Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00824

 

 

Э.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 103/ШШ2020/00354 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1696 дугаар магадлалтай,

Э.Г-ын нэхэмжлэлтэй,

М.Г-д холбогдох

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууц ашигласны төлбөр болон хэрэглээний зардалд нийт 8,669,966 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Э.Г-ын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Түвшинжаргал, хариуцагч М.Г, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч М.Г-д холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууц ашигласны төлбөр болон хэрэглээний зардалд нийт 8,669,966 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 103/ШШ2020/00354 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 96 дугаар байрны 19 тоот, 2 өрөө орон сууцыг Хиад овогт М-ын Г-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Бор овогт Э-ийн Г-д олгож, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар М.Г-аас 8,072,776 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 597,190 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,869 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 144,114 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1696 дугаар магадлалаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 103/ШШ2020/00354 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 493 дугаар зүйлийн 493.6 дахь ...” гэснийг “227 дугаар зүйлийн 227.1 дэх” гэж, “... 8,072,776 ...” гэснийг “422,776” гэж, “... 597,190...” гэснийг “8,247,190” гэж, 3 дахь заалтын “... 144,114 ...” гэснийг “13,333” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 137,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4.1. Нэхэмжлэгч Э.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.05-ны өдрийн 1696 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Би Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 96 дугаар байрны 19 тоот, 2 өрөө орон сууцыг банкны зээлээр худалдан авсан өмчлөгч билээ. 2018 оны 12 дугаар сард М.Г  нь миний орон сууцыг 59,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, надад 47,000,000 төгрөгийн урьдчилгаа өгөөд 2018.12.15-ны өдрөөс орон сууцанд амьдарч эхэлсэн. Орон сууцны зээлтэй учир гэрээг батлуулах боломжгүй гэсэн тул урьдчилгаа 47,000,000 төгрөг өгөхдөө давхар зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш тохирсон 59,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 12,000,000  төгрөгөө өгөөгүй учраас орон сууцны зээлээ төлж, нэр дээр нь шилжүүлж өгөх боломжгүй болсон. Бодит байдал дээр бид 2-ын хооронд орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулахаар тохиролцсон байтал 2019 оны 6 дугаар сард М.Г нь эвлэрүүлэн зуучлалд зээлийн гэрээний дагуу өргөдөл гаргасан ба эвлэрье гээд ятгаад байсан учир миний бие зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч эвлэрсэн. Би байраа худалдах хүсэл зоригтой, харин мөнгө зээлэх хүсэл зориггүй байсан. Эвлэрүүлэн зуучлалаар надаас зээлд 47,000,000  төгрөг, алданги 7,050,000 төгрөг, нийт 54,050,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. М.Г худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрөө нэхэмжлэх байсныг өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад мэдсэн.

4.2. Нэгэнт зээлийн гэрээний дагуу надаас зээл, алдангиа гаргуулахаар шүүхээр шийдвэрлүүлсэн тул орон сууцыг 2018.12.15-ны өдрөөс 2020.07.15-ны өдрийг хүртэл нийт 19 сар бодитоор эзэмшиж, ашигласан хугацааны төлбөрт сард 450,000 төгрөгөөр тооцож, 7,650,000 төгрөгийг Иргэний хуульд заасны дагуу М.Г-аас нэхэмжилснийг шүүх шийдсэн нь хууль болон шударга ёсны зарчимд нийцсэн. Тодруулбал, хэн аль нь орон сууц худалдах-худалдан авах хүсэл зоригтой байсан бөгөөд орон сууцыг шилжүүлэх боломжгүй болоход дүр үзүүлж хийсэн, хүчин төгөлдөр бус зээлийн гэрээг үндэслээд Багануур дүүргийн шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд хандан зээл, алданги гаргуулахаар шийдвэрлүүлж, миний өмчлөлийн орон сууцыг бодитоор эзэмшиж, ашиглаж, амьдарсан атлаа бусдад хөлслөн олох ёстой байсан орлогыг төлөхгүй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, энэ нь  шударга ёсны зарчимд нийцэхгүй. Орон сууцаа бусдад хөлслөн сард 450,000 төгрөгийн орлого олж байсныг нотолсон дансны хуулга, орон сууц хөлслөх гэрээ зэрэг нотлох баримт байсаар байтал давж заалдах шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасанд нийцүүлж үнэлээгүй, орон сууцаа хөлсөлcөн бол олох ёстой байсан орлого 7,650,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой. Орон сууц хөлслөх гэрээ, дансны хуулгаа өгсөн байхад тухайн зах зээлийн ханшийг нотолсон баримт байхгүй гэсэн нь хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр шийдвэрт өөрчлөлт оруулсныг өөрчилж, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.09-ний өдрийн 354 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч Э.Г-оос хариуцагч М.Г-д холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууц ашигласны төлбөр болон хэрэглээний зардалд нийт 8,669,966 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх маргаан бүхий орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, 8,072,776 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 597,190 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчаас 422,776 төгрөгийг гаргуулж, үлдэх 8,247,190 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн.

7. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

8. Зохигчийн хооронд 2018 оны 12 сард орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан боловч хариуцагч орон сууцны урьдчилгаанд төлсөн 47,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан шаардаж, улмаар талууд эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрүүлэн зуучлалын журмаар батлуулснаар худалдах-худалдан авах гэрээнээсээ татгалзжээ.

9. Энэхүү худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр талуудын хооронд өмчийн хэлцэл хийгдээгүй, өөрөөр хэлбэл худалдан авагч буюу хариуцагч М.Г нь орон сууцны үнэ 47,000,000 төгрөгийг худалдагч буюу нэхэмжлэгч Э.Г-од шилжүүлсэн боловч дээр дурдсан эвлэрлийн гэрээний дагуу буцаан авсан, нэхэмжлэгч Э.Г нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч хэвээр байх тул худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотойгоор орон сууцны өмчлөх эрхийг харилцан буцаах үйлдэл хийх шаардлагагүй. Иймээс энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх асуудал яригдахгүй. Харин талууд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан байтал хариуцагч нь орон сууцыг өөрийн эзэмшилд байлгасаар байгаа нь хууль бусд тооцогдох тул өмчлөгч буюу нэхэмжлэгч Э.Г Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхтэй. Энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

10. Нэхэмжлэлийн 8,669,966 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д “Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь буруу, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь үндэслэл бүхий байна.

11. Тодруулбал, нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр буюу худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууцыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн атлаа энэ хугацаанд бусдад түрээсэлсэн бол олох ёстой байсан орлогыг өөрт учирсан хохирол гэж шаардаж буй нь үндэслэлгүй юм.

12. Түүнчлэн, зохигчийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзахад хариуцагч буруутай гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үзэхгүй.

13. Иймээс “давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүйгээс үндэслэлгүй шийдвэр гаргасан” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

14. Нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн орон сууцанд амьдарч байсан хугацааны хэрэглээний зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй, энэ талаар зохигч гомдол гаргаагүй болно.

15. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1696 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 137,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                               ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                                Н.БАЯРМАА

                                                                                                Д.ЦОЛМОН