Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 111/2017/0018/З |
Дугаар | 13 |
Огноо | 2018-01-10 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 13
Д.А-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2017/0023 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0755 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Д.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох,
Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/88 дугаар “Д.А-ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2017/0023 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Б/88 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.А-ийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 5.922.395 төгрөгийг нэхэмжлэгч Д.А-д олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгожээ.
Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0755 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2017/0023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны 6 дугаар зорилтод “Газрын татвар, төлбөрийг ногдуулах, газрын төлбөрийн орлогыг хураах, тайлагнах ажлыг зохион байгуулах” гэж заасан байх бөгөөд Д.А нь дээрх чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэдээлэл болон аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 222 дугаар албан бичгээр “Газрын төлбөрийн 2016 оны төлөвлөгөөнд 130.0 сая төгрөг оруулахаар төлөвлөснөөс 30058100 төгрөгийг тасалдуулсан” тухай мэдээллээр нотлогдож байгаа.
Дээрх асуудал нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.8 дахь заалтыг хэрэгжүүлээгүй буюу албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байтал Захиргааны хэргийн анхан шатны шүүх “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад ...” гэж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2017/0023 дугаар шийдвэрийг хянаж, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1 гэсэн хоёр өөр ялгаатай эрх зүйн урьдчилсан нөхцөл, үр дагавар бүхий зохицуулалтыг хамтад нь хэрэглэсэн, бодит байдал дээр төрийн албанаас чөлөөлөх, эсхүл халах урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь “чөлөөлсөн” нь утга агуулгын болон хууль хэрэглээний алдаатай талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөв дүгнэжээ.
Учир нь, хариуцагчаас нэхэмжлэгчийг буруутгаж байгаа “газрын төлбөрийн 2016 оны төлөвлөгөөнд 130.0 сая төгрөг оруулахаар төлөвлөснөөс 30058100 төгрөгийг тасалдуулсан” гэх үйл баримт нь ажилд томилогдсоноос хойш 6 сарын хугацаанд /2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл/ ажилласан Д.А-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан эсэх, мөн албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх өөр үндэслэл тогтоогдохгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтаар албан тушаал бууруулах, эсхүл 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсгийн дагуу төрийн албанаас халах үндэслэлийн аль алиных нь урьдчилсан нөхцөл бодит байдал дээр бүрдээгүй байна.
Иймд, хариуцагчийн “Д.А нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэдээлэл болон аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 222 дугаар албан бичгээр “Газрын төлбөрийн 2016 оны төлөвлөгөөнд 130.0 сая төгрөг оруулахаар төлөвлөснөөс 30058100 төгрөгийг тасалдуулсан” тухай мэдээллээр нотлогдож байхад ... шүүх “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад...” гэж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй шийдвэр гаргасан” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2017/0023 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0755 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ