Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2020/00354

 

 

 

 

     2020          06           09                                      103/ШШ2020/00354

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Багануур дүүрэг  ...  дүгээр хороо, Хөдөө хэсэгт оршин суух, Б овогт Э-ийн Г ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Багануур дүүрэг ..  дүгээр хороо, ..  дугаар байр  ... тоотод оршин суух, Х овогт М-ын Г-д холбогдох Багануур дүүрэг 1 дүгээр хороо, .. дугаар байр .. тоотод байрлах 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг даалгаж, 8.669.966 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Г, хариуцагч М.Г, гэрч Н.Б, Р.Б нарийн бичгийн дарга Г.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Э.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би өөрийн өмчлөлийн Багануур дүүрэг ..  дүгээр хороо, .. дугаар байрны .. тоот 2 өрөө орон сууцыг 2016 онд Төрийн банкны ипотекийн зээлээр худалдан авсан. Уг орон сууцаа 2018 онд Т.Н-д худалдахаар тохиролцож Т.Н-иас 20.000.000 төгрөгийг аваад орон сууцандаа оруулсан байсан. Сарын дараа манай эгч М байрыг маань Г-д зарахаар шийдэж, намайг нотариат дээр ирж Г-тай гэрээ хийлгүүлэхээр дуудсан. Би эгчийнхээ шаардсанаар М.Г-тай орон сууц худалдах худалдан авах гэрээ хийх гэсэн боловч нотариат орон сууц зээлийн барьцаанд байгаа учир энэ төрлийн гэрээг хийх боломжгүй гэсэн  М.Г байрыг чинь авмаар байнаа, өвлийн хүйтэнд хэцүү байна, байрны гэрчилгээ буюу ордероо явцын дунд гаргаад өгчихнө биз гээд гуйгаад байсан учир нотариат дээр очиж М.Г-аас орон сууцны урьдчилгаанд төлж байгаа 47.000.000 төгрөгийг зээж байгаа мэтээр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үедээ 2019.05.14-ний үеэр ордерийг гаргаж өгье хэмээн амаар тохиролцсон боловч Солонгос явж чадаагүй тул мөнгөгүйн улмаас банкны зээлээ төлж чадаагүй. Тухайн үед Г байрны үлдэгдэл мөнгөө төлөөгүй. Энэ шалтгааны улмаас би байраа барьцаанаас чөлөөлж чадаагүй. Г намайг ятгасаар байгаад Т.Н-д 4.000.000 төгрөг илүү өгөхөд хүргэсэн. Т.Н-ийг байрнаас гарангуут би зөрөөд орчихно, тэгэхээр чи Т.Н-ийг шүүхэд өгөөд 4.000.000 төгрөгийг буцаагаад авчихна биз гэж надад хэлээд хамт банкинд очиж 4.000.000 төгрөгийг Т.Н-д шилжүүлсэн. М.Г нь Т.Н-д 24.000.000 төгрөгийг өгч , Т.Н байрыг чөлөөлж өгснөөр 2018.12.15-ны өдрөөс эхлэн Г манай орон сууцанд амьдарч эхэлсэн. Г намайг гэрчилгээ гаргаж өгсөнгүй хэмээн шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж надад 47.000.000 төгрөгийг, алдангийн хамт 54.230.000 төгрөгийг надаас нэхэмжилсэн. Тэгээд би Г-д 54.080.000 төгрөгийг төлөхөөр болсон. М.Г нь нэгэнт надтай байгуулсан гэрээнээсээ татгалзаж, зээлийн гэрээ байгуулсан байдлаа ашиглаж өгсөн мөнгөө алдангитай нь нэхэмжилсэн тул би мөн түүнээс орон сууцаа ашиглуулсаны төлбөрөө нэхэмжилэх хүсэлтэй байна. Иймд М.Г-аас орон сууцны хэрэглээний төлбөрт 1.019.966 төгрөг, орон сууц ашигласны төлбөрт 7.650.000 төгрөг, нийт 8.669.966 төгрөг, Багануур дүүрэг 1 дүгээр хороо, 96 дугаар байр 19 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг даалгаж, 8.669.966 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч М.Г шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Энэ байрыг нэхэмжлэгчийн эгч Мөнхтуяа гэж хүнээр дамжуулж худалдаж авсан нь үнэн. Эгчтэй нь утсаар ярихад дүү бид хоёр мөнгөө нийлүүлж энэ байрыг худалдаж авсан, одоо дүү маань байраа түрээслүүлж байгаа гэсэн. Эгч нь эхлээд 3 сая төгрөгийн урьдчилгаа өгчих, тэгвэл одоо байр хөлсөлж байгаа хүнээ байрнаасаа гаргая гэсэн. Тэгээд би өөрийнхөө өмчлөх эрхийн гэрчилгээтэй 2 өрөө орон сууцаа 53.000.000 төгрөгөөр худалдаж, Тэгээд Г-ын байрыг худалдан авах болсон. Би 3.000.000 төгрөгийг эгчид нь өгсний дараа Г эгчдээ байр хөлслүүлж байгаа гэж хэлээд нөгөө байранд нь сууж байсан хүнээсээ 20.000.000 төгрөг авчихсан байсныг мэдсэн. Ганболдыг энэ асуудлаа шийдэж өг, би танай байрыг авна гээд өөрийнхөө байрыг зарчихсан гэж хэлсэн. Бид 59.000.000 сая төгрөгөөр байр авна гэж яриагүй, харин орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гарчихвал 1.000.000 төгрөг нэмж өгье гээд нийт 51.000.000 төгрөгөөр Г-ын байрыг худалдаж авахаар тохиролцсон. Би эдний байранд 2018 оны 11 дүгээр сар хавьцаа нүүж орсон, 2019 оны 01 дүгээр сард хэрэглээний мөнгөө төлөхөөр очиход өмнөх ус, дулааны хэрэглээний төлбөрийг төлөөгүй байсан. Тэгээд би Г руу залгаад өмнөх төлбөрөө төлчих би төлбөрөө төлмөөр байна гэж хэлсэн, Г одоог хүртэл тэр мөнгийг төлөөгүй учраас би хэрэглээний мөнгийг төлөөгүй. Хэрвээ энэ хүн надад гэрчилгээгээ гаргаж өгсөн бол өөрийнхөө хэрэглээний төлбөрийг төлөөд амьдрах байсан. Гэрчилгээ гаргаж өгөөгүй учраас түүнд зээлсэн мөнгөө нэхэмжилж шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Шүүхээс албадан гүйцэтгэх тухай захирамж гарсны дагуу эдний хашаа байшин, надаас авсан мөнгөөрөө авсан малыг нь заруулахаар эднийд очтол хүүхдүүдтэйгээ очих газаргүй гээд байхаар нь 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэрчилгээ гаргаж өгөхөөр тохиролцож, нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл Г одоог хүртэл надад мөнгө ч өгөөгүй, байрны ч гэрчилгээг ч өгөөгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч М.Г-д холбогдуулан Багануур дүүрэг 1 дүгээр хороо, 96 дугаар байр 19 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг даалгаж, 8.669.966 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

    Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 96 дугаар байрны 19 тоот орон сууц нь нэхэмжлэгч Г-ын өмчлөлд байх тул нэхэмжлэгч шаардах эрх нээлттэй байна.

    Талуудын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээ байгууллагдсан гэх боловч М.Г нь гэрээнээс татгалзаж орон сууцны төлбөрт өгсөн 47.000.000 төгрөгийг Э.Г-оос гаргуулахаар Багануур дүүрэг дэх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан тус шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулсан, одоо дээрх захирамжийн биелэлтийг хангуулахаар Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст ажиллагаа хийгдэж байгаа талаарх баримт хавтаст хэрэгт авагджээ.

Нэгэнт талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсэн бөгөөд хариуцагч нь орон сууц худалдан авахад өгсөн төлбөрөө буцаан авахаар шүүхийн шийдвэр гарсан байна. 

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийг 493.6Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж хуульчилжээ.

Иймд хариуцагч М.Г 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 5 дугаар сар хүртэл 17 сарын хугацаатай түрээсийн төлбөр сарын 450.000 төгрөгөөр нийт 7.650.000 төгрөг, усны төлбөр 199.876 төгрөг, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 222.900 төгрөг, нийт 8.072.776 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.   

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

          1.Иргэний хуулийн  106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Багануур дүүргийн ... дүгээр хороо, .. дугаар байрны .. тоот .. өрөө орон сууцыг Х овогт М-ын Г-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Б овогт Э-ийн Г-д олгосугай.

        2. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасанаар М.Г-аас 8.072.776 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 597.190 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.869 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 144.114 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.СОЛОНГО