Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2017/00471

 

 

 

 

 

 

 

  2017         11             21                                        103/ШШ2017/00471

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

  Нэхэмжлэгч Багануур дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр гудамжны ..тоотод оршин суух, Ш овогт Л-ын Ц-ийн нэхэмжлэлтэй

  Хариуцагч Багануур дүүргийн .. дугаар хороо, .. тоотод оршин суух, Ш овогт Л-ын Т-д холбогдох 1.285.703 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Цэнд-Аюуш, нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

            Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний ээж Э нь амьд ахуйдаа Төрийн банкнаас Тэтгэвэрийн зээл авдаг байсан. Нас барахаасаа өмнө Төрийн банктай 330100059841-20140701 тоот зээлийн гэрээ байгуулан 3.091.021 төгрөгийг зээлж авсан. Энэ зээлд миний бие хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Энэхүү зээлсэн мөнгийг манай ээж бус харин миний дүү болох Л.Т авч өөрийн өр төлбөрт хэрэглэсэн. Зээлийн зарим хэсгийг нь төлсөн. Төрийн банк ээжийг нас барсан учир зээлийн гэрээнд гарын үсэг зурсан хүн болох надаас үлдсэн зээл хүү болох 1.406.420,34 төгрөгийг шүүхээр нэхэмжилсэн. Шүүх энэ хэргийг шийдвэрлэж 2017.04.06-ны өдөр 134 тоот шийдвэрээр Л.Ц надаас 1.285.703,75 төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгуулахаар болсон. Би ээжийн тэтгэвэрийн зээлийг авч хэрэглээгүй атлаа шүүхийн шийдвэрээр төрийн банкинд төлбөр төлөхөөр болсон нь өрх толгойлсон бага насны 2 хүүхэдтэй эмэгтэй надад хэцүү байна. Иймд ээжийн тэтгэвэрийн мөнгийг авч хэрэглэсэн Л.Т-аас 1.285.703 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.  

          Хариуцагч Л.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Л.Ц-ийн нэхэмжилсэн 1.285.703 төгрөгийг төлж барагдуулахгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Л.Ц, Л.Т-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, ээжийн тэтгэвэрийн мөнгийг авч хэрэглэсэн 1.285.703 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Ц.Э, Л.Ц нар 2014.06.05-ны өдөр Төрийн банкны Багануур салбартай тэтгэвэрийн зээлийн гэрээ байгуулаж, 3.091.021,44 төгрөгийг 17 сарын хугацаатай 18 хувийн хүүтэй авчээ. Үндсэн зээлдэгч Ц.Э нас барж, банк хамтран зээлдэгч Л.Ц-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардажээ.

            Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.06-ны өдрийн 134 дүгээр шийдвэрээр Л.Ц-аас 1.251.126,75 төгрөгийг гаргуулж, Төрийн банкны Багануур салбарт олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-ийн 2-4 дүгээр тал/

            Нэхэмжлэгч Л.Ц ээжийн тэтгэвэрийн зээлийн мөнгийг би аваагүй, тухайн үед хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн, харин уг мөнгийг манай дүү Л.Т тухайн үед автомашин барьж яваад осол гаргаж, авч хэрэглэсэн гэх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байна гэж үзэв.

            Нэхэмжлэгчийн хүсэлтээр Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн мэдээлэл судалгааны ахлах ажилтан Н.Б гэрчээр асуухад “Л.Т манай мэдээллийн сангийн 466 дугаарт бүртгэгдсэн байсан. Учир нь зам тээврийн осол гаргаад үүнийг манай хэсгийн байцаагч М.Л шалгаж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 5-д зааснаар 10.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Авто осол гаргасан хэрэгт Б миний бие Т-аас 950.000 төгрөгийг машины хохиролд авлаа гэсэн баримт байсан” гэж мэдүүлэг өгсөн боловч энэ нь Л.Т-ыг 2014.06.05-ны өдрийн тэтгэвэрийн зээлийн мөнгийг авч хэрэглэсэн гэдгийг нотлохгүй байна.

            Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдний эгч Л.О-ийг гэрчээр асуухад Л.Т 2014.06.05-ны өдрийн тэтгэвэрийн зээл авсан мөнгийг авч хэрэглэсэн талаар нотлож чадаагүй байна. /хх-ийн 35-37 дугаар тал/

            Иймд Л.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Хариуцагч нь шүүх хуралдаанд согтуу ирсэн учир түүнд зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авч, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

              1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар Ш овогт Л-ын Т-д холбогдох 1.285.703 төгрөг гаргуулах тухай Ш овогт Л-ын Ц-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.407 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.СОЛОНГО