

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1, 294.1.1, 294.2.1 294.3 дахь хэсгүүдэд эд хөрөнгө хөлсөх гэрээ дуусгвар болох үндэслэл, цуцлах хугацааг тогтоож өгсөн ба хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд түрээслүүлэгч “СЭ” ЗБН гэрээ цуцлах талаар түрээслэгч талд зохих ёсоор мэдэгдсэн, гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн байхыг шаардаж байна.

Түрээсийн төлбөрийн тухайд талууд гэрээгээрээ сарын 7 000 000 төгрөгөөр тохиролцсон боловч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хугацаанд     6 000 000 төгрөг, 5 500 000 төгрөг байхаар харилцан тохиролцож байсан, мөн гэрээ цуцлах тухай мэдэгдэлд төлбөр дутуу төлсөн тухай дурдаагүй, харин  “СХ” ХХК-тай цахилгааны төлбөрийн маргаантай байсан гэж үзэхээр байна. /2-р хавтас 139, 140/

Дээр дурдсан баримтуудаас дүгнэхэд Иргэний хуулийн 225.4, 225.4.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ ялимгүй зөрчсөн, түрээслүүлэгч гэрээнээс татгалзах хангалттай үндэслэл  тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч тал засан сайжруулалт хийсэн зардлаа нотлохоор “Их монгол сүйдояа ариун ус” ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, “ЭВГ” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан “Шингэрүүлсэн хийн түлшний тоног, төхөөрөмж болон угсралтын ажил гүйцэтгэх гэрээ гэх баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Пирамид үйлчилгээний төвийн 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай талбайд хийсэн засан сайжруулалтын болон битүүмжлэн авсан эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилсон  /1-р хавтас 161, 165/

Шинжээчээр томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 143 дугаартай дүгнэлтээр салгаж үл болох засан сайжруулалтын үнийн дүн 52 933 133 төгрөг гэж үнэлсэн, мөн  “ИМСАУ” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үнэ 55 000 000 төгрөг /сантехник, цахилгаан монтаж, дотор зсал чимэглэл/ байхаар тохиролцсон, ажлыг хийж гүйцэтгэсэн, зохих хөлсийг төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрээ, кассын орлогын ордер гэх баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. /1-р хавтас 180-182/

            Хариуцагч тал салгаж үл болох засан сайжруулалт хийхдээ нэхэмжлэгч талаас зөвшөөрөл аваагүй тул засан сайжруулалтын зардлыг хариуцахгүй гэж маргаж байгаа ч нэхэмжлэгч нийтийн хоолны чиглэлээр түрээслэх зорилгоо тодорхой илэрхийлсэн, түрээсийн зүйл нь уг зорилгоор ашиглах боломжгүй, мөн түрээслүүлэгч  засан сайжруулалт хийх хугацаа олгосон зэргээс үзэхэд зөвшөөрөл өгөөгүй гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна. /2-р хавтас138/

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй байхаар заажээ.

Нэхэмжлэгч 5 жилийн хугацаагаар түрээслэсэн бол засан сайжруулалтын зардлаа бүрэн хэмжээгээр нөхөх байсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд элэгдэл хорогдлыг тооцохгүйгээр засан сайжруулалтын зардлыг бүрэн хэмжээгээр  нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзлээ. 

Иймд салгаж үл болох засан сайжруулалтын зардлыг шинжээчийн дүгнэлтэд дурдсан 52 933 133 төгрөг гэж үзэн, энэхүү зардлын түрээсийн гэрээний үлдсэн хоёр жилд ногдох хэсэг болох 21 173 282 төгрөг, мөн барьцааны 7 000 000 төгрөгөөс 2017 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4 000 000 төгрөг хассан дүн            3 000 000 төгрөг, нийт 24 173 282 төгрөгийг  хариуцагч “СЭ” ЗБН-өөс  гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгож нэхэмжлэлээс 38 826 718 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хариуцагч нь нэхэмжлэгч “К” ХХК-иас 7 000 000 төгрөг барьцаанд авсан болох нь зохигчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, мөн хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт, зарлагын баримтуудаар тогтоогдсон болно. /1-р хавтас 93, 2-р хавтас 188/

Сөрөг нэхэмжлэлийн түрээсийн үлдэгдэл төлбөр 13 280 000 төгрөг, алданги 47 681 575 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч “СЭ” ЗБН нь нэхэмжлэгч “К” ХХК-д холбогдуулан 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 114/1-1 дугаартай “Түрээсийн гэрээ”-ний үүргийг нэхэмжлэгч удаа дараа зөрчсөн, түрээсийн төлбөрт 13 280 000 төгрөг дутуу төлсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолодолд алданги тооцохоор тохирсон тул алдангид 47 681 575 төгрөг, нийт  60 961 575 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анз буюу алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд үндсэн үүрэг үүссэн байх, хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр  бичгээр тохиролцсон байх, мөн үндсэн үүргийн 50 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч “К” ХХК-ийг түрээсийн төлбөр дутуу төлсөн гэж маргаж байгаа боловч шүүхэд гаргасан хариу тайлбар, түрээсийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл болон шүүхэд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ 2017 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөр дутуу төлсөн тул барьцааны мөнгөнөөс суутгасан тухай, цахилгаан, дулааны төлбөр төлөөгүй тухай дурдсан байдаг. /1-р хавтас 3, 93/

Зохигч талуудаас шүүхэд гаргасэн тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт болох бөгөөд  сөрөг нэхэмжлээ нотлохоор гаргаж өгсөн түрээсийн гэрээний хэрэгжилт гэх баримт нь хариуцагч талын тооцоолол дээр үндэслэсэн, түрээслэгч компанитай харилцан тооцоо нийлээгүй, танилцуулсан эсэх нь тодорхойгүй байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар түрээслэгч “К” ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөр 4 000 000 төгрөгийг төлөөгүй, түрээслүүлэгч  барьцааны  7 000 000 төгрөгөөс нь суутган авсан, нэхэмжлэгч энэ үнийн дүнг тооцон  нэхэмжлэлээ гаргасан болох нь тогтоогдож байна.

Алдангийн тухайд үндсэн үүрэг үүсээгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “К” ХХК нь түрээсийн төлбөрийг дутуу төлсөн, хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тооцох боломжгүй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн цахилгааны зардал 13 269 556 төгрөг, хадгалалтын зардал 4 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч “СЭ” ЗБН нь нэхэмжлэгч “К” ХХК-ийг  үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлж байх хугацаандаа цахилгааны төлбөрийг төлөөгүй, “Сонгинохангай” ХХК  төлсөн тул  нөхөн гаргуулахаар шаардаж байна.

Шаардлагаа нотлохоор  “Сонгинохангай” ХХК-ийн захирал Л.З-н “К” ХХК-д 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичиг, “К” ХХК-ийн захирлын “СХ” ХХК-д 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүргүүлсэн хариу, “СХ” ХХК-ийн нэхэмжлэх, цахилгааны төлбөрийн нэхэмжлэл, төлбөр төлсөн тухай баримтуудыг гаргаж өгсөн. /1-р хавтас 104, 105, 106, 174-215/

Дурдсан баримтуудаас дүгнэхэд хариуцагч “СЭ” ЗБН нь нэхэмжлэгч “К” ХХК-иас “СХ” ХХК-ийн төлсөн цахилгааны төлбөрийг нэхэмжлэх эрхтэй болох нь тогтоогдохгүй байна.

“СЭ” ЗБН, “СХ” ХХК нь харилцан хамааралгүй, тусдаа тайлан баланс гаргадаг хуулийн этгээдүүд болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг баримтаар нотлогдоно. /1-р хавтас 25, 2-р хавтас 215, 3-р хавтас 14/

Хариуцагч “СЭ” ЗБН нь нэхэмжлэгч “К” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг цуцалж, 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр түрээслэгчийн үйл ажиллагаа явуулахдаа ашиглаж байсан эд хөрөнгийг битүүмжилж, хадгалсан хугацаанд гарсан зардал хэмээн 4 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө үндэслэлгүй цуцалж, бусдын өмчлөлийн эд зүйлийг битүүмжлэн хураасан нь хууль болон гэрээнд нийцээгүй ба гэрээний 5.2 дахь заалтын дагуу битүүмжилсэн гэж хариуцагч маргаж байгаа боловч тухайн заалтаар түрээсийн талбайг битүүмжлэх тухай зохицуулснаас бус эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, өөр газар хадгалах, гарсан зардлыг төлүүлэх талаар тохиролцоогүй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн  227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байх бөгөөд түрээслэгч “К” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй болно.

Иймд хариуцагч “СЭ” ЗБН-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “СЭ” ЗБН-өөс 24 173 282 /хорин дөрвөн сая нэг зуун далан гурван мянга хоёр зуун наян хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 38 826 718 /гучин найман сая найман зуун хорин зургаан мянга долоон зуун арван найм/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “К” ХХК-иас 78 231 121 /далан найман сая хоёр зуун гучин нэгэн мянга нэг зуун хорин нэг/ төгрөг гаргуулах тухай хариуцагч “СЭ” ЗБН-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 591 150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 766 010 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас         278 816 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ